| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/02328/И |
| Дугаар | 101/ШШ2023/02097 |
| Огноо | 2023-04-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2023/02097
| 2023 04 26 | 101/ШШ2023/02097 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.О /рд:-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш. х /рд:/-д холбогдох,
21,578,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, хариуцагч Ш.х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 03-р сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны харилцах данснаас Ш.хын Хаан банкны харилцах данс уруу 21,578,400 төгрөгийг шилжүүлж хөрөнгө оруулалтын компанид хийж өсгөж өгнө гэж данс уруугаа хийлгүүлсэн боловч Ш.х нь уг мөнгийг 2018.03.23-н өдөр 8,808,960 төгрөг, 120,375 төгрөг, 8,000,000 төгрөгийг зэргээр бараа зээл төлөлт зэргээр хувьдаа ашигласан болох нь Хаан банкны хуулгаар нотлогдсон. Миний бие энэ хугацаанд 2 удаа Сүхбаатар аймгийн шүүхэд өргөдөл гаргасан боловч хаягийн зөрчилтэй гэж буцаагдаж байсан. Иймд Ш.хаас 21,578,400 төгрөг гаргуулж өгнө үү.
1а. Нэхэмжлэгч нь 2018.3.28-нд 21,578,400 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Үүнийг хөрөнгө оруулалтын компанид багц авч өгнө гэсэн. Гэтэл хариуцагчийн банкны хуулгаар хувийн хэрэгцээндээ зарцуулсан байдаг. Заримыг нь бараа авах, зээл төлөхөөр зарцуулсан байдаг. Иймд энэ мөнгийг буцаан нэхэж байгаа болно. Хариуцагч нь нэхэмжлэгчид өмнө нь мөнгө шилжүүлсэн гэж байх боловч уг тайлбараа нотолсон баримтгүй байна. Харин нэхэмжлэгч нь мөнгө шилжүүлсэн. Багцыг нэхэмжлэгчид авсан гэх баримтгүй байгаа юм. Энэхүү харилцаа нь зохигчдын хооронд үүссэн. Хэдийгээр багц авч өгнө гэсэн боловч хуурсан гэв.
2. Хариуцагч Ш.х нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.О нь 2018.3.17-нд ,, дугаартай утсаар холбогдож өөрийн ээж Л.С-д Кустра хөрөнгө оруулалтын компанид компанийн хөрөнгө оруулагч болгон бизнесийн схем оруулан уг компанид өөрийнхөө дор компанийн аккаунт үүсгээд элсэн оруулах санал гаргаж хүсэлт ирүүлсэн. Х.Оийн хүсэлтийг хүлээн авч аккаунт үүсгэж 7,290 еврогийн багц авсан. Х.Отэй ярилцаж салгасан. Энэ багцын санхүүжилт болох 21,578,400 төгрөг буюу 7,290 еврог Х.О тухайн өдөр шилжүүлэн ирүүлээгүй тул аккаунт үүсгэсэн х миний бие тухай компанид хөрөнгө оруулагч Нарангэрэлтэй хамтран 7,290 еврог хувиасаа босгон санхүүжилтийг тухайн компанийн дансанд 2018.3.17-нд шилжүүлсэн болно. Миний мөнгө юм. Тухайн компанид хөрөнгө оруулалт хийсэн өдрөөс хойш 7 хоногийн хагас сайнд ашгаа хүртэж эхэлдэг учир 2018.3.17-нд авсан 7,290 еврогийн багцаас дараа 7 хоногийн 2018.3.24-нд 1,582,240 төгрөг, 2018.3.31-нд 1,473,700 төгрөг тус тус ашиг орж ирж Х.Оийн Хаан банкны дансанд шилжүүлж ашгаа хүртсэн байдаг. Х.О нь миний мөнгийг 2018.3.23-нд багц авснаас хойш 7 хоногийн дараа миний данс уруу 21,578,400 төгрөг шилжүүлсэн мөнгө нь 7,290 еврогийн багц саатаж миний бие 7,290 еврог уг компанийн дансанд өөрийн 21,578,400 төгрөгийг 7,290 евро болгож шилжүүлсэн учир түүнээс 21,578,400 төгрөгийг нэхэмжлэн авч захиран зарцуулах эрхтэй болно. Бидний санхүүжилт хийж багц худалдан авдаг энэхүү компанийг Монголд анх Ц, Б гэсэн нэр бүхий хүмүүс оруулж ирэн ажиллуулж байгаад багц худалдан авсан ашгийг өгөхгүй болж энэ асуудлаар иргэд гомдол гарган УМБГ эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа тул Х.Оийн ээжийн багцыг миний бие санхүүжүүлэн шилжүүлсэн 7,290 еврод бодон Х.Оийн шилжүүлсэн 21,578,400 мөнгөө надаас нэхэж, нэхэмжлэлийг УМБГ-т шилжүүлэн өгөхийг хүсэж холбогдох материалын хамт хүргэж байна.
2а. Нэхэмжлэгч нь 2018.3.17-нд компаниас багц авахаар ярилцаад ээжийгээ элсүүлээд багц авах гэтэл мөнгө байгаагүй учраас ирэх 7 хоногт мөнгө бүтнэ гэсэн. 7 хоногоор ашиг хүртдэг компани бөгөөд мөнгө нь орж ирээгүй тул өөрийнхөө хувийн мөнгийг ээжийнх нь нэр дээр 7200 еврогийн багц авч өгсөн. Улмаар 2 удаа ашиг олгогдсон. Улмаар миний гаргасан мөнгийг нэхэмжлэгч нь над уруу шилжүүлсэн юм. Тодруулбал ашиг авсныхаа дараа миний мөнгийг буцааж өгсөн юм. Нэхэмжлэгч нь миний мөнгийг өөрийнхөө мөнгө гээд байгааг ойлгохгүй байна. Өөрөө өөрийнхөө ээжийг оруулаад 2 удаа ашгаа авсан юм. Улмаар компани үйл ажиллагаа зогссон юм. Ашиг гарахгүй байсан тул багцаа нэмж яваад одоо өөрийн эрхээр харьцаж чадахаа больсон бөгөөд хүлээлтийн байдалтай байгаа юм. Баталгаа нь 3.17-нд элсэж ороод 7200 багц үүсгэгдээд дараа долоо хоногт нь ашиг шилжсэн байдаг. Мөн дараагийн 7 хоногт мөн ашиг шилжсэн байдаг. Ингээд ашгаа авсны дараа миний мөнгийг буцаан шилжүүлсэн юм гэв.
3. Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2023оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаар тогтоолын хуулбар /хх3-6/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх7-11/
3б. Хариуцагчаас Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх21-23/, хөрөнгө оруулалтын хэмжээ ба түүнээс оногдох ноогдол ашиг гэх баримт /хх31/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 18,522,460 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Зохигчид сүлжээ хэлбэрийн үйл ажиллагаанд багц гэж нэрлэх зүйлийг худалдах худалдан авах талаар харилцан тохиролцож иргэний эрх зүйн харилцаанд орсон үйл баримтын талаар хэн аль нь тайлбарлаж байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн хөрөнгө олгох, хариуцагч нь нэхэмжлэгчид багц гэх зүйлийг түүний нэр дээр бүртгүүлэх үүрэг хүлээсэн байна.
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ. Энэхүү гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.
3. Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгө шилжүүлсэн боловч надад багц олгогдоогүй гэж тайлбарласан бол хариуцагч нь 2 удаа ногдол ашиг авснаар багц өмчилж байгаа нь нотлогдоно гэж маргасан.
3а. Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчид 21,578,400 төгрөг олгосон болох нь Хаан банк дахь зохигчдын дансны хуулгаар тогтоогдсон. /хх8, 23/
Улмаар хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1,582,240 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр 1,473,700 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид олгосон болох нь мөн тэдгээрийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх21, 22/
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
4а. Хариуцагч нь сүлжээ дэх өөрийн дансанд байсан багцаас нэхэмжлэгчид 7,290 евротой тэнцэх хэмжээний багцыг өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Улмаар яригдаж буй сүлжээний үйл ажиллагаа одоо зогссон тул цахимаар харах боломжгүй гэж тайлбарласны улмаас шүүх уг үйл баримтыг шалгах боломжгүй юм. Иймд хариуцагчийг худалдах худалдан авах гэрээний дагуу биет бус эд зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчид 2 удаагийн гүйлгээгээр олгосон мөнгөн хөрөнгө нь багц олгосныг нотлохгүй юм. Учир нь гүйлгээний утга нь “бараа” гэсэн байх бөгөөд хэрэв ногдол ашиг байсан ч гэсэн хариуцагч өөрийн багцаас нэхэмжлэгчийн өмчлөлд багц шилжүүлсэн гэдгийг нотлохгүй юм.
5. Хариуцагчийн энэ асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх тайлбар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаар тогтоолоор үгүйсгэгдсэн бөгөөд хариуцагч энэхүү тайлбартай холбогдох нотлох баримт ирүүлээгүй. /хх3-6/
6. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчид гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрөө буцаан шаардах эрх үүссэн байна.
Харин ийнхүү мөнгөн хөрөнгийг буцаан олгохдоо хариуцагчийн төлсөн төлбөрийг хасаж тооцно. Тодруулбал, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах үүрэгтэй байдаг.
Иймд хариуцагчаас 18,522,460 /21,578,400-1,473,700-1,582,240/ төгрөг гаргуулах үндэслэлтэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250,562.30 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ш.хаас 18,522,460 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Оөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,055,940 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250,562.30 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД