| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0158/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/183 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй (томилолтоор), хохирогч Ш.Х, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Г.О, Ц.С, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2335000530024 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Г-гийн О (РД: ...),1982 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр багийн Хөгжил хорооллын ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн, Г овгийн Ц-ийн С (РД ...), 1982 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр багийн Хөгжил хорооллын ... тоотод оршин суудаг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 640 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.
Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж “шүүгдэгч Г.О нь албан тушаалын байдлаа ашиглаж, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Хд “газар худалдан авч байшин барьж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нөхөр Ц.Сы Төрийн банкны ... тоот дансаар 22’500’000 /хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлэн авсан;
- Шүүгдэгч Ц.С нь шүүгдэгч Г.Оыг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Хд “газар худалдан авч байшин барьж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн эзэмшлийн Төрийн банкны ... тоот дансаар 22’500’000 /хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн” гэж тус тус дүгнэн, тэдгээрийн үйлдлийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Хохирогч Ш.Хын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25-32 дугаар хуудас), гэрч Б.Төөрүүлийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 37 дугаар хуудас), гэрч Ц.Хын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48 дугаар хуудас), гэрч Б.Аын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас), гэрч Г.Эын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55, 67-68 дугаар хуудас), гэрч Д.Дгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас), гэрч Б.Оын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас), гэрч Б.Шын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70 дугаар хуудас), гэрч Ц.Бгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72 дугаар хуудас), гэрч Ч.Бийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас), гэрч Г.Э, Д.Д нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас), гэрч Н.Цгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 109 дүгээр хуудас), гэрч Т.Дгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 111 дүгээр хуудас), гэрч А.Оийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 113 дугаар хуудас), Ц.Сы дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 126-127, 159-160 дугаар хуудас), хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 128 дугаар хуудас), дахин хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 132-139 дүгээр хуудас), авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 140-142 дугаар хуудас), Ц.Сы дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас), Увс аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 56 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 212 дугаар хуудас), улсын бүртгэлийн хэлтсийн 228 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 214 дүгээр хуудас), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 41-45 дугаар хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас), Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн даргын 73 дугаартай албан бичиг (3 дахь хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), шүүх шинжилгээний хэлтсийн 33/130 дугаартай албан бичиг (3 дахь хавтаст хэргийн 52 дугаар хуудас), баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 210-215 дугаар хуудас), гэрч Г.Бын мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 217 дугаар хуудас), гэрч Ш.Лгийн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 219 дүгээр хуудас), гэрч Г.Сгийн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 221 дүгээр хуудас), Г.Эын мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 226 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч Б.Дгийн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 232 дугаар хуудас), хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дахь хавтаст хэргийн 249-250 дугаар хуудас), яллагдагч Г.О, Ц.С нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 77-79, 91-92 дугаар хуудас);
- Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 01 дүгээр хуудас), иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 22 дугаар хуудас), Ш.Хын хохирогчоор өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас), гэрч Ч.Бийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 98 дугаар хуудас), хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 128 дугаар хуудас), дахин хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 132-139 дүгээр хуудас), Увс аймгийн Цагдаагийн газрын дэд даргын 46-1/488 дугаартай албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 73 дугаар хуудас), Увс аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 649 дугаартай албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), Ц.Сы зээл авсан тухай зээлийн гэрээ, баримтууд (2 дахь хавтаст хэргийн 79-117 дугаар хуудас), хөрөнгийн үнэлгээний тайлан (4 дэх хавтаст хэргийн 01-12 дугаар хуудас) зэрэг болно.
2. Талууд гэм буруугийн шүүх хуралдаанд:
- Улсын яллагч “...Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийхэд одоог хүртэл шүүгдэгч нар нь хохирогчийн төлбөрийг буцаан төлөөгүй нөхцөл байдал бол тогтоогдож байна. Мөн хэргийн үйл баримтаар одоог хүртэл газрын гэрчилгээ гараагүй. Мөн шүүгдэгч Г.О нь манай нөхрийн нэр дээр байгаа газар юм гэж итгүүлж өөрийнх нь газрыг өөрт нь зарсан нөхцөл байдал тогтоогдсон. 22’500’000 төгрөгийг хохирогч Ш.Х өөрийнхөө эзэмшлийн Хаан банкны данснаас Ц.Сы Төрийн банкны данс руу шилжүүлсэн нөхцөл байдал, мөн шилжүүлсэн мөнгийг бол хувьдаа завшсан, пронтер загварын тээврийн хэрэгсэл авсан болох нь, барилгын ажилд зарцуулаагүй болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон. Хэргийн үйл баримтаар юу тогтоогддог вэ гэхээр Ц.Сы хувьд 30’000’000 төгрөгийн сангийн зээлийг 2021 оны 05 дугаар сард авсан байдаг. Тухайн зээлийг авсны дараа сар гаруй хугацааны дараагаар хохирогчтой яриад барилгын материал авах гэсэн юм 22’500’000 төгрөгөө яаралтай шилжүүлээч гэдэг агуулгаар шилжүүлэн авсан. Шилжүүлж авсан өдрөө бол тухайн пронтер загварын тээврийн хэрэгслийг худалдан авсан байгаа. Тэгэхээр тухайн хохирогчоос шилжсэн 22’500’000 төгрөгөөс тухайн тээврийн хэрэгслийг авсан юм гэдэг нь нотлогдон тогтоогдож байгаа. Мөн шүүгдэгчийн зүгээс яриад байсан энэ ковидын идэвхтэй үе бол 2020 онд зогссон байгаа. ...Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 79 дугаартай захирамж байгаа. Тухайн захирамжийг бол хэргийн үйл баримтаар яг хууль ёсны гэж үзэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч нарын хувьд хохирогчтой очиж уулзсан байдаг. Уулзаж ярилцахдаа бол 1’500’000 төгрөг хашааны төлбөр, үлдэгдэл 21’000’0000 төгрөг бол байшингийн төлбөр нийт 22’500’000 төгрөг гэж тохиролцож уг мөнгийг хүлээн авсан боловч барилгын зориулалтаар бус хувьдаа ашигласан нөхцөл байдал бол хавтаст хэргийн хүрээнд хөтөлбөргүй тогтоогдсон. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийг бол төөрөгдөлд оруулж, юу гэж төөрөгдөлд оруулсан юм бэ гэхээр манай нөхрийн газар гэж төөрөгдөлд оруулсан нь хуурч мэхлэх замаар дээрх гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал хөтөлбөргүй тогтоогдсон. Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 661 дугаартай тогтоолоор залилах гэмт хэргийн үндсэн шинжид бол гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг гэж тодорхойлж заасан. Тэгэхээр шүүгдэгч нарын хувьд одоо хүртэл хохирогчийн нэг ч төгрөгийг төлөөгүй байгаа нь бол иргэний эрх зүйн харилцаанаас ялгаатай байна. Энэ гэмт хэрэг байна гэж үзэх үндэслэлтэй. Энэ яллах гэмт хэргийн шинжийг бол бүрэн хангасан байна. Иймд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтээ дэмжиж байна” гэх агуулгатай;
- Хохирогчийн өмгөөлөгч “...2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгч Ц.Сы данс руу 22,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед ямар итгэл үнэмшлээр энэ 22,500,000 төгрөгийг шилжүүлээд байгаа юм бэ гэхээр газартай болох юм байна, хашаа, байшинтай болох юм байна, үл хөдлөх хөрөнгөтэй болох юм байна гэсэн итгэл үнэмшлээр хандаж хийсэн байдаг. Тэгтэл одоо үл хөдлөх хөрөнгөгүй, газаргүй ийм нөхцөл байдалтай болчихсон. Энэ газрыг тухайн үед хэлцэл хийгдэж байх явцад мэдээгүй байсан. Ингээд бол Ц.Сы нэр дээрх газрыг худалдаж авч байна гэдэг зорилгоор энэ газрын тохиролцоог анх хийсэн гэдэг нь харагдаж байна гэж үзэж байна.
...Цагаанхайрхан сумын Арбулаг багийн Байшинтад байрлалтай байгаа газар өөрөө, 76 дугаартай захирамж өөрөө хууль ёсных юм уу, үгүй юм уу гэдэг асуудал магадгүй яригдаад, ингээд захиргааны хэргийн шүүхийн маргаан болно. Тэр захирамжийг би гаргаагүй. Тухайн үед би ээлжийн амралттай байсан гэдэг байдлаар Засаг дарга нь гэрчээр мэдүүлэг өгөөд явчихсан ийм нөхцөл байдал байдаг. Тэгэхээр энэ хууль ёсны дагуу үүссэн тухайн тэр захирамж өөрөө хууль ёсных юм уу, үгүй юм уу гэдэг асуудал яригдах эрсдэлтэй байгаад байгаа юм. Тэгэхээр энэ бол хууль ёсны биш гэж байгаа. Бид нар худалдаж авсан болохоос биш өөрийнхөө өмчлөлийн газар дээр хашаа, байшин бариулаад байгаа асуудал биш юм гэдэг мэдүүлгийг хохирогч нар өгдөг.
...Тэгэхээр энэ байшин бариулах хүсэл зоригийг хэн илэрхийлээд байгаа юм, тэр байшинд цаашдаа хэн амьдрах юм гэдэг чинь өөрөө энэ хохирогч байхгүй Ш.Х байгаа биз. Тэгэхээр энэ хүмүүст одоо тэр байшин баригдаж эхлэх үеэс эхлээд энэ чинь болохгүй байна аа, нимгэн байна гэдэг асуудлыг тавьж ирж байсан асуудал байна уу гэвэл байгаа. Тэгэхээр энэ бараа материалын үнийг л 16,800,000 төгрөгөөр үнэлчихсэн байсан байх. Тэгэхээр энэ 22,500,000 төгрөгийг би бэлэн мөнгөөр шилжүүлээд өгчихсөн. Тухайн тохирсон хугацаандаа 2021 оны 10 сард, 2022 оны 06 сард гүйцээгээд өгнө гэсэн энэ цаг хугацаандаа бол барьж өгөхгүй, 2021 оны 10 сараас хойш тэр хашааны гүйдэг хаалгыг хийсэн юм байна. Байшин гэдэг чинь өөрөө гадаа нэг рам босгохоороо байшин гэдэг зүйлийг илэрхийлдэггүй. Энэ чинь өөрийн гэсэн тодорхой бүрдэл хэсгүүд, деталиудтай байдаг. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн байдлаар энэ байшинг нь бариад өгчихье гэдэг ийм санаа зорилго бол агуулаагүй юм байна, байхгүй юм байна. Энэ нь 2022 онд тухайн байшин дээр ямар нэгэн ажлыг бол хийгээгүй гэдгээс харагдаж байна. Ш.Хын хувьд бол 2022 оны 06 сард гүйцээгээд өгнө гээд ингэсэн боловч өгөөгүй учраас бид дараагийн шатандаа хандаад явсан юм гэдэг зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр миний үйлчлүүлэгчид тэр учирсан хохирол 22,500,000 төгрөгийг гаргуулж, олгож өгнө үү. Тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйлдэлдээ бол гэм буруутай байна гэж харж байгаа” гэх агуулгатай;
- Шүүгдэгч нарын өмгөөлөгч “...2015 оны тэр газар олгосон захирамж хууль ёсны байсан юм уу, байгаагүй юм уу, жишээлбэл анх Б.А, Ш.Х гэдэг 2 хүн өргөдлөө өгсөн юм уу, өгөөгүй юм уу, Г.О санаатайгаар Б.А нарын нэр дээр газар авчхаад нуун дарагдуулчихсан байсан юм уу, үгүй юу гэдэг энэ хэсэг дээр бол ямар нэгэн эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр яваад байна. Дээрээс нь яллах дүгнэлт дээр юу гэж дурдсан бэ гэвэл 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 22,500,000 төгрөгийг авснаар энэ хэрэг үүсжээ гэж дүгнээд байгаа.
...2021 оны 22,500,000 төгрөгийг авсан тэр асуудал дээр төвлөрөх юм болов уу гэж миний зүгээс харж байна. Яагаад гэвэл 2015 онд тэр газрын зөвшөөрлийг авлаа гэж бодоход энэ чинь тухайн үедээ хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсан дуусчихсан. Энэнд одоо арга хэмжээ авах боломжгүй. Энэ дээр жишээлбэл улсын яллагч дүгнэлтээ хийгээд биччихсэн байж байдаг. Тэгэхээр 22,500,000 төгрөгийг хашаа, байшин барьж өгнө гээд аваад залилчихсан юм уу гэдэг асуудал манай хамгийн гол асуудал болж байгаа юм.
... 22,500,000 төгрөгийг авчээ. Хашаа, байшин барьж өгөхөөр тохиролцжээ. Энэ бол Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэж, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээж авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн иргэний эрх зүйн харилцааны энэ үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй, гэрээний үүргийг биелүүлээгүй асуудлыг эрүү болгох ер нь шаардлага байна уу гэж яагаад ингээд эрүү болгоод ороод ирж байгаа юм гэж гайхаад байгаа байхгүй юу” гэх агуулгатай үйл баримтын болон хууль зүйн дүгнэлт хийж мэтгэлцжээ.
3. Гэрч Г.Эын “...тухайн үед би ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар хот руу болон өөр тийшээ явсан зүйл байхгүй. Мөн би ажиллаж байсан учраас Засаг даргын орлогч Д.Дг даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр ямар нэгэн тушаал шийдвэр гаргаж байгаагүй юм...тухайн үед сумын засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/79 дугаартай захирамжийг гарсан гэдгийг мэдээгүй бөгөөд оны төгсгөлд Засаг даргын захирамжуудыг архивлахдаа тухайн үед боловсруулсан гэх хэсэгт гарын үсэг зурагдаагүй байсан захирамжуудад нөхөж зуруулж архивладаг бөгөөд захирамжийн ар талын тухайн үед надаар нөхөж зуруулсан байх гэж бодож байна. Хэрэв тухайн үед би өөрөө ажиллаж байсан бол би өөрөө уг захирамжийн хэсэгт өөрийн гарын үсгээ зурах байсан бөгөөд Д.Д гарын үсэг зурах ёсгүй юм. Уг бичиг баримтыг архивлахдаа надаар гарын үсэг зуруулсан байх, би тэр үед нь нөхөж гарын үсэг зурсан байх...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55 дугаар хуудас);
- Гэрч Г.Эын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дахин өгсөн “...миний бие гол төлөв зуны цагаар ээлжийн амралт авдаг байсан бөгөөд тухайн үедээ буюу 2015 онд зун ээлжийн амралтаараа амарч чадахгүй байж байгаад 2015 оны 10 дугаар сард амарсан байна. Миний бие 2015 онд яг хэзээ амарсан гэдгээ өөрөө сайн санахгүй байсан бөгөөд одоогоос 9 жилийн өмнөх асуудал учраас яг хэзээ амарсныгаа санахгүй байсан байна. Одоо дээрх баримтуудтай танилцаад өөрийгөө 2015 оны 10 дугаар сард амарсан гэдгээ мэдэж байна. ...тухайн үед би ажиллаж байсан бөгөөд миний бие өөрийн ажлыг засаг даргын орлогч Д.Дгээр даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр ямар нэгэн шийдвэр гаргаж байгаагүй юм...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 226 дугаар хуудас);
- Гэрч Д.Дгийн “...манай сумын газрын даамал Г.О сумын ИТХ-аар батлагдсан 12 иргэний хашааны газрыг олгох захирамжийг яаралтай гаргуулмаар байна, иргэд нь хашаагаа барих гээд захирамж гараагүй гээд яаруулаад байна гэж хэлсэн. ...Г.Эад утсаар танилцуулахад Засаг дарга Г.Э надад “ямар нэгэн маргаан байхгүй биз дээ, иргэдийн нэрсийг сайн нягтлаад маргаан будилаан гарахгүй биз гэдгийг газрын даамлаас асуугаад захирамжийн гаргаад, гарын үсгээ зураарай” гэж хэлсэн. Би уг Засаг даргын захирамж дээр гарын үсэг зурж баталгаажуулан гаргасан байдаг. ...би захирамжийн дагуу газар авахаар хүсэлт гаргасан гэх 12 иргэний өргөдөл болон бусад материалыг үзээгүй бөгөөд тухайн үед газрын даамал Г.О захирамж болон захирамжийн хавсралтад дурдсан иргэдийн нэрсийн жагсаалтыг оруулж ирсэн тул би түүний оруулж ирсэн нэрсийн жагсаалт болон захирамж дээр гарын үсэг зурсан. ...тухайн үед би Цагаанхайрхан сумын Засаг даргын орлогч, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан. ...ямар ямар хүмүүс газар авах хүсэлт гаргасан талаар газрын даамал Г.О мэдэж байгаа ба иргэдээс өргөдөл, хүсэлтийг Г.О хүлээж авдаг юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас);
- Гэрч Д.Дгийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн “...тухайн захирамжийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А/79 дугаар олгож гаргасан захирамж бөгөөд тухайн үедээ би гарын үсэг зурсан байдаг. Уг захирамжийг нөхөж үйлдсэн зүйл байхгүй ...тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Г.Э нь Улаанбаатар хотод байсан бөгөөд ажлаар явсан эсэхийг мэдэхгүй байна, ээлжийн амралтаа авсан ч байж магадгүй, эсвэл ямар нэгэн сургалт зөвлөгөөнд явсан байх гэж бодож байгаа, дээрх хугацаанд намайг Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тушаал гарч байгаагүй бөгөөд миний бие түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаагүй” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 223-224 дүгээр хуудас);
- Гэрч Б.Оын “...Сумын засаг дарга нь ...иргэдийн өргөдлийг үндэслэж газар өмчлүүлнэ. ...иргэний өөрийнх нь газар хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, шаардлагатай тохиолдолд өмчлөх гэж буй газрын тойм зураг зэрэг зүйлсийг бүрдүүлсэн байна. ...захирамж гарсан тохиолдолд газар өмчлүүлэх захирамжид нэр дурдсан иргэнд сумын газрын даамал мэдэгддэг юм. ...иргэнд хариу мэдэгдэх хуудас өгөх ёстой. ...захирамж гарсан тохиолдолд газрын гэрчилгээ гаргахгүй байх боломжгүй, заавал газрын гэрчилгээ гарах ёстой, өмчилж буй газрын гэрчилгээг улсын бүртгэлийн хэлтсээс гаргадаг. ...иргэд өөрсдөө газар өмчлөх тухай хүсэлт гаргаагүй байхад газар өмчлүүлэх засаг даргын захирамж гарах боломжгүй, учир нь иргэд газар хүссэн өргөдлийн дагуу Засаг дарга газар олгох эсэх асуудлаа шийдвэрлэж хэрэв газар олгохоор бол Засаг дарга захирамж гаргах юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас);
- Гэрч Б.Шын “...миний бие 2020 онд сумын ИТХ-ын даргын ажлыг авсан. Ажил авснаас хойш газартай холбоотой гомдол, хүсэлт саналууд иргэд оршин суугчдаас зөндөө ирж байсан юм. Үүний нэг нь Б.А, Б.Нямхүү нарт газрын даамал Г.О нь 2021 онд Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн нутаг Байшинт хороолол наадмын талбайн доод талд байх газарт нөхөр Ц.Сы хамт хашаа хатгаж, бусдад зарсан асуудал байсан. Урьд бас ийм байдлаар газар зарсан асуудал сонсогддог байсан ба үүнийг шалгуулж эцэслэхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь үнэн юм. Б.А, Нямхүү нар өөрсдөө болохоор 2015 онд газар авч байгаагүй, өөрсдөө энэ талаараа мэдэхгүй байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70 дугаар хуудас);
- Гэрч Б.Бн “...газартай холбоотой захирамж бол газрын даамал өөрөө төлөвлөж ороод Засаг даргын нарийн бичгийн компьютерт шивж бланк цаасан дээр хэвлэж сумын Засаг даргаар батлуулж албажуулж гарын үсэг зуруулж тамга тэмдгийг дарснаар хүчин төгөлдөр болдог. ...захирамж гарсан бол газрын даамал өөрөө надад танилцуулах ёстой, надад бол тухайн үед танилцуулаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72 дугаар хуудас);
- Гэрч Ч.Бийн “...Газрын кадастрын мэдээллийн программ, гэрчилгээ, захирамж, кадастрын зураг зэргийг нөхөж оруулах боломжтой, гэхдээ захирамж гарсан тохиолдолд дээрх мэдээллүүдийг оруулдаг. Оруулсан он, сар, өдрөөр цахим системд харагддаг. Газрын кадастрын мэдээллийн системд эхлээд иргэнээ бүртгэн, өргөдлийг бүртгэн, өргөдөл үүсгээд нэгж талбар /кадакстрын ажлын зураг/-тай холбоод захирамж гаргах дараалал руу оруулаад захирамжаа гаргаад гэрээ байгуулаад гэрчилгээ бичиг олгодог. Газар өмчлөх тохиолдолд манай байгууллагаас өмчлөлийн гэрчилгээ олгохгүй, өмчлөлийн гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтсээс гаргадаг. Манайх харин захирамж гаргах, нэгж талбарыг мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулдаг. ...Цахим программд нэгж талбар бүртгэгдсэн он, сар, өдөр байдаг. Бүртгэгдсэн огноогоор газрын кадастрыг оруулсан гэж үздэг. ...Б.А гэх хүний газрын кадастрын зургийг мэдээллийн системд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Г.О гэх ажилтан оруулсан байсан. Нөхөж оруулсан эсэхийг бүртгэсэн он, сар, өдрөөр харах боломжтой. ...Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй газар өмчилж авах өргөдлийг кадастрын зураггүй санд оруулах боломжгүй. Шат дараалалтай байдаг ба кадастрын зураг орсон байж захирамж гарч, цахим мэдээллийн санд бүртгэгддэг, кадастрын зураггүй тохиолдолд бүртгэгдэх боломжгүй. ...Улсын хэмжээнд 2015 оны 05 дугаар сараас хойш газрын харилцаа барилга хот байгуулалтын газрууд нь газрын цахим программыг ашиглаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл тухайн программыг ашиглаж байгаа юм. ...цахимд 2015, 2016, 2017, 2018 онуудад иргэдэд газар өмчлүүлсэн талаарх мэдээллүүдийг 2021, 2022, 2023, 2024 онуудад нөхөж оруулах боломжтой, гэхдээ программд нөхөж оруулсан бол тухайн оруулж буй сар, өдөр, цаг, минут нь тодорхой харагддаг юм. Нэг үгээр хэлбэл 2015 онд иргэнд газар өмчлүүлсэн мэдээллийг 2024 онд программд нөхөж мэдээлэл оруулах боломжтой, энэ тохиолдолд мэдээлэл шивж оруулсан цаг хугацааг 2015 оноор оруулах боломжгүй, 2024 оноор л программд шивэгддэг гэсэн үг ...мэдээллийн үнэн зөвийг өөрсдөө хариуцаж программд шивж оруулдаг” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 98-101 дүгээр хуудас);
- Гэрч Г.Э, Д.Д нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас);
- Гэрч Д.Дгийн “...уг захирамж гарч байсан, архивд хадгалагдаж байгаа. Яагаад тухайн захирамжийг таньж байгаа гэвэл он, сар, өдөр нь миний бичиг байна. Би өөрийнхөө бичгийг таньж байна. Уг нь газар өмчлүүлэх захирамж төлөвлөөд хэвлүүлэхдээ 3 хувь гаргаад 1-ийг тухайн газар өмчлүүлж байгаа иргэнд, 1-ийг харьяалах газрын албанд, 1-ийг архивд хүлээлгэж өгдөг юм. Тухайн захирамжийг харж байхад ганц хоёр тоо зассан харагдаж байна. Миний хувьд засвартай захирамж хүлээж авдаггүй, гараар зассан захирамж байвал буцаадаг байсан. ...энэ захирамжийг харж байхад архивд хянагдаад хүлээлгэж өгсний дараа засвар хийгдсэн байна гэж харж байна. ...тоо засна гэдэг бол зөрчилтэй гэсэн үг” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 111 дүгээр хуудас);
- Баримт бичигт үзлэг хийсэн “Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын архивд 2015 оны захирамжид үзлэг хийсэн. Үзлэгээр Засаг даргын 2015-10-21-ний өдрийн А/79 Газар өмчлүүлэх тухай захирамжид 12 иргэнд 8000м2 бүхий талбайг үнэ төлбөргүй өмчлүүлэх тухай нэрсийн жагсаалтын 2 дахь хэсэгт “Бух Баярлах А 0085030219 газрын хэмжээ 700м2, байршил байшинт хороолол дээд талд газрын үнэ 560000 нэгж талбарын дугаар 8505000089 гэсэн байлаа..” гэх захирамж байх ба захирамжид Засаг дарга Г.Эын гарын үсэг биш байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 143-158 дугаар хуудас);
- Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 56 дугаартай “Цагаанхайрхан сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/79 дугаартай захирамжаар доорх нэр бүхий 12 иргэнд кадастрын зураг болон бусад мэдээлэл байхгүй байна” гэх албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 212 дугаар хуудас);
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаартай “Увс аймгийн Цагаанхайрхан сумын сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/79 дугаартай захирамжийг үндэслэн өмчлөх эрхийн Улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авсан иргэн байхгүй байна” гэх албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 214 дүгээр хуудас);
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 41-45 дугаар хуудас);
- Эд зүйл баримт бичгийг хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /Б.Аын хувийн хэргийн бүрдүүлбэр (3 дахь хавтаст хэргийн 8-13 дугаар хуудас);
- Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 33/130 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шинжилгээний объект дээрх бичвэр нь хэзээ бичигдсэн нь тодорхойгүй, огноо байхгүй, мөн харьцуулах загварт ирүүлсэн Б.А, Ш.Х нараас авсан гар бичмэл дээр огноо байхгүй, чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загварын аль нь болох нь тодорхойгүй тул шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй байна” гэх албан бичиг (3 дахь хавтаст хэргийн 52 дугаар хуудас);
- Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын баримт бичигт үзлэг хийсэн “...2015 оны 10 дугаар сард Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын ажилчдын ажлын цагийн тооцоо байх ба уг цагийн тооцоонд Засаг даргаар ажиллаж байсан Г.Э ажиллаагүй байлаа ...үзлэг хийхэд Цагаанхайрхан сумын Засаг даргаар ажиллаж байсан Г.Э нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл амарсан байлаа” гэх тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 210-215 дугаар хуудас);
- Гэрч Г.Сгийн “...би Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогч ажилтай бөгөөд тухайн албан тушаалд 5 дахь жилдээ ажиллаж байна. ...Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын архиваас 2015 оны 10 дугаар сарын санхүүгийн баримтуудыг үзэхэд Засаг даргаар ажиллаж байсан Г.Э нь 2015 оны 10 дугаар сарын 01-ээс 11 дүгээр сарын 02- ны өдрийн хооронд ээлжийн амралттай байсан байна. Энэ нь амралтын хуудас дээр тодорхой байгаа бөгөөд мөн цалин олгох хүснэгт дээр цалин бодогдоогүй, цагийн тооцоон дээр ажилласан цаг байхгүй байсан. Иймд дээрх баримтуудаас үзэхэд Г.Э нь тухайн үед ээлжийн амралттай байсан байна. Мөн Г.Э нь амралтын мөнгөө 2015 оны 09 дүгээр сардаа авчихсан байсан учраас 10 дугаар сард нь ямар нэгэн цалин олгогдоогүй болно” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 221 дүгээр хуудас) зэргээр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын буюу түүний орлогчийн албажуулсан 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/79 дугаартай захирамжаар гэрч Б.Аад Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн нутаг Байшинт хороололд гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Уг Б.Аад өмчлүүлсэн газрын кадастрын зургийг кадастрын зургийн нэгдсэн санд 2018 онд оруулсан үйл баримт тогтоогдож байна.
Тухайн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/79 дугаартай захирамжид Засаг дарга Г.Э ээлжийн амралттай байсан гэх үндэслэлээр түүний орлогч Д.Д гарын үсэг зурсан нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Засаг даргыг орлох эрхгүй этгээд албажуулж илт хууль бус захирамж гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Тухайн захирамжийг хууль бус аргаар үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдэж Б.Аад газар өмчлүүлэх эрх олгосон гэж шалгах хууль зүйн боломжгүй юм. Уг захирамжийн огноо 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байх бөгөөд уг захирамжаар Б.Аад өмчлүүлсэн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн Байшинт хороололд байх газрын мэдээллийг Г.О газрын кадастрын нэгдсэн санд 2018 онд оруулсан нь хөдөлбөргүй тогтоогдсон. Тодруулбал Г.О, Д.Д нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б.Аад газар өмчлүүлж давуу байдал олгосон гэж үзвэл тэдгээрийн үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил бөгөөд 2018 оноос хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолсон тохиолдолд ч мөн дууссан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хамаарах тул энэ талаар цаашид мөрдөн шалгах ажиллагаа явагдахгүй болно.
4. Хохирогч Ш.Хын “...2017 онд хашааны бичиг баримт солих гээд танилцаж байсан. Тухайн үед танилцаад найзууд болж байсан. Одоо бид хоёр тухайн асуудлаас болоод харилцахаа байсан. Би 2020 оны 05 дугаар сард Увс аймгийн Цагаанхайрхан суманд газар авах гэтэл манай сумын газрын даамал Отгоо /Г.О/ “миний нөхөр Ц.Сы нэр дээр газар байгаа, тэрийг бид хоёроос худалдаж авч болно оо, мөн бид хоёр 2020 оны 10 дугаар сар гэхэд хашаа байшин бариад өгье” гэж хэлсэн. Отгоо, Ц.С хоёр “газраа 1.5 сая, хашаа байшингаа 21 сая төгрөгөөр заръя” гэж хэлсэн. 2020 оны 05 дугаар сарын сүүлээр өөрийн Хаан банкны 5818014066 тоот данснаас Ц.Сы Төрийн банкны данс руу 22’500’000 төгрөг шилжүүлсэн. ...Ц.С 10 хоногийн дараа “Бонго пронтер” гэх машин уначихсан явж байсан. Би тэрийг харчхаад “чи хашаа байшин барьж өгнө гэж хэлсэн яасан бэ” гэж асуухад “би барьж өгнө” гэж хэлсэн. 2 жил өнгөрөхөд “би барьж чадахгүй, хэрвээ бариулмаар байвал 10 сая төгрөг өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би өгч чадахгүй” гэж хэлсэн. Би тухайн үед миний мөнгийг хүүтэй нь өг гэж хэлсэн, тэгтэл намайг барьж заамдаж байсан. Би Ц.Саас мөнгөө авч чадахгүй болохоор манай нөхөр А 2022 оны 12 дугаар сард Увс аймгийн Цагдаагийн газарт өргөдөл өгсөн. ...одоо би тухайн газрын талаар Г.Оаас асуухад манай нөхөр Аын нэр дээр газар байгаа гэж надад худлаа ярьдаг, гэвч яг үнэндээ манай нөхрийн нэр дээр газар шилжээгүй, бид хоёр тухайн газрыг хүлээж авсан гэж гарын үсэг зураагүй...би сумынхаа Засаг даргад газар эзэмших хүсэлт огт өгч байгаагүй. ...нөхөр бид хоёр жилийн 4 улиралд тасралтгүй хөдөө малаа маллаж амьдардаг” гэх мэдүүлэг;
- 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2 дахь удаа өгсөн “...манайх 2012 онд Цагаанхайрхан сумын Хулж ...багийн нутаг, Битүүгийн өтөг гэх газарт өвөлжөөг тус багийн малчин Оюунаа гэх хүнээс худалдаж авч байсан бөгөөд тухайн үед өвөлжөөний гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлж авч байхдаа Г.Оыг таньдаг болсон. Тухайн үед Г.О нь одоогийн албан тушаалд буюу Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал ажил эрхэлж байсан бөгөөд тэр цагаас хойш Г.Оыг таньдаг болж тэндээс хойш нэг нэгнийхээ гэрээр орж гарч найз нөхдийн холбоотой байсан. Харин Ц.Сыг Г.Оын нөхөр гэдгээр нь мэддэг юм. Г.О манай суманд газрын даамлаар сүүлийн 15 жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа юм.
...Манайд Цагаанхайрхан сумын төвд ямар нэгэн газар хашаа байдаггүй юм. ...манайх хөдөө мал маллаж амьдардаг бөгөөд нөхөр бид хоёр 2017 он юм уу, 2018 онд байх сумын төвд газар авч, хашаа байшин барья гэж ярилцаад би сумын төв рүү орж ирээд газрын даамал Г.Отай уулзаж хашааны газар авмаар байна гэж хэлэхэд “...сумын төвд газар байхгүй” гэж хэлсэн юм. Нөхөр бид хоёр газар авахаа бүр больчихсон байсан. 2021 оны 05 дугаар сарын 20-ны үеэр би сумын төв рүү орж ирээд Г.О, Ц.С нартай уулзаж “би сумын төвд газар авмаар байна” гэхэд Г.О нь “миний нөхөр Сы нэр дээр сумын төвийн наадмын талбайн доод талд хашааны газар байгаа, хэрэв тэр газрыг авах юм бол дээр нь хашаа байшинг чинь ярьж байгаад миний нөхөр бариад өгчихнө” гэж хэлсэн. Би нөхөртөө “Г.Отай уулзаад болсон явдлын талаар хэлсэн. Нөхөр маань надад “Ц.С, О нартай уулзаад ирлээ. Ц.С бидэнд зарах газар дээр 8x8 метр хэмжээтэй палкаар 3 өрөө байшин барьж өгнө гэж хэлээд зураг зарж үзүүллээ” гэж хэлсэн. Нөхөр бид хоёр 2021 оны хавар Турууны голын харганат ам гэх газарт хаваржиж байхад 06 дугаар сарын эхээр Г.О, Ц.С нар сумын төвөөс Ц.Хын машинд дайгдаж ирээд манайд бууж үлдсэн. Тэр хоёр бид хоёртой уулзах гэж ирсэн бөгөөд Г.О, Ц.С нар нь “Улаанбаатар хот явах гэж байна, барилгын материалаа авах гэж байна байшингийнхаа үнэ ханшийг тохирмоор байна” гэж хэлсэн. Бид 4 ярилцаад нөхөр бид хоёр хашааны газрыг 1.5 сая төгрөг, хашаа байшин, таамбар, амбаар жорлонг нийтэд нь 21 сая төгрөг нийт-22.5 сая төгрөг байхаар амаар ярилцаж, манай талаас мөнгөө өгөөд 2021 оны 10 дугаар сар гэхэд түлхүүрээ аваад шууд байшиндаа ороход бэлэн болгож өгөхөөр тохиролцсон. ...хэд хоногийн дараа Ц.С манай гэр рүү утсаар ярьж “би Улаанбаатар хотод явна, барилгын материал авах гээд байна, мөнгөө шилжүүлчих” гэж хэлээд Төрийн банкны дансаа өгсөн. Би удалгүй 2-3 хоноод 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сумын төв орж ирээд өөрийн Хаан банкны 5818014066 дугаарын данснаас Ц.Сы данс руу 22’500’000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Ц.С, Г.О нар биднээс мөнгө авснаасаа хойш 7-8 хоногийн дараа Ц.С цагаан өнгийн пронтер авчихсан байсан ба найз нь машин авсан гэж хэлж байсан. Г.О, Ц.С нар нь мөнгө авснаас хойш хашаагаа тэр зун бариад байшингаа барихгүй байж байгаад нөхөр бид хоёр 2021 оны намар 10 дугаар сард сумын төвд орж ирэхэд Ц.С дөнгөж байшингийн суурь буюу хундаамаа ганцаараа цутгаж байсан. ...нөхөр бид хоёр ирээд яагаад удаад байгаа юм бэ, амандаа байсангүй гэхэд Ц.С янз бүрийн шалтаг хэлээд дараа хавар 6 сард бариад дуусчихна гэж хэлсэн. ...Ц.С нь бидэнд барьж өгөх ёстой байсан байшингаа огт барьж өгөхгүй биднийг залилсан, мөн бидэнд зарсан Ц.Сы нэр дээр байгаа гэж хэлж байсан хашааны газрын гэрчилгээг манай нэр дээр шилжүүлээгүй бөгөөд Г.О, Ц.С нар биднийг залилаад одоо бараг 3 жил болох гэж байна. Г.О нь өөрөө сумын газрын даамлаар сүүлийн 15 жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд нөхөр бид хоёр газар авахаар би сумын төв рүү орж ирэхэд Г.О нь манай нөхрийн нэр дээр газар байгаа тэр газрын худалдаж ав гэж хэлсэн учир Г.От итгэж газар худалдаж авч, мөн байшин барьж өгнө гэж хэлсэн учраас тэдэнд итгэсэн юм. Хэрэв Г.О нь газрын даамал биш байсан бол би тэдэнд итгэж мөнгөө шилжүүлэхгүй байсан, яалтчгүй өөрөөр газрын даамал хүн, нөхрийнхөө нэр дээр газар байгаа гэж хэлсэн учраас би итгэж одоо залилуулаад байна. ...бид нар Г.О, Ц.С нараас газар худалдаж авах, уг газартаа байшин, хашаа бариулахаар амаараа тохиролцоод, мөн Г.Оын ажил албан тушаалын байдал, урьдын харилцааны явцад бий болсон итгэлд тулгуурлаж амаар ярьж байгаад мөнгөө шилжүүлсэн. Бидний дунд ямар нэгэн цаасан буюу бичгээр гэрээ байгуулсан зүйл байхгүй. ...нөхөр бид хоёрын зүгээс Цагаанхайрхан сумын Засаг даргын нэр дээр сумын төвд газар эзэмших, өмчлөхөөр хүсэлт гаргаж, материал бүрдүүлж өгч байсан удаа байхгүй. ...нөхөр бид хоёрт сумын төв дээр ямар нэгэн газар байхгүй, бид нар засаг даргын нэр дээр өргөдөл өгсөн зүйл байхгүй. Мөн сумын Засаг даргын захирамж энэ тэр гарсан гэдгийг ч мэдэхгүй. ...би бусдад залилуулсан 22’500’000 төгрөгөө Г.О, Ц.С нараас нэхэмжилж байна” гэх мэдүүлэг;
- 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2 дахь удаа өгсөн “...Ц.С нь “би удахгүй Улаанбаатар хот явах гэж байна, тэндээс барилгын материал аваад ирмээр байна, одоо корона гээд барилгын материалын үнэ өсөх гээд байна, мөнгөө өгчихвөл барилгын материалыг аваад ирнэ, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд танай барилгыг хүлээлгээд өгчихнө” гэж хэлсэн. ...би Ц.Сы гэрээс обо цув гуталтай нь худалдаж авсан. Түүнээс тэдний байшинг гоё байшин байна, манай газар дээр байшин бариад өгчихгүй биз гэж огт ярьж байгаагүй. Ц.С худал мэдүүлсэн байна. Улаанбаатар хотод байхдаа барилгын материалын үнэ өсөх гээд байна мөнгөө яаралтай хийгээч гээд өдөр шөнөгүй олон удаа гар утсаар яриад байсан. ...бид нар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар авах талаар хүсэлт гаргаагүй, өргөдөл гаргаж байгаагүй, бид хоёр сумын төвд газар авахаар өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй. Ц.С хэлэхдээ надад сумын төвд миний нэр дээр газар байдаг, тэр газар дээр хашаа байшин барьж өгнө гэж ярьж тохиролцсон. Сүүлдээ цагдаа нар танай газар дээр байшин барьсан байна гэхээр нь тэр үед мэдсэн. Манай нөхрийн нэр дээр хуурамч хүсэлт, баримт бичиг бүрдүүлж газар олгуулчхаад дараа нь бид нарыг өөрсдийн газар дээр байшин барьж өгнө гэж хуурч мөнгө авч залилсан. ...Би болон манай нөхөр Б.А нар нь сумын төвд газар авахаар хүсэлт гаргаж байгаагүй. Г.О нь 2021 он буюу мөнгө авдаг хавар нь “кадастрт хэрэг болоод байна” гэж хэлээд нөхөр бид хоёрын иргэний үнэмлэх аваад явсан. Бид нарын нэр дээр байхгүй газар ямар хамаатай юм гэхэд өвөлжөөний газрын кадастрын зураг янзлах гэж байна гээд 1 сарын хугацаанд нөхөр бид хоёрын иргэний үнэмлэхийг аваад явсан. Би Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай болоод нөхөр болон өөрийнхөө иргэний үнэмлэхийг сарын дараа Г.Оаас авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25-32 дугаар хуудас);
- Хохирогч Ш.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2022 онд билүү хавар би явж ороод манайх төв дээр хашаа, байшинтай болмоор байна. Ингээд л нүүдэл суудал хийж алийн болгон эсгий дээвэр, туургаа ачдаг юм гээд газар байна уу гэсэн чинь Г.О нөхрийн нэр дээр нэг газар байгаа. Тэр газар дээр чинь хашаа, байшин бариад өгье л гэж хэлсэн. Өөр юм бол байхгүй, би мэдэхгүй. Тэгээд тэр хавар нь ирээд мөнгө төгрөг гээд л намайг нэг орсон чинь хашаа, байшин бариулах юм уу гэхээр нь тэгье, би нөхөртэйгөө ярилцъя гээд тэгсэн. Тэгээд дөрвүүлээ сууж ярилцмаар байна гээд тэгсэн. Манай нөхөр угаасаа нэг их төв рүү ордоггүй. Тэгээд л энэ 2 ирээд бид 4 ярилцаад мөнгөө тохиролцоод тэгээд л тэр мөнгө төгрөг өгсөн.
Хашаа, байшин барьж өгнө. Хашааны газар, хашаа хоёр нь нийлээд 1,500,000 төгрөг гэж хэлсэн юм. Тэгээд үлдэгдэл мөнгө нь байшиндаа орно гээд яг 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн гүйцэт өгнө гэж хэлсэн юм. Тэгээд бид 2 яг 10 дугаар сарын 01-нийн өдөр 2 хүүхдийн үсний найранд ирээд, манай Буяа /Ц.С/ их томроод байсан, барьсан болов уу яасан бол гээд очсон чинь дөнгөж хундамаа цутгаад сууж байсан.
10 дугаар сарын би одоо 01-ний өдөр л гэж санаад байх юм. 10 дугаар сарын 01-нд өөрөө хашаа, байшин бэлэн болгоно, түлхүүрийг чинь яг бэлэн бүх юмтай нь гардуулна гэсэн байхгүй юу. Тэгээд яг 10 дугаар сарын 01-ний өдөр 2 хүүхдийн үсний найранд ороод ирсэн чинь дөнгөж хундамаа цутгаж байна гэчихсэн газар ухсан хэдэн элс шороо тавьчихсан өөр мод чулуу байх юм байхгүй. Тэгээд сүүлд нь 11 дүгээр сарын 20-ны өдөр хавьцаа ороод ирсэн чинь палк нь их нарийхан сонин юм барьж байхаар нь чиний энэ чинь нэг шөнө дараад алчих юм биш үү гээд би тоглоом наадмаар тэгж байгаад яваад өгсөн юм. Тэгээд бол сайн мэдэхгүй. Би байнга л байшин байшин гээд утсаар их шамдуулдаг. Тэгээд сүүлдээ энэ 2 чинь барьж өгнө гэчхээд чи надаас бараг юу олж авдаг юм гээд бүр сүүлдээ элдэв янзаар хэлж ядаад тэгээд барахаа байгаад л манай гэр бүлийн хүн сумын цагдаад өгсөн байна лээ. Тэр газрыг бол би мэдэхгүй, бид 2 зарна л гэж хэлсэн. Тэгээд бид хоёрын паспортыг байн байн аваад байдаг. Одоо хэр нь бид хоёрын тэр хуучин газар дээр гэрчилгээ өгдөггүй шүү дээ.
...Тэгээд одоо бичиг баримт ядаж өгөхгүй юм. Би уг нь тохирчихъё, чи тэгээд мөнгөө буцаагаад өгчих хоёулаа ингээд тохиръё гэж би зөндөө гуйсан шүү дээ. Тэгэхэд энэ та 2 надаас юу авдаг юм, ёстой хошного чинь байлгүй гээд аль аль нь л намайг тэгж хэлж байсан. Одоо би мөнгөө л авъя” гэх мэдүүлэг;
- Гэрч Б.Төөрүүлийн “...тухайн иргэдийн талаар бол сумын төвд байх наадмын талбайн ойролцоо байгаа 3 иргэдийн газар байгаа. Тухайн газруудыг судлаад үзэхээр нь 2015 онд захирамжид нэр дурдагдсан иргэд 2018, 2019 онд газраа авсан гэж Г.О тайлбар хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 37 дугаар хуудас);
- Гэрч Ц.Хын “...2021 оны хавар 5 дугаар сард ...сумын төвөөс гарах гэж байтал газрын даамал Г.О, Ц.С нар тааралдаад “хаашаа явж байгаа” талаар асуухаар нь аавынхаа гэр рүү явах гэж байна гэсэн. Гэтэл “бид хоёр чиний автомашинд дайгдаад Б.Аын гэрт очоод ирмээр байна” гэхээр нь би авч явсан. Би тэр хүмүүсийг гэр бүлийн найзууд байх гэж ойлгосон ...Туруун голын цаана байдаг Б.Аын гэрт хүргэж буулгачхаад би голын хажуу талд айлын адуу дэллээд байж байтал удалгүй Г.О, Ц.С нар миний хажууд ирж бид хоёр болчихлоо явах уу гэхээр нь буцаж сумын төв рүү явсан. ...тэр үеэр ямааны ноолуур самнаж дуусч байсан үед юм, хүмүүс адуу малаа дэллэж эхэлсэн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48 дугаар хуудас);
- Гэрч Б.Аын “...2021 оны хавар байх манайх Турууны гол гэх газар байхад Г.О, Ц.С хоёр Ц.Х гэх залуугийн автомашинаар манайд ирсэн. Тухайн үед манайх ямаа самнаад дуусаж байсан. Г.О надад “танай дээр баярын талбайн доод талд нэг газар авчихлаа” гэж хэлсэн. ...Г.О, Ц.С хоёр “тэр газарт чинь бид хоёр хашаа хатгаж байшин бариад өгье” гэж хэлэхээр нь ...за хэдэн төгрөгөөр бэлэн болох юм бэ хашаа хатгуулж, байшин бариулахад гэхэд тэр хоёр “22.5 сая төгрөг өгчих, тэрэнд нь хашаа барьж, хашаан дотор байшин барьж таамбар нойлтой хийж барьж өгөөд 2021 оны 10 сарын 01-ний өдөр гэхэд ороход бэлэн болгож өгье” гэхээр нь за гэж тохиролцоод тэр хоёр явсан. ...Хэд хоногийн дараа Ц.С Улаанбаатар хотод байна байшингийн чинь материал авах юм мөнгө хэрэг боллоо тохирсон мөнгөө явуул гэхээр нь би сумын төв орж ирээд Ц.Сы данс руу 22.5 сая төгрөгийг эхнэр Ш.Хаар хийлгүүлсэн. Тэрнээс хойш тэр хүн байшингийн материал гэж мөнгө авчхаад хийсэн юм байхгүй, намайг хулхидаад яваад байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Ц.Сы Төрийн банкны 240034... тоот дансны хуулга 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 22’500’000 төгрөг хүлээн авсныг нотолсон, мөн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 126-127, 159-160 дугаар хуудас);
- Шүүгдэгч нарын хохирогчид хүлээлгэж өгөхөөр барьсан хашаанд 2023 оны 11 сарын 06-ны өдөр үзлэг хийсэн “...Хашаанд гурвалжин дээвэртэй палкаар барьсан байшингийн рам байв” гэх агуулгатай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 128-132 дугаар хуудас);
- Хашаанд дахин 2024 оны 02 сарын 06-ны өдөр үзлэг хийсэн “...Гурван тал хашаанд палкан байшин барьсан ...шал хэсэг шороо буюу хөрсөөрөө ...дулаалга, хана байхгүй” гэх агуулгатай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 132-139 дүгээр хуудас);
- Гэрэгэ Эстимэйт үнэлгээ ХХК-ний гаргасан хөрөнгө үнэлгээний “...Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр баг, Байшинт хороололд баригдсан хашаа болон баригдаж буй дуусаагүй байгаа палкан байшингийн зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 06 дугаар сарын байдлаар 15’689’350 /арван таван сая зургаан зуун наян есөн мянга гурван зуун тавин төгрөг гэж тооцоолов” гэх дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 249-250 дугаар хуудас);
- Шүүгдэгч Г.Оын яллагдагчаар өгсөн “...түүнээс авсан 22’500’000 төгрөгийг бүгдийг нь хашаа байшин барихдаа зарцуулсан юм. ...Ш.Х, Б.А нар нь өөрсдийн хашааны газар байдаг гэдгийг мэдэж байгаа бөгөөд 2015 онд сумын Засаг даргын захирамж гарснаас хойш газартай гэдгээ мэдэж байгаа, гэрчилгээ нь гараагүй бөгөөд өөрсдөө очиж аваагүй байгаа” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Г.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ш.Х манайх хашаа барьж, байшин баримаар байна гэдэг асуудлыг бол надад тавьсан. Ингээд танай дээр ийм газар байгаа шүү дээ гээд би өөрөө хэмжээд өгсөн, өөрөө газраа хүлээж авсан. Тэрнийх нь дараа манай нөхөртэй яриа хөөрөө хийгээд энэ хашаа, байшинг барихаар болсон. Хашааг нь бол 1,500,000 төгрөгөөр барьж өгье өө гэдэг асуудлыг ярьсан байгаа юм. Газрыг бол яг тухайн үед өргөдөл, хүсэлтийг нь би бичүүлээд хүлээгээд авсан. Хувийн хэрэг нь бол байж байдаг. Тэрнээс биш би энэ газрыг нууж төөрөгдүүлээгүй” гэх мэдүүлэг;
- Шүүгдэгч Ц.Сы яллагдагчаар өгсөн “...би Ш.Хаас авсан 22’500’000 төгрөгөөс одоо босгосон байгаа, хашаа, байшингийн рам, байшингийн дээврийг хийхэд үндсэндээ 17’000’000 төгрөгийн зардал гарсан. Түүнээс 5’500’000 төгрөг үлдсэн байх тэр мөнгийг өөрөө хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан юм. ...миний нэр дээр газар байгаагүй” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас);
- Шүүгдэгч Ц.Сы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би ажлын байр дэмжих хөтөлбөрөөс 30’000’000 төгрөгийн зээл авсан байсан. Тэр мөнгөөрөө 13’000’000 төгрөгт багтааж Kia Bongo Frontier авах, үлдэгдэл 15’000’000 төгрөгөөр нь тугалтай үхэр худалдаж авахаар төсөл бичиж орж ажлын байр дэмжих хөтөлбөрөөс 30’000’000 төгрөг авсан юм.
...би танай хашааг барихдаа 1’500’000 төгрөгийн хөлсөөр барина гэж хэлсэн болохоос тэр газрыг 1’500’000 төгрөгөөр зарна гэж би хэлээгүй.
...Би яагаад барьж дуусгаагүй вэ гэхээр эхний жил машин тэргээ аваад цементээ ачиж ирсэн. Тэгээд дээврийн төмрөө авсан, шонгоо суулгаад дайгаа хадаад хашаагаа барьсан. Зохих хэмжээнд хүч хөдөлмөр, хүн хөлсөлж ажиллуулсан, өөрөө ч ажилласан. Барилгын материалыг үндсэндээ цемент зэрэг материалуудаа авч ирсэн байсан. Би хашааныхаа банзан материал болон палкан байшингийнхаа хадаас гэх мэт зүйлүүдийг хотоос тээвэрлэж ирсэн юм. Цемент, хадаас, байшингийнхаа палкийг тэр жилдээ бэлдээд хашаагаа бариад, тэр жилдээ палкаа бэлдэж дуусгасан. Тэгээд дараа жил нь хил гааль хаагдаад тэр намар нь ковид гараад хил гааль хаагдсан. Уг нь би энийг төлөвлөхдөө Улаанбаатар хотоос барилгын материал татах биш урагшаа Эрээн гарч барилгын материал татвал энэ мөнгөнд нь таарах юм байна гэж төлөвлөж байсан боловч ингээд ковид гараад хил гааль хаагдсан учраас би тэр жилдээ гарч чадаагүй. Яагаад гэвэл барилгын материал хотод 3-4 дахин өсчихсөн байсан учраас авч чадаагүй. Яагаад гэвэл мөнгө нь хүрэхгүй байсан учраас. Тэгээд тэр үнэлгээ 16 сая, хэдэн зуун мянган төгрөг гарсан. Би 17,000,000 төгрөг зарцуулсан гэж бодож байгаа. Тэгээд үлдэгдэл 5,000,000 төгрөг нь яах вэ, одоо байшингаа үргэлжлүүлж барьж болно гэвэл би тэр энэ мөнгийг гаргаад барихад зарцуулна. Гэхдээ энэ үнэлгээ 16,800,000 төгрөг бол ерөөсөө л тэр байшинд орсон хашаанд орсон модон материал болон хадаас, дээврийн төмөр яг одоо босгосон байгаа зүйлийн л үнэ. Түүнээс биш тэр элс хайргыг нь ачсан, тэгээд хүн хөлсөлж ажиллуулсан, өөрийнхөө ажилласан хугацааны цалин хөлс ерөөсөө энд ороогүй байх гэж би бодож байгаа” гэх мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэж, болсон хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл:
а. Шүүгдэгч Г.О, Ц.С нар нь эхнэр нөхөр, мөн хохирогч Ш.Х, гэрч Б.А нар нь эхнэр нөхөр бөгөөд тэдгээр нь гэр бүлийн найзууд байжээ.
б. 2021 оны 05 дугаар сарын сүүлээр Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэр, Турууны голд хаваржиж байсан гэрч Б.А, хохирогч Ш.Х нарын гэрт шүүгдэгч Г.О, Ц.С нар гэрч Ц.Хын автомашинаар очсон. Тухайн үед гэрч Б.А, хохирогч Ш.Х болон шүүгдэгч Г.О, Ц.С нарын хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Байшинт хороололд байх гэрч Б.Аын өмчлөлийн газарт 1’500’000 төгрөгөөр хашаа барих, 21’000’000 төгрөгөөр байшин барихаар харилцан тохиролцсон гэж дүгнэв.
Учир нь Б.Аад мэдэгдэхгүйгээр уг газрыг хууль бусаар өмчлүүлсэн эсэхийг шалгаж тогтоох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй, хохирогч Ш.Х уг газрыг Б.Аад өмчлүүлсэн гэдгийг мэдээгүй гэх боловч гэрч Б.А “...Г.О надад “танай дээр баярын /наадмын/ талбайн доод талд нэг газар авчихлаа” гэж хэлсэн. ...Г.О, Ц.С хоёр “тэр газарт чинь бид хоёр хашаа хатгаж байшин бариад өгье” гэж хэлэхээр нь ...за хэдэн төгрөгөөр бэлэн болох юм бэ хашаа хатгуулж, байшин бариулахад гэхэд тэр хоёр “22.5 сая төгрөг өгчих, тэрэнд нь хашаа барьж, хашаан дотор байшин барьж таамбар нойлтой хийж барьж өгөөд 2021 оны 10 сарын 01-ний өдөр гэхэд ороход бэлэн болгож өгье” гэхээр нь за гэж тохиролцоод тэр хоёр явсан” гэж мэдүүлсэн, шүүгдэгч Г.О, Ц.С нар 1’500’000 төгрөгөөр хашаа барихаар тохиролцсон гэж удаа дараа тогтвортой мэдүүлсэн, уг тохиролцооны үндсэн дээр 3 тал хашааг барихад зарцуулах банзны үнийг хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд тусгасан банзны дүнтэй харьцуулан үзвэл шүүгдэгч нарын мэдүүлэг үндэслэл бүхий байна.
в. Дээрх тохиролцооны дагуу 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Ш.Х шүүгдэгч Ц.Сы Төрийн банкны ... тоот данс руу 22’500’000 төгрөг шилжүүлсэн.
г. Тохиролцооны дагуу шүүгдэгч Ц.С гэрч Б.Аын газар дээр 2021 оны 08 дугаар сараас банзаар гурван тал хашаа барьж, 2021 оны 10 дугаар сараас байшингийн суурь цутгаж, 2021 оны 11 дүгээр сараас байшингийн ханыг палкаар өрж, 2022 оны хавар хашааны гүйдэг хаалга хийх, жорлонгийн нүх ухах зэргийг хийж 15’689’350 төгрөгийн зардал гаргажээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь 15’689’350 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хохирогчийн нөхөр Б.Аын газар дээр бий болгосон байна.
Хохирогч Ш.Х шүүгдэгч Ц.С, Г.О нараас хашаа байшингаа барьж өгөхийг шаардаж 2021 оны 10, 11 дүгээр саруудад уулзаж байсан байх бөгөөд ингэхдээ тохиролцсон хугацааг 2022 оны 05 дугаар сар хүртэл сунгасан талаараа талууд маргаагүй болно. Улмаар 2022 оны 05 дугаар сард шүүгдэгч Ц.С, хохирогч Ш.Х нар тохиролцоогоо хугацаандаа биелүүлээгүй гэх шалтгаанаар маргалдах явцдаа нэг нэгнийгээ зүй бус үгээр гутаах, шүүгдэгч Ц.С нь хохирогчийн биед халдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна.
5. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн 2021 оны 05 дугаар сарын сүүлээр Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэр, Турууны голд хаваржиж байсан гэрч Б.А, Ш.Х нарын гэрт шүүгдэгч Г.О, Ц.С нар очсон. Тухайн үед Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Байшинт хороололд байх гэрч Б.Аын өмчлөлийн газарт 1’500’000 төгрөгөөр хашаа барих, 21’000’000 төгрөгөөр байшин барихаар харилцан тохиролцсон. Тохиролцооны дагуу шүүгдэгч Ц.С гэрч Б.Аын газарт 2021 оны 08 дугаар сараас банзаар гурван тал хашаа барьж, 2021 оны 10 дугаар сараас байшингийн суурь цутгаж, 2021 оны 11 дүгээр сараас байшингийн ханыг палкаар өрж, 2022 оны хавар хашааны гүйдэг хаалга хийх, жорлонгийн нүх ухах зэргийг хийж 15’689’350 төгрөгийн зардал гаргасан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгчийг цагаатгах үндэслэлийн талаар:
1. Прокурор шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх шинжээр зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь залилах гэмт хэрэг үйлдэж буй гэмт этгээд хохирогчийн эд зүйлийг шилжүүлэн авахдаа буцаан өгөх болон бусад байдлаар ямар нэгэн хариу төлбөр хийдэггүй, анхнаасаа буцаан өгөх болон хариу төлбөр хийх санаа зорилгогүй байдаг.
Гэтэл энэхүү хэргийн үйл баримтаас харвал шүүгдэгч Ц.С гэрч Б.Аын газар дээр 2021 оны 08 дугаар сараас банзаар гурван тал хашаа барьж, 2021 оны 10 дугаар сараас байшингийн суурь цутгаж, 2021 оны 11 дүгээр сараас байшингийн ханыг палкаар өрж, 2022 оны хавар хашааны гүйдэг хаалга хийх, жорлонгийн нүх ухах зэргийг хийж 15’689’350 төгрөгийн зардал гаргажээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь 15’689’350 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хохирогчийн нөхөр Б.Аын газар дээр бий болгож, хариу төлбөр хийсэн байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн, эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээж хийсэн гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзнэ.
Хохирогч болон шүүгдэгч нарын хооронд хийсэн тохиролцоо буюу хэлцэл нь дээрх ажил гүйцэтгэх гэрээний харилцааг бүрэн агуулж байна. Тухайлбал талууд өөрсдийн хүсэл зоригоо чөлөөтэй тодорхой илэрхийлж, гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах буюу ажлын үр дүнг хүлээн авах хугацааг хойшлуулах, ажлын хөлсийг нэмэх талаар санал гаргах зэргээр гэрээгээ дүгнэж, тохиролцсон ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэсэн байна. Өөрөөр хэлбэл хохирогч болон шүүгдэгч нарын хооронд үүссэн тохиролцоо нь иргэний харилцаа тул Эрүүгийн хуулиар тухайн маргааныг шийдвэрлэх үндэслэлгүй юм.
Шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив болон обьектив талын шинжийг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч Г.О, Ц.С нарыг цагаатгаж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч нарыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй ба тэдгээрийг цагаатгасан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон шүүгдэгч Ц.Сы өмчлөлийн Kia Bongo pronter загварын автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгох нь зүйтэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн бичлэг бүхий 1 ширхэг флаш дискийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Увс аймгийн Цагдаагийн газраас шинжээчийн зардалд 1’100’000 төгрөг төлсөн бөгөөд уг зардлыг шүүгдэгч нараас нэхэмжилжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг цагаатгасан тул тэдгээрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлж, зардлыг төр хариуцах ёстой. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжилсэн Увс аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 5-6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр эрүүгийн 2335000530024 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т ургийн овогт Г-гийн О, Г ургийн овогт Ц-ийн С нарыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Г.О, Ц.С нарыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Увс аймгийн Цагдаагийн газраас шинжээчийн зардалд 1’100’000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Сы өмчлөлийн Kia Bongo pronter загварын автомашиныг битүүмжлэлийг хүчингүй болгосугай.
4. Шүүгдэгч Г.О, Ц.С нар мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 (арав) жилийн дотор иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн бичлэг бүхий 1 ширхэг флаш дискийг хэргийн хамт хадгалсугай.
6. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА