| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2023/00120/И |
| Дугаар | 156/ШШ2023/00178 |
| Огноо | 2023-04-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 156/ШШ2023/00178
2023 04 13 156/ШШ2023/00178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2023/00120/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Х.......... оршин суух, Халбин овогт Д.Д.,
Хариуцагч: Хэнтий аймгийн Х..........оршин суух, Дүн овогт Ц.Ц.,
Нэхэмжлэлийн шаардлага: 12,320,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Д.,
Хариуцагч Ц.Ц.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д. нь хариуцагч Ц.Ц.т холбогдуулан 12,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч Ц.Ц. нь 2013 оны 7 дугаар сард өөрийн компаний гүйцэтгэж байсан Бэрх тосгон, Дадал сумын барилгын ажлын санхүүжилт орохоор мөнгийг нь зах зээлийн ханшаар өгье гэж хэлээд агуулахад байсан миний өөрийн мэдлийн цементээс 20 тонн буюу 400 шуудай цементийг гуйж, зээлээр авсан. Тэр үед компаний жолоочийн хувийн ачааны автомашинд ачуулахад С.Эв ХХК-ийн нягтлан бодогч М.Ч. болон би өөрөө байлцан цементийг тоолж ачуулсан. Мөн нэмж 2 тонн цементийг Б.Ш.т өгөөч, би мөнгийг нь нэмээд 22 тонноор тооцоо хийнэ гэж хэлээд авсан. 2 тонныг нь Б.Ш. өөрөө ачааны автомашинтай ирж ачиж авсан. Үүнээс хойш Ц.Ц.ээс 22 тонн цементийн мөнгийг олон удаа нэхсэн боловч бололцоотой болохоороо өгнө гэсээр өдийг хүрсэн. Тухайн үед цементийн үнэ 1тн нь 160,000 төгрөг байсан. Одоо нэхэмжилж байгаа 22 тонн цементийг 2023 оны 1 дүгээр сарын цементийн үнийн ханшаар нэхэмжилж байна. Би Ц.Ц. гэдэг хувь хүнд цементээ зээлсэн тул хариуцагч Ц.Ц.ээс 22 тонн цементийн үнэ болох 12,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Ц.Ц. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компаний санхүүгийн баримт тайлан блансад Д.Д.ийн нэхэмжлэлээд байгаа цементтэй холбоотой баримт тусгагдаагүй. Гэрээ болон өгсөн, авсан орлого, зарлагын баримт ч байхгүй байна. Тухайн үед манай компани олон газартай харилцаж ажилласан өр, авлагыг тухайн үед нь барагдуулж байсан. Би 2013 онд хувь хүнийхээ өмнөөс ч Д.Д.оос цемент зээлж аваагүй. 2013 оноос хойш 10 жил өнгөрсөн болохоор надад мэдэх зүйл алга. Энэ олон жил өнгөрч байхад нэхэмжлэгч Д.Д. нь энэ асуудлаар надтай нэг ч удаа уулзаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Нэхэмжлэгч талаас шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 6 дугаар тал/, Хэнтий аймгийн Х. Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 13 тоот албан бичиг /хх-ийн 7 дугаар тал/, ... дугаартай Гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэг, гаалийн мэдүүлгийн хавсралт, 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Татвар төлсөн баримт, Амьтан ургамал бодис бараа бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтад хамруулсан тухай мэдэгдэл, Өр, авлагын талаар тэмдэглэсэн гэх Оюу толгой гэсэн бичигтэй бор шар өнгийн тэмдэглэлийн дэвтэрийг шүүхэд баримтаар гаргаж өгсөн.
5. Хариуцагч талаас шүүхэд баримт ирүүлээгүй байна.
6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч М.Ч.с мэдүүлэг авах ажиллагааг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д.ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Ц.т холбогдох 12,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Ц.Ц. нь 2013 оны 7 дугаар сард агуулахад байсан цементээс 20 тонн буюу 400 шуудай цементийг санхүүжилт орохоор зах зээлийн ханшаар бодож өгье гэж гуйж зээлсэн. Мөн 2 тонн цементийг нэмж авсан. Үүнээс хойш Ц.Ц.ээс 22 тонн цементийн мөнгөө олон удаа нэхсэн боловч одоог хүртэл өгөөгүй тул Ц.Ц. нь 22 тонн цементийн үнийг одоогийн ханшаар бодож 12,320,000 төгрөгийг төлөх ёстой гэж,
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Би Д.Д.оос цемент аваагүй, манай компани ч аваагүй. Энэ талаар гэрээ болон өгсөн авсан баримт байхгүй. 2013 оноос хойш 10 жил өнгөрсөн тул мэдэхгүй байна. Нэхэмжлэгч Д.Д. энэ асуудлаар надтай нэг ч удаа уулзаж байгаагүй гэж маргалаа.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Д.Д. нь хариуцагч Ц.Ц.ийг 2013 оны 7 дугаар сард 20 тонн буюу 400 шуудай цемент, нэмж 2 тонн цемент, нийт 22 тонн цементийг зээлээр авсан гэж, хариуцагч Ц.Ц. нь би нэхэмжлэгч Д.Д.оос ямар ч цемент аваагүй, олон жил өнгөрсөн тул мэдэхгүй байна гэж мэтгэлцлээ.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа нь худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авснаар үүсдэг. Гэтэл талуудын хооронд цемент өгсөн, зээлээр авсан үйл явдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч хэргийн талаар шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүрэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний үндсэн үүрэгтэй холбоотой юм. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзалын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл зохигч нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий аливаа баримт мэдээллийг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын аль аль нь өөрийн шаардлага, татгалзалтай холбоотой ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй. Нэн тэргүүнд нэхэмжлэгч Д.Д. нь хариуцагч Ц.Ц.т 22 тонн цемент өгсөн болохоо нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Д. нь 2013 онд хариуцагч Ц.Ц.т 22 тонн цемент өгсөн болохоо нотлохоор гэрч М.Ч.с мэдүүлэг авахуулсан бөгөөд гэрч М.Ч. нь ...энэ талаар мэдэхгүй гэсэн мэдүүлгийг шүүхэд өгсөн байна.
Нэхэмжлэгч нь хэрэгт Гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэг, гаалийн мэдүүлгийн хавсралт, 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Татвар төлсөн баримт, Амьтан ургамал бодис бараа бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтад хамруулсан тухай мэдэгдэл зэрэг баримтуудыг ирүүлсэн боловч тус баримтууд нь нэхэмжлэгч Д.Д.ийг 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсын хил рүү цемент оруулж ирснийг нотлох баримт юм. Харин уг баримтаар хариуцагч Ц.Ц.т цемент зээлсэн үйл явдлыг нотлохгүй.
Мөн нэхэмжлэгч нь өөрийн хөтлөж байсан өр, авлагын талаар тэмдэглэсэн гэх бор шар өнгийн тэмдэглэлийн дэвтэрийг шүүхэд баримтаар гаргаж өгсөн боловч уг дэвтэрт бичигдсэн Ц. ах 11,000,000 22 тн цемент гэх бичвэр нь хэзээ бичигдсэн нь тодорхойгүй, өгсөн авсан хүний гарын үсэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.
7. Хариуцагч Ц.Ц. нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ...2013 оноос хойш 10 жил өнгөрсөн байна. Энэ олон жил өнгөрч байхад нэхэмжлэгч Д.Д. нь энэ асуудлаар надтай нэг ч удаа уулзаж байгаагүй... гэж мэтгэлцсэн. Харин нэхэмжлэгч Д.Д. энэхүү тайлбарыг няцааж чадаагүй болно.
8. Хариуцагч Ц.Ц. нь хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан ба энэхүү үйл явдлын хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг тул энэхүү хугацаа дууссан байна.
9. Иймд нэхэмжлэгч Д.Д.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ц.т холбогдох 12,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ц.т холбогдох 12,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА