Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 313

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн

Улсын яллагч А.Нямсүрэн

Шүүгдэгч Р.Отгон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ринчиндаваагийн Отгонд  холбогдох эрүүгийн 201725031262 тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт         

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Боржигон овогт Ринчиндаваагийн Отгон, 1967 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 охины хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 46-562 В тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ринчиндаваагийн Отгон, /РД:МЗ67082707/

Холбогдсон хэргийн талаар   

Шүүгдэгч Р.Отгон нь 2017 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн  16 дугаар хороо, Хайлаастын Хаан банктай автобусны буудлын орчим болон Согоотын  49-462В тоотын гадна “дүлий гэж хэллээ” гэх шалтгаанаар С.Алтанцэцэгтэй маргалдаж, улмаар зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохрол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:      

 

Шүүгдэгч Р.Отгон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг.

Хохирогч С.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 12-ны орой ажлаа тараад өөрийн хамт ажилладаг найз Р.Отгонтой мөн хамт ажилладаг 2 хүүхний хамт бид хэд ажлын ойролцоо пабд сууж архи уусан юм, нилээд халцгааж Хайлаастад Отгоны гэрт ирж дахиж нэмж архи уухаар ирсэн юм, тэгтэл Отгон надад үг хаяж бид хоёр хоёр биендээ туниад хэрүүл болсон тэгтэл намайг эхлээд зодсон.Хайлаастын хаан банктай буудал дээр байхад зодход хүмүүс салгасан.Тэндээс дэлгүүрээс идэж уух юм аваад цаашаа Отгоны гэрийн гадаа ирж явтал дахин үгэн дээрээсээ маргалдаж Отгон намайг зодсон тухайн үед би ухаанаа алдчихсан байсан учир сайн санахгүй байна.Нэг сэрсэн чинь би гудамжинд сууж байсан тэгхээр нь хүүрүүгээ яриад ээж нь гудамжинд зодуулчихлаа гэж хэлтэл манай хүү ойролцоо цагдаагийн хэлтэс байвал очоод байж бай би яваад очьё гэхээр нь зам уруудаж яваад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очиж учир байдлаа хэлж гомдол гаргасан.Р.Отгонд гомдоод байх зүйл байхгүй.Би найзаасаа ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй  гэсэн мэдүүлэг. /хх-12/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹7975 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

  1. С.Алтанцэцэгийн биед тархи доргилт, дух, уруулын дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, эрүү, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хх-15, иргэний үнэмлэхний лавлагаа хх-23, ял шалгах хуудас-25, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Р.Отгон нь 2017 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн  16 дугаар хороо, Хайлаастын Хаан банктай автобусны буудлын орчим болон Согоотын  49-462В тоотын гадна “дүлий гэж хэллээ” гэх шалтгаанаар С.Алтанцэцэгтэй маргалдаж, улмаар зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирог учруулсан болох нь…хохирогч С.Алтанцэцэгийн өгсөн…Отгон намайг эхлээд Хайлаастын хаан банктай буудал дээр байхад зодход хүмүүс салгасан…дараа нь Отгоны гэрийн гадаа ирж явтал дахин үгэн дээрээсээ маргалдаж Отгон намайг зодсон…тухайн үед ухаанаа алдчихсан байсан учир сайн санахгүй байсан…Отгонд гомдоод байх зүйлгүй гэсэн мэдүүлэг хх-12, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7975 тоот дүгнэлтэнд… С.Алтанцэцэгийн биед тархи доргилт, дух, уруулын дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, эрүү, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл…

 

Р.Отгоны үйлдсэн хэргийн улмаас хохирогч С.Алтанцэцэгийн эрүүл мэнд түр хугацаагаар сарнисан болох нь хэрэгт авагдсан шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7975тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хэрэгт ач холбогдол бүхий хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд нь эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, хэлбэрээр цугларсан уг хэрэгт шууд хамааралтай байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

            Шүүгдэгч Р.Отгон нь уг хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт…Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно,

            2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

            Иймд шүүгдэгч Р.Отгонд холбогдох хэрэг 2017 оны 6 дугаар сарын 11-12 нд шилжих шөнө үйлдэгдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           

            Хохирогч  С.Алтанцэцэг нь хохирол нэхэмжлээгүй гомдол саналгүй /хх-27/ тул Р.Отгоныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Р.Отгон нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн тухай амаар болон бичгээр хүсэлтээ гаргасан, хохирол нэхэмжлээгүй тул хохирогч С.Алтанцэцэгтэй шүүгдэгч Р.Отгон эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.