Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000178 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, З ургийн овогт Сүхээгийн Н (РД: ....), 1977 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл нэг, .... аймгийн ... сум, ... дүгээр багийн ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл “шүүгдэгч С.Н нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ... аймгийн ... сумын ... дүгээр баг, Чандмань гэх газарт Ц.Мтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гар утас барьсан гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Хохирогч Ц.Мын мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дугаар хуудас), хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас), гэрч С.Цын мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), гэрч Н.Гын мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас), шинжээчийн 254 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас), С.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас);

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэрч Н.Гын мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас), хохирогч Ц.Мын тодорхойлолт (хавтаст хэргийн 25 дугаар хуудас), С.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Хохирогч Ц.Мын “...Би 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ө.Б гэх хүний хадлангийн талбайд трактор бариад өвс хадаад өгөөч гэхээр нь 17 цагийн үед өвс хадаж байсан. Тэгтэл манай хуурай дүү Б.Б “таны машин дотор манай гэрийн түлхүүр байна. Манай хөргөгч дотор Д (С.Н) гэх хүний хоолны мах манайд хөлдөөсөн юм, та гаргаад өгчхөөч, би жоохон зав муутай байна, Д (С.Н)  над руу залгаад болохгүй байна” гэж хэлсэн. Би Увс аймгийн Улаангом сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Д (С.Н)-ын гэр рүү автомашинтайгаа очоод хашааны гадна талд зогсож байгаад дуудахад Д (С.Н) гарч ирээгүй. Би Д (С.Н)-ын гэр рүү ороход Сүхбаатар гэх хүнтэй хоёулаа байсан. ...Д (С.Н)  махыг нь аваад машин дотор хийсэн тэгтэл Д (С.Н) аймаг руу ороод гэрийн дулаалга аваад ирье гэхээр нь би ажилтай аймгийн төв рүү орж чадахгүй гэхэд Д (С.Н)  “хүний машин уначхаад ямар том болчихсон гуйлгачин бэ? би чамайг цохиод алж чадна шүү” гэж хэлээд нүүрэн хэсэг рүү зүүн гартаа гар утсаа барьчихсан гараараа миний нүдний доод хэсэг рүү нэг удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05 дугаар хуудас);

- Хохирогч Ц.Мын дахин өгсөн “...Миний биеийн байдал хэвийн байгаа. Надад С.Нгаас нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед С.Н намайг гар утас атгачихсан гараараа цохисон ба гар утас атгачихсан байсан болохоос гар утсаараа цохиогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дугаар хуудас);

- Гэрч С.Цын “...2025 оны 07 дугаар сарын 18-ны өглөө миний нөхөр Ц.М нь 09 цагийн үед Ө.Б гэх айлын хадлан хадах ажлаар гэрээсээ гарсан. Орой 16 цагийн үед нөхөр Ц.М руу юу болж байгааг мэдэхээр утсаар залгахад эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхрөөсөө юу болсныг асуухад “гэрт очиж байгаад хэлье” гээд утсаа салгасан. Миний нөхөр 17 цагийн үед байх гэртээ ганцаараа ирсэн. Нөхрийг харахад зүүн талын зовхины доод хэсэгт язарсан  шархтай, шархандаа 2 оёдол тавиулчихсан, өмсөж явсан малгай, цамц нь цус болчихсон байхаар нь юу болсныг асуухад “манай Чандманийн С.Н гэх залуу согтуу таксинд явж өгсөнгүй гэж маргалдаад гар утас барьсан гараараа цохиж гэмтээсэн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас);

- Шүүгдэгч С.Нгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “....Ц.М надтай маргалдаж байгаад н.Сүхбаатар ахтай хамт орж Б.Бийн гэрээс мах авч ирчхээд дахин надтай маргалдаж эхэлсэн. Би уг автомашины урд талын суудал дээр суучихсан, харин Ц.М жолооны хүрдний ард талд суучихсан байж байгаад би Ц.Мын нүүр хэсэг рүү гар утас барьсан баруун гараараа нэг удаа цохисон. Ц.Мын зүүн талын хөмсөгний орчим цохисон. Тухайн үед Ц.Мын зүүн талын нүдний дээд талд язарч цус гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас) зэргээр 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч С.Н нь хохирогч Ц.Мтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцдаа түүнийг нүүр хэсэгт гар утас барьсан гараараа 1 удаа цохисон үйл баримт тогтоогдож байна.

2.2. Хохирогч Ц.Мын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 254 дугаартай “...Ц.Мын биед зүүн нүдний гадна буланд язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. зүүн нүдний гадна буланд язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байна. Дээрх (2.1-т заасан) үйл баримттай харьцуулан дүгнэвэл шүүгдэгчийн хууль бус довтолгооны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч С.Н нь хохирогч Ц.Мтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцдаа түүнийг гар утас барьсан гараараа нүүр хэсэгт 1 удаа цохиж, зүүн нүдний гадна буланд язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

3.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх, мөргөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдсэн гэж үздэг.

Шүүгдэгч С.Н нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр халдсан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

3.4. Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй. Мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Шүүгдэгч С.Нгийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.   

Шүүгдэгч С.Н хохирогч Ц.Мд учирсан хохирлыг бүрэн төлсөн нь хохирогчийн “...С.Н нь надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд одоо би түүнд гомдолгүй, цаашид түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй” гэх тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), шүүгдэгч С.Нгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н нь ганцаараа амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлын төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

4. Мөрдөгч 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч С.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 37 дугаар хуудас) авсан. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З ургийн овогт С-гийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Нг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА