Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр (томилолтоор), шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000176 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Д-гийн Н (РД: ...), 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар багийн ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “шүүгдэгч Д.Н нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан  үедээ 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт 0.33% согтолтой, “Toyota aqua” загварын, 96-55 УВС улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас), эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 18 дугаар хуудас), гэрч Г.Д-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас), гэрч Н.Э-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дүгээр хуудас);

- Шүүгдэгчийн жолоодож явсан автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас);

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас);

- Цагдаагийн ерөнхий газраас 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр авсан жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 18 дугаар хуудас);

- Гэрч Г.Д-гийн “...2025 оны 07 дугаар сарын 18-ны орой 22 цаг 30 минутын үед Улаангом сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэр, Морин хууртай тойргоос зүүн зүгт “89” нэртэй авто угаалгын газрын урд замд “Toyota aqua” загварын, 96-55 УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолоочоос нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба регистрийн дугаараар нь цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас шалгаж үзэхэд Д-гийн Н гэх иргэн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Түүнийг согтуурал шалгах багажаар шалгахад 0.33% согтолтой гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас);

- Гэрч Н.Э-ын “...Би тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Г.Д-гийн хамт 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 30 минутаас 2025 оны 07 дугаар сарын 19-ны өглөө 02 цаг 30 минут хүртэл Улаангом сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 2025 оны 07 дугаар сарын 18-ны орой 22 цаг 30 минутын үед Улаангом сумын 06 дугаар баг нутаг дэвсгэр, Морин хууртай тойргоос зүүн зүгт “89” нэртэй авто угаалгын газрын урд замд “Toyota aqua” загварын, 96-55 УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг цагдаагийн зохицуулагч, ахлагч Г.Д-гийн хамт зогсоон шалгахад жолоочоос нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тухайн жолоочийн биеийн байцаалтыг тодруулахад Д-гийн Н гэх иргэн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Түүнийг согтуурал шалгах багажаар шалгахад 0.33% согтолтой гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас);

- Шүүгдэгч Д.Нгийн яллагдагчаар өгсөн “...Би Улаангом сумын 07 дугаар багт хувиараа машин засвар ажиллуулдаг. 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би засварын газар дээрээ ажиллаж байхад надад машин засуулсан хүн 1.5 литр гүүний айраг өгсөн. Тухайн өдөр би ажил дээрээ 1.5 литр гүүний айргаа ганцаараа уучхаад ажлаа тараад гэр рүүгээ өөрийн эзэмшлийн “Toyota aqua” загварын, 96-55 УВС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод харьж байхад замын цагдаа зогсоож шалгасан. ...Би цагдаагийн газар дээр ирээд согтуурал шалгах багажаар согтуурлаа шалгуулахад 0.33% согтолтой гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас) зэргээр 2025 оны 07 дугаар сарын 18-ны орой Увс аймгийн Улаангом сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Д.Н нь согтуурсан /0.33% согтолттой/ үедээ “Toyota aqua” загварын, 96-55 УВС улсын дугаартай автомашин жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

2.2. Цагдаагийн ерөнхий газраас 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр авсан жолоочийн лавлагаа, мэдээлэл (хав таст хэргийн 18 дугаар хуудас);

Шүүгдэгч Д.Нгийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаарх АСАП сангийн лавлагаа зэргээр Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ЗШ/4358 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар шүүгдэгч Д.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400’000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал шүүгдэгч согтуугаар автомашин жолоодох үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл эдэлж байсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байжээ.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор жолоочийн анхаарал төвлөрөлт алдагдаж, самбаачлах чадвар буурснаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарах зам тээврийн осол, зөрчил улам нэмэгдэж, улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирол, хор уршгийн хэмжээ нэмэгдэж байгаа тул хууль тогтоогчоос давтан үйлдлээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний үйлдлийг нийгэмд аюултайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Д.Н нь “Toyota aqua” загварын, 96-55 УВС улсын дугаартай автомашиныг жолоодох явцад түүний амьсгал дахь спиртийн агууламжийн хэмжээ 0.33 промиль буюу 0.20 промиль (%)-ээс их байсан тул түүнийг согтуурсан гэж үзнэ.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тодорхойлсон.

Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ЗШ/4358 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар шүүгдэгч Д.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан, тус хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “механикжсан тээврийн хэрэгсэл гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгодог. Шүүгдэгчийн тухай үед жолоодож явсан “Toyota aqua” загварын, 96-55 УВС улсын дугаартай автомашин нь Эрүүгийн хуульд заасан “тээврийн хэрэгсэл” гэх ойлголтод хамаарч байна.

3.4. Шүүгдэгч Д.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ “Toyota aqua” загварын, 96-55 УВС улсын дугаартай автомашин 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр жолоодсон үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигддөг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлдэг сөрөг үр дагавартай гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирдаггүй тул хохирол, хор уршгийн хэмжээг мөнгөн дүнгээр тооцож, нөхөн төлүүлэх боломжгүй юм. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлсэн сөрөг үр дагаврыг арилгасанд буюу гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсанд тооцдог. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх санал гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

4. Мөрдөгч 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Д.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас) авсан. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Д-гийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах, 250 (хоёр зуун тавь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

4. Шүүгдэгч Д.Н нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МӨНХЗАЯА