| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 105/2015/0154/Э |
| Дугаар | 277 |
| Огноо | 2017-07-26 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 277
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
улсын яллагч А.Нямсүрэн,
иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, Д.Бат-Орших,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжаргал,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Яринпил /№0013/,
шүүгдэгч Л.Батхуяг, түүний өмгөөлөгч А.Ганбат /№0656/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Батхуягт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 20940162 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Хангамжийн 30 дугаар байрны 4 тооотод оршин суух, 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 262 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Гал овогт Лхагвасүрэнгийн Батхуяг /РД-ХЕ73112372/
Холбогдсон хэргийн талаар: Л.Батхуяг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Батхуяг нь согтуугаар 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун тасганы А1-2 тоот буюу хохирогчийн гэрт, хохирогч С.Бямбадоржийг өөрийн эхнэртэйгээ хардан улмаар зодож, түүний бие махбодид их тархины баруун тал бөмбөлгийн зулай дагзны дэлбэн, 3, 4 дүгээр ховдлын орчмын тархины эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэн хамарсан зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай дагз, зулайн гадна хэсэг хамарсан, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны хэсэг дэх хатуу хальсны доорхи цусан хураа, дух зүүн хөмсгөнд няцарсан шарх, баруун хөмсөг, хоёр нүдний зовхи, баруун хацар, шанаа, хамар амны эргэн тойрон зүүн хацар, шанаа, эрүүний доод хэсгийг хамарсан, цээжний баруун хэсэг, хавирганы нум, баруун шуу, бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Батхуяг мэдүүлэхдээ: Энэ хэрэг явдал гарах үед талийгаач, Алтангэрэл, Бямбадорж, манай эхнэр талийгаачийнд үлдсэн. Батболд, Цогжавхлан нар тухайн үед ирээгүй байсан. Би архинд явсан. Намайг талийгаачийг эхнэртэйгээ хардсан гэж байгаа. Яллагдагч байсан Алтангэрэл болон бусад гэрч нар хэргийн бодит үнэн байдлыг алдагдуулж, миний эсрэг ойлгомжгүй мэдүүлэг өгч байгаад би үнэхээр харамсаж байгаа. Намайг цохисон гэж мэдүүлж байгаа төлөөлөгч Дашдаваа болон Ганбат нар өөрсдөө хэлж, өөрсдөө бичиж, намайг дарамтлан гарын үсэг зуруулсныг прокурорын дэргэдэх мөрдөн байцааг Мөнгөншагай болон Хүний эрхийг хамгаалах комисс намайг дарамталж гарын үсэг зуруулсан гэдгийг баталдаг. Гэрч Цогжавхлан болон хууль ёсны төлөөлөгч Энхжаргал нар нь хэргийн бодит үнэнийг яг харсан юм шиг хэлдэг. Тэд нар би тэгсэн байх гэж бодож байна гэж мэдүүлэг өгөөд байгаад үнэхээр ойлгохгүй байна. Намайг 16 цагт талийгаачийхаас гарах үед талийгаач Цогжавхлантай хамт орон дээрээ хэвтэж байсан. Газарт Алтангэрэл, Батболд нар хэвтэж үлдсэн. Талийгаачийг 19 цагийн үед ажил дээрээ очих үед харуул Мөнхжаргал нь та архи уусан байна, согтуу байна гэсэн шалтгаанаар оруулаагүй гэдэг. Тухайн үед талийгаачийн нүүр, ам нь зүгээр байсан, ямар ч шарх сорив харагдаагүй байсан талаар мэдүүлдэг. Гэрч Болдбаяр нь 20 цагийн үед Бямбадорж гуайг дуудахад хаалгаа тайлаагүй гэдэг. Дараа нь очиход хаалгаа тайлаад хүү Алтангэрэл шанаандаа цус болсон, дэвссэн хивс нь нугалаад сууцан, юу болсон нь мэдэгдэхгүй, аавын бие муу байна гэж хэлсэн байдаг. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Энхжаргал нь 20 цагийн үед ирэхэд аавын нүүр ам аймаар хөх няц болсон, модоор цохисон ором ороод түүнээс нь цус гарсан байсан талаар мэдүүлдэг. Гэрчийг 22 цагийн үед очих үед жижиг модон сандлыг хөл нь хугарсан, аавынх нь нүүр аймаар хөх няц болсон байсан талаар мэдүүлсэн байдаг. Намайг архинд яваад ирэхэд Бямбадорж гуай Алтангэрэлийг хоноцын хүүхэд шиг архи өгчихгүй гээд муудалцаад Бямбадорж гуайг цохиход Бямбадорж гуай түмбүчик мөргөсөн. Тэгээд би салгачихад тэр 2 маргалдахаа больсон. Түүнээс биш би эхнэрээ хардаад огт хэрүүл маргаан хийгээгүй. Шүүх бүрэлдэхүүн бодит баримтан дээр тулгуурлаж энэ хэргийг шийдэж өгнө үү гэв.
Яллагдагч Л.Батхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгээд би архинд ганцаараа явсан. Гэрт талийгаач Бямбадорж, Алтангэрэл манай эхнэр бид 3 үлдсэн. Би архинд 10 минут орчим яваад буцаж ирээд байшингаа андуурч өнгөрч гэнэт зогсож цонхоор харахад Алтангэрэл орон дээр манай эхнэр талийгаачтай хамт газар хэвтэж байсан. Би тэгэхээр нь тойрч очоод орох гээд хаалгаа татахад цоожтой байхаар нь тогшсон чинь хаалгыг талийгаач Бямбадорж онгойлгож өгсөн. Тэгэхээр нь би Бямбаа ах эхнэр битгий оролдоод байгаарай гэж хэлэхэд Бямбаа ах битгий маяглаад байгаарай гэж хэлсэн. Би Алтангэрэлд хандаж бос архи ууя гэхэд Алтангэрэл босож ирээд бид дөрөв архи ууж эхэлсэн. Тэгээд эхний архи дундаа ороогүй байхад гаднаас Батболд, Цогжавхлан хоёр ороод ирсэн. Тэгээд бид зургаа архи ууцгаасан бөгөөд эхэлж Бямбадорж ах ажилтай гээд орон дээр хэвтсэн. Хэсэг хугацааны дараа Алтангэрэл газар хэвтсэн. Хараа архи дуусахад Цогжавхлан би Заан архийг уухгүй гээд Бямбадорж ахын хажуугаар хэвтсэн. Тэгээд Батболд бид хоёр Заан архийг хувааж ууж байхад Бямбадорж ах гэнэт босож ирээд одоо та нар явцгаа гэж уурласан. Тэгээд би чамд архи авч өгөө биздээ гээд намайг заамдаад авахаар нь би бас архи аваа биз дээ гээд баруун гараараа зүүн шанааных нь дээд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Цогжавхлан босож ирээд бид хоёрыг салгасан... Тэгээд дараа нь Цогжавхлан архи уухгүй гээд Бямбаа ахын урдуур хэвтсэн, тэгээд Алтангэрэл, Батболд, Цожинай бид 4 нөгөө Заан архиа задалсан чинь авгай би уухгүй гэсэн тэгээд Алтангэрэл, Батболд бид 3 нэг нэг татсан чинь Алтангэрэл би одоо болсон гээд газар гудсан дээр хэвтээд өгсөн, тэгээд би ганцаараа сууж үлдээд эхнэрийгээ аваад явсан. Энэ үед Цожинай унтаагүй сууж байсан, бид 2 явахад манай эхнэр Цожинай цүнхээ мартсан байсан,...би яагаад ч юм. Бямбаа ахыг хаалга тайлаад өгөхөд нь авгай битгий оролдоорой гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь Бямбаа ах маазраад байгаарай гэсэн... намайг цонхоор харахад Бямбадорж ах Цожинай хоёр газарт хэвтэж байсан... гэх мэдүүлэг /3хх-ийн 111х, 4хх-ийн 78-79х/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжаргал мэдүүлэхдээ: Хэргийг Цогжавхлан, Цожинай гэдэг гэрч нар харсан байдаг. Аав маань шүүгдэгчийн эхнэртэй бэлгийн харьцаанд орсон нь үнэн. Үүнийгээ үр хүүхэдтэй мэдэгдэхгүй, өөрийгөө ч нас барна гэж бодоогүй нууж өнгөрсөн. Аавын маань сайхан алтан амийг хөнөөсөн хүнийг эргэлзээгүйгээр шүүгдэгч Батхуяг гэдгийг нотлоод байгаа. Тиймээс энэ хүнд хүний амьтай тэмцэх хэмжээний ял шийтгэлийг нь оногдуулж өгнө үү гэж хүсч байна. Энэ хэрэг дээр хохирлын албан ёсоор бүрдүүлж чадаагүй. Энэ хэрэг 2009 онд гарсан. Одоо энэ хэргийн нэхэмжлэлийн тооцоог гаргаж чадаагүй. Тэгэхдээ хохиролд 3.5 сая төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг Бямбадорж овогтой Энхжаргал гэдэг, гэртээ аав ах 2-ын хамт амьдарч байсан. 2009 оны 02 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэх үед аавын нүүр ам хацар аймаар хөх няц цус болсон байдалтай сууж байсан. Аавын хажууд Алтангэрэл ах согтуу тасарчихсан байдалтай сууж байсан. Намайг гэртээ орох үед жижиг модон сандлын хөл нь хугарсан, гэрийн дотор талд шингэн зүйл энд тэндгүй ханаар цацагдаж гоожсон байдалтай байсан... би аав гээд дуудсан чинь миний өөдөөс харахад зүүн хөмсөгний хавьд шарх болчихсон тэрнээс нь цус гарчихсан, нүүр аманд нь ямар ч гэсэн хүн анзаархаар хөхрөлт шиг тийм тод хөхрөлт байхгүй байсан. Би аавын нүүрийг цэвэрлэж өгсөн болохоор санаж байна. Гэр орны байдал ундуй сундуй байсан. МҮОНТ-ээс манай нийтийн байр харагдана, телевизийн хаалганы яг өмнө талаас нь харсан байрлалтай юм, дундаа засмал замтай хоорондоо 30-40 метр зайтай ойрхон ш дээ. Миний хувьд аавыг зодож амь насыг нь хохироосон хүнийг Батхуягийг гэж бодож байна. Манай аав тухайн үед Батхуягийн эхнэр Цожинайтай бэлгийн ажил хийсэн болохоороо үр хүүхдүүддээ мэдэгдчихвий гэж санаа зовоод тухайн үед Батхуягт зодуулсан талаараа хэлээгүй нуусан гэж боддог юм. Батхуяг, Цожинай нар манайхаас гарахдаа малгай цүнх зэрэг эд зүйлсээ орхичихсон их яарч гарсан маягтай байсан, энэ хэрэг дөнгөж эхэлж аавыг өнгөрөөгүй байхад өмгөөлөгч авчихсан байсан гэсэн... Намайг орж ирэхэд гэрт том сандал бол байдгаараа байсан. Би энийг бол санаж байна. Аавын бие муу байсан учир би нягталж хараагүй. Гэрийн эд зүйл ундуй сундуй болчихсон байсан, талийгаачийн духан дээр үүссэн шарх нь хатуу зүйлээр ч юм шиг язарсан ч юм шиг байсан, тэр шархнаас нь цус гарч байсан. Би гэрээ цэвэрлэж хогоо шүүрдэж шалаа угаасан. Намайг гэрээ цэвэрлэхэд гаднаас дуссан бололтой цус мэт зүйл ажиглагдаагүй, байсан бол би анзаарч ажиглах байсан. Батхуяг нь эхнэрийнхээ хамт манайд малгай болон гар цүнхээ орхиод явсныг бодоход аавыг минь зодчихоод яаруу сандруу зугтаагаад гэрээс явсан гэж бодож байна. Хэрэг болох үед хэргийн газар байсан Цожинай, Цогжавхлан нар Батхуягийг аавтай минь маргалдаж зодож байсныг гэрчилж байхад яагаад хэргийг үнэн мөнөөр нь шийдэхгүй байгаад гайхаж байна... гэх мэдүүлэг /1хх-27-32х, 2хх-ийн 197х, 4хх-ийн 59-60х/.
гэрч Б.Цогжавхлангийн мөрдөн байцаалтад өгсөн: “Архи ууж байхад талийгаач Бямбадорж гуай Батхуягийг дэлгүүр явсны дараа бэлгийн харьцаанд орсон байх, учир нь тэр хоёр хамтдаа юм нөмрөөд хэвтэж байсан. Тэгээд байж байхад Батхуяг цонхоор хараад орж ирээд талийгаачтай эхнэрээ хардаад хэрэлдсэн бөгөөд бид нарыг архи ууж байхад тас хийгээд талийгаачийг Батхуяг цохих шиг болохоор нь би босож тэр хоёрыг салгасан. Би Батхуягт хандаж Бямбадорж ахыг арай ингэж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд нэг хэсэг намжиж дахин архи ууж эхэлсэн бөгөөд Бямбадорж ах дахин архи уугаагүй. Тэгээд архи ууж байгаад Батболд, Алтангэрэл хоёр тасраад унтаад өгсөн бөгөөд би нэг хэсэг дуг хийгээд сэрсэн чинь Батхуяг талийгаачийн дээр мордоод суучихсан гараараа цохиод байсан. Би тэгэхээр нь Батхуягт хандаж чи Бямбадорж ахыг ингэж зодож болохгүй гэж хэлсэн. Тэгээд унтаад сэрэхэд Батхуяг эхнэртэйгээ алга болсон байсан. Би Батболдыг сэрээж харихаар явсан. Намайг сэрэхэд Алтангэрэл бид 3 газарт унтаж байсан бөгөөд талийгаач орон дээрээ доошоо харчихсан хэвтэж байсан... Би гарт нь юу байсан талаар анзаараагүй. 2 дахь удаагаа дээр нь гарчихсан зодож байхад нь талийгаач Бямбадоржийг Батхуягийг доромжилж эхнэртэй нь унтсан юм чинь эр улсууд өөрсдөө учраа олог гэж бодсон, Бямбадорж ахыг нас барчихна гэж бодоогүй юм. Гадаа харанхуй болоогүй гэрэлтэй байсан учир өрөөн доторх зүйл харагдаж байсан бөгөөд өрөөний гэрэл асаалттай байсан. Би Батхуягийг хараад таньсан. Талийгаачийг цохиж байхдаа амандаа хараагаад байсан... Өмнө нь хэрэг гарсны дараа тухайн үед яагаад хэлээгүй вэ гэхээр бид нар бүгдээрээ тухайн үед Ганцад суугаад шалгагдсан, тэгэхэд бүгд архи руу буруугаа чихээд согтуу унтчихсан, тасарсан байсан гээд байхаар нь чимээгүй л байсан, бас айсан байсан.... миний хувьд тухайн болсон асуудлыг нуун дарагдуулж байсан нь үнэн харсаар байтал согтуу тасраад унтчихсан, Алтангэрэл аавыгаа зодож алсан гээд шүүхээр ял шийтгэгдээд байгааг харж суух маш хэцүү байсан, тэгээд үнэнийг хэлчихмээр санагдаад байсан. Би дараа нь нэг удаа Алтангэрэлийг цагаадаад гарчихсан байна гэхэд нь хэлэхэд Алтангэрэл одоо наад хэргийг чинь сонсох ч хүсэл алга гээд төвөгшөөсөн байдалтай байсан, харин сүүлд ЭЛБА-гийн хажууд байдаг онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс дээр дуудагдаад байхдаа Алтангэрэлтэй тааралдсан тэгэхэд би Алтангэрэлд Батболд ч гэсэн мэдэж байсан ш дээ, ер нь бүгд мэдэж байсан чамайг л ял авчихлаа үнэнийг хэлчих үү гэхээр Батболд хэрэггүй гээд байдаг байсан талаар хэлсэн нь үнэн. Батболд, Цожинай бид 3 талийгаачийг цохиж зодсоныг харсан юм... миний Батхуяг талийгаачийн дээр гараад цохиж байсан гэсэн мэдүүлэг үнэн зөв. Талийгаач гэртээ байдаг ганц орон дээрээ хэвтэж байсан. Тэгэхэд Батхуяг орон дээр нь талийгаачийн дээр гарчихсан мордоод суучихсан гараараа цохиж байсан ...харин би Батхуягт хандаж чи болиоч гэж хэлсэн, намайг хэлэхэд Батхуяг болихгүй цохиж байсан, тэгэхээр нь би талийгаачийг яах гэж айлын эхнэрийг оролдсон юм, эр улсууд өөрсдөө учраа олог гээд унтаад өгсөн. Намайг унтаад сэрэхэд Батхуяг эхнэр Цожинайтайгаа хамт байсан. Талийгаачийнд Алтангэрэл, Батболд, Цожинай, талийгаач, Батхуяг бид нар л байсан. Эхэлж талийгаачийг Батхуяг 1 удаа нүүрэн тус газар нь цохихоор нь би салгасан. Унтаж байгаад сэрэхэд талийгаачийг Батхуяг орон дээр нь зодож байсан, Батболдыг сэрээгээд гарахад талийгаач доошоо хараад хэвтэж байсан,... Батболдыг хоригдоод гарч ирсний дараа үнэнг нь хэлчих үү гэхэд Батболд одоо нэгэнт энэ хэрэг дууссан юм чинь хэлээд хэрэггүй, хэлчих юм бол дахин хоригдоно шүү дээ гэж байсан ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 88х, 4хх-ийн 65-66х/,
гэрч Ц.Цожинайны мөрдөн байцаалтад өгсөн: “Нөхрийг гараад явсны дараа Бямбадорж ах хаалгаа түгжихээр нь би нээх юм бодоогүй. Би орон дээр юм яриад сууж байхад Алтангэрэл миний мөрөн дээрээс барьж аваад газраар хаясан гудсан дээр унагаагаад дээрээс дараад хэвтсэн. Би тэгэхээр нь чи яаж байгаа юм гэхэд Алтангэрэл миний дээрээс боссон. Гэтэл Бямбасүрэн ах миний дээрээс дараад авсан би та яаж байгаа юм болиоч гэхэд би эхнэр нас барснаас хойш эмэгтэй хүнтэй унтаагүй гээд миний өмдийг шувтлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж дур тавьсан. Тэгээд Алтангэрэл мөн намайг дээрээс бэлгийн ажил хийх гэтэл манай хаалга нүдсэн, Алтангэрэл дээрээс дарахаасаа өмнө миний гутлыг тайлсан байсан. Би тэгэхээр нь Батхуяг ирж байна гэхэд Алтангэрэл орон дээр гараад хэвтчихсэн. Намайг босоод өмдөө татаж байхыг Батхуяг харчихаад буцаад хаалган дээр ирэхэд Бямбасүрэн ах өөрөө хаалгаа тайлаад өгсөн чинь Батхуяг орж ирээд чи яагаад газар хэвтэж байгаа юм өмдөө тайлсан юмуу гэж уурлаж эхэлсэн. Тэгээд авчирсан хоёр шил архиа газар тавихаар нь хартал нэг нь Хараа архи нэг нь заан гэдэг архи байсан. Би тэгэхээр нь Заан гэдэг архи уухгүй шүү гэсэн бөгөөд архи ууж байгаад намайг чи согтсон байна гутлаа өмс явъя гэхээр нь би гутлаа өмссөн. Намайг гутлаа өмсөөд бөхийхөд хүн хүнээ цохих чимээ гарсан...би тэгэхээр нь Бямбасүрэн ахыг Батхуяг цохичихлоо доо гэж бодоод нэг гутлынхаа цахилгааныг татаад нөгөө гутлынхаа цахилгааныг татаж амжаагүй байхад Батхуяг гаръя гээд намайг татаад гаргасан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 85х/,
гэрч Э.Хулангийн мөрдөн байцаалтад өгсөн: “2009 оны 2 дугаар сарын эхний долоо хоногийн үед би гэртээ байж байсан чинь орой 21 цагын үед над руу Энхжаргал залгаад, аавын бие муу байна, хүнд зодуулсан байна. Эгч рүү залгаад над руу залга гээд хэлээд өгөөч гэж хэлэхээр нь эгчид нь хэлсэн. Тэгээд байж байтал дахин Энхжаргал залгаад хүрээд ирээч гэхээр нь 22 цагийн үед ганцаараа очсон ба аавынх нь бие нь муу орон дээрээ хэвтэж байсан. Талийгаач толгой, нуруу өвдөж байна. Бөөлжмөөр байна гэж байсан. Шөнө 01 цагийн үед аав нь хөрвөөгөөд байхаар гэрлээ асаагаад харсан чинь мөрнөөс дээш хэсгээрээ цус гоожсон байхаар нь сандраад гэмтэл явъя гэсэн чинь аав нь явахгүй гээд байхаар нь 103 дуудсан. Аав нь гэмтлийн эмнэлэгт очоод ажлаасаа тарж явахад танихгүй хоёр хүн тамхи байна уу гээд байхгүй гэсэн чинь зодсон гэж ярьж байсан. Өмнө нь гэртээ байхдаа хэнд зодуулсан юм бэ гэхэд эхлээд нэг хүн болоод дараа нь хоёр хүн болоод, дараа нь 3 хүн болсон ба бас 4 хүнд зодуулсан гэж яриад байсан. Тэдний сандлын хөл нь хугарсан байсан. Юмнууд нь эмх замбараагүй байсан. Энхжаргалыг таныг зодсон хүн чинь таньдаг хүн чинь биз дээ гэхэд дуугарахгүй байна гэж ярьж байсан. Энхжаргал намайг анх орж ирэхэд аав газар суучихсан ах хажууд нь сууж байсан гэсэн, аав, ах хоёр нь хоорондоо муу харьцаатай биш, тэр хоёр нийлж архи ууж байхыг нэг удаа харж байсан, гэртээ нийлж архи уудаг эсэхийг нь мэдэхгүй, архи уухаараа хоорондоо муудалцдаггүй, агсан тавьж байхыг нь хараагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-51х, 2хх-ийн 199х/
гэрч Т.Болдбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Бямбадоржтой 1994 оноос эхлэн хамт ажиллаж байгаа. Манайд зураглаач хийдэг юм. 2 дугаар сарын 03-ны өдөр манайх шууд нэвтрүүлэгтэй байсан учир орой 20 цагт Бямбадорж байхгүй байна гээд нөгөө талын эфирээс манай эфирийн оператор алга гэрт нь очоод дуудаадах гэхээр нь би талийгаачийн гэрийн хаалгыг нь нүдээд онгойлгохгүй байхаар буцаад гэр нь цоожтой гэрэл нь асаалттай байна, хаалгаа онгойлгохгүй байна гсэн чинь Цолмон нам унтаж байгаа байх эргэж очоод хаалгыг нь сайн нүд гэхээр нь дахиад гэрт нь очоод хаалгыг нь нилээн удаан нүдсэн чинь хүү нь хаалгаа онгойлогсон. Бямбаа ах орон дээрээ доошоо хараад, урд талд нь хувин тавьсан хувин дотор баахан бөөлжис харагдсан. Газар дэвссэн хивсийг нь нугалаад сөхсөн, газар юу асгасныг нь мэдэхгүй хүү нь арчаад сууж байсан. Юу арчиж байсныг нь мэдээгүй. Бямбаа ах ажилтай шүү дээ, аавдаа хэл гэсэн чинь аавын бие тааруу байна өөр хүн оронд нь ажилуулчихгүй юу гэхээр нь би буцаж очоод Цолмон ахад хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 52, 2хх-ийн 54х/,
гэрч С.Цолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр өдөр хэдэн сарын хэдний өдөр байсны санахгүй байна. Би шууд нэвтрүүлэгт зогсож байсан чинь талийгаач Бямбадорж ажил дээрээ байхгүй байна гэхээр нь Бямбадоржийн гэрлүү нь очоод ажлаа хий гээд хэлчих гэж хэлээд Болдбаярыг явуулсан. Тэгэхэд оройн 20 цаг 10 минут болж байсан байх. Тэгтэл Болдбаяр буцаж орж ирэхдээ талийгаачийг хүүхэдтэйгээ хамт согтуу байна гэж хэлсэн.. тэгээд оройдоо ажил дээрээ ирээгүй. Маргааш нь талийгаачийн охин нь, аав эмнэлэгт хэвтсэн, талийгаачийг гадаа гудамжинд хүнд зодуулчихаж гэж хэлэхээр нь би хөгшин хүнийг гадаа гудманд хэн зодох вэ дээ гэж хэлж байсан. Талийгаачийнх манай ажлын өөдөөс харсан нийтийн байранд амьдардаг. Замын цаана гэсэн үг. Хүнд зодуулсан бол манай харуулуудад болон ажилтануудад харагдах байсан. Зан байдлын хувьд эвсэг, нийтэч янз бүрийн зан байхгүй. Өш хонзон өр авлагын асуудалтай хүн байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 54х/,
гэрч Б.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “2009 оны 2 дугаар сарын 03 наас 04-ний өдөр хүртэл би жижүүрт гарсан өвчний түүхээс үзэхэд 2009 оны 2 сарын 04-ний өдөр 04 цаг 05 минутанд 103-р Бямбадорж гэх 57 настай эрэгтэй хүн хүргэгдэн ирсэн байна. Өвчний түүхээс үзэхэд зодуулсан гэж хэлж бичүүлсэн байна. Ажлын ачаалал их олон хүн ирж үзүүлдэг учраас би яг тухайлан санахгүй байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 49х,
гэрч У.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2009 оны 2 сард аав нь гэх эрэгтэй хүн нас барсан талаар сонсож байсан. Манай дэлгүүрт тэр охин нь гэх эмэгтэй тэр нэг өдөр 20 цаг өнгөрөөгөөд дэлгүүр хаахаас өмнө ирж цагаан утсаар нэг хүнтэй ярьсанг санаж байна. Тэр нас барсан хүний охин манай дэлгүүрт орж ирж утсаар ярихаас өмнө манай байрны гадна нийтийн байрны орчимд хашааны гадна ямар нэг хэрүүл зодоон болоогүй. Ер нь тэр өдөр манай тэр орчимд ямар ч зодоон болоогүй юм шүү. Хэрүүл зодоон болбол манай дэлгүүрт болон гэрт мэдэгддэг юмаа. Манай хашаа буюу манай байрны яг үүдэнд нийтийн байр луу болон манай байр луу орсон хаалганы зааг өндөр байдаг, өөр өнцөг зааг үүдэнд байхгүй, гэрэл гэгээний хувьд замын гэрэлтүүлэг болон маш тод байдаг, манай хашааны үүд орчимд тэгэхээр гэрэл гэгээ ихтэй гэж хэлж болно. Гадаа хүн зодолдож байвал сонсогдохоос гадна цонхоор харагдах ёстой. Манай түрээсийн байранд МҮОНРТ-рүү харсан болон хашааны хаалга руу харсан нийтийн байр тал руугаа харсан нийт 4 цонх байдаг юмаа” гэх мэдүүлэг /2хх-ийн 202х/,
гэрч П.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2009 оны 02 дугаар сарын 03-нд би яг хэдэн цагт хааснаа тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би тэр үед 18 цагаас хэтрэхгүй хаасан байх ёстой. Ер нь өнгөрсөн жил буюу 2009 оны 02 сард манай байр нийтийн байрны орчимд ямар ч хэрүүл зодоон болсонг сонсоогүй. Хараагүй мэдээгүй байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 205х/,
гэрч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Ер нь зодуулсан эсэх асуудлаа нэлээн юм нуусан шинжтэй л санагдаад байсан би өөрөө ахуйн хүрээнд болсон асуудал байж магадгүй гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 211х/,
гэрч Ц.Жамбаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Хэрэв МҮОНРТ-д зүүн талын хаалганы харалдаа эсрэг чигт зодоон цохион болсон бол мэдэгдэх ёстой, боломжтой учир нь шилэн хаалгаар нэвт харагдаж байгаа тул нүдэнд ямар нэгэн зодоон болбол анзаарагдаж харагдах ёстой тийм ч учраас тэр өдөр тайван байсан хэрэг зөрчилгүй гэж рапортанд орсон байгаа болно” гэх мэдүүлэг /2хх-ийн 213х/,
гэрч Ч.Насанжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...би бол өглөө 8 цагт гараад орой 18 цагт ирдэг байсан. Намайг амьдарч байх үед тэр хавьд архичин болон сэжигтэй этгээдүүд цугларч бөөгнөрч байгаа байдал ажиглагдаж байгаагүй, орой гэртээ очиход нүүрний эгнээний хашаа тул замын гэрэлтүүлэг тусч хашааны ойр орчим бол тод харагддаг байсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 229х/
гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...ямар ч байсан би нэг удаа архинд гарсан. Би хаана хэвтэж байгаад босож ирснийг санахгүй байна. Нэг мэдэхэд аав руу Батхуяг пизда наахуугаар харааж дайраад байсан, эхнэрээ хардаад байгаа бололтой байхаар нь би босож тэр хоёрыг салгаад хэвтсэн. Тэгээд би буцаж хэвтээд унтаад өгсөн. Тэгтэл хэсэг хугацааны дараа аав намайг татаж сэрээгээд дотор муухай болоод байна гэхээр нь босоод хартал хүнд зодуулчихсан сандал хугарчихсан гэр ундуй сундуй болчихсон байсан. Талийгаач аавын биед гэмтэл учруулсан зодоон хүн бол Батхуягийг гэж хэлнэ, яагаад гэхээр Батхуяг бол ширүүн дориун, догшин авиртай. Тэр өдөр тэнд Батхуяг аавыг Цожинайтай хардаж хэрүүл хийсэн, тэнд болсон ганц маргаан нь энэ юм, мөн үүнээсээ болоод аавыг цохиход Цогжавхлан салгасан байдаг, энэний дараа аавын дээр мордож сууж байгааг цохиж зодсоныг харсан гэсэн, тэгээд архи уучихаад унтаагүй хэрүүл хийж байсан ганц хүн нь юмаа. Батболд одоо нас барчихсан гэсэн, Цогжавхлан надад баруун 4 замын ЭЛБА гийн тэнд байдаг цагдаагийн газрын гадаа дуудагдаад очсон байх үедээ тааралдаад Батболд ч гэсэн Батхуяг талийгаачийг зодсоныг мэдэж байгаа ш дээ би Батболдод цаадах чинь ял аваад явчихлаа ш дээ, Батхуяг талийгаачийг зодсоныг бүгд мэдэж байгаа ш дээ хэлчих үү гэхээр Батболд чимээгүй чимээгүй гээд айгаад байдаг байсан, намайг уучлаарай гэж хэлж байсан. Надад аавтай маргалдсан асуудал байгаагүй, тэгэх шалтгаан байгаагүй ... бид нар архи ууж байхад ямар нэг бие биетэйгээ муудалцсан хэрүүл болохоор зүйл болоогүй. Харин Батхуяг аавыг эхнэр Цожинайтай хардаад байсан. Батхуяг ширүүн догшин зантай хүн байгаа юм. Тэгээд зодсон байх би бодохдоо аав Цожинайтай бэлгийн харьцаанд орсон болохоороо Батхуягт зодуулсан талаараа хэлээгүй байх гэж бодож байна. Би цагдан хоригдож байхдаа хүртэл Батхуягт аав чамайг сандлаар цохьсон гэж хэлж байсан... Би Цожинайг надад сайн гэж бодоод оролдсон чинь дургүйцээд байхаар нь больсон...хавтаст хэргийн зургийг харахад целлодан сандал, төмөр сандал манай сандал бишээ, энэ сандалуудыг ажил явдлын үеэр авчирсан сандал байх, хавтаст хэргийн зургийг харахад хэрэгт хураагдсан манай модон сандлыг эвлүүлж бүтэн болгож тавьсан байх, зурган дээр талийгаач аавын маань зургийг тавиад зул асаасан байна. Энэ үед би цагдан хоригдож байсан...” гэх мэдүүлэг 3хх-ийн 89х, 4хх-ийн 62-64х/,
гэрч Д.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “…19 цагийн үед гаднаас согтуу орж ирсэн. Тэгэхээр би та согтуу байна гээд оруулаагүй явуулчихсан. Нүүрийг нь би хараагүй гуйвж дайваад байсан, би нүүрийг нь сайн хараагүй болохоор өмнөх мэдүүлгэн дээрээ нүүр ам нь зүгээр байсан юм шиг санагдаад шарх сорви харагдаагүй гэж хэлчихсэн юм. Талийгаач байнга согтуу орж ирж хөөгддөг болохоор би 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр орж ирсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Өмнө нь байнга согтуу орж ирдэг байсан болохоор өмнөх байцаалтан дээрээ андуураад хэлчихсэн байж магадгүй. Тэр өдөр МҮОНТ-ийн харалдаа замын эсрэг талд маргаан зодоон цохион болоогүй. Болсон бол надад харагдаж мэдэгдэх байсан. Телевзийн хаалга нь том шилэн учир гадаа болж байгаа зүйл тод харагдана. Талийгаачийн зан аашийг сайн мэдэхгүй. Ямар ч байсан согтуу ороод ирэхээр нь оруулахгүй яв гэхэд агсан согтуу тавиад байхгүй үгэнд ороод яваад өгдөг байсан, хүнтэй муудалцаж маргалдахыг нь харж байгаагүй...” гэх мэдүүлэг /3хх-ийн 168х/,
гэрч Ц.Жамбаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...би байцаагч 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэхээр нь тэр өдөр юм болов уу гэж бодоод тэгээд хэлчихсэн байх. Талийгаачийн байнга согтуу орох гээд хөөгддөг болохоор хэдний өдрийн миний ээлжин дээр ирсэнг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 171х/,
гэрч Б.Даваанямын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2014 онд Чингэлтэй дүүргийн цадаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн албанд ажиллаж байсан. Тэгээд 2009 онд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Бямбадорж бусдад алагдсан гэсэн түдгэлзүүлсэн хэргийн... мэдээлэлийг шалгах явцад гэрч Цожинай тухайн хэргийн болсон явдлын талаар надад Бямбадорж гуайг манай нөхөр Батхуяг цохиод алчихсан юм гэж хэлхээр нь би чи яагаад тухайн үед нуугаад хэлээгүй юм бэ гэхэд... энэ талаар хэлэх юм бол ална шүү гэж Батхуяг намайг заналхийлсэн учраас би хэлээгүй юм гэсэн. Талийгаач намайг хүчиндсэн, надтай бэлгийн харьцаанд орсон болхоор түүнийгээ нуугаад өөр хүнд зодуулсан гэж хэлсэн байсан гэж хэлсэн. Би Батхуягтай өрөөндөө уулзаж ярилцахад “Би талийгаачийг хоёр удаа гараараа цохиж нэг удаа өшиглөсөн” гэж хэлсэн. Миний хажууд төлөөлөгч Дашдаваа хамт байсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 237-238х/,
гэрч М.Дашдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: ... би Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэсд эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэгээд 2014 онд Бямбадорж алагдсан хэргийн талаар мэдээлэл авагдаж төлөөлөгч Давааням бид хоёр хамтран шалгасан. Мэдээллийг шалгахад Лхагвасүрэнгийн Батхуяг уг хэрэгт холбоотой болох нь тогтоогдож түүний эхнэр Цожинайтай Давааням бид хоёр уулзалдахад Цожинай талийгаач бид хоёрыг бэлгийн харьцаанд орж байхыг Батхуяг харчихаад талийгаачийг сандлаар цохьчихсон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /2хх-ийн 239х/
-Талийгаач Бямбадоржийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр их тархины баруун тал бөмбөлгийн баруун зулай дагзны дэлбэн, 3,4-р ховдлын орчмын тархины эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух, дагз, зулайн гадна хэсэг хамарсан, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны хэсэг дэх хатуу хальсны доорхи цусан хураа, дух зүүн хөмсөгт няцарсан шарх, баруун хөмсөг 2 нүдний зовхи баруун хацар, шанаа, хамар амны эргэн тойрон, зүүн хацар, шанаа, эрүүний доод хэсгийг хамарсан, цээжний баруун хэсэг, хавирганы нум баруун шуу, бугалганд цус хуралт гэмтэл тогтоодлоо,
-Бямбадорж нь их тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэн, 3,4-р ховдлын орчмын тархины эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэн хамарсан зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагз, зулайн гадна хэсэг хамарсан, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны хэсэг дэх хатуу хальсны доорхи цусан хураа гэмтлийн улмаас нас баржээ.
-Эмнэлийн тусламж үзүүлсэн боловч амь нас аврагдах боломж багатай гэмтэл байжээ.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 679 тоот шинжээчийн дүгнэлтэд:
-Урьд гарсан № 247 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
-Бямбадоржийн биед учирсан гэмтэлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
- Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэ-х боломжтой ба яг хэдэн удаагийн үйлдэл гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй.
-Бямбадорж нь их тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэн, 3,4-р ховдлын орчмын тархины эдийн няцрал, их тархины бауун тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэн хамарсан зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагз, зулайн гадна хэсэг хамарсан, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны хэсэг дэх хатуу хальсны доорхи цусан хураа гэмтлийн улмаас нас барсан байна.
Шинжээч Д.Мөнхбатыг байцаасан тэмдэглэл /4хх-ийн 247х/,
С.Бямбадорж гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаад 2009-02-09-ний 14 цаг 55 минутанд нас барсан тухай тэмдэглэл. Өвчний түүх /1хх-ийн 203-250х, 2хх-ийн 1-10х/
Яаралтай тусламжийн төвийн дуудлагын хуудас /2хх-ийн 71х/,
Шинжээчийн 1542 дугаартай дүгнэлт /2хх-ийн 185х/,
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 9-13х/,
Хэрэг учрал болсон гэх газрын орчинд нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 187-196х/
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан Л.Батхуягийн үйлдсэн дээрх гэмт хэргийг одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгүүдэд нийцүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Улсын яллагчаас Л.Батхуягийг өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэж яллах дүгнэлт үйлдэж гэм буруутайд тооцуулахаар шүүхэд дүгнэлт гаргасан хэдий ч одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэгт заасан хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд өс хонзонгийн сэдэлт байхгүй болсон, амь хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулж алсан гэх боловч амь хохирогч С.Бямбадорж нь их тархины баруун тал бөмбөлгийн зулай дагзны дэлбэн, 3, 4 дүгээр ховдлын орчмын тархины эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэн хамарсан зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай дагз, зулайн гадна хэсэг хамарсан, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны хэсэг дэх хатуу хальсны доорхи цусан хураа бүхий гэмтлийн улмаас нас барсан байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх ба хохирогчид учирсан бусад гэмтэл нь хөнгөн гэмтлүүд бөгөөд учрах үедээ хохирогчийг тарчилган зовоосон, өвтгөн шаналгасан, зовж зүдэрхээр байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хэрэг учрал болох үед шүүгдэгч Л.Батхуяг, амь хохирогч С.Бямбадорж, гэрч Б.Алтангэрэл, Ц.Цожинай, Б.Цогжавхлан, Батболд нар нь бүгд хамтдаа ахуйн хүрээнд архидан согтуурч улмаар шүүгдэгч Л.Батхуяг нь өөрийн эхнэр Ц.Цожинай, амь хохирогч С.Бямбадорж хоёрыг бэлгийн харицаанд орсон гэж хардаж амь хохирогч С.Бямбадоржийг зодсон байна. Тухайн үед амь хохирогч нь унтаж байгаагүй, сэрүүн идэвхитэй үйлдэл хийж байсныг гэрчүүд мэдүүлж байх тул Л.Батхуягийг бие хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүнийг алсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Л.Батхуягийг улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэнийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Батхуягийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохиролд нийт 3.500.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байх боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хавтас хэрэгт авагдсан баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, түүнийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Батхуягт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн хэргийг, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Гал овогт Лхагвасүрэнгийн Батхуягийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Л.Батхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жил, 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Батхуягт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.Батхуягийн цагдан хоригдсон нийт 954 /есөн зуун тавин дөрөв/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 3 хөлтэй сандалыг устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжаргал нь гэм хорын хохиролоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Батхуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ
ШҮҮГЧИД Г.БУЯННЭМЭХ
Н.БАЯРМАА