Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/718

 

 

 

 

 

 

2021             8               3                                           2021/ДШМ/718

 

Н.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл  даргалж, шүүгч Д.Ренченхорол, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Б-д холбогдох 2111000000235 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Вандангийнх овгийн Нянаабаатарын Б, Улаанбаатар хотод .... оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , ... хамт амьдардаг, ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .................../,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 785 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

Н.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 31-334 тоотод хохирогч Ө.М-тай маргалдан, улмаар нүүрэн тус газар нь хутгаар зүсэж, гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн ................ ...... өрөөнд согтуугаар, гэртээ харихаас татгалзлаа гэж шалтаглан хамтран амьдрагч Ш.О-ийн зүүн гуя, зүүн мөр орчим хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Н.Б-с гэмт хэрэг үйлдсэн зэвсгийг салгаж авахаар оролдох үед О.Х-н зүүн суганы орчим хутгалж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Н.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Б-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Н.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялд, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийг 1 хоногт тооцон нийт 30 хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Н.Б-н өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан 6 жил 1 сар хорих ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Н.Б-н цагдан хоригдсон нийт 75 хоногийг түүний эдлэх ялаас хасаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 12,5 см, нийт урт нь 23 см хүрэн өнгийн бариултай, хар хуйтай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, энэ хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолыг зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Н.Б-д анхан шатны шүүхээс зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

Болсон хэргийн болон оногдуулсан ялын тухайд:

Н.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ........ тоотод хохирогч Ө.М-тай маргалдан, улмаар нүүрэн тус газар нь хутгаар зүсэж, гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн ............ өрөөнд согтуугаар, гэртээ харихаас татгалзлаа гэж шалтаглан хамтран амьдрагч Ш.О-ийн зүүн гуя, зүүн мөр орчим хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

О.Х нь Н.Б-с гэмт хэрэг үйлдсэн зэвсгийг салгаж авахаар оролдох үед зүүн суганы орчим хутгалж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс түүнд дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн гэм буруутайд тооцож, 6 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Н.Б-д ял оногдуулахдаа шүүхээс хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахдаа хуульд заасан хамгийн бага буюу 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх боломж байсан боловч шүүхээс 6 жилийн хорих ял оногдуулсан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг бүрэн харгалзаж, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлага болон ялын хэмжээг зөв тодорхойлоогүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байхад түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг оногдуулсан. Ял дээр нэмж, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хамгийн бага хэмжээгээр оногдуулаагүй нь эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцэхгүй байна.

Н.Бнь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 785 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, мөн дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хүний биед хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулах гэмт хэрэг холбогдсон байгаа нь миний үйлчлүүлэгч Н.Б-д энэ төрлийн албадлагын арга хэмжээ хэрэглэх зайлшгүй шаардлага байгаа нь илэрхий байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Н.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж буй бөгөөд архи гэх идээнээс ангижрах туйлын хүсэлтэй байгаа илэрхийлсэн. Хэрвээ бидний гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзвэл түүнд оногдуулсан ялыг багасган өөрчилж өгнө үү...” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсгийн чанартай зүйл ашиглан 3 хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-н үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал зэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч Н.Бнь 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн .........тоотод хохирогч Ө.М-тай маргалдан, улмаар нүүрэн тус газар нь хутгаар зүсэж, гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ө.М-ын “...бид хэд 1 шил 0,75 литрийн хэмжээтэй Соёрхол гэх архи авч уусан юм. Н.Б гэнэт босож ирээд гартаа нэг зүйл барьчхаад миний зүүн нүдний доод хэсэг рүү хатгах шиг болсон. Тэгээд би “чи яаж байна аа” гээд бариад авсан чинь надтай гал тогооны өрөөнд ноцолдоод би гартаа барьсан зүйлийг нь авах гэсэн чинь толгойны ар тал руу 3 удаа цохих шиг болсон. Тэгээд цагдаа дуудаж өгсөн ба алаг машинтай цагдаа ирээд Н.Б-г аваад явсан. ...Миний зүүн нүдний доод хэсэгт зүсэгдсэн толгойн ар талд 3 удаа цохисон. Баруун зүүн гарын шуу хэсгээр зулгарсан байдалтай ноцолдож байхад доод 1 шүд унасан өөр гэмтэл байхгүй. Тухайн гэмтлүүдийг Батболд гэх залуу бүгдийг нь ганцаараа учруулсан. Нэг иртэй зүйлээр болон гараараа миний биед хохирол учруулсан...” гэх /1хх 145/,

гэрч Д.О-ийн “...бид хэд 1 шил 0,75 литрийн Соёрхол архи уусан. Тэгсэн чинь архи авч байх үед Ш.Оюунгэрэлийн данснаас 200.000 төгрөгийг Н.Б өөрийн данс руу мобайлаар авсан байна гээд тэр 2 хэрэлдэх болсон. Мөнхбат “чи яах гэж хүний мөнгө дураараа авах болсон юм бэ” гэсэн чинь нүүр рүү нь цохиод авсан ба гал тогоо ороод бор иштэй хутга аваад Ө.М руу дайрч эхэлсэн. Ө.М-г доороо унагаачихаад дээрээс нь хатгаад байх шиг байсан. Тэгэхээр нь болиулах гээд дийлэхгүй болохоор нь Н.Б-н үснээс нь татаж унагаахад Ө.М гэрээс нь гараад зугтаасан...” гэх /хх 153/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 857 дугаартай “...Ө.М-ын биед дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн шанаа, зүүн хөмсөг, нуруунд зулгаралт, баруун хацар, баруун шуунд шарх, баруун доод 1 дүгээр шүдний булгарал, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн нүдний доод зовхины шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 156-157/ зэргээр,

2. Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн ................... өрөөнд согтуугаар, гэртээ харихаас татгалзлаа гэж шалтаглан хамтран амьдрагч Ш.О-ийн зүүн гуя, зүүн мөр орчим хутгалж бие махбодод нь зүүн гуянд хатгагдаж суудлын мэдрэл тасалсан шарх, зүүн мөрөнд хатгагдсан шарх, цус хуралт, дух, баруун бугалганд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, улмаар хохирогч О.Х-ыг шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн зэвсгийг салгаж авахаар оролдох үед зүүн суганы орчим хутгалж бие махбодод нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушигны доод дэлбэнгийн урд дунд хэсгийн эдийн няцрал, хаван бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:

хохирогч Ш.О-ийн “...О.Х 1 шил архи гаргаад хувааж уусан. Ууж дуусаад Н.Б намайг гэр рүүгээ явъя гэхээр нь өмнө нь намайг зодож байсан болохоор айгаад явахгүй гэсэн чинь ширээний шургуулгаас хуйтай хутга гаргаж ирээд гуя руу хутгалсан. Гуянаас цус гараад ухаан балартаад тэгтэл миний зүүн мөр орчим дахиж хутгалсан. Мөн найз Хишигбаярыгаа хутгалсан байсан, би тэр үед нь мэдээгүй, гэмтлийн эмнэлэгт ирээд мэдсэн. Намайг хутгалах үед О.Х унтаж байсан, намайг хашхирахаар сэрсэн. Өмнө нь намайг зодоод шүүхээр орж байсан...бид 2019 оны 8 дугаар сард танилцаад ирэн очин байж байгаад 2020 оны 10 сараас хамт амьдрах болсон. Гуя болон мөрөнд учирсан шарх гэмтлүүдийг 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хутгалж учруулсан. Харин дух, баруун бугалганд цус хуралт гэмтлүүдийг 2021 оны 2 дугаар сарын 12-ны шөнө зодож учруулсан...” гэх /хх 20-21, 23-24/,

хохирогч О.Х-ын “...Н.Б манай гэрийн хүрэн иштэй хар ууттай хутгыг барьчихсан зогсож байхаар нь юу болоод яагаад байгаа юм гээд хутгыг авах гэтэл чамд хамаагүй гээд хутгатай гараа далайтал миний зүүн талын суганы орчим хутгалчихсан байсан. Батболд яагаад эхнэрээ хутгалсныг мэдэхгүй. Бид 2 бол багын найзууд...би өмнө мэдүүлэг өгөхдөө шокийн байдалтай урд хойно нь оруулж ярьсан байна...намайг унтаж байхад Ш.О муухай орилоод хашхирсан, тэгэхээр нь би сэрээд юу болж' байнаа гэхэд Н.Б миний орны хажууд байдаг шүүгээнээс хар хуйтай хутга аваад шууд Ш.О-ийн гуян тус газар хутгалсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм боль гээд арагш нь түлхтэл хутгатай гараараа миний зүүн суганы орчим цохих шиг болоод л хутгалчихсан...” гэх /хх 25-28/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1943 дугаартай “...Ш.О-ийн биед зүүн гуянд хатгагдаж суудлын мэдрэл тасалсан шарх, зүүн мөрөнд хатгагдсан шарх, цус хуралт, дух, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна, дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх 43-45/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1930 дугаартай “...О.Х-ын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушгины доод дэлбэнгийн урд дунд хэсгийн эдийн няцрал, хаван гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх 39-41/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-12, 161-163/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-16/,

хохирогч нарын өвчний түүхийн хуулбарууд /хх 98-120/,

эд мөрийн баримт болох хутга болон уг хутгыг шинжилсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 819 дугаартай, биологийн шинжээчийн 202-203 дугаар сарын 31-ний өдрийн 1430 дугаартай дүгнэлтүүд /хх 48-52, 54-57/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Б.Гэрэл-Очир “...ял оногдуулахдаа хамгийн бага хэмжээгээр оногдуулаагүй нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй..., ...Н.Б-д албадлагын арга хэмжээ зайлшгүй хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй нь буруу байх тул дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү..., ...гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзвэл гэмшиж байгааг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү...гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх, шүүгдэгч Н.Б-н Ө.М-тай маргалдан, улмаар нүүрэн тус газар нь хутгаар зүсэж, гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, согтуугаар, гэртээ харихаас татгалзлаа гэж шалтаглан хамтран амьдрагч Ш.О-ийн зүүн гуя, зүүн мөр орчим хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Н.Б-с гэмт хэрэг үйлдсэн зэвсгийг салгаж авахаар оролдох үед О.Х-ын зүүн суганы орчим хутгалж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.4, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Н.Батболдод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялд 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийг 1 хоногт тооцон нийт 30 хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна гэж үзэв.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шийтгэх тогтоолын 4 дэх заалттай хамааралтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ялыг биелүүлсэн учраас уг заалтыг хүчингүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тусгайлан нарийвчлан зохицуулсан хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тусдаа явагддаг. Нэгэнт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан бол уг ялыг биелүүлэх гүйцэтгэх хуудас бичигдэх асуудлуудыг дахин хөндөх шаардлагагүй болно.

Иймд шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Харин шүүгдэгч Н.Б-ын үйлдсэн гэмт хэргүүд нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хасах, өршөөн хэлтрүүлэх үндэслэлүүдэд хамаарагдаж байх тул энэ талаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тус өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Н.Б-ын биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь нийт 139 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ