Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2023/00169

 

2023 04 06 156/ШШ2023/00169

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2023/00147/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, ..................... тоот хаягт оршин суух, Н.Б.,

Хариуцагч: Хэнтий аймгийн .................оршин суух, Д.Б.,

Нэхэмжлэлийн шаардлага: 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Б.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ж.,

Хариуцагч Д.Б.,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Т.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х. нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

1. Нэхэмжлэгч Н.Б. нь хариуцагч Д.Б.д холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2019 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Н. сумын Ш.ын жоншны уурхайд Н.н сумын Н.өгөөж нэртэй нөхөрлөлийн ахлах Д.Б.тай танилцсан. Үүнээс хойш Д.Б. нь намайг жонш худалдаж авдгийг мэдэж байсан учир надтай байнга холбоотой байдаг болсон. 2020 онд Д.Б. нь манай уурхайгаас жонш сайн гарч байгаа, чи бид хоёр бие биенээ танихгүй биш би чамд 7 хоногийн дараа жонш өгье гэж хэлээд 2,000,000 төгрөгийг авсан. Энэ мэтээр надаас нийт 34,210,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Энэ хугацаанд Д.Б. нь надад эргүүлж жонш огт өгөөгүй харин миний мөнгийг аваад хувьдаа ашигласан. Д.Б.д миний мөнгийг эргүүлж өгөөч гэж удаа дараа шаардсан боловч намайг хуурч, аргацааж, худал бичиг харуулсаар ирсэн бөгөөд болохгүй бол намайг хамтарч ажил гэхэд нь уурхай дээр нь очиход жоншны судал байгаагүй. Дараах байдлаар өөрийн ........... тоот данснаас Д.Б.ийн ХААН банкны ................... тоот данс руу мөнгө шилжүүлсэн байгаа.

-2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг,

-2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөг,

-2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 750,000 төгрөг,

-2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөг,

-2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 4,460,000 төгрөг нийт 34,210,000 төгрөгийг өгсөн. Үүнээс 4,210,000 төгрөгийг төлсөн, үүнийг хасаад Д.Б.аас 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай гарал үүслийн бичигтэйгээр 25 тонн жонш, 25 тонн жоншны шороог заруулахаар надад өгсөн гэдэг бөгөөд үүний мөнгийг нь би түүнд өгсөн. Мөн надад 70 тонн жонш, 40 тонн жоншны шороо өгсөн гэдэг боловч би үүнийг хариуцагч Д.Б.ийн эзэмшлийн уурхайн газар дээрээс олборлоод, тэр хавийн хүмүүсээс би худалдаж авсан гэв.

3. Хариуцагч Д.Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Могойн шалз гэх нэртэй газарт үйл ажиллагаа явуулдаг, 2018.11.15-ны өдөр улсын бүртгэлийн газарт бүртгэсэн, Н. өгөөж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ................ дугаартай гэрчилгээтэй, 9-н хүний бүрэлдэхүүнтэй нөхөрлөлийн ахлагч бөгөөд одоог хүртэл нөхөрлөлийнхөө талбайд үйл ажиллагаа явуулж, бичил уурхайн аргаар ашигт малтмал болох жонш олборлож байна. Нэхэмжлэгч Н.Б. нь анх 2019 оны хавар Норовлин суманд приус-20 машинтай, 7, 8-н залуучуудтай Н. сумын 4-р баг, Могойн шалз гэх нэртэй нөхөрлөлийн маань эзэмшил талбайд ирсэн байсан. Н.Б. нь түүнээс хойш байн байн Нутгийн Өгөөж нөхөрлөлийн Могойн шалз гэх газарт ирээд манай нөхөр Б.оос ахаа та намайг жоншныхоо газартаа оруулчих л даа, би олборлоод бэлэн болгосон жоншийг чинь Бор-Өндөр сум руу ачуулаад зарж өгч байя, 1 тонн жоншийг чинь өндөр үнээр зараад дундаас нь өөрөө ашиг олох гэсэн юм гээд гуйгаад, шалаад байдаг болсон.

Би Н. сумын 4 дүгээр баг, Могойн шалз гэх нэртэй газарт өөрийнхөө Н. Өгөөж нөхөрлөлийнхөө эзэмшил талбайд 2020 оны 11 сараас хойш бүтэн 2 сарын хугацаанд хүмүүсийг ажиллуулж байж олборлосон өөрсдийн эд хөрөнгө болох 25 тонн жонш, 25 тонн жоншны шороогоо 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай, Н. сумын Засаг даргын гарын үсэг, тамгатай гарал үүслийн бичигтэйгээр Бор-Өндөр сумын А.бүлэр ХХК-нд худалдан борлуулахаар жолооч А.аар тээвэрлүүлж, би нөхрийн хамтаар өөрсдийн хувийн эзэмшлийн приус-20 автомашинтай дагаж яваад маш хүчтэй цасан шуурга шуурч байсан тул цааш явах боломжгүй болоод Батноров сумын төвд ирж буудалд хоносон. Энэ үед Н.Б. нь гар утсаар холбогдоод Д.Б. эгчээ, Б. ахаа би та нарын авч яваа наад жоншийг чинь Бор-Өндөр суманд авч очоод зараад өгье, та нар гэртээ хариад байж бай гээд Баян-Овоо сумаас Батноров сумын төвд 4.70 маркийн машинтай ирээд Бор-Өндөр сум руу цааш нь аваад явсан. Би нөхрийн хамт цасан шуурганд суудлын жижиг машин явах ямар ч боломжгүй байсан бөгөөд ард мал цасан шуурганд маш хүнд байсан тул арга буюу хөдөө гэр лүү гээ буцсан. Ингээд Н.Б. нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай, Норовлин сумын Засаг даргын гарын үсэг, тамгатай гарал үүслийн бичигтэй Д.Б. ахлагчтай Нутгийн өгөөж ЗБН-ын 25 тонн жонш, 25 тонн жоншны шороог ....... ХЭА улсын дугаартай, .... ГЧ чиргүүлтэй хово машинаар Бор-Өндөр сумын А.б. ХХК-нд худалдан борлуулахаар жолооч А. тээвэрлэж яваа болно гэсэн бичигтэй 25 тонн жонш, 25 тонн жоншны шороог Н.Б.д анх удаа заруулахаар Бор-Өндөр сум руу өгч явуулсан. Н.Б. тухайн үед бидэнд 1 тонн жоншыг 650,000 төгрөгөөр, 1 тонн жоншны шороог 150,000 төгрөгөөр зараад нийтдээ 20,000,000 төгрөг болсон шүү гээд мөнгийг нь 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр М. Майнинг ХХК-ний ............ тоот данснаас миний .............. тоот данс руу шилжүүлсэн тул бид жоншныхоо мөнгийг аваад ажилчдынхаа цалинг олгож, түлш, бусад шаардлагатай өр төлбөрөө барагдуулж ашгаа бид нар өөрсдөө хувааж авсан.

Иймд нэхэмжлэгч Н.Б.ийн надаас нэхэмжлээд байгаа 20,000,000 төгрөг нь Н.Б.ийн бидэнд зээлүүлсэн мөнгө биш, бидний өөрсдийн маань эд хөрөнгө болон жонш борлуулсны мөнгө орж ирсэн учир Н.Б.д төлөх ёсгүй юм.

Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Н.Б.д 2,000,000 төгрөг шаардлагатай байна гэхэд би таньд өгье гээд өөрийнхөө ................ тоот данснаас миний ............... тоот данс руу шилжүүлсэн. Би тэгэхээр нь энэ мөнгөний чинь оронд би жонш л өгнө шүү гэхэд та жонш өгчхөөрэй, жоншоо хэзээ л бол хэзээ олборлосон бэлэн болсон үедээ л өгөөрэй гээд өгсөн.

Н.Б. хэрэв намайг та 2 нөхөрлөлийнхөө талбайд оруулж ажиллуулах юм бол би эхний олборлолтын ашгаараа танай нөхөрлөлийн бүх өрийг чинь төлж барагдуулна. Дараагийн олборлолтынхоо ашгаас би 70 хувийг авч та 2-т 30 хувийг нь өгнө. Та 2 зүгээр сууж байгаад л нийт ашгийн 30 хувийг авна, би нөхөрлөлийн талбайд өөрсдийн ажилчдыг оруулж ажиллуулна, гэр, техник, түлж, шатах тослох материал, ажилчдын хоол хүнс, хувцас хунар, тоног төхөөрөмжөө бүгдийг нь би өөрөө гаргана, би жоншоо Бор-Өндөрт та 2-оос илүү үнээр зарж ашиг олох гээд байна, та 2 намайг нөхөрлөлийнхөө л газартаа оруулаад өөрсдөө зүгээр л сууж байхад болно гэж байнга гуйж шалсаар байдаг байсан. Би 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр бие муу эмнэлэгт хэвтэж байхад Н.Б. нь 750,000 төгрөгийг ..................... тоот данснаасаа миний ................ тоот данс руу шилжүүлсэн. Тэгэхдээ 50,000 төгрөг нь бол таныг эргэж байгаа мөнгө юм шүү, харин 700,000 төгрөг нь жонш худалдаж авахаар шилжүүлж байгаа мөнгө юм шүү гээд утсаар ярьж байсан. Би тэгэхээр нь баярлалаа гэхэд эгч минь бие чинь л эрүүл саруул болж байвал мөнгө төгрөг бол яахав, ямар ч асуудалгүй гээд ярьж байсан. Би энэ мөнгөний чинь оронд жонш л өгнө шүү гэж хэлэхэд тэг тэг гэж хэлж байсан. Н.Б. нь нөхөр бид 2-оос удаа дараа нөхөрлөлийнхөө газартаа намайг оруулаад ажиллуулчих, би өөрийнхөө хүмүүсийг оруулж ажиллуулаад нийт олсон ашгийнхаа 70 хувийг нь өөрөө авна, харин та 2-т 30 хувийг нь өгнө гээд гуйгаад шалаад байн байн ирээд ерөөсөө болохгүй байсан тул Н.Б.ийн амаар хэлж ярьж тохирох гээд байгаа хэлцэл болох 70 ба 30 хувийн ажлын болон ашгийн тохироог зөвшөөрсөн. Н.Б. нь Д.Б. ахлагчтай 9-н хүний хувь эзэмшдэг Норовлин сумын 4 дүгээр баг, Могойн шалз гэх газарт бичил уурхайн аргаар жонш олборлодог миний хувийн эзэмшил талбайд өөрийн ажилчдыг бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, шатах тослох материал, хоол хүнс, ажилчдыг хувцас хунар, түлш шатахуун, бензинээ бүгдийг нь өөрөө хариуцаж гаргаад хүмүүсээ олж авчирч ажиллуулна, жоншийг Бор-Өндөр сум руу тээвэрлэж зарж ашиг олно гээд ямар нэгэн бичгийн гэрээ байхгүй, зөвхөн аман гэрээгээр нөхөрлөлийн талбайгаас жонш олборлохыг Н.Б.тай ярьж тохирсон. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр М. Майнинг ХХК-ний .............. тоот данснаас 7,000,000 төгрөгийг миний ................... тоот данс руу Ж.ы урьдчилгаа мөнгө гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн. Н.Б. нь манай нөхөрлөлийн эзэмшил талбайд өөрсдийнхөө ажилчдыг бүх эд зүйлстэйгээ авчирч бичил уурхайн аргаар жонш олборлох болсон үед тухайн газар дээр маань манай ажилчдын ажиллаж байх үедээ ашиглаж байсан маш олон тооны эд зүйлс, эд хөрөнгийг маань аваад явсан байсан. Мөн нөхөр Б. бид хоёрыг Улаанбаатар хотод хувийн ажлаар явж байх хооронд Н.Б. нь миний нөхөрлөлийн эзэмшил талбайд аман гэрээгээр ажилчдаа оруулж бичил уурхайн аргаар 70 тонн жонш, 40 тонн жоншны шороо олборлоод сум орон нутгаас ямар ч гарал үүслийн бичиг авалгүйгээр ачаад бүх ажилчид гэр бараа, эд зүйлсээ аваад 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр яваад өгсөн байсан. Н.Б. нь тухайн үед манай нөхөрлөлийн газар дээрээ яг хэдэн тонн жонш, хэдэн тонн жоншны шороо бидний зөвшөөрөлгүйгээр аваад явсан болохыг нь нөхөр бид 2 огт мэдэгдэхгүй байсан. Хэрэв тэдэн тонн жонш, тэдэн тонн жоншны шороо ачсан нь тодорхой мэдэгдвэл олсон ашгийнх нь 30 хувийг бид нар аман гэрээгээр ярьж тохирсон ёсоор авах ёстой юм. Н.Б. нь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр манай Н. Өгөөж нөхөрлөлийн талбайгаас Бор-Өндөр сум руу 70 тонн жонш, 40 тонн жоншны шороо ачих тухай гарал үүслийн бичгийг Засаг дарга А.М.иас нөхөж олгов гэж балаар бичсэн гарал үүслийн бичиг хийлгэж авсан байсан. Энэхүү гарал үүслийн бичигт бичсэн 70 тонн жонш, 40 тонн жоншны шороо нь 1 тонн жонш 650,000 төгрөг, 70 тонн жонш 45,500,000 төгрөг болно, 1 тонн шороо 150,000 төгрөг, 40 тонн шороо 6,000,000 төгрөг болно, нийтдээ 51,500,000 төгрөг болно, үүний ашгийн 30 хувь нь буюу бидний хууль ёсоор аман гэрээний дагуу авах ёстой мөнгө нь 15,450,000 төгрөг, Н.Б.ийн авах 70 хувь нь 36,050,000 төгрөг болно. Нэхэмжлэгч Н.Б.аас би аман гэрээгээр өөрсдийн Н. Өгөөж нөхөрлөлөөс 2022.05.27-ны өдөр олборлоод ачаад аваад явсан 70 тонн жонш, 40 тонн жоншны шорооны ашгийн 30 хувь болох 15,450,000 төгрөгнөөс Н.Б.ийн надад жоншны урьдчилгаа гэж шилжүүлсэн

-2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2,000,000 төгрөг,

-2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 750,000 төгрөг,

-2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 7,000,000 төгрөгийг хасуулж тооцуулмаар байна. Хэрэв 9,750,000 төгрөгийг хасч тооцвол цаана нь Н.Б.аас би 5,700,000 төгрөг авах авлагатай үлдэж байна. Энэ мөнгөн дээрээ нэхэмжлэгч Н.Б.аас манай нөхөрлөлийн талбай дээр манай ажилчдын ажиллаж байх үедээ ашиглаж байгаад үлдээсэн маш олон тооны эд зүйлс, эд хөрөнгийг Н.Б. нь аваад ачаад явсан тул эрх бүхий байгууллагаас гаргасан үнэлгээний дагуу нэхэмжлэгч Н.Б.аас үнийг суутгуулмаар байна. Иймд нэхэмжлэгч Н.Б.аас нэхэмжлээд байгаа 30,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Нэхэмжлэгч талаас шүүхэд Б. дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 139 тоот албан бичиг (хх-ийн 5 тал), Н.Б.ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал), 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Д.Б.ийн бичиж нотариатаар гэрчлүүлсэн баталгаа (хх-ийн 7 тал), Н.Б.ийн ................... тоот тодорхойлолт (хх-ийн 8 тал), Н.Б.ийн нэр дээрх ............. тоот дансны 2020.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 9-тал), .............. тоот дансны 2021.01.01-ний өдрөөс 2021.12.01-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 10 тал), 2021.05.01-ний өдрөөс 2021.06.04-ний өдрийг хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 11 тал), 2021.10.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 12-13 тал), 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 0016 дугаартай Н.Б.аас Б.Ж.д олгосон итгэмжлэл (хх-ийн 14 тал), 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 19 тал), ХААН банк ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн ............... тоот шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 20 тал), Б.Б.ийн нэр дээрх ........... тоот дансны 2021.03.22 өдрийн дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 21 тал), Н.Б.ийн нэр дээрх ............. тоот дансны 2021.01.07-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 22 тал), ХААН банкны 2021.03.22-ны өдрийн .......... тоот шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 24 тал), Н.Б.ийн нэр дээрх ............... тоот дансны 2021.05.24-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 25 тал), Н.Б.ийн нэр дээрх .................. тоот дансны 2021.03.05-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 26 тал), Н.Б.ийн нэр дээрх ................... тоот дансны 2020.12.30-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 27 тал)-ыг баримтаар гаргаж өгсөн.

5. Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар (хх-ийн 40-47 тал), Ф.в. ХХК-ийн 2023.03.28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 51-58 тал), Д.Б.ийн нэр дээрх ................ тоот дансны 2020.12.30-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 59 тал), Д.Б.ийн нэр дээрх ................. тоот дансны 2021.01.07-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 60 тал), Д.Б.ийн нэр дээрх ............... тоот дансны 2021.03.05-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 61 тал), Д.Б.ийн нэр дээрх ................ тоот дансны 2021.03.22-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 62- тал), ХААН банкны 2021.01.18-ны өдрийн ......... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 67 тал), ХААН банкны 2021.01.21-ний өдрийн ....... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 68 тал), ХААН банкны 2021.01.21-ний өдрийн .......... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 69 тал), ХААН банкны 2021.01.21-ний өдрийн ....... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 70 тал), ХААН банкны 2021.01.21-ний өдрийн ........... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 71 тал), ХААН банкны 2021.01.21-ний өдрийн ...... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 72 тал), ХААН банкны 2021.01.09-ний өдрийн 11236781 тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 73 тал), ХААН банкны 2021.01.08-ны өдрийн .......... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 74 тал), ХААН банкны 2021.01.15-ны өдрийн ........... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 75 тал), ХААН банкны 2021.01.08-ны өдрийн 2749076 тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 76 тал), ХААН банкны 2021.01.08-ны өдрийн .. тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 77 тал), ХААН банкны 2021.01.08-ны өдрийн ..... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 78 тал), ХААН банкны 2021.01.09-ний өдрийн ...ьтоот шилжүүлгийн баримт (хх-ийн 79 тал), ХААН банкны 2021.01.08-ны өдрийн .... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 80 тал), ХААН банкны 2021.01.09-ний өдрийн ..... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 82 тал), ХААН банкны 2021.01.21-ний өдрийн ... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 83 тал), ХААН банкны 2021.01.16-ны өдрийн .... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 84 тал), ХААН банкны 2021.01.21-ний өдрийн .. тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 85 тал), ХААН банкны 2021.01.09-ний өдрийн .... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 86 тал), ХААН банкны 2021.01.09-ний өдрийн ... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 87 тал), ХААН банкны 2021.01.10-ны өдрийн 1129646 тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 88 тал), ХААН банкны 2021.01.10-ны өдрийн .... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 89 тал), ХААН банкны 2021.01.11-ний өдрийн .... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 90 тал), ХААН банкны 2021.01.13-ны өдрийн ... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 91 тал), ХААН банкны 2021.01.24-ний өдрийн ... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 92 тал), ХААН банкны 2021.01.24-ний өдрийн .. тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 93 тал), ХААН банкны 2021.01.25-ны өдрийн .... тоот шилжүүлгийн баримт (хх-ийн 94 тал), Д.Б.гийн нэр дээрх 2021.01.08-ны өдрийн ......... тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 95-96 тал), Д.Б.ийн нэр дээрх 2021.01.09-ний өдрөөс 2021.01.10-ны өдрийг хүртлэх өдрийн ......... тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 97 тал), Д.Б.ийн нэр дээрх 2021.01.21-ний өдрөөс 2021.01.25-ны өдрийг хүртэлх .......... тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 98 тал)-ыг баримтаар гаргаж өгсөн.

6. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр Д.Б.ийн нэр дээрх Төрийн банк ХХК-ийн дансны хуулга (хх-ийн 37-38 тал), Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаартай эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 39 тал)-уудыг шүүх бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Н.Б.гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 20,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Би хариуцагч Д.Б.аад 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 34,210,000 төгрөг зээлсэн. Мөнгө зээлэх үед гэрээ байгуулаагүй амаар тохиролцсон бөгөөд үүнээс 4,210,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл зээл 30,000,000 төгрөг нэхэмжилж байна гэж,

3.Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...Н.Б.аас нийт 34,210,000 төгрөг миний дансанд шилжиж орж ирсэн. Энэ мөнгөний 20,000,000 төгрөг нь би 2020 оны 12 дугаар сарын 27-нд Н.Б.гаар 25 тонн жонш, 25 тонн шороо өгч заруулсан жоншны мөнгө юм. Үлдсэн мөнгө нь надаас жонш авахаар шилжүүлсэн мөнгө бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 27-нд Н.Б. нь манай нөхөрлөлийн газраас 70 тонн жонш, 40 тонн шороог ачиж явсан. Иймд би түүнд өгөх өглөггүй, харин ч түүнээс мөнгө авах ёстой тул зөвшөөрөхгүй гэж мэтгэлцлээ.

4.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Н.Б.аас хариуцагч Д.Б.гийн эзэмшлийн дансанд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 34,210,000 төгрөг шилжин орсон бөгөөд үүнээс 4,210,000 төгрөгийг буцаан өгсөн талаар талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч нь үлдэгдэл 30,000,000 төгрөгт жонш өгнө гээд өгөөгүй гэж, хариуцагч нь 30,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөг нь миний Н.Б.д өгч заруулсан жоншны мөнгө, үлдэгдэл төгрөгт нь 70 тонн жонш, 40 тонн шороог манай нөхөрлөлийн газар дээрээс олборлож авч явсан гэж мэтгэлцлээ.

5.Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 50/-аар хариуцагч Д.Б. нь Норовлин н.өгөөж ЗБН-ийн даргаар ажиллаж, бичил уул уурхайгаар ашигт малтмалыг Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр олборлох эрхтэй болох нь харагдаж байна. Нэхэмжлэгч Н.Б.ийн нэр дээрх ХААН банк дахь дансны хуулга /хх-ийн 25-27/, хариуцагч Д.Б.гийн нэр дээрх ХААН банк дахь дансны хуулга /хх-ийн 59-62/-аар 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 750,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 4,460,000 төгрөг тус тус нэхэмжлэгч Н.Б.аас хариуцагч Д.Б.гийн дансанд шилжсэн, мөн 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Н.Б.ийн нэрийн өмнөөс М. Майнинг ХХК-иас 20,000,000 төгрөг /хх-ийн 22/ хариуцагч Д.Б.гийн дансанд шилжсэн болох нь нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Харин уг 20,000,000 төгрөгийн талаар талууд өөр өөр байр суурьнаас тайлбарлах бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү 20,000,000 төгрөгийг хариуцагч Д.Б.д зээлсэн мөнгө, оронд нь жонш авахаар тохиролцсон гэж, хариуцагч Д.Б. нь нэхэмжлэгч Н.Б.аар жонш заруулсан тэр жоншны мөнгийг надруу шилжүүлсэн, энэ 20,000,000 төгрөг нь Н.Б.аас би зээлсэн мөнгө биш гэж эсрэг тайлбарыг гаргасан.

6.Зохигчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад хамаарах тул тэдгээрийн тайлбарын агуулгыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлавал, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба  тус хуулийн заалтаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг.

7.Нэхэмжлэгч Н.Б. нь ...хариуцагч Д.Б. 30,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэж бичиг хийж өгсөн /хх-ийн 7/ гэж тайлбарлах боловч хариуцагч Д.Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Н.Б. намайг дарамталж байгаад ийм бичиг хийлгүүлж авсан гэж няцаалаа.

8.Д.Б. ахлагчтай Н.н өгөөж ЗБН олборлосон 25 тн жоншийг 650,000 төгрөгөөр, 25тн шороог 150,000 төгрөгт тооцон нэхэмжлэгч Н.Б.аар дамжуулан худалдан борлуулахаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд тээвэрлэж, худалдсан эсэх талаар талууд маргаагүй, харин хариуцагч Д.Б. нь энэ жоншны мөнгө 20,000,000 төгрөг 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Н.Б.ийн нэрийн өмнөөс М. Майнинг ХХК-иас миний данс руу орж ирсэн гэж, нэхэмжлэгч Н.Б. нь энэхүү жонш, шорооны мөнгө 15,000,000 төгрөг болсон, үүнийг би шилжүүлсэн гэж, мөн энэ 25 тонн жонш, 25 тн шорооны мөнгө 20,000,000 төгрөгийг хариуцагч Д.Б. нь надаас өөр хүний дансаар буюу халзан Ж.ийн дансаар шилжүүлэн авсан /хх-ийн 144/ гэж өөр өөр байдлаар шүүх хуралдаанд тайлбарлах боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Н.Б. нь уг 20,000,000 төгрөгийг зээлсэн нь хариуцагч Д.Б. бид хоёрын хооронд чаталсан чатаар нотлогдоно гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу түүний гар утасанд авагдсан чатад хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 124-132/-ээр 20,000,000 төгрөг зээлсэн болох нь нотлогдохгүй байна.

9.Харин үлдэгдэл 10,000,000 төгрөгт хариуцагч Д.Б. нь нэхэмжлэгч Н.Б.д 70тн жонш, 40 тн шороо өгсөн гэж татгалзалын үндэслэлээ тайлбарлах боловч энэ нь мөн нотлогдохгүй байна. Тэдгээр нь 2021 оноос эхлэн хамтран ажиллахаар ярилцсан /хх-ийн 130/ байх боловч нэхэмжлэгч Н.Б. нь Д.Б. ахлагчтай нөхөрлөлийн олборлосон 70 тн жонш, 40 тн жоншны шороог авсан нь нотлогдохгүй байна.

10.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б.ас 10,000,000  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б.д олгож, үлдэх 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б.д олгох нь зүйтэй. 

12.Хариуцагч нь ...манай нөхөрлөлийн талбай дээр манай ажилчдын ажиллаж байх үедээ ашиглаж байгаад үлдээсэн эд зүйлс, эд хөрөнгийг Н.Б. нь ачаад явсан тул энэхүү эд хөрөнгийн үнийг нэхэмжлэлийн үнийн дүнд суутгуулна гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч нь үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, хариуцагч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул энэхүү эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл тус хэргийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно. Иймд хавтаст хэргийн 51-58 дугаар хуудаст авагдсан хөрөнгө үнэлгээний тайланг хэрэгт хамааралгүй гэж үзэн баримтаар үнэлээгүй болно.

Түүнчлэн хэрэгт авагдсан Н.Б.ийн нэр дээрх ХААН банк дахь дансны хуулга /хх-ийн 9-13/, нөхөрлөлийн олборлосон ашигт малтмалын гарал үүслийн тодорхойлолт /хх-63-66/, гар утасанд авагдсан чатны зураг /хх-ийн 107-110/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй байх тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б.аас 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б.д олгож, үлдэх 20,000,000 /хорин сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 /гурван зуун долоон мянга есэн зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б.аас улсын тэмдэгтийн хураамж 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА