Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/31

 

Ц.Д нарт холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг

Прокурор                                                              Ч.Мөнхзул

Хохирогч                                                               Д.Б

Хохирогчийн өмгөөлөгч                                      Ц.Эрдэнэбат

Шүүгдэгч Ц.Дгийн өмгөөлөгч                               М.Энхтуяа

Шүүгдэгч                                                               Ц.Д нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Д, Б.О нарт холбогдох эрүүгийн ____________ дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1967 оны 04 дүгээр сарын 17ы өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, Ц овогт Ц.Д.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 02 дугаар сарын 11ий өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Б овогт Б.Одбаяр. Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн.

 Шүүгдэгч Ц. Д нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр баг _________ тоотод хохирогч Б.Отай маргалдан улмаар шилэн аягаар толгой руу нь цохиж Б.Оын биед нь хуйханд дух хэсгийн эсгэгдэл, духны зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

-мөн гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Д.Бгийн гарыг шилэн аяганы хэлтэрхийгээр зүсэж, баруун гарын 3, 4 дүгээр хурууны шөрмөсний бүрэн тасрал, 5-р хурууны бүрэн бус тасрал, баруун сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

- шүүгдэгч Б. Одбаяр нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр баг _________ тоотод хохирогч Ц.Дтэй маргалдан улмаар гараараа нүүр рүү нь цохиж, хохирогч Ц.Дгийн биед  зүүн нүд, хацар, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Ц.Дг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж  дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт,

- шүүгдэгч Б.Оыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж  дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Ц овогт Ц.Дг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Б.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож,

- Шүүгдэгч Ц.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Бгийн нэхэмжилсэн 21,934,052 төгрөгнөөс өмгөөлөгчийн зардалд төлсөн 2,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Д, Б.О нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.Д нь хохирогч Д.Бд 2,700,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Б.О, Д.Б нар нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Оын ____________ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Ц.Дгийн ____________ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг  Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд тус тус хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Б 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх миний нэхэмжилсэн 21 934 052 төгрөгийн хохирол нэхэмжилснээс өмгөөлөгчин зардалд өгсөн 2 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож цалингийн зөрүү 15 450 372 төгрөгийн хохирлыг нотлох баримт дутуу шалтгаанаар энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэжээ.

Мөн эм эмчилгээтэй холбоотой зардал 2 727 974 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 1 731 779 төгрөгийг мөн шатахууны үнэ 1 385 806 төгрөг нэхэмжилснээс шатахууны үнэ 95 480 төгрөг, ирж буцсан замын зардал 128 400 төгрөг нийт 1 955 659 төгрөгийг Ц.Дгээс гаргуулж шийдвэрлэсэн юм.

Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Миний бие Ц.Дд сүүлийн 3 жил удаа дараа зодуулж бие эрхтэн, сэтгэл санаа, эд материалаараа үлэмж хэмжээгээр хохирсон бөгөөд зөвхөн сүүлийн үйлдэлд буюу миний гарыг шилэн аягаар зүсэж намайг ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй болгочихоод эцэст нь зургаахан сарын хорих ял шийтгэсэнд гомдолтой байна. Гэр бүлийн хүчирхийлэлд миний бие байнга удаа дараа өртөж байсан бөгөөд засарчих байх гэж найдсаны улмаас хүчирхийллийг өөгшүүлж бие эрхтнээрээ маш их хохирлоо. Ц.Д нь надаас огт уучлалт гуйж байгаагүй бөгөөд хэрэг шалгагдах явцад намайг хэд хэдэн удаа утсаар дарамталж байсан юм.

2. Анхан шатны шүүх Ц.Дг 1 955 659 төгрөгийн хохирол төлөх ёстой гэж шийдсэнд гомдолтой байна. Учир нь миний бие Ц.Дд зодуулсны улмаас өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн эрүүл мэнд хэвийн хэмжээнд очоогүй байна. Энэ хугацаанд их хэмжээний зардал гаргаж биеэ эмчлүүлсэн бөгөөд анхан шатны шүүхэд нотлох баримтаа бүгдийг нь гаргаж өгсөн юм. Баримтгүй гарсан зардал маш их бөгөөд баримттай зардлаа л нэхэмжилсэн билээ. Мөн Ц.Дд зодуулсны улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж аргагүйн эрхэнд тэтгэврээ тогтоолгосон болно.

Хэрэв миний бие Ц.Дд зодуулж бие эрхтнээрээ хохироогүй бол өнөөдрийг хүртэл ажлаа хэвийн хийгээд цалин хөлсөө бүрэн бүтэн авах боломжтой байсан. Шүүх хурал дээр группт орсон бол цалин хөлс, группын зөрүү нэхэмжлэх боломжтой гэдэг асуудал яригддаг боловч группт орсноор миний бие харин ч бага тэтгэмж авах зөрүү мөнгө нь тэтгэвэр цалингийн зөрүүнээс хол зөрүүтэй байх байсан юм. Иймд миний бие нотлох баримтаар нэхэмжилсэн хохирлын мөнгөө бүрэн гаргуулж авах хүсэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ц.Дгийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбартаа: “Хохирогч нотлох баримттай нэхэмжилсэн мөнгөө бүрэн төлүүлэхээр шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүхээс хэргийн нотлох баримтыг нэг бүрчлэн түүж, нотлох баримтыг эмчийн заалттай зөвшөөрөлтэй хэрэглэсэн эмчийн тэмдэглэл, карттай тулгасан. Яг авсан гэмтэлд хэрэглсэн эс тариа биш, илтэд өөр өвчинд хэрэглэдэг эм тариа авсан баримтууд орсон байсныг шүүх хурал дээр шинжилсэн. Ингээд шүүгч өөрийн үнэлэлт, мэдлэг мэдээлэл нотолгоо баримтын дагуу хянаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. эмийн сангийн баримтыг үзэхэд ямар эм авсан нь тодорхойгүй, хэнд хэрэглэсэн нь тодорхойгүй, картан дээр эмч нь бичээгүй Е баримт байгаа. Е баримт л байвал төлүүлнэ гэсэн өрөөсгөл ойлголт байж болохгүй. Хүнд янз бүрийн зардал гарах боловч гарсан зардал бүр, машинд хийсэн бензин бүр гэмтэлтэй холбоотой гарсан зардал гэх боломжгүй.

Хоёр дахь хэсэгт: Дд зодуулснаас болж ажлаа хийж чадахгүй тэтгэвэр тогтоолгосон учир 65 нас хүртэл тэтгэвэрт гарахгүй ажиллах байсан учир цалин тэтгэврийн зөрүү гэж 15,4 сая төгрөг нэхэмжилсэн түүнийгээ нэхэмжилнэ гэж байгаа нь үндэслэлгүй. Группт орж болох байхад тэтгэврийн мөнгө илүү гэж өөрөө сонголтоо хийж тэтгэвэрт гарсан. Группт байсан бол тэтгэвэр тогтоолгох нас хүртэл нь групп тогтоогоод группын мөнгө цалингийн зөрүүгээ аваад явах байсан байх. Нэгэнт өөрөө хүсээд тэтгэвэр тогтоолгосон учир түүний зөрүү гэж нэхэмжлэх боломжгүй юм. Үйлдлийн тухай асуудалд гомдол гаргаагүй учир тайлбарлах зүйлгүй ба Д юу ч гэж маргахгүй. Нэгэнт л салж байгаагаас хойш зууралдан маргахгүй. Байгалмааг буруутгахгүй гэж байгаа болно.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Б гаргасан тайлбартаа: Миний хувьд бүхий л хохирлыг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна. Би нотлох баримтыг баримттайгаар нэхэмжилсэн. Е-баримт, болон шатахууны баримтыг гаргаж өгсөн. Би аймагт эмчилгээ хийлгэж байхдаа унаа машинд их шатахуун хэрэглэсэн. Мөн хот руу явахдаа зардал их гарсан. Би хохирсноосоо болж нэмж хохирч байна. Эмчилгээний, оношлогооны зардлуудыг, шатахууны зардлыг хасч тооцсон байна лээ. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тооцоог хассан байсан. Хэрэв би бие эрхтнээр хохирч ийм нөхцөл байдалд ороогүй бол өмгөөлөгч авахгүй байсан. Тиймээс энэ надад учирсан нэмэлт хохирол гэж үзэж байна. Би мөн бие эрхтнээрээ хохирсон тул ажлаа хийж чадахгүй нөхцөл байдалд орсон. Хэрэв гараа гэмтээгээгүй бол цаашид 60 нас хүртлээ ажиллах бүрэн боломжтой байсан. ...Ц.Дгийн хувьд хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна. Надаас уучлалт гуйгаагүй. ...Насанд туршад минь эрэмзэг, зэрэмдэг болгосонд гомдож байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат гаргасан тайлбартаа: Хохирогчийн гаргасан гомдлыг миний хувьд бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүхээс хохирлыг дутуу тооцож бодсонд гомдолтой байгаа. Цалин хөлсний зөрүүнд 15 450 372 төгрөг нэхэмжилсэн. Д.Б нь төрийн албан хаагч байсан. Гэвч тухайн гэмтлээс болж цаашид ажиллах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл баруун гар нь бүрэн гэмтсэн. Чулуунхороот сумын нийгмийн даатгалын хэлтэст ажилладаг байсан. Өнөөдрийн байдлаар хүртэл гар нь эдгээгүй байгаа. Групп тогтоолгосон бол зөрүүг тооцох боломжтой гэж хэлсэн. Энэ хүнд хоёр л сонголт үүссэн. Нэг бол группт орох, эсвэл тэтгэвэрт гарах. Ингээд өөрт арай ашигтайгаар буюу тэтгэвэрт гарах боломжийг ашигласан. Мөн шатахууны зардалд 1 385 806 төгрөгийг нотлох баримтаар нэхэмжилсэн. Гэвч маш бага хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн байгаа. ...Гэмтээгүй, хохирогчоор тогтоогдоогүй бол өмгөөлөгч авах шаардлагагүй байсан гэж үзэж байна. Тиймээс түүний саналыг бүрэн дэмжиж байна. ...Хохирлыг бүхэлд нь шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Дгийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс нотлох баримтыг нэг бүрчлэн шүүж үзсэн болох нь тодорхой харагддаг. Шүүх хуралдаан болдог өглөө хохирлын нотлох баримтыг гаргаж өгсөн. Цаг хугацааны хувьд нягтлах боломж олгоогүй гэж үзэж байна. Гэмтлийн шинжтэй учир боолт, цэвэрлэгээ шаардана. Гэтэл ханиадны эм, даралтны эм зэрэг авсан баримтыг гаргаж өгсөн байсан. Тиймээс гэмтэлтэй холбоотой бус гэж үзэж нотлох баримтаас хасуулах саналыг гаргаж авсан. Мөн эмнэлгээс авсан баримттай холбоотой өөрийнх нь нэрийг бичүүлэх боломжтой. Байгалмаа үнэхээр эм авсан эсэх нь тодорхой бус байна. Тиймээс баримтыг үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хүний баримтыг аваад  өгчихсөн ч байх боломжтой байдал үүссэн. ...Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Мөн цалин тэтгэмжийн зөрүүг шийдвэрлэх ёстой гэж тайлбарлаж байна. Гэтэл хохирогч өөрөө сонголтоо хийсэн гэдгээ хэлдэг. Группт ороод тэтгэврийн мөнгөний зөрүүг нэхэмжлэх бүрэн боломжтой байсан. Тэтгэвэрт гарах болзлоо бүрэн хангасан байсан гэдгийг хэлэхийг хүсч байна. Тиймээс 15 450 372 төгрөгийг гаргах боломжгүй юм. Үйлдлийн хувьд маргах зүйлгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул гаргасан дүгнэлтдээ: ...Хохирогч Д.Б нь хамтран амьдрагч Дтэй 3 жилийн хугацаанд хамтран амьдарсан ба энэ хугацаанд агсан согтуу тавьж, дарамталдаг байсан талаар хэлсэн. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх боломж байгаагүй. Тиймээс эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж ял шийтгэсэн. Хохирлын хувьд шүүх хуралдааны явцад хэлэлцсэн. ...Хохирогч Д.Б нь нотлох баримтын шаардлага хангасан баримтыг бүрдүүлж иргэний шүүхээр нэхэмжлэл гаргах эрхтэй байгаа. Энэ хэсэг нээлттэй үлдсэн гэдгийг хэлэхийг хүсч байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогч Д.Бгийн давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд

нь хянан үзлээ.

Шүүгдэгч Ц. Д нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр баг _________ тоотод хохирогч Б.Отай маргалдан улмаар шилэн аягаар толгой руу нь цохиж Б.Оын биед нь хуйханд дух хэсгийн эсгэгдэл, духны зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

-мөн гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Д.Бгийн гарыг шилэн аяганы хэлтэрхийгээр зүсэж, баруун гарын 3, 4 дүгээр хурууны шөрмөсний бүрэн тасрал, 5-р хурууны бүрэн бус тасрал, баруун сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

- шүүгдэгч Б. Одбаяр нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр баг _________ тоотод хохирогч Ц.Дтэй маргалдан улмаар гараараа нүүр рүү нь цохиж, хохирогч Ц.Дгийн биед  зүүн нүд, хацар, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус  үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д, Б.О нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Г.Ганцацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 319 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 323 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 318 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн нэмэлт шинжилгээ хийсэн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 4 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн давтан шинжилгээ хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1064 тоот дүгнэлт бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.

Шүүх шүүгдэгч Ц.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”  мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ялын тухайд Эрүүгийн хуульд заасан ялын хүрээ хэмжээний дотор, шүүгчид олгогдсон эрхийн хүрээнд ялыг сонгож оногдуулсан, энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул энэ асуудлаар давж заалдах шатны шүүх ял хөнгөдсөн, хүндэдсэн гэж дүгнэлт хийх, шийтгэх  тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж дүгнэв.

Хохирогч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлын тухайд анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг үндэслэлтэй зөв дүгнэлт хийж  шийдвэрлэжээ. Тухайлбал, хохирогч цалин, тэтгэврийн зөрүүд 15,450,372 төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж заасан.

Хохирогч Д.Б нь шүүгдэгч Ц.Дгийн үйлдлийн улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа алдаж улмаар тэтгэврээ тогтоолгосон гэж тайлбарлаж байгаа бөгөөд холбогдох нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгсөн байна.

 Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ  хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд шүүгдэгч талын мэтгэлцээн тайлбарыг сонсож, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах боломж олгон  энэ үйл баримтыг үнэн зөв гэдгийг тогтоон дүгнэсний эцэст шийдвэрлэх боломжтой юм. Иймд цалин, тэтгэврийн зөрүүг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр хэлэлцэхгүй орхисон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан, үзлэг хийлгэсэн баримтуудын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт тухайлбал өөр өвчний улмаас хийлгэсэн эмчилгээний баримтыг хавсаргасан, зарим эмчилгээний баримт нь амбулаториор эмчлүүлэгсдийн картан дээрх эмчилгээтэй тохирохгүй, зарим баримт нь харагдахгүй баларч арилсан, гараар тодруулж бичсэн, шатахуун авсан баримтууд нь энэ хохиролд ямар хамааралтай нь тодорхойгүй гэх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн  дахь хэсэгт заасан “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэх хуулийн зохицуулалттай нийцжээ.

Түүнчлэн өмгөөллийн хөлс 2,100,000 төгрөг төлсөн гэж “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” /2 дүгээр хавтаст хэргийн 67/, хууль зүзйн туслалцаа үзүүлсний хөлс төлсөн 3 ширхэг тасалбар /мөн хэргийн 64-66/-ыг тус тус гаргаж өгсөн байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал тэгш эрхийн зарчмын үндсэн дээр хийгдсэн гэрээний төлбөрийг нь гэмт хэргийн улмаас гарсан шууд хохирол гэж үзэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчид төлсөн 2,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05ы өдрийн 2021/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Бгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дгийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                                                        З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                              Ж.ДОЛГОРМАА