Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/00839

 

 

 

2023 оны 03 сарын 17 өдөр       Дугаар 183/ШШ2023/00839                        Улаанбаатар хот

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Б дүүрэг,  249 тоотод оршин суух /Сдүүрэг,  6 тоотод бүртгэлтэй/, Ц овогт М.М  /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэг, 18 давхарт байрлах, Ж /РД:******/,

  Хариуцагч: С дүүрэг  өөрийн байранд байрлах, Х ХХК /РД:********/-нд холбогдох,

  Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрэн гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,

Хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э,  Э.Б,

Хариуцагч ХХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.С, П.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Ж ХХК, Х ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрэн гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.М.М миний бие Ж ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Б дүүргийн  249 тоот 112,45 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд 2021 оны 6 дугаар сараас хойш одоог хүртэл гэр бүлийн хамт амьдран сууж байна. Тухайн орон сууцны захиалгын гэрээг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ж ХХК-ийн төв байран дээр очиж, иргэн Г.Э-ээс шилжүүлэн авч, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр огноолсон №200320/6/ тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-г Ж ХХК-тай байгуулсан. Гэрээний 1.1-т зааснаар манай байрны дугаарыг Б дүүргийн 112.45 м.кв талбайтай 314 860 000 төгрөгийн үнэтэй гэж бичсэн байсан. Намайг худалдаж авах үед тухайн байр нь ашиглалтанд бүрэн орсон байсан бөгөөд албан ёсны хаяг нь Б дүүргийн 249 тоот 112,45 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болохыг гэрчилсэн албан бичиг болон хаяг байршлын схем зургийг канондаж, гэрээнд хавсаргаж өгсөн. Гэрээ шинэчлэн байгуулах үед Ж ХХК-ийн ажилтнууд “та захиалгын гэрээгээ шилжүүлээд авчих юм бол гэрчилгээ нь таны нэр дээр удахгүй гарчихна” гэж хэлж байсан. Гэтэл захиалгын гэрээ шилжүүлж авсны дараа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй удаад байхаар нь Ж ХХК руу утсаар холбогдож асуухад гэрчилгээ гараагүй, удахгүй гарна, хүлээж бай гэж хэлээд дараа нь утсаа авахгүй болсон. Ж ХХК-тай байгуулсан №200320/6/ тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 3.6-д “Гэрээний 1.1-т заасан хөрөнгө оруулалтын нийт дүнг бүрэн хэмжээгээр төлж, барилгыг зохих журмын дагуу ашиглалтанд оруулсны дараа захиалагчийн өмчлөлд тухайн захиалсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлнэ” гэж заасан ба манай орон сууцны төлбөр 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлөгдөж дууссан, төлбөр тооцоо дууссан болохыг гэрээний хавсралтад “Төлбөр тооцоо” гэсэн хэсэгт тэмдэглэн баталгаажуулсан байдаг. Хөрөнгө оруулалтыг бүрэн хэмжээгээр төлж, орон сууц зохих журмын дагуу ашиглалтанд орчихоод байхад Ж ХХК нь тухайн орон сууцны өмчлөлийг одоог хүртэл надад шилжүүлж өгөөгүй буюу орон сууцны өмчлөлийг шилжүүлж өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ одоо хүртэл миний нэр дээр бүртгэгдээгүй байна. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардаж, Ж ХХК-д хэд хэдэн удаа хандсан боловч хүлээж аваагүй. Ж ХХК нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаагаас М.М миний өмчлөх эрх ноцтойгоор зөрчигдөж, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй, тухайн байрыг захиран зарцуулах эрхгүй хэвээр байгаад гомдолтой байна. Манай гэр бүл энэ байранд амьдраад 1 жил 6 сарын хугацаа өнгөрч байна. Бүтэн нэг жил зургаан сарын турш орон сууцныхаа гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авч чадахгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирч байна.

Иймд Ж ХХК нь одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, орон сууцны өмчлөлийг худалдан авагч талд шилжүүлж өгөөгүй буюу тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг М.М миний нэр бртгүүлж өгөхгүй байгаа тул М.М /рд:*******/ намайг Б дүүргийн  249 тоот 112,45 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг М.М миний нэр дээр бүртгүүлж өгөхийг хариуцагч Ж ХХК-д даалгаж өгнө үү.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Хариуцагч Ж ХХК-иас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтуудыг надад гаргаж өгсөн гэж байгаа боловч тус компаниас гаргаж өгсөн албан бичиг, тодорхойлолт зэрэг бичиг баримтууд нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлэхэд шаардлага хангахгүй байна хэмээн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гэрчилгээ гаргаж өгөхөөс татгалзсан хариу өгсөн байдаг. Тодруулбал, орон сууц бүхэлдээ ХХХК-ийн барьцаанд байгаа тул банкнаас хэсэгчлэн чөлөөлсөн бичиг авч ирэхийг шаардсан тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгүүлж чадаагүй буюу гэрчилгээ гаргуулж чадаагүй. Ж ХХК нь барилгыг ХХХК-ийн барьцаанд тавьсан, банкнаас нэхэмжлэгчийн байрыг барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн бичгээ гаргаж өгөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн буруугаас болоогүй тул Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний дагуу орон сууцны өмчлөлийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлж өгөхийг хариуцагчаас шаардсан болно. Гэтэл Ж ХХК нь гаргаж өгөх баримтаа бүрэн гаргаж өгсөн хэмээн хариу тайлбар хийж өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй байгаа нь ХХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж тайлбарлаж байгаа тул ХХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг гаргасан. Иймд, Б дүүргийн  249 тоот 112,45 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Мөн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан. Манай хоёрдох нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэлбэл тухайн барилга бүхэлдээ банкны барьцаанд байгаа тул хариуцагч нарт холбогдуулан гаргаж байгаа. 200320/6/ тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээнд гарын үсэг зурсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй байсан болохоор нь оршин суугчид байраа зарж эхэлсэн.  Гэрээ шинэчлээд байгуулахаар гэрчилгээ нь гарчихна гэж байсан боловч гэрчилгээ гараагүй барьцаанд байгаа. Тиймээс өмчлөгчөөр тогтоолгоод өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгуулах буюу өмчлөлд шилжүүлэх хүсэлт, төлбөр төлөгдсөн талаарх баримт болон банкны барьцаанаас хэсэгчлэн чөлөөлүүлэх тухай баримтыг гаргуулахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү. Банкны зүгээс төлбөрөө төлчихсөн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн 70-80 хувийг хэсэгчилж чөлөөлсөн гэх боловч нэхэмжлэгч төлбөрөө бүрэн төлсөн байхад байр одоогоор барьцаанд байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Э ХХК-тай Бараа материал нийлүүлэх бартерын гэрээтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан Б дүүрэг  249 тоот, 112.45 мкв 3 өрөө орон сууцыг манай компани барьж ашиглалтанд оруулж захиалагч талд хүлээлгэн өгч, ЭХХК нь манай компанид барилгын угсралтын арматур нийлүүлсэн. Э ХХК нь тус орон сууцыг эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч М.М-д шилжүүлэн өгсөн. Бид Э ХХК-тай бүрэн тооцоо нийлж дуусаагүй байх үед Хболон манай компанийн хооронд үл ойлголцол үүсч, зөвшилцөлд хүрч чадалгүй Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүссэний улмаас дуусаагүй барилгын гэрчилгээнээс салган бүртгүүлэх асуудал хойшлогдоод байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 шаардлага болох өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг бид хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нөгөө шаардлага болох өмчлөгчөөр тогтооход шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгахыг зөвшөөрөхгүй байна. Учир нь бид шаардлагатай баримтуудыг өгөхөд бэлэн, төлбөрөө төлчихсөн, орон сууцанд амьдарч байгаа талаар маргахгүй. Харин Худалдаа хөгжлийн банкнаас төлбөрийг төлчихсөн байхад барьцаанаас чөлөөлсөн бичиг л өгөхгүй байгаа юм гэв.

 

3.Хариуцагч ХХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хболон Ж ХХК нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №ЗГ/149 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ХХХК болон Ж ХХК нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ЗБ/149-21 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд Барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн хүснэгтэд заасны дагуу Барьцаалуулагч буюу Ж ХХК нь Б дүүргийн 752 тоот хаяг (5,609.00 м.кв талбайтай) орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүхэлд нь барьцаалуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Зээлийн барьцаатай холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна” гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, 41.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасан байдаг. Мөн Барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Гэрээний 4.2-д заасан мэдэгдэлд хуанлийн 30 хоногийн дотор барьцаалуулагч хариу өгөөгүй буюу үүргээ биелүүлээгүй бол банк нь барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдах ажиллагааг эхлүүлнэ” гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад “Зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, зээлийн гэрээний үндсэн болон хуваарьт хугацаанд зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг гэрээнд заасан журмаар худалдан борлуулж, барьцаагаар хангагдах шаардлагыг хангуулах” гэж, 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад “Гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлдэгч барьцаагаар хангагдах шаардлагыг төлж барагдуулсан тохиолдолд барьцааны зүйлийн бичиг баримтыг барьцаалуулагчид хүлээлгэн өгч, барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөх” гэж тус тус заасан байна. Тодруулбал, хэрэв зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зээлийн гэрээнд тусгасан хугацаа, хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд Банк түүний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн барьцаанд буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах эрхтэй байна. Мөн зээлийн гэрээний үүрэг биелүүлэгдээгүй тохиолдолд банк барьцаалуулагчид барьцааны зүйлийн баримтыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээхгүй байна. Энэхүү хариу тайлбарыг гаргах өдрийн байдлаар Ж ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ биелүүлээгүй,  хугацаа хэтэрсэн ангилалтай байгаа тул банкны хувьд Иргэний хуулийн 160 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээнд тус тус заасны Ж ХХК-ийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой барьцааны эрхийг дуусгавар болгох, чөлөөлөх хууль болон гэрээнд заасан үндэслэл бүрдэхгүй байгаа болно.

Иймд М.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү. Хэрэв Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М.М-ийг тогтоож шийдвэрлэсэн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Барьцааны зүйлийг ... өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүрэг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд банк барьцааны шаардлага хэвээр үлдэхээр байна. Түүнчлэн, талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №ЗГ/149-"/ Зээлийн нэмэлт гэрээний 7 дугаар зуйлийн 7.1.15 дахь заалтад заасны дагуу хэрэв зээлдэгч нь зээлийн санхүүжүүлсэн, барьцаанд тавьсан барилгын борлуулалтын орлогын 90 хувиас доошгүй дүн банкан дахь харилцах дансаараа дамжуулсан, улмаар зээлд төлсөн тохиолдолд банк барьцаанаас хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлөх боломжтой байна гэсэн.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, иргэний үнэмлэхний хуулбар, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №200320/6/ тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 04/785 тоот албан бичиг, барилгын схем зураг, гэрэл зургууд, М.М-с Н.Н-д олгосон итгэмжлэл, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Ж ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдррийн 21/594 тоот тодорхойлолт, 21/593 тоот албан бичиг /хэргийн 3-13, 23, 25-28-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Ж ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э.Б олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Л.Э-д олгосон итгэмжлэл /хэргийн 16-17, 22, 66-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч ХХХК-иас У.Э, П.Н нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, хариу тайлбар, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/149 тоот Зээлийн гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/149-7 тоот Зээлийн нэмэлт гэрээ, хавсралт, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЗБ/149-21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хэргийн 36-40,  45-52-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Б дүүргийн, 249 тоот 112,45 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа /хэргийн 35-р хуудас/-г бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч М.М-ийн хариуцагч Ж ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Х ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь худалдан авсан орон сууцныхаа үнийг бүрэн төлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, уг орон сууцанд амьдарч байгаа боловч хариуцагч Ж ХХК, Х нар нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг өгөхгүй эрх зөрчиж байна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч Ж ХХК нь орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгсөн, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж, өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй, Х банк ХХК-ийн зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ байгаа учраас улсын бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг өгөх боломжгүй байсан гэж,  

4.Хариуцагч Х ХХК нь орон сууц нь хариуцагч Ж ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаа хөрөнгө тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, зээлийн нэмэлт гэрээгээр орон сууцны үнийг манай банкинд байршуулаагүй, мөн манай банкны дансанд төлөөгүй гэж үгүйсгэсэн.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Ж ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр №200320/б/ тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр захиалагч М.М нь Б дүүргийн  112,45 м.кв талбайтай орон сууцанд 249 тоот 112,45 м.кв талбайтай 3 өрөө орон сууц/ 314 860 000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх, гүйцэтгэгч Ж ХХК нь орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

 

6.Талуудын маргааны зүйл нь орон сууцыг өмчлөлд шилжүүлэх, шаардлагатай баримт бичгийг гаргуулах талаар байна, №200320/б/ тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” байгуулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, орон сууцыг хүлээн авсан талаар маргаагүй.

 

7.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.М нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №200320/б/ тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ий дагуу Б дүүргийн  249 тоот 112,45 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны төлбөр болох 314 860 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, төлбөрийн тооцоо гэсэн баримтаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж дүгнэв.

 

7.1.Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №200320/б/ тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний зүйл болох орон сууцны барилга нь 2020 оны 01 дүгээр сард ашиглалтад орсон болох нь нэхэмжлэгчийн болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

Гэрээний зүйл болох орон сууцны барилга нь ашиглалтад орж, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг бүрэн төлсөн талаар маргаагүй тул хариуцагч Ж ХХК нь үнийг бүрэн төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг болон түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг ашиглалтад орсноос хойш шилжүүлэн авч, эзэмшиж ашиглаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.  

Талуудын хооронд байгуулагдсан “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.6-д “гэрээний 1.1.-д заасан хөрөнгө оруулалтын нийт дүнг бүрэн хэмжээгээр төлж барилгыг зохих журмын дагуу ашиглалтад оруулсны дараа захиалагчийн өмчлөлд тухайн захиалсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлнэ” гэж заасныг хариуцагч зөрчсөн болох нь хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, хариуцагч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

7.2.Хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцыг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буюу нэхэмжлэгчтэй 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” байгуулахдаа Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/149 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байх тул нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, худалдан авагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.

Хариуцагч Ж ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй, банктай барьцааны гэрээ байгуулахдаа орон сууцны үнийг төлсөн захиалагч нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх талаар тохиролцсон, банк уг баримтыг гаргаж өгөөгүй, бусад баримтыг өгөхөд татгалзахгүй  гэсэн бөгөөд хариуцагч ХХХК нь нэмэлт гэрээний дагуу орон сууцны үнийг нэхэмжлэгч нь банкинд байршиж байгаа дансанд төлөөгүй, нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг хариуцагч Ж ХХК нь шилжүүлээгүй гэж мэтгэлцсэн.

7.3.Хариуцагч Ж ХХК нь ХХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлийн нэмэлт гэрээг байгуулсан байх ба уг гэрээний 6.2.42-д “зээлдэгч нь захиалагчтай байгуулах орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон захиалгаар орон сууц бариулах гэрээнд худалдан авагчийн буюу захиалагчийн холбоо барих утас, албан ёсны хаягийг нь тусгаж тухайн гэрээ тус бүрийн хуулбарыг ХХ Банкинд хүргүүлэх”, 6.2.44-д “зээлдэгч нь зээлээр санхүүжүүлж буй барилгын борлуулалтын орлого орж ирэх тухай бүрд зээлийн гэрээний эргэн төлөх хуваарь үл харгалзан зээлд төлөх ба уг орлогоор шинэ барилгын ажлыг санхүүжүүлэхгүй байх”, 7.1.15-д “зээлдэгч нь зээлээр санхүүжүүлсэн, барьцаанд тавьсан барилгын борлуулалтын орлогын 90 хувиас доошгүй дүнг тус банкин дахь харилцах дансаараа дамжуулсан, улмаар зээлд төлсөн тохиолдолд Банк барилгыг барьцаанаас хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлөх”-өөр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцны үнэ болох 314 860 000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан төлбөрийн тооцоогоор тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан өмчлөх эрхийг болон өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг өгөх үүргээ биелүүлээгүй, мөн хариуцагч ХХХК-тай байгуулсан зээлийн нэмэлт гэрээний үүргийг зөрчиж нэхэмжлэгчийн төлсөн орон сууцны төлбөрийг Худалдаа, хөгжлийн банкны дансаар дамжуулаагүй байна гэж үзэв.

7.4.Иймд хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч М.М-ийг Б дүүргийн 249 тоот 112,45 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардлагатай баримт бичгийг бүрэн гаргуулахыг гэрээний нэг тал болох хариуцагч Ж ХХК-нд даалгаж, харин нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагч Х банкнаас шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэж, хариуцагч Х банк ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 802 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас 1 802 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Ц овогт М-ын М-ийг Б дүүргийн  249 тоот 112,45 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргахыг хариуцагч Ж ХХК-нд даалгаж, хариуцагч Х ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1802 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 802 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН