| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0189/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/203 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Х, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д, шүүгдэгч Ц.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х м овогт Ц-ийн С-д холбогдох эрүүгийн 2535000000193 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ……………-нд Увс аймгийн …. суманд төрсөн, … настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл ……….. хамт амьдардаг, Увс аймгийн ......... сумын …….. багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Х м овогт Ц-ийн С-, (регистрийн дугаар:………..);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 7 дугаар сарын 29-ний орой Увс аймгийн ......... сумын …… багийн нутаг сумын төвд Ц.Б-ийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Б-тэй маргалдаж, улмаар хутгаар түүний зүүн хөлний гуя хэсэгт 2 удаа хутгалж, “зүүн гуяны урд доод хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 7 дугаар сарын 29-ний орой Увс аймгийн ......... сумын ……. багийн нутаг сумын төвд Ц.Б-ийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Б-тэй маргалдаж, улмаар хутгаар түүний зүүн хөлний гуя хэсэгт 2 удаа хутгалж, “зүүн гуяны урд доод хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал);
2. Хохирогч Ц.Б-ийн өрдөн байцаалтын шатанд өгсөн "Би 2025 оны 07 дугаар сарын 29-ны орой ......... сумын …… багийн нутаг сумын төвд төрсөн ах Ц.Б-ийн гэрт бэргэн эгч Ц.С-, манай эхнэр Э, Т, М, Д.Б нарын хамтаар 2.5 литрийн 2 савтай пиво, 0.75 литрийн архи хувааж ууж дуусгаад Т, М нар нь гэрээс гараад явсан. Гэрт ах Ц.Б-, бэргэн эгч Ц.С-, эхнэр Э, Д.Б бид нар үлдээд сууж байгаад Ц.Б-ээс “аавын хөөрөг хаана байна” гэж хэлээд аавын хөөргийг аваад гэрээс гарч яваад удалгүй гэрт ороод ирэхэд Ц.С- эгч наад хөөргөө ав гэж хэлээд бид хоёр маргалдаж байгаад би орон дээр сууж байтал Ц.С- эгч хутга аваад миний зүүн хөлний, өвдөгний орчимд 2 удаа хутгалж би эмнэлэг явсан. Уг асуудлыг ах Ц.Б-, бэргэн эгч Ц.С-, эхнэр Э, Д.Б нар харж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 04-07 дахь тал);
3. Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ц.Б-ийн гэрт Ц.С- эгч надад хандаж энэ маргаан нь манай гэр бүлийн асуудал учраас чи харьж амар гэхээр нь би гараад явсан. Ц.Б-тэй маргааш нь айлд уулзахад ахынхан хөл гэмтсэн гэж хэлсэн. …баруун талын хөл нь доглож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дэх тал);
4. Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 07 дугаар сарын 29-ний оройн…манай эхнэр Ц.С- нь Ц.Б-т хандаж чи ахыгаа яаж байгаа юм. Чи хөөрөг авах гэж ирсэн юм уу? гэхэд Ц.Б- нь Ц.С-д хандаж чамд хамаарал байхгүй гэхээр нь Ц.С- нь босоод Ц.Б-ээс хөөрөг авах гээд халаасыг нь бариад энэ хөөргийг хэн дуртай авдаг юм уу? бид нар мөнгийг нь төлөөд худалдаж авсан биздээ. Чи авах гээд байгаа бол худалдаж авсан үнээр мөнгийг нь өгөөд ав гэхэд Ц.Б- нь битгий хуц, чамд миний аавын хөөрөг хамаарал байхгүй гэж хэлээд тэр хоорондоо барьцалдаж байгаад Ц.Б- нь Ц.С-гийн цээж орчимд 1 удаа өшиглөж унагаах үед би босоод салгаж одоо болно гэхэд Ц.Б- миний нүүр орчимд гараараа 2-3 удаа цохиж түлхэж унагаах үед Д.Б салгах гээд зууралдаж байхад нь Ц.С- нь Д.Б-ийг гэрээс гараад яв гэхээр нь би Д.Б-ийг зодуулж магадгүй гэж бодоод гэрээс гаргаж байсан. Тэр үед Ц.Б-, Ц.С- хоёр дахин хэрэлдэж барьцалдаж байгаад Ц.С- нь галын дээд талд байхад Ц.Б- нь Ц.С-г үсдэж гэрийн үүд рүү чирэх үед Ц.С- нь салгах гээд зууралдаж байсан. Ц.Б-ийн зүүн гуянаас цус гарч байхаар юу болсон юм гэхэд Ц.Б- нь танай эхнэр Ц.С- хутгалсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал);
5. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 274 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал);
6. Шүүгдэгч Ц.Б-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-73 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
7. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
8. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 274 дугаартай: “Ц.Б-ийн биед зүүн гуяны урд доод хэсэгт хамгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, 2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Нэг дор үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 10-14 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Зүүн гуяны урд доод хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал)-ээр хохирогч Ц.Б-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.С- нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд хутгалж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд хутгалж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.С- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Ц.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Шүүгдэгч Ц.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
10. Хохирогч Ц.Б- мөрдөн байцаалтын шатанд “Ц.С-тай сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй нь үнэн болно” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт (хавтаст хэргийн 56 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
11. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 276 дугаартай: “Ц.С-гийн биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээжний зүүн хэсэгт, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Нэг дор үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 10-14 хоногийн өнө үүсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээжний зүүн хэсэгт, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэх дүгнэлт (Хавтаст хэргин 29-30 дахь тал)-ээр,
- Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 275 дугаартай: “Ц.Б-ийн биед баруун, зүүн нүдний доод зовхи, баруун мөр, цээжний баруун дээд хэсэгт, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт, цээжний баруун дээд хэсэгт, зүүн бугалга, баруун тохойд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Нэг дор үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 10-14 хоногийн өнө үүсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Баруун, зүүн нүдний доод зовхи, баруун мөр, цээжний баруун дээд хэсэгт, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт, цээжний баруун дээд хэсэгт, зүүн бугалга, баруун тохойд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэх дүгнэлт (Хавтаст хэргин 29-30 дахь тал)-ээр тус тус хохирогч Ц.Б-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ц.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.С- нь урьд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.С-г урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх үндэслэлээр хүндрүүлэн үзэх үндэслэлгүй, харин дээрх нөхцөл байдлыг шүүгдэгчийн хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй. (хавтаст хэргийн 76, 87-90 дэх тал);
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзэв.
3. Шүүгдэгч Ц.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
4. Прокуророос шүүгдэгч Ц.С-гийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч Ц.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Ц.С-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.
6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Ц.С- түүний өмгөөлөгч Д.Д нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.
7. Иймд шүүгдэгч Ц.С-гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэв.
8. Шүүгдэгч Ц.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х м овогт Ц-ийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ