Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 76

 

А.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00381/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  06 дугаар сарын 06-ны өдрийн 527 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч А.Г-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Б.Д-,

            Ш.Х-,

            Б.П- нарт холбогдох

“Зээлийн үлдэгдэл төлбөр болох 4.250.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Б.Д-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч А.Г-гаас:       

Б.Д-,Ш.Х- нар нь Дархан зах дээр авто сэлбэгийн лангуу ажиллуулдаг. Тэд 2018 оны 04 сарын 06-ны өдөр надаас бараандаа эргэлдүүлэх мөнгө хэрэгтэй байна, 1 жилийн хугацаанд төлнө гээд 5.000.000 төгрөг зээлээч гэсний дагуу би 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг Хаан банкны АТМ-ээр Б.Д-гийн Хаан банкны 5068089292 тоот дансанд шилжүүлсэн. Б.Д- нь миний нөхрийн дүү учраас би итгэж найдаад ямар ч гэрээ хийгээгүй амаар ярилцаж тохиролцон тус мөнгийг зээлсэн юм. Ингээд надад 2018 оны 10 сард 200.000 төгрөг, 12 дугаар сард 300.000 төгрөг, 12 сарын 18-нд 250.000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 750.000 төгрөгийг төлсөн юм. Одоо намайг үлдэгдэл мөнгөө хэзээ өгөх вэ гэхээр Б- гэх хүний дансруу шилжүүлсэн, тэр хүнээс ав бид чамаас зээлсэн мөнгөө төлөөд дууссан гэдэг. Б- гэх хүнд шилжүүлсэн тухай манай нөхөр мэдэж байсныг би Б.Д-гээс мөнгөө нэхэх үед надад хэлэхэд мэдсэн. Би Б- гэх хүнийг сайн танихгүй, ганц удаа л харж байсан. Би өрх толгойлсон эмэгтэй, 8 настай, 4 настай 2 хүүхэдтэйгээ амьдардаг, эрхэлсэн ажил байхгүй учраас амьдралын бололцоо маань хүнд байгаа тул яаралтай үлдэгдэл зээлсэн мөнгөө өгөөч гэж нэхэх болгонд бид нар төлчихсөн Б-аас ав гээд байгаад гомдолтой байна. Би Б.Д-, Ш.Х- гэх хүмүүст л мөнгө зээлсэн болохоос Б- гэх хүнд мөнгө зээлээгүй. Иймд Б.Д-, Ш.Х- нараас үлдэгдэл мөнгө болох 4.250.000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч А.Г- болон түүний өмгөөлөгч Л.Цуурай нараас:

2017 онд би өөрийн үхрээ махалж заруулаад мөнгийг нь бэр эгч Цэрэнбалжирын Хаан банкны дансаар 30.720.000 төгрөгийг Б.Д-гийн данс руу шилжүүлсэн. Тухайн үед би байр худалдаж авах гэж байсан бөгөөд нөхрийн дүү Б.Д- өөрийн байрыг санал болгосон. Ингээд нэхийгийн байранд 2 өрөө байрыг 21.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болж, 21.000.000 төгрөгийг байрны үнэнд гэж өгөөд үүнээс үлдэх 9.720.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг Б.Д- байраа Голомт банкны барьцаанаас гаргаж танд шилжүүлье, манай байр барьцаанд байгаа гээд 5 сая төгрөгийг зээлж, байрыг зээлээс нь чөлөөлүүлж авсан. Ингээд байрыг би өөрийн нэр дээр болгож авсан. Б.Д- Ш.Х- нар манайд өөрийн байраа зараад нэхийгийн байрнаас 1 өрөө байр худалдаж авсан, манайд зарсан байрныхаа мөнгийг тэр байрныхаа урьдчилгаанд өгч байсан. Зээлсэн мөнгөө нэхэхэд Б.П-д өгсөн тул чамд өгөх шаардлага байхгүй гэдэг. Зээлсэн 5 сая төгрөгөөсөө 750.000 төгрөг буцааж авсан, одоо үлдэгдэл 4.250.000 төгрөгийг хариуцагч Б.Д-, Б.П- нараас гаргуулж өгнө үү. Хамтран хариуцагч Ш.Х-ээс татгалзаж байна” гэжээ.

Хариуцагч Б.Д-, Ш.Х- нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Анх нөхөр Б.П-, эхнэр А.Г- нартай зөвлөлдөн, харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр 5 сая төгрөгийг зээлж авсан нь үнэн. Уул мөнгийг 2 сая төгрөгийг дансаар, 3 сая төгрөгийг бэлнээр нөхөр П-д өгсөн. Мөнгийг авсан тухай Б.П-ын өөрөө бичиж, нотариатаар батлуулсан тодорхойлолтыг тайлбарт хавсаргав. Гэтэл Б.П-ын эхнэр А.Г- нь тухайн мөнгийг надад өгөх ёстой би аваагүй учраас шүүхэд нэхэмжилнэ гэсэн. Нэгэнт би өгөх ёстой мөнгөө өгсөн, үүнийг нөхөр нь хүлээн зөвшөөрч байгаа учраас би 2 дахин мөнгө төлөх ёс хаа ч байхгүй. Б.П- авах ёсгүй байж авсан бол нэхэмжлэгч А.Г- нь нөхрөөсөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжид нийцнэ гэж үзэж байна. Ийм учраас А.Г- нь надаас мөнгө нэхэмжлэх эрхгүй хүн. Би энэ хэргийн хариуцагч биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Г- нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр миний данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн гэж байгаа тэр өдөр миний дансанд ийм мөнгө ороогүй, энэ хүмүүс өмнө нь надаас байнга мөнгө төгрөг зээлж авч байсан. Миний ах Б.П- энэ хүнтэй хамт амьдарч байхдаа малаа зарж байр авсан, энэ хүнээс мөнгө зээлээгүй. Мал зарсан 30.720.000 төгрөг миний дансанд орсон. Үүний 21.000.000 төгрөг нь манайхаас байр худалдан авсны үнэ юм. Бусад мөнгийг байраа засна, тавилга авна гээд цувуулаад аваад дууссан. Мөн А.Г- болон манай ах Б.П- нар нь надад өртэй байсан. Түүнээс биш А.Г-гаас мөнгө огт зээлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ мөнгийг өгөхгүй, харин ч энэ хүмүүс надаас замбараагүй их мөнгө авчхаад өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч Ш.Х- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ А.Г- гэдэг хүнээс бид 2 мөнгө аваагүй, биднийг бараагаа эргэлдүүлэх мөнгө хэрэгтэй байна гээд авсан гэж нэхэмжлэл дээрээ бичсэн байсан, тухайн үед бараа эргэлдүүлэх мөнгөтэй байсан. Б.П-, А.Г- нар нь хамт амьдарч байхдаа биднээс мөнгө их авдаг байсан, шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээд бид А.Г-тай ярьж нэгэн цагт эгч дүү байсан улсууд муудаад шүүх цагдаагаар яваад яах вэ хоорондоо эвлэрмээр байна, тэгж болох уу гэж шүүгчийн туслахаас асуухад та нар хоорондоо ярилцаад эвлэрч болно гэхээр нь би А.Г- эгчид хэлсэн. Гэтэл уурлаад шүүхээр шийдвэрлүүлнэ гээд явсан. Бид ийм мөнгөн дээрээс хоорондоо хэрүүл уруул хийгээд яах вэ гэж бодож л эвлэрье гэсэн. Түүнээс биш энэ мөнгийг авсан учраас эвлэрье гэсэн зүйл байхгүй. Тухайн үед бид ахдаа өгөх гэж байгаа юм чинь гээд 26.000.000 төгрөгөөр зарах гэж байсан байраа хямдхан 21.000.000 төгрөгөөр өгсөн, үлдэгдэл мөнгийг цувуулаад өгсөн, мөнгө үлдээгүй. Энэ хүнээс бид огт мөнгө зээлж аваагүй” гэжээ.

Хариуцагч Б.П- шүүхэд гаргасан тайлбартаа:

А.Г- нь 2018 оны 04 сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг Хаан банкны АТМ-ээр Б.Д-гийн Хаан банкны 5068089292 дугаартай дансанд шилжүүлсэн юм. Б.Д- нь миний нөхрийн төрсөн дүү учраас би итгэж найдаад ямар ч гэрээ хийгээгүй амаар ярилцаж, тохиролцон уг мөнгийг зээлсэн.. гэжээ. А.Г- нь нөхөртэй ч юм шиг, нөхөргүй ч юм шиг бичсэн байна. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй болохоос 7 жил хамт амьдарсан. Гэр бүлийн зөрчлөөс болж одоо тусдаа амьдарч байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б.Д-гийн дансанд 5.000.000 төгрөг шилжиж ороогүй бөгөөд А.Г-гийн данснаас хэний дансанд орсон гэдэг нь ойлгомжгүй байна. 2018 оны 4 дүгээр сард дүүгийн эхнэрийн нэр дээр байдаг 2 өрөө орон сууцыг худалдаж авсан бөгөөд тухайн үед мөнгө зээлээд буцааж өгсөн санагдаад нотариат дээр очиж тодорхойлолт бичиж өгсөн юм. Одоо бодоход тухайн үед дүүд мөнгө зээлээгүй. Эхнэр 30.000.000 төгрөгөөс 2 өрөө орон сууцыг 21.000.000 төгрөгт авч, үлдсэн мөнгөөр засвар хийлгэн тавилга авч тавьсан гэж байсан. Эхнэр гэрийн санхүүг барьдаг учраас тэгээд л өнгөрсөн. Тухайн өдөр А.Г-гийн данснаас мөнгө гарсан байна. Хэрхэн яаж зарцуулагдсан талаар би мэдэхгүй. Бүүр өмнө нь мөнгө зээлчхээд буцаагаад авч байсан. Үүнтэй андуураад бичиж өгсөн байна. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б.Д-, Ш.Х- нарт А.Г- бид хоёр 5.000.000 төгрөг зээлээгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж хариуцагчаар Б.П-ыг татсан байдаг. А.Г- Б.П- нар нь хамт амьдарч байсан гэдгийг Б.П- хэлдэг, хүүхэд нь сургууль соёлд ороод төв газар амьдрах шаардлагатай болоод 2 өрөө байр худалдаж авч мөнгийг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч А.Г- нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөгийг Б.Д-гийн Хаан банкны 5068089292 тоот дансанд шилжүүлсэн гэдэг гэтэл ийм мөнгө зээлэх боломж А.Г- Б.П- нарт байгаагүй, тийм боломжтой хүмүүс ч биш юм. А.Г- Б.П- нар нь Ш.Х- Б.Д- нараас мөнгө дансаар болон бэлнээр байнга авч хэрэглэж байсан гэдгийг миний үйлчлүүлэгч Б.П- хэлдэг, мал махалж зараад 21.000.000 төгрөгийг бэлнээр байрны үнэд өгөөд үлдэгдэл мөнгийг А.Г- яаж зарцуулсныг Б.П- мэдэхгүй байгаа гэдэг. Түүнээс А.Г- нь мөнгө зээлсэн асуудал байхгүй тул Б.П- авсан гэх зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 527 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Д-гээс 1.605.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2.645.000 төгрөг гаргуулах, хариуцагч Ш.Х-, Б.П- нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Г-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 40.630 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Г-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Д- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх бидний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд А.Г-д шилжүүлсэн 3.395.000 төгрөгөөс үлдэх 1.605.000            төгрөгийг зээлийн үлдэгдэл төлбөрт тооцож надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч А.Г- хариуцагч Б.П- бидний хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч Цэрэнбалжир гэж хүний данснаас 30.720.000            төгрөг миний дансанд орж ирсэн. Энэ мөнгө А.Г-гийн мөнгө биш манай ах Б.П-ын малаа зарсан мөнгө байсан, ах намайг дансандаа хадгалж бай гэсэн. Манай ах байр авна гэж ярихаар нь би нэхийгийн байраа зарна та авах уу гэж ярилцаад ахад 21.000.000 төгрөгөөр хямд зарахаар болсон. Ах Б.П- эгч А.Г- нар байрандаа орсны дараа мал зарж хадгалуулсан мөнгөний 21.000.000         төгрөгийг байрны үнэнд үлдээж, үлдэгдэл 9.720.000 төгрөгийг засвар хийнэ, тавилга авна гэж цувуулж авдаг байсан. Байрны мөнгөний үлдэгдлээс надад 5.000.000 шилжүүлж өгөөгүй. Харин би Цэрэнбалжираас шилжиж орж ирсэн мөнгөнөөс 21.000.000 суутгаад уг мөнгөнөөсөө нэхийгийн байранд 1 өрөө байр авсан. Дээрх мөнгөний үлдэгдлээс төлж байсан 3.395.000 төгрөгийг анхан шатны шүүх 5.000.000 төгрөг зээлж аваад буцаагаад төлсөн мөнгөний хэсэг гэж үзээд 1.605.000 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм. Түүнээс биш нэхэмжлэгч А.Г-гийн шүүхэд гаргасан надад мөнгө зээлүүлсэн гэх 2018.04.06-ны өдөр 2.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг нийт 5.000.000            төгрөгийг би 1 сарын хугацаатай зээлж аваагүй. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч А.Г- 2018.04.06-ны өдөр 5.000.000 төгрөгийг надад байрны мөнгөний үлдэгдлээс шилжүүлж зээлүүлсэн болохоо нотлоогүй, шаардах эрх байхгүй байхад шүух 3.395.000 төгрөг шилжүүлсэн баримт байна, тэгэхээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь буруу юм. Надаас А.Г-д шилжүүлсэн 3.395.000 төгрөгөөс гадна түүний 5073171601 данс руу 2018.06.03-ны өдөр 3.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг шилжүүлсэн байрны үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн баримт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдүүлэх саналтай байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч А.Г- хариуцагч Б.Д-, Ш.Х- нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 4.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж \хэргийн 1 дүгээр тал\, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Б.П-ыг хамтран хариуцагчаар татаж Б.Д-, Б.П- нараас 3.405.000 төгрөг гаргуулахаар \хэргийн 29 дүгээр тал\, эцэст нь Б.Д-гээс 4.250.000 төгрөг  гаргуулах \хэргийн  41 дүгээр тал\  гэж нэхэмжлэлийн  шаардлагаа тодруулжээ.

            Хариуцагч Б.Д-, Ш.Х- нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө   нөхөр Б.П-, А.Г- нартай зөвлөлдөн харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр 5 сая төгрөг зээлж авсан нь үнэн. Уул мөнгийг өгсөн, гэхдээ 2 сая төгрөгийг дансаар, 3 сая төгрөгийг нөхөр Б.П-д бэлнээр тоолж өгсөн \хэргийн 27 дугаар тал\ гэж,

            Хариуцагч Б.П- нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө А.Г- нь нөхөртэй ч юм шиг нөхөргүй ч юм шиг бичсэн байна. Бид хоёр гэр бүлийн зөрчлөөс болж одоо тусдаа амьдарч байгаа. 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр А.Г-  ХААН банкны АТМ-аас Б.Д-гийн данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн гэсэн байна.Тухайн өдөр Б.Д-гийн дансанд 5 сая төгрөг шилжиж  ороогүй бөгөөд  А.Г-гийн данснаас хэний данс руу орсон гэдэг нь ойлгомжгүй байна. ...Б.Д-, Ш.Х- нарт А.Г- бид хоёр 5.000.000 төгрөг зээлээгүй \хэргийн 36 дугаар тал\ гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл А.Г-гийн эзэмшдэг 5073171601 тоот  данснаас автомат төгрөгийн машинаас 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цаг 01 минутад 2.000.000  төгрөг, 13 цаг 02 минутад 3.000.000  төгрөгийн  зарлага  бэлнээр гарсан  байна  \хэргийн 5 дугаар тал\.

            Б.Д- нь 5068089292 дансны эзэмшигч бөгөөд өөрийн дансандаа 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр автомат төгрөгийн машинаар 14 цаг 21 минутад  2.940.000 төгрөг, 2.050.000 төгрөг  хийсэн  байна  \хэргийн  51 дүгээр тал\.

            Дээрх байдлаас дүгнэхэд А.Г- 5.000.000 төгрөг зээлүүлсэн гэж нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлээ нотлохоор дансны депозит хуулга гаргаж өгсөн, энэ нь бэлэн мөнгөний зарлага баримт байгаа болохоос Б.Д-гийн дансанд хийсэн гэсэн баримт болж чадахгүй гэвч яг тэр цаг минутанд Б.Д-гийн дансанд бэлнээр   5.000.000 төгрөг орсон бөгөөд түүний эх сурвалжийг Б.Д- шүүхэд нотлоогүй.

            Түүнчлэн шүүхэд зээл авсан талаараа зөвшөөрч тайлбар \хэргийн  27 дугаар тал\  гаргасан хожим нь үүнийгээ “А.Г-гаас огт мөнгө зээлээгүй гэж...” няцаасан боловч баримтаар нотлоогүй. Иймд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй  байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон   хугацаанд буцаан өгөх  үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч нь 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 3.395.000 төгрөгийг буцаан төлж 1.605.000 төгрөгийг төлөөгүй болох нь  нотлох баримтаар тогтоогдсон, шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байна.

             Хариуцагч  Б.Д-  давж заалдах  гомдолдоо  “...Цэрэнбалжир гэж хүний данснаас 30.720.000 төгрөг миний дансанд орж ирсэн, энэ мөнгө А.Г-гийн мөнгө биш манай ах Б.П-ын малаа зарсан мөнгө байсан, ах намайг дансандаа хадгалж бай гэсэн..., ...би нэхийгийн байраа ахад 21.000.000 төгрөгөөр зарахаар болсон ...шилжиж ирсэн мөнгөнөөс  21.000.000 төгрөгийг үлдээж, үлдэх   9.720.000 төгрөгийг  цувуулж авдаг байсан..., ...дээрх мөнгөний үлдэгдлээс төлж байсан  3.395.000  төгрөгийг  зээл гэж үзээд 1.605.000 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу...,   ...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй тул  хэргийг  анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхих нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  06 дугаар сарын 06-ны өдрийн 527 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагч  Б.Д-гийн  гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  40.630 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                  ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                                                  С.ЭНХЖАРГАЛ