Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Л.Булган

Хариуцагч: Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Төрбат,

Гуравдагч этгээд Ш.Цэндсүрэн,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаяр нарын хоорондын Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 0072265 дугаартай 100 нэгжээр торгож, хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Л.Булган, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, хариуцагч Н.Төрбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Л.Булган нь гомдлын шаардлагаа Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 0072265 дугаартай 100 нэгжээр торгож, хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

2. Хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчаас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Уяачдын 4 дүгээр гудамжны 1 тоотод иргэн Ш.Цэндсүрэнгийн хөлсүүлж байсан 15*6 метрийн хэмжээтэй байшингийн дэлгүүр, арын хэсэг, эд хогшил шатсан гэх гомдол мэдээллийн дагуу галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэх үйлдэлд хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзээд иргэн Л.Булганд нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учруулсан хохирол 36,235.727 төгрөгийг төлүүлэх шийтгэл ногдуулжээ.

3. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Төрбат нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, хянан шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэж, гомдол гаргагчаас 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна.

4. Гомдол гаргагч Улсын байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 0072265 дугаартай шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:

1/. Миний бие тус дэлгүүрийг түрээслэн авахдаа гэрээнд заасан зориулалтын дагуу ердийн боломжит байдлаар ашиглаж байсан ба дур мэдэн тог, цахилгааны холболт хийх, цахилгааны ачаалал өгөх эд зүйлс залгаагүй,

2/ Түрээслэгч Ш.Цэндсүрэн нь гэрээгээр надад ашиглалтын шаардлага хангасан эд зүйл шилжүүлэх ёстой байсан,

3/ Гал түймрийн улсын хяналтын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа гал гарсан шалтгаан нөхцөлийг бүрэн тодруулж чадаагүй намайг үндэслэлгүйгээр зөрчлийн хариуцлагад татсан,

4/ Галын шинжээчийн дүгнэлт хэт ерөнхий байх ба гал гарсан шалтгаан нөхцөлийг огт тогтоож чадаагүй байхад дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулахгүйгээр шууд буруутгаж шийтгэл ногдуулсан гэв.

5. Гомдол гаргагч Л.Булганы өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Галын улсын байцаагчийн дүгнэлтийг бид хууль бус гэж үзэж маргаж байна. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Цагдаагийн 4 дүгээр гудамжны 1 тоотод байрлах 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр түрээсийн байранд гал гарсан асуудалд манай үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэх асуудлыг галын байцаагч тодруулж чадаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, манай үйлчлүүлэгч түрээсийн гэрээ хийгээд орсон энэ цаг хугацаандаа зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Ямар нэгэн холболт өөрчилсөн, цахилгааны эх үүсвэрийг хөндсөн, аюултай цахилгааны хэлбэлзэл үүсгэдэг тоног төхөөрөмж огт залгаагүй. Түрээслүүлэгчийн хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн дагуу ахуйн зориулалтын дагуу ашиглаад үйл ажиллагаа явуулж байсан. Ийм байдалтай байж байхад түрээслүүлэгч талын хариуцлагыг 2019 онд түрээслэгч нар тайлбарлахдаа монтаж бас сольсон гэж ярьдаг. Солихдоо бол хавтаст хэрэгт авагдсан баримт өөрийнх нь өгсөн тайлбараас харахад мэргэжлийн бус хүнээр холбуулж солиулсан асуудал гарч ирдэг. Энэ байдлаас болж ерөнхийдөө объектод гал гарсан байдаг. Энэ нь манай үйлчлүүлэгчтэй ямар нэгэн байдлаар авцалдахгүй гэж үзэж байна. Учир нь хохирлын асуудал буюу гэм хорын асуудлыг ярихын тулд гэмт хэргийн бүрэлдэхүүнд манай үйлчлүүлэгч байхгүй гэж үзэж байна. Хууль бус үйлдэл учруулсны улмаас гэм хор учирсан шалтгаант холбоо манай үйлчлүүлэгчид байхгүй байна. Тиймээс илт үндэслэлгүйгээр гарсан галын байцаагчийн дүгнэлтээр гарсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

6. Хариуцагч Н.Төрбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гал гарсан асуудлыг Онцгой байдлын албанаас шалгасан. Тухайлбал, гал түймэр гардаг өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах гээд тухайн гал гарсан газар дээр очиход нэхэмжлэгч Л.Булган байгаагүй, тухайн үед гал гарсан объект дээр хоёр эрэгтэй хүн байсан. Тэр хүмүүс тухайн үедээ согтууруулах ундаа уусан байсан гэж ярьсан. Шөнө дунд гал түймэр гарч байгааг мэдээд харсан чинь босоо хөргүүрийн хэсгээс гал гарсан гэх асуудлыг ярьдаг. Тухайн гал түймэр гарснаас хойш хэрэгт цугларсан материал дээр Л.Булган өөрөө гуравдагч этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлнө гэсэн гараар бичсэн өөрийн хүсэлтүүдийг хэрэгт хавсаргасан байгаа. Монгол Улсын Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.17-д Барилга байгууламжийг түрээслэх гэрээнд тухайн барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангах шаардлага, хариуцлагын талаар заавал тусгана гэж заасан. Гуравдагч этгээд нэхэмжлэгчийн хооронд байгуулсан гэрээний 5.1 дэх заалтад тухайн хариуцлагыг тусгаж өгсөн. Тухайн гал түймэр гарсан нөхцөл байдал дээр галын шинжээч ажилласан. Галын шинжээч гал түймэр гарсан шалтгаан нөхцөлийг цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэн гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Энэ нь гэрээний дагуу тухайн барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хариуцах ёстой гэж шийтгэл оногдуулсан. Хэрэгт авагдсан материал дээр байгаа холбогдогчийн өөрийн өгсөн мэдүүлгүүд байдаг. Тухайн үед байсан н.Батзориг гэдэг иргэнээс авсан мэдүүлгээр тухайн гал түймэр гарсан хэсэгт цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүсэж ямар нэгэн байдлаар цахилгааны масс үүсдэг байсан уу гэдгийг тодруулахад тийм зүйл өмнө нь гарч байгаагүй гэж ерөнхийдөө хариулсан байдаг. Холбогдогчоор 7 дугаар сарын 01-ний өдөр татаж мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахад галын шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, ямар нэгэн байдлаар галын шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах зүйл байхгүй, харин миний зүгээс гал түймрийн улмаас учирсан хохирлын үнэлгээтэй эвлэрэх боломжгүй байна, арай их гарсан байна гэдэг байдлаар тухайн миний оронд ажиллаж байсан н.Баттулга гэдэг байцаагчид хариулт өгсөн байдаг. Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.17-д заасан заалтыг үндэслээд мөн Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр хэсгийн 1 дэх заалтад зааснаар 100 нэгжээр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага ямар гарсан бэ гэдэг дээр анхаарч дүгнэх ёстой гэж бодож байна. Галын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан. Нэхэмжлэлийн утга үндэслэл хэсэг дээр дахин шинжээч томилуулах гээд байна уу хуулийн ямар зүйл заалт зөрчигдөөд ямар асуудал тулгараад нэхэмжлэл гаргаад байгаа үндэслэлээ нэхэмжлэгч тайлбарлаж гаргаж ирж чадаагүй. Шинжээч дахин томилохтой холбоотой асуудлыг өмнөх шүүх хуралдаанд хэлэлцээд шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүн дээр хууль зүйн хувьд одоо дүгнэлт хийх нь илүү байх гэж бодож байна. Гэм буруугийн асуудлыг тогтоож чадаагүй зүйл ярьж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд зөрчлийн хэргийн материалууд дотор тухайн асуудалтай холбоотой асуудлыг бүх талаас нь бүрэн дүүрэн нотолсон. Бодитой тогтоосон гэж миний хувьд үзэж байна. Яг захиргааны актыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байна уу гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийгээсээ гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагч Л.Булганы гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

2. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэн Ш.Цэндсүрэнгийн Л.Булганд хөлслүүлж байсан 18*6 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн арын хэсэг шатаж, хана таазад тортог үүссэн болох нь тогтоогдож, талууд энэ үйл баримтад маргаагүй байна.

3. Иргэн Ш.Цэндсүрэнгийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн гомдлоор Л.Булганыг галын аюулгүй байдал хангах үүргээ биелүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-т иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам,галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учруулсан хохирол 36,235.727 төгрөгийг төлүүлэх шийтгэл ногдуулжээ.

4. Хэргийн газрын үзлэгээр ...Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Уяачдын 4 дүгээр гудамжны 1 тоотод иргэн Ш.Пүрэвсүрэнгийн дэлгүүрийн дотор тал бүхэлдээ шатсан, өөрсдийн амьдардаг хэсэг тортог үүссэн... гэж, шинжээчийн дүгнэлтээр ...гал түймрийн голомт нь тухайн байшингийн дотор талаас үүсвэрлэн гарч шатах материалаар дамжин цааш тархсан, гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас богино холболт, шилжилтийн эсэргүүцэл болж гал түймэр гарсан байх магадлалтай... гэжээ.

5. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо 4-1 тоотод байрлах Галуут бор өндөр ХХК-ийн хүнсний дэлгүүрийг тус компанийн захирал Ш.Цэндсүрэн нь 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаагаар иргэн Л.Булганд өөрийн хүнсний дэлгүүрийн зориулалттай байшинг Хашаа байшин, дэлгүүр хөлслөх гэрээ-р хөлслүүлж, тус ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаатайгаар гаргуулсан байна.

6. Хөрөнгийн үнэлгээ, даатгалын хохирол үнэлгээний Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний нэгдсэн дүнгээр дээрх дэлгүүрийн зориулалтаар ашигладаг байшинг 36,235,727 төгрөгөөр үнэлжээ.

7. Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.17 дах хэсэгт Барилга байгууламжийг түрээслэх гэрээнд тухайн барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангах шаардлага, хариуцлагын талаар заавал тусгана гэж заасан байх ба дэлгүүр хөлслөх гэрээний дагуу эд хөрөнгийн хариуцлага хөлслөгчид шилжихээр байна.

8. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага албан тушаалтны гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянадаг бөгөөд хэргийн оролцогчид Хашаа байшин, дэлгүүр хөлслөх гэрээ болон хохирлын үнэлгээтэй холбогдуулан иргэний хэргийн шүүхэд маргах эрх нь нээлттэй болно.

9. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 4.8 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байх ба гомдол гаргагч Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.-д ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж..., 16.2.4-д гал түймэр гарч болзошгүй зөрчил, дутагдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

10. Учир нь гомдол гаргагч гал түймэртэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгуулахаас татгалзсан, мөн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, галын аюулгүй байдлын талаар гомдол саналыг эрх бүхий байгууллага болон хөлслүүлэгчид мэдээлж байгаагүй байна.

11. Дээрх нөхцөл байдлаас үзвэл гомдол гаргагч Л.Булганыг галын аюулгүй байдал хангах үүргээ зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-т иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам,галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийтгэлийн хуудас нь хууль зөрчөөгүй байна.

12. Гомдол гаргагчаас ...дэлгүүрийг түрээслэн авахдаа гэрээнд заасан зориулалтын дагуу ердийн боломжит байдлаар ашиглаж байсан ба дур мэдэн тог, цахилгааны холболт хийх, цахилгааны ачаалал өгөх эд зүйлс залгаагүй, Ш.Цэндсүрэн нь гэрээгээр надад ашиглалтын шаардлага хангасан эд зүйл шилжүүлэх ёстой байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч Зөрчлийн хэрэгт холбогдогчийг буруутай гэхээс илүү галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.4 дэх заалтад заасныг баримтлан Л.Булганаас Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Төрбатад холбогдуулан гаргасан Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 0072265 дугаартай 100 нэгжээр торгож, хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 133.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ