| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2023/00453/И |
| Дугаар | 142/ШШ2023/00628 |
| Огноо | 2023-04-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 142/ШШ2023/00628
| 2023 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 142/ШШ2023/00628 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********* аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбуст баг, 5-15-89 тоотод оршин суух, Ш овогт Д-ийн Э /РД: ************ /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Өнөр хотхон 104-52 тоотод оршин суух, Т н овогт Д-ийн О /РД: ************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол 6,420,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Т,
Иргэдийн төлөөлөгч Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Э 2023 оны 02 дугаар сарын 20-ны орой 19 цагийн орчим өөрийн эзэмшлийн 3954 ОРА приус 41 маркын машинтай Баянбулаг баг Хүрэн дэлгүүрийн урд замаар зорчиж явахад Д.О нь 8928 УБГ приус 30 машинтай согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон араас хүчтэй ирж мөргөсөн. Тухайн үед замын цагдаа дуудахад Д.Батжаргал цагдаа ирж машиныг ачуулж, ажлын өдөр уулзахаар болсон. 2023 оны 02 дугаар сарын 27-нд байцаагчтай уулзаж 2023 оны 03 дугаар сарын 01-нд өргөдөл гомдлоо бичиж, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ хийлгэж, хариуцагч тал хүлээн зөвшөөрч хохирол барагдуулах долоо хоногийн хугацаа тохирсон.Тохирсон хугацаанд Д.О нь огт холбоо барихгүй, залгасан дугаар авахгүй байсан гул 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байцаагчтай дахин очиж уулзахад хариуцагч талд хуулийн дагуу арга хэмжээ авалгүй эхнэр нь ирж уйлж 2 хүүхдээ зөөх унаагүй болсон гэх шалтгаанаар
машиныг нь журмын хашаанаас гаргасан байсан. Байцаагчаар дамжуулан Д.Отай уулзаж дахин хохирол барагдуулах 3 хоног тохирсон боловч утсаар дахин холбогдож чадаагүй. 2023 оны 03 дугаар сарын 06-ны орой гэрийнх нь гадаа эхнэртэй нь уулзан Д.Отай уулзахыг хүссэн боловч согтуу байгаа гэх шалтгаанаар уулзуулаагүй, холбоо барихыг хүссэн боловч мөн холбогдоогүй. 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байцаагч Э.Батжаргалтай уулзан Д.От арга хэмжээ авалгүй машиныг гаргасанд гомдолтой байгаагаа ахин дахин хэлсэн. Одоог хүртэл хариуцагч тал хохирол барагдуулаагүй бөгөөд бидний залгасан дугаар бүрийг блоклон холбоо барих боломжгүй болсон. Иймд иргэн би автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээний төлбөр болох 6,420,000 төгрөгийг Д.Оаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Баянбулаг багийн Хүрэн дэлгүүрийн урд согтуугаар өөрийн машинаар приүс 41 маркийн тээврийн хэрэгслийн араас болгоомжгүй байдлаасаа болж мөргөсөн нь үнэн болно.
...иймд орлогын эх үүсвэр боломжгүй, зарах эд зүйлс зарагдаагүй байгаа тул 7 сарын дотор төлж барагдуула хугацааг олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Б.Ншүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2012 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд монголд орж ирсэн приүс 41 маркийн 6,420,000 төгрөгийг барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1846 дугаартай үнэлгээний тайлан /хх-3/, Д.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, фото зураг /хх-5-7/, хүсэлт /хх-38/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: тайлбар /хх-21-23/, фото зураг /хх-24-29/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д.От холбогдуулан 6,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны орой хариуцагч миний унаж явсан машиныг өөрийн машинаараа араас ирж мөргөсөн, тухайн үед замын цагдаа ирж машиныг ачуулсан, улмаар өргөдөл гомдол гаргасны дагуу, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ хийлгэж, хариуцагч тал хүлээн зөвшөөрч хохирол барагдуулах долоо хоногийн хугацаа тохирсон боловч хохирлыг барагдуулаагүй тул 6,420,000 төгрөгийг Д.Оаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.
Хариуцагч Д.О нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны орой 19 цагийн орчим 89-28 УБГ приус 30 машиныг согтуугаар жолоодож яваад Баянбулаг баг Хүрэн дэлгүүрийн урд зам дээр нэхэмжлэгч Д.Эын унаж явсан 39-54 ОРА приус 41 маркийн машиныг араас нь хүчтэй мөргөж гэм хорын хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь хэргийн үйл баримт, гэм хор учруулсан гэм буруугийнхаа талаар маргахгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шинжээч Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн № 1846 дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч Д.Эын 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2020 онд орж ирсэн 39-54 ОРА улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн автомашинд учирсан хохирлыг 6,420,000 төгрөгөөр үнэлсэн байх ба хариуцагч хохирлын үнэлгээний талаар маргаагүй байна.
Иргэдийн төлөөлөгчийн 6,420,000 төгрөгийг барагдуулах нь зүйтэй гэж үзлээ гэсэн дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Оаас гэм хорын хохирол 6,420,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,670 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 117,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ