Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/892

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Саруул,

улсын яллагч Г.Хурмандах /цахимаар/,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000001360 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ***

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1.     Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *** нь 2025 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн азрын хоёрдугаар хэлтсийн гадна хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж авсан Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн Эргүүлийн офицер ***, эргүүлийн цагдаа жолооч *** нарын “тамхиа цаашаа тамхины цэг дээр очиж татаарай албан байгууллагын урд татаж болохгүй” гэх ***ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж албаны хувцас хэрэгслийг зулгаах татаж чангаасан мөн хохирогч ***ы нүүр тус газарт мөргөх, албаны хувцас хэрэгслийг зулгаах, гараараа цээж хэсэгт цохих, татаж чангааж хоолойноос боох” зэргээр хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэх шинжийг заасан байна.

                 Эрүүгийн хуульд хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж тайлбарлажээ.

                 Хэргийн үйл баримтаар шүүгдэгч нь хууль сахиулагч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн Эргүүлийн офицер ***ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албаны хувцас хэрэгслийг зулгаах татаж чангаасан мөн хохирогч ***ы нүүр тус газарт мөргөх, албаны хувцас хэрэгслийг зулгаах, гараараа цээж хэсэгт цохих, татаж чангааж хоолойноос боож хүч хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хууль сахиулагчийн биед халдаж  болохгүйг мэдсээр байж хохирогчтой зүй бус харьцаж, улмаар түүний биед халдаж, хүч хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/, хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, Сиди-нд хуулбарласан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-36 дахь тал/, Сиди-нд хуулбарласан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 47-50 дахь тал/, цагдаагийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт /хавтаст хэргийн 68-76 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

  Уг гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэх ба шүүгдэгч *** нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                 II.Хохирол, хор уршгийн талаар:

           Энэ хэргийн улмаас хохирогч нар нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

                 III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  Улсын яллагчаас шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.

  Шүүгдэгч *** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

           Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

IV. Бусад асуудлаар:

 

  Шүүгдэгч *** иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаанд хэрэгт хавсаргахыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36,8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийнтусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***д оногдуулсан 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

            4. Хэрэгт шүүгдэгч *** иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаанд хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг ***д сануулсугай.       

 

            6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТБОЛОР