Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2023/00012/И |
Дугаар | 145/шш2023/00199 |
Огноо | 2023-04-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 145/шш2023/00199
2023 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 145/ШШ2023/00199 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 06 дугаар багт оршин суух, 1994 онд онд төрсөн, 28 настай, ........ овгийн А.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 06 дугаар багт оршин суух, 1979 онд төрсөн, 44 настай, ...... овгийн Э.А холбогдох
6000000 төгрөг гаргуулахтухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 6000000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* нь надаас 6000000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй, 7 хоногийн хугацаатайгаар өгөөч банкныхаа хүүг хаачихаад буцаагаад өгье гээд авсан. Тэгээд 7 хоног нь болоод зээл нь бүтээгүй, миний мөнгийг үрчихээд мөнгөө төлөх боломжгүй байна хугацаагаа сунгаж өгөөч гээд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгасан ч тэр өдөр төлөх боломжгүй байна гээд 2022 оны 03 дугаар сар хүртэл сунгасан. Ахиад боломжгүй байна, орлого сайжрахаар өгье гээд 2022 оны 06 сар хүртэл сунгасан. 2022 оны 06 дугаар сараасаа ахиад 2022 оны 08 дугаар сар хүртэл сунгасан ч 08 дугаар сардаа Ховд аймаг руу ажил хийх гэж явсан, цалин нь буух болоогүй байна гээд явсан. Ингээд хугацаагаа сунгаад л яваад байсан, бүр сүүлдээ 2021 оны 10 дугаар сард ажиллуулдаг байсан бэйкерийнхээ тоног төхөөрөмжөө зараад өгье гээд зар тавьсан боловч сайн зарагдаж өгөхгүй, өөрөө ч зарах сонирхолгүй байсан. Тэгээд Заамарын уурхай руу явж ажил хийгээд ядаж хүүгээ хүртэл төлнө гэсэн боловч одоог хүртэл надтай холбоо бариагүй байгаа. Тухайн үед ******* аман гэрээ л байгуулж 6970000 төгрөг төлсөн. 50000 төгрөгний бялууг төлбөрөөс хасч тооцохоор ******* авсан. Намайг байхгүй үед ******* манай ээжид ноолуур цамц өгсөн байсан. Тэр цамц одоо хүртэл байгаа. Буцааж өгч болно. Иймд ******* 6000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Авиддулам нь нэхэмжлэгч *******аас 6.000.000 төгрөг зээлснээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэр нь дансны хуулгаар нотлогддог. Уг 6.000.000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй, 7 хоногийн хугацаатайгаар зээлсэн байдаг. 6.000.000 төгрөгийн өдрийн 1 хувийн хүү нь 60,000 төгрөг бөгөөд 7 хоногоор үржихээр 420,000 төгрөг болж байгаа. Хариуцагч нь зээлсэн 6,000,000 төгрөг, хүү 420,000 төгрөгийг бага багаар бүгдийг нь барагдуулаад дууссан гэдэг. Тэр нь мөн дансны хуулгаар нотлогддог. Тэгэхээр Иргэний хуульд иргэд хоорондын зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч нь хүү шаардах эрхээ алдана гэж заасан. Э.Авиддулам нь 7 хоногийн хугацааны хүүгээ болон үндсэн зээл 6.000.000 төгрөгөө ч мөн төлсөн. Тэрнээс илүү гаргаад төлсөн. Гэхдээ илүү гаргаж төлсөн мөнгөө буцааж шаардахгүй. Тэгэхээр хууль ёсны дагуу гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэгчийн шаардаж байгаа 6,000,000 төгрөгийг өгөх хууль зүйн үндэслэлгүй гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, *******ын ......... тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, төлөх төлбөрийг дэлгэрэнгүй харуулсан баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын мессежээр харилцсан тухай мессежний хуулбарууд, хариуцагч тоног төхөөрөмж зарах тухай зарын хуулбарууд, 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн СХЗГ21/226 дугаартай зээлийн гэрээний хуулбар, тоот болон тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, CD бичлэг зэрэг баримтуудыг,
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
6. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийж, Хаан банкнаас тоот болон , , тоот дансны хуулгуудыг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх *******ын нэхэмжлэлтэй, ******* холбогдох 6000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч ******* амаар гэрээ байгуулж 6000000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй зээлж, 6970000 төгрөгийг хүүнд төлсөн. ******* 50000 төгрөгний бялууг төлбөрөөс хасч тооцно. Одоо үндсэн зээл 6000000 төгрөгийг нэхэмжилнэ...гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч Э.Авиддулам нь нэхэмжлэгч *******аас 6000000 төгрөг зээлснээ хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч нь зээлсэн 6,000,000 төгрөг, хүү 420,000 төгрөгийг бага багаар бүгдийг нь барагдуулаад дууссан. Иргэний хуульд иргэд хоорондын зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч нь хүү шаардах эрхээ алдана гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн шаардаж байгаа 6000000 төгрөгийг өгөх хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлажээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *******, хариуцагч Э.Авиддулам нар нь амаар харилцан тохиролцож 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд, уг зээлийн гэрээгээр хариуцагч Э.Авиддулам нь нэхэмжлэгч *******аас 6,000,000 төгрөгийг, 7 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэй зээлж авахаар, нэхэмжлэгч ******* нь түүнд 6,000,000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу 6,000,000 төгрөгийг хариуцагч ******* бодитоор шилжүүлэн өгөх үүрэгтэй байтал дансаар хариуцагч дансанд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасантай нийцэж байх бөгөөд зээлийн 6,000,000 төгрөгийг хариуцагч Э.Авиддулам хүлээн авсан гэж үзнэ.
Зохигчдийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Зохигчид зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй, харин нэхэмжлэгч ******* нь 6970000 төгрөгийг хүүнд тооцож авсан, хариуцагч Э.Авиддулам үндсэн зээл төлж барагдуулсан гэж маргаж байна.
Хариуцагч Э.Авиддулам нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 7020000 төгрөг /6970000 +50000/бялуу/-ийг төлж, уг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон нь талуудын тайлбар, дансны хуулгуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь хуульд зааснаар ******* төлсөн төлбөрийг хүүнд тооцон, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээл, хүүг шаардах эрхтэй боловч зохигчид 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү авах эрхээ алдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар *******ын нэхэмжлэлтэй, ******* холбогдох 6000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА