Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 132/ШШ2023/00150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймаг, С сум, * дугаар баг, Хүрэмт * дугаар хороо, * дугаар гудамж, * тоотод оршин суух, А******* овогт Д*******ын Б*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, С сум, * дугаар баг, Ингэт моностой, * дүгээр гудамж, 2 тоотод оршин суух, Б******* овогт Д*******ын Ө*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай132/2023/0084/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

 

        Хариуцагч Д.Ө*******т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч Д.Ө*******т холбогдуулан 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

  Д.Ө******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр миний аав Д.Б*******гээс 3,990,000 төгрөгийг 7 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан. Мөнгөнийхөө оронд үхэр өгнө гэсэн боловч гүйцэт өгөөгүй. Мал авах гээд портертэй 2 удаа очсон. Тэгээд очсон чинь Ө******* өөрөө 2 удаа алга байсан. Тэгээд заагаад байсан үхрүүд чинь юу юм бэ гээд нэг ахаас асуусан 2 монгол үхэр зааж өгсөн байсан. Тэгээд тэр 2 үхрийг ачаад гэртээ ирсэн. Үлдэгдэл мөнгөө авахаар холбогдоход миний дугаарыг блоклоод алга болсон.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 8,079,750 төгрөг, шатахууны төлбөр 420,250 төгрөг нийт 8,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Зээлийн гэрээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 3-4-р хуудас/,

-Д.Б*******гээс Б.М*******д олгосон итгэмжлэлийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 5-р хуудас/, 

3.Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч Д.Ө*******аас 8,079,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б*******д олгож, 420,250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсан болохыг баталж, 420,250 төгрөгт холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагчаас зээл, зээлийн хүү, алданги 8,079,750 төгрөг, шатахууны зардал 420,250 төгрөг нийт 8,500,000 төгрөгийг гаргуулна гэв.

3.Хариуцагч Д.Ө*******т 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гардуулж, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэхийг мэдэгдсэн талаар БАРИМТ №4 маягт хэрэгт авагджээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг няцаагаагүй болно.

4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч Д.Б*******, хариуцагч Д.Ө******* нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3,990,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд /хх-ийн 3-р хуудас/ тус гэрээний хугацаа 7 сар, нэг сард төлөх хүү 5 хувь гэж тохиролцсон байна.

6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг 3,990,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

7.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт /Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана/ зааснаар зохигч зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар батлуулсан байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээгээр тохирсон хүү болох 1,396,500 /3,990,000*5%=199500*7/ төгрөгийг мөн шаардах эрхтэй.

8.Нэхэмжлэгч зээлийн гэрээний 3.7-д зааснаар хариуцагчаас 2,693,250 төгрөгийн алданги гаргуулна гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

9.Иймд хариуцагчаас үндсэн зээл 3,990,000 төгрөг, 7 сарын хүү 1,396,000 төгрөг, алданги 2,693,250 төгрөг нийт 8,079,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 420,250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж, 420,250 төгрөг холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 144,226 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Д.Ө*******аас авсан дөнжин насны хоёр үхэр, нэг эр бярууг Д.Ө*******т буцаан өгнө гэснийг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ө*******аас  8,079,750 /найман сая далан есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б*******д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар 420,250 /дөрвөн зуун хорин мянга хоёр зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж, 420,250 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 /нэг зуун тавин мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 144,226 /нэг зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ХИШИГДЭЛГЭР