Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/975

 

 

 

  

 

 

 

 

 

 

   2025         10          30                                     2025/ШЦТ/975

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

      шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

   улсын яллагч Ц.Ганцэцэг /тээврийн прокурор/,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн 9 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .... овогт Э.А /РД:*********/.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Э.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.А нь 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 22 цаг 32 минутын орчимд Сүхбаатар дүүргийн ............ гудамж, “О” худалдааны төвийн баруун талын замд, Тоёота приүс маркийн **** УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж. хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3. 1,15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас мопедтой мөргөлдөж, тус мопедийн жолооч болох Э.М-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- 102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 4 дэх хуудас/,

- 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9, 11-12 дахь хуудас/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10, 13 дахь хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 40 дэх хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41 дэх хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 33 дахь хуудас/, 

- Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэйд манай хашаа байшин байдаг тэндээсээ манай хамаатны залуутайгаа уулзах гээд таван буудал руу явж байсан. Би тухайн үед зам түгжрэлтэй байсан болохоор 2 дугаар эгнээг захлаад голлоод явж байсан. 6 буудлын О худалдааны төвийн урд гарцанд нэг машин зүүн дохио өгөөд буцаж эргэх гэж байсан би сигнал өгч анхааруулаад эсрэг урсгалд жоохон орсон байсан гэтэл тэр машины урд явж байсан машин дохио өгөөгүй намайг хараагүй шууд зүүн дараад эргэсэн. Тэгээд би тоормосоо базаад зогсож амжаагүй очоод мөргөөд би газар унасан. Би босох гээд босож чадахгүй байсан. ...Би тухайн үед би ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан. ...зорчих хэсгийн 2 эгнээгээр 30-40 км/ц хурдтай явж байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дахь хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ослын талаар мэднэ хажууд нь зорчиж явсан. Би 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн Шадвиланд байдаг зуслангаасаа гэр лүүгээ найз залуутайгаа хамт явж байсан. Тухайн үед 6 буудлын оргил худалдааны төвийн баруун замд би утсаараа оролдож байсан гэнэт хажуугаас нэг юм мөргөсөн. Нөгөө мопед их хурдтай явж машинаасаа буугаад харсан чинь машины урд хэвтэж байсан. ...жолооч Э.А-аас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25, 28 дахь хуудас/,

- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шинжээчийн: “...1.Э.М-ны биед зүүн тойг ясны хугарал, баруун шуу, тохой, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дахь хуудас/,

- Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 50-56 дахь хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.С-ын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн **** дугаартай “мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 62 дахь хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дахь хуудас/,

- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 87-88 дахь хуудас/,

- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 89-90 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Э.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Э.А-т оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Э.А нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын дотор 2,700,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Э.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...... овогт Э.А /РД:*******/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛДАР