Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 391

 

 

Т.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 577 дугаар магадлалтай, Т.Г-д холбогдох 1803000010037 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, В овогт Т-ийн Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Г-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 1 жил 06 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Д.Тамир, шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Т.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч Т.Г анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирлыг хохирогч Б.О-д бүрэн төлж барагдуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Г-г хохирол бүрэн төлснийг магадлалын тогтоох хэсэгт заагаагүй. Иймд Т.Г-г хохирол бүрэн төлснийг танай шүүх гаргах эрхийн актдаа тусгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Т.Г-д холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Хохирогч нь 68 настай, эмэгтэй бөгөөд тухайн ослоос үүдэж хүний асрамжид орсон нөхцөл байдал үүссэн. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны 20 цаг 15 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Люкс хаусын урд замд С.Т-ийн эзэмшлийн “Тоyota Prius” загварын 96 13 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч Б.О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх Т.Г-ийн дээрх хууль бус үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг хяналтын журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “шүүгдэгч Т.Г хохирол бүрэн төлснийг шийдвэртээ тусгах, хохирол төлснийг харгалзан Эрүүгийн хуульд заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэж өгөхийг” хүссэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Т.Г-оос 10,625,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө Т.Г мэс заслын төлбөрт 5,967,000 төгрөг, хохирол барагдуулав гэсэн утгатай 4,658,000 төгрөг, нийт 10,625,000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүлснийг давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэртээ тусгасан байна.

Эрүүгийн хуульд заасан тэнсэх, албадлагын арга хэмжээг шүүх заавал хэрэглэхээр заасан хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох шүүхийн эрх хэмжээнд хамаарах зохицуулалт юм.

Шүүх оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд харин уг хэм хэмжээг хэрэглэх урьдач нөхцөл бүрдээгүй байхад хэрэглэсэн тохиолдол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарах ба энэ хэргийн хувьд анхан шатны шүүхээс Т.Г-д оногдуулсан хорих ял түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 577 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаарагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                       ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН