Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2023/00156

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг * дугаар хороо Сөүлийн гудамж 11/1 Модун цамхагийн * дүгээр давхарт байрлах, “Э******* капитал менежмент ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн Булган сум * дугаар баг Хужирт * дугаар гудамж * тоотод оршин суух Б******* овогт Ч*******ы Б*******

Хариуцагч Булган аймгийн Булган сум * дугаар баг Хужирт * дугаар  гудамж * тоотод оршин суух Г******* овогт С*******ын Н  нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 13,042,710 /арван гурван сая дөчин хоёр мянга долоон зуун арав/ төгрөг гаргуулах, үүргээ сайн дураараа гүйцэтгээгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2023/00108/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М*******, Д.П******* 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н*******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Э******* капитал менежмент ББСБ" ХХК нь Ч.Б*******, С.Н нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 13,042,710 төгрөг гаргуулах, үүргээ сайн дураараа гүйцэтгээгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Зээлдэгч Ч.Б******* болон С.Н нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ЗГ11321301010000** тоот зээлийн гэрээ байгуулж, улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр БГ11321301010000** тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн Г-040500****, гэрчилгээний дугаар:000204*** Булган аймаг Булган сум *-р баг, Хужирт, * гудамж, *тоот * м.кв талбайтай газрыг барьцаалж зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн тус ББСБ-аас 6 сарын хугацаатайгаар 15,000,000 төгрөгийг нэг сарын 1.2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Ч.Б******* болон С.Нтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.

          Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.1-т “гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарьт хугацаанд төлөөгүй” бол нэг талын санаачилгаар гэрээг цуцлахаар заасан байх бөгөөд хариуцагч нь гэрээний хавсралт №1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн байна. Зээлдэгч нар нь зээлийн үүрэг болох 15,000,000 төгрөгнөөс 4,032,519 төгрөгийг манай байгууллагад төлсөн ба түүнээс хойш үндсэн төлбөрөөс хасалт хийгээгүй байна.     

          Иймд үндсэн зээл 10,967,481 төгрөг, хүү 2,075,229 төгрөг, нийт 13,042,710 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч нар хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Э******* капитал менежмент ББСБ” ХХК, хариуцагч Ч.Б*******, С.Н бидний хооронд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн БГ1132130101000** тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр 15.000.000 /арван тав сая/ төгрөгийг 1.20%-ийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан юм. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг 10,967,481 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,075,229 төгрөг нийт 13041710 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх шаардлага гаргаж, эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч тал нь корона вирус цар тахал, малын шүлхий өвчин гарснаар манай үйл ажиллагаа зогсож, зээлийг цаг хугацаанд нь төлж чадахгүй болж эрсдэлд орсон юм. Зээлийн хөрөнгөөр бид БНХАУ-аас тоног төхөөрөмж оруулж ирж үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ашиг олж, зээлийн хүү, зээлээ төлөхөөр төлөвлөж байсан юм. Гэтэл БНХАУ хил гаалиа хааснаар бидний үйл ажиллагаа зогсож, одоо болтол сэргэж чадахгүй байж байна. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээний 2.1.2-т заасан зээлийн үндсэн хүү сарын 1.20% гэж зааснаар хүүгийн төлбөрт 2,075,229 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Нэхэмжлэгч тал С.Н бидний хооронд Covid 19 өвчин гарахыг урьдчилан тооцоолох боломжгүй байснаас нөхцөл байдал өөрчлөгдөж, мөн тухайн орон нутагт хөл хорио тогтоосноос гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөл байдал байгаагүй юм.

Иймд хуульд заасны дагуу гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсвэл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэлтэй гэж үзнэ гэж заасан байх тул харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.

Мөн хуульд заасны дагуу барьцааны хөрөнгө Г-040500**** улсын бүртгэлийн дугаартай хөрөнгө, гэрээний 00204**** дугаартай Булган аймаг Булган сум *-р баг Хужирт **-р гудамж * тоотод байршилтай * м2 талбайтай газрын зориулалттай эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахад гэрээнд тусгасны дагуу биелүүлэх болно гэжээ.

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-“Э******* капитал менежмент ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 8-9-р хуудас/,

-2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ1132130101000*** дугаартай “Зээлийн гэрээ” болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 11-14-р хуудас/,

-2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ1132130101000*** дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-ний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 15-17-р хуудас/,

-Ч.Б*******, С.Н нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 18-р хуудас/,

-С.Нийн газар өмчлөх эрхийн 00020*** дугаартай гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 19-р хуудас/,

-Ч.Б*******, С.Н нарын зээлийн дансны хуулга /хэргийн 20-р хуудас/

-Мемориалын баримт /хэргийн 70-р хуудас/

 

4.Хариуцагч нар нотлох баримт ирүүлээгүй болно.

 ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,881,536 төгрөгийг хангаж, 2,161,174 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч “Э******* капитал менежмент ББСБ” ХХК нь хариуцагч  Ч.Б*******, С.Н нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 13,042,710 /арван гурван сая дөчин хоёр мянга долоон зуун арав/ төгрөг гаргуулах, үүргээ сайн дураараа гүйцэтгээгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гаргасан боловч шүүх хуралдааны шатанд буюу 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүрэгт 10,967,481 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,075,229 төгрөг гаргуулна гэж өөрчилсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Ч.Б******* болон С.Н нар нь “Э******* капитал менежмент ББСБ” ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ЗГ1132130101000*** тоот зээлийн гэрээ байгуулж, зургаан сарын хугацаатай 15,000,000 төгрөгийг нэг сарын 1.2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч нар нь зээлийн үүрэг болох 15,000,000 төгрөгнөөс 4,032,519 төгрөгийг манай байгууллагад төлсөн ба түүнээс хойш үндсэн төлбөрөөс хасалт хийгээгүй тул үндсэн зээл 10,967,481 төгрөг, хүү 2,075,229 төгрөг, нийт 13,042,710 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэв.

3.Хариуцагч нар үндсэн зээл 10,967,481 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангиас чөлөөлж өгнө үү. Учир нь дэлхийн нийтийг  хамарсан ковид19 цар тахлын улмаас хөл хорио тогтоогдсноос болж гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байна.

            4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

  5.Нэхэмжлэгч “Э******* капитал менежмент ББСБ” ХХК, хариуцагч Ч.Б*******, С.Н нар 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ЗГ1132120101000*** дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, зээлдүүлэгч “Э******* капитал менежмент ББСБ” ХХК нь зээлдэгч Ч.Б*******, С.Н нарт 15,000,000 төгрөгийг зургаан сарын хугацаатай, сарын 1,2 хувийн хүүтэйгээр шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ /хх-ийн 11-13-р хуудас/, мемориалын баримт /хх-ийн 70-р хуудас/-аар тогтоогдож байна.

 6.Зээлдэгч Ч.Б*******, С.Н нар “Зээлийн эргэн төлөх хуваарь”-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүү нийт 15,610,294 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлж дуусгах үүрэгтэй байсан байна.

7.Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дууссан бөгөөд тухайн гэрээний хугацааг сунгаагүй болох нь зээлийн гэрээ /зээлийн гэрээний хугацаа 6 сар/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлийн сүүлийн төлөлтийг 2021 оны 11 дүгээр сарын 20-нд төлж дуусахаар байна/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн гэрээний хугацаа сунгаагүй гэх тайлбараар тогтоогдож байна.

8.Зохигч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл авсан эсэх талаар маргаагүй, харин хариуцагч ковид19 цар тахлын улмаас хөл хорио тогтоогдсноос болж гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул хүү төлөхөөс чөлөөлж өгнө үү гэж маргасан.

9.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зээлийн гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч зээлийн үндсэн төлбөр, зээлийн гэрээгээр тохирсон хугацааны хүүг шаардах эрхтэй.

10.Хариуцагч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлөх байсан 2,606,043 төгрөгийг төлж, үндсэн зээл 12,547,819 төгрөг үлдсэн. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүү 148,511 төгрөг, үндсэн төлбөр 2,457,532 төгрөг төлөх байснаас зөвхөн хүү 148,511 төгрөгийг төлсөн учир үндсэн төлбөр 12,547,819 төгрөг үлдсэн. Хариуцагч нар 2021 оны 8 дугаар сарын 20, 9 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 20-ны өдөр төлөх байсан зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөөлөөгүй бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн. Энэхүү 2,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч байгууллага 2021 оны 8 дугаар сар, 9 дүгээр сар, 10 дугаар сарын 20-нд төлөх байсан хүү буюу 3 сарын хүү /12,547,819*1,2%=150.574*3/ 451,722 төгрөгийг зээлийн хүүгийн төлөлт авч, үлдсэн 1,548,278 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасахад 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 10,999,541 төгрөг үлдэж байна. Хариуцагч нар 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөх байсан үндсэн төлбөр 10,999,541 төгрөг, түүний хүүг төлөөгүй бөгөөд зээлийн  гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дууссан тул хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид үндсэн төлбөр 10,999,541 төгрөг, хүү 131,995  /10,999,541*1.2%/ төгрөг нийт 11,131,536 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний харилцаа дууссан өдөр буюу шаардах эрх үүссэн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө зээлдэгч болох хариуцагчийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Энэхүү эрхээ 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хэрэгжүүлсэн нь хариуцагч нараас зээлийн гэрээний харилцаа дууссан өдрөөс хойш 2023 оны 2 дугаар сарыг хүртэлх хугацааны хүү нэхэмжлэх эрхгүй байна.

Хариуцагч нар 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 250,000 төгрөгийг зээлийн дансандаа төлсөн байх тул энэхүү төлбөрийг 11,131,536 төгрөгөөс хасахад 10,881,536 төгрөг болж байх тул хариуцагч нар нэхэмжлэгчид 10,881,536 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 11.Иймд хариуцагч Ч.Б*******, С.Н нараас 10,881,536 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э******* капитал менежмент ББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,161,174 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         12.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,364 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 189,054 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* капитал менежмент ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б*******, С.Н нараас 10,881,536 /арван сая найман зуун наян нэгэн мянга таван зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* капитал менежмент ББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,161,174 /хоёр сая нэг зуун жаран нэг мянган нэг зуун далан дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 293,364 /хоёр зуун ерэн гурван мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 189,054 /нэг зуун наян есөн  мянга тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* капитал менежмент ББСБ ХХК-д олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ХИШИГДЭЛГЭР