Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/720

 

 

 

 

 

 

   2021             8               3                                        2021/ДШМ/720

 

Я.Б, Д.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Я.Б-ийн өмгөөлөгч Б.Оюунзул,

шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн,

иргэний нэхэмжлэгч Нийслэлийн татварын газрын улсын байцаагч Б.Ундрах, Ж.Туяасайхан, П.Лхагвахүү,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Б-ийн өмгөөлөгч Б.Оюунзул, шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Я.Б, Д.О нарт холбогдох эрүүгийн 1802001960021 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр  хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Ядмаагийн ....................., ............оны ..........дугаар сарын ............-ны өдөр .........төрсөн, ................настай, эмэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, .................... ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ........................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, РД: /........................../;

2. Сартуул овгийн Даваагийн ..............., .............оны ......... дүгээр сарын .........ны өдөр ................ төрсөн, .................... настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү бизнесийн удирдлага мэргэжилтэй, “...................... ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Сүхбаатар дүүргийн ........................... тоотод оршин суух бүртгэлтэй, РД: /......................../;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2008 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 1 давхарт бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг “Серж групп” ХХК-ийн /тухайн үеийн нэршлээр “Серж интернэшнл” ХХК/ удирдах албан тушаалтан, захирал Я.Б нь нягтлан бодогч Д.О-тэй бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2014 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр 1.994.643.171,46 төгрөгийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199.543.513,8 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн,

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40-н мянгатын 26 дугаар байрны 1 давхарт бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг “Серж групп” ХХК-ийн /тухайн үеийн нэршлээр “Серж интернэшнл” ХХК/ нягтлан бодогч Д.О нь тус компанийн захирал Я.Б-тэй бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2014 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр 1.994.643.171,46 төгрөгийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199.543.513,8 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Я.Б, Д.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Я.Б, Д.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үргэлжилсэн үйлдлээр татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б, Д.О нарыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан торгох ялыг 1 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг сануулж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “Серж групп” ХХК-иас 162.813.882 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Нийслэлийн татварын албанд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Иргэний хариуцагч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж,  шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.Б-ийн өмгөөлөгч Б.Оюунзул гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “”Сэрж групп” ХХК-ийн удирдах албан тушаалтан, захирал шүүгдэгч Я.Б нь 2014-2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр 1.994.643.171,46 төгрөгийн татвар нотлох орлого, эд хөрөнгө бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199.534.513,8 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна... шинжээч Ц.Энхнаран мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “иргэн Д.Отгонжаргалаас гаргаж өгсөн 294 хуудас материалд хавсаргагдсан 2017 оны 9-11 дүгээр саруудын зарим салбар борлуулалтын орлогын мэдээ нь тухайн компанийн тайлагнасан мэдээтэй таарч байсан. Харин 2017 оны борлуулалтын орлогын нэгдсэн мэдээний дүн нь татварын албанд тайлагнасан борлуулалтын орлогын мэдээнээс 882.7 сая төгрөгөөр зөрүүтэй /илүү/ байгаа байдал тогтоогдсон” гэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Баасанбатын томилсон шинжээч, татварын улсын байцаагч Ц.Энхнаран, П.Отгонсүрэн нар нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан дүгнэлтдээ иргэн Д.Отгонжаргалаас гаргаж өгсөн гэх 294 хуудас баримтыг ашигласан байна. Гэвч иргэн Д.Отгонжаргалын 294 хуудас баримтын эх сурвалж нь тодорхойгүй, үнэн зөв бодитой эсэх нь эргэлзээтэй баримтууд юм. Шинжээч дээрх баримтуудыг дүгнэлтдээ ашигласнаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт заасан “шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх” шаардлагыг хангаагүй байна. Шинжээч хэргийн оролцогчтой хувийн өш хонзон, таарамжгүй харилцаатай этгээдээс гаргуулж авсан баримтад үндэслэн дүгнэлт гаргаж байгаа нь хуульд нийцээгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу Эдийн засгийн шинжилгээ нь Шүүхийн шинжилгээний төв байгууллагаас баталсан стандартын дагуу явагдах шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Баасанбат нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор хэрэгт шинжилгээ хийж, дүгнэлт гаргахыг Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Энхнаран, мөн газрын татварын улсын байцаагч П.Отгонсүрэн нарт даалгасан. Мөн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур нэмэлт шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор татварын улсын байцаагч Ц.Энхнаран, П.Отгонсүрэн нарт нэмэлт шинжилгээ хийж, дүгнэлт гаргахыг даалгасан байдаг. Дээрх тогтоолын дагуу татварын улсын байцаагч Ц.Энхнаран, П.Отгонсүрэн нар нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан. Гэвч Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Монголын татварын алба нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн татварын газар, хэлтэс, тасаг, татварын улсын байцаагчаас бүрдэнэ” гэж хуульчилсан. Ийнхүү татварын алба нь Чингэлтэй дүүргийн татварын алба, Татварын Ерөнхий газар гэж тусдаа хоёр байгууллага байдаггүй, татварын байгууллага бол бүхэлдээ Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, татвар ногдуулах, хянан шалгах, хураах гэх мэт нэгдмэл чиг үүргийг хэрэгжүүлдэг, босоо удирдлагатай, төвлөрсөн байгууллага юм. Гэтэл татварын улсын байцаагч Ц.Энхнаран, П.Отгонсүрэн нар хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргаснаар иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлийн дүнгээ өөрөө тодорхойлж, дүгнэлт гаргасан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.3-т шүүхийн шинжилгээ хийхэд шинжээч “хараат бус” байх зарчмыг баримтлах төдийгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд... оролцогч, бусад оролцогчийн хувиар оролцсон бол” гэж заасны дагуу татварын улсын байцаагч Ц.Энхнаран, П.Отгонсүрэн нар нь шинжээчээр оролцож болохгүй этгээд юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил юм. “Сэрж групп” ХХК-ийн хувьд 2014-2017 оны хооронд татвар төлөхөөс зайлсхийсэн үргэлжилсэн үйлдэл байхгүй, 2013, 2014 оны үйл ажиллагаанд Татварын Ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсний дараа хяналт шалгалт оруулж, үргэлжилсэн үйлдэл болгож хууль зөрчиж байгаа юм. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй юм. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүнийг хангасан эсэх нь тодорхойгүй тухайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг нь их хэмжээний /50.000.000 төгрөг/ татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул хохирлын хэмжээ гэмт хэрэг мөн эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой байна. Гэтэл шүүхээс шүүгдэгч нарын гэм буруутайг тогтоох баримтууд буюу шинжээчийн дүгнэлтэд дараах үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцэхгүй асуудал байна. Үүнд: оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн орлогоос НӨАТ 10 хувь суутган тооцоогүй татвараас зайлсхийсэн гэжээ. Гэтэл ийнхүү тооцоход ААНОАТ 10 хувь, НӨАТ 10 хувь нийт 20 хувийг улсад тушаах ёстой байдаг бол шүүгдэгч нар нь анхнаасаа ОХУ руу шилжүүлсэн дүнгээс 20 хувь суутгасан байна. Өөрөөр хэлбэл, улс 20 хувь татвар төлөх ёстойгоос 20 хувийг тушаасан. “Монгол тамхи со” ХХК-ийн НӨАТ-ын хураамж баримт ашигласан гэх боловч хуурамч баримт болохыг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр баримтгүй, түүнчлэн “Монгол тамхи со” ХХК-ийн тайланг хүлээн зөвшөөрч татвар ногдуулсан байгаагаас тухайн баримт жинхэнэ болохыг нотолно. Өөрөөр хэлбэл, энэ асуудлаар гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Татвар ногдох орлогыг тогтоох буюу гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтооход ашиг сонирхлын зөрчлийг үүсгэсэн буюу Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжээч хараат бус байх зарчмыг зөрчсөн. Тогтоолд заасан дүгнэлтүүд дэх дээр дурдсан нөхцөл байдал нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байдаг. Хэрэв давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзсэн тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг харгалзан үзэх нь зүйтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокурорын хяналтад явагдсан. Мөрдөгчийн тогтоол гарч шинжээч томилогдсон. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгэээс шинжээч томилсон тогтоолд ямар нэгэн гомдол гаргаагүй. Татварын байцаагч нарын шинжээчээр ажиллахыг хуулиар хориглоогүй. Ашиг сонирхлын зөрчил үүссэн, төрөл садангийн холбоотой зэрэг тохиолдолд өөрсдөө мэдүүлэг гаргаад татгалзах үүргийг хүлээдэг. Шинжээчээр томилогдсон байцаагч нар нь Улсын төсвийн орлого, хяналтын газар ажилладаг. Тухайн байгууллага нь нарийн мэргэшсэн, манай байгууллагын дээд шатны байгууллага юм. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь тухайн дүүрэгт хярьяалагддаг иргэд, хуулийн этгээдэд татварын үйлчилгээ үзүүлдэг. Улсын төсвийн орлого хяналтын газарт нарийн мэргэшсэн, олон жил ажилласан туршлагатай татварын байцаагч нар байдаг учраас мөрдөгч, прокурорын саналын дагуу тухайн байгууллагаас шинжээч томилсон байх түүнээс нэг дор ажилладаг биш. Тухайн үед үйлчилж байсан хуулиар татварын байцаагч нар 5 жилийн хугацаагаар хөөж дүгнэлт гаргаж шийтгэлийн хуудас ногдуулж байгаа. “Монгол тамхи со” ХХК-тай хийсэн худалдан авалтыг татварын байгууллагаас зөвшөөрсөн зүйл байхгүй. Татвар ногдох хөрөнгө, орлогыг өөрөө мэдүүлж татвараа төлдөг. Тухайн аж ахуй нэгж, иргэн татварын байгууллагад тайлангаа цахимаар илгээснээр хүлээн авсан төлөвтэй байдаг буюу цахим архивт хадгалагддаг. Үнэн, зөв тайлан гаргасан эсэхийг татварын хяналт шалгалын үед тогтоодог. Татварын байцаагч нар хяналт шалгалт хийгээд акт тогтоосон байгаа нь үндэслэлтэй болсон. “Монгол тамхи со” ХХК нь тамхины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Серж интернэшнл” ХХК нь хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг. Харилцан худалдан авалт хийх боломжгүй, үйл ажиллагааны чиглэл нь өөр байдаг. Үүгээр тухайн баримт илт хуурамч гэдэг нь тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтэд ямар учраас хуулийн хугацаанд албан татвараа төлөөгүйн улмаас учирсан алданги болон хохиролыг ногдуулсан талаар тодорхой тусгасан байсан. Хуурамчаар НӨАТ-ын баримт бүрдүүлэн худалдан авалт хийсэн. Уг баримтыг ашиглан буцаан олголт авсан. Улсын төсөвт орох ёстой байсан хохирлыг нэхэмжлэн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчээр оролцож байна.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.Туяасайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Иргэний нэхэмжлэгч П.Лхагвахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Цагдаагийн байгууллагад хэн ч, ямар ч хуулийн этгээд гомдол гаргах эрхтэй. Д.Отгонжаргал нь үүний дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасны улмаас мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Санхүүгийн шинжээч нь тухайн байгууллагаас гаргаж өгсөн баримтын хүрээнд 3 удаа дүгнэлт гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийн талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Энэ хэрэг нь 2014-2018 оны хооронд үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг таслан зогсоогдсон үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. 2019 оны 5 дугаар сард зөрчил илэрсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар татсан. Хяналтын прокурор Б.Бүжинлхам хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно. Нийслэл, дүүргийн татварын газар нь тус тусдаа статус бүхий байгууллага юм. Санхүүгийн мэргэшсэн байгууллагыг шинжээчээр томилсон. Улсын төсөвтэй холбоотой асуудлын талаар дүгнэлт гаргасан учраас ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдсан гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Я.Б, Д.О нар нь бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2014 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр 1.994.643.171,46 төгрөгийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199.543.513,8 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Д.О-ын “...“Серж интернэшнл” ХХК нь 200 гаруй ажилтантай мөртлөө 100 гаруй ажилтнаар нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг ба Чингэлтэй дүүргийн татварын албанд өгсөн 2017 оны 4 улирлын тайлан нь 2017 оны “Серж интернэшнл” ХХК-ийн дотоод борлуулалтын тайлан хоёр нь хоорондоо 2 тэрбум төгрөгөөр зөрж байгаа нь орлогын татварыг нуун дарагдуулсан гэж үзээд хуулийн дагуу шалгуулахаар өргөдөл гаргасан..." гэх мэдүүлэг /1хх 6-8/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-н “...тус аж ахуйн нэгжийн 2014-2017 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн татварын улсын сайцаагч А.Өнөрмаа, Г.Баттулга нарын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 351830114 дугаартай шийтгэлийн хуудсаар 30.296.383 төгрөгийн нөхөн татвар, тухайн цаг хугацааг хамруулан хяналт шалгалт явуулсан шинжээч Ц.Энхнаран, П.Отгонсүрэн нарын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон 132.437.458,83 төгрөгийн төлөх ёстой байсан татвар, мөн 2018 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч Л.Энхтуяа, Б.Гантуул нарын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 0295052 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 6.224.249,9 төгрөгийн нөхөн татвар, шинжээч Ц.Энхнаран, П.Отгонсүрэн нарын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон 30.376.423,81 төгрөгийн төлөх ёстой байсан татвар буюу “Серж Групп" ХХК нь 2014-2018 онд нийт 199.534.513,8 /нэг зуун ерэн есөн сая таван зуун гучин дөрвөн мянга таван зуун арван гурван төгрөг наян мөнгө/ төгрөгийн татварыг төлөөгүй байна...” гэх мэдүүлэг /4хх 19-20/,

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт /2хх 183-191/,

шинжээч Ц.Энхнарангийн “...иргэн Д.Отгонжаргалаас гаргаж өгсөн 294 хуудас материалд хавсаргагдсан 2017 оны 9, 10, 11 дүгээр саруудын зарим салбарын борлуулалтын орлогын мэдээ нь тухайн компани тайлагнасан мэдээтэй таарч байсан. ...Хяналт шалгалтаар 2014-2017 онуудад хамаарах татвар төлөхөөс зайлсхийсэн 5 удаагийн үйлдэл тогтоогдсон. Тэдгээр таван үйлдлүүд нь өмнөх хяналт шалгалтаар тогтоогдож байгаагүй бөгөөд нийт үнийн дүн нь 1.324.374.588,32 /нэг тэрбум гурван зуун хорин дөрвөн сая гурван зуун далан дөрвөн мянга, таван зуун наян найман төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг бөгөөд татварын хуульд заасан хувь хэмжээгээр тооцоход 132.437.458,83 /нэг зуун гучин хоёр сая дөрвөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун тавин найман төгрөг, наян гурван мөнгө/ төгрөгийн албан татвар ногдохоор байна. ...Тухайн ажиллагааны үед санхүүгийн бүртгэлийн албаны дарга Д.О-ийн компьютерт хадгалагдаж байсан мэдээллээс үндэслэн тухайн үйлдлийг илрүүлсэн тул өмнөх шалгалтуудаар тэдгээр үйлдэл мэдэгдэлгүй өнгөрсөн байх гэж бодож байна..." гэх мэдүүлэг /2хх 192-194/,

шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт /3хх 192-196/,

шинжээч П.Отгонсүрэнгийн “...тэр материалд зарим нэг салбаруудын 2017 оны 9, 10, 11 дүгээр сарын үйл ажиллагааны тайлан, мөн 2017 оны нийт салбаруудын орлогын мэдээний нэгтгэлийг харуулсан хүснэгтэн мэдээ зэрэг баримтууд байсан. Тэдгээр нь санхүүгийн анхан шатны баримт материалд хамаарахгүй. Д.Отгонжаргалын гаргаж ирүүлсэн баримт материал хангалтгүй байсан тул бид нэмэлт материал гаргуулах хүсэлт гаргасан. Улмаар нэгжлэгийн ажиллагаа явагдаж зарим нэг материалыг олж авсан боловч тэдгээрээс Д.Отгонжаргалын материалд дурдагдсан орлогыг нотлох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэл мэдээлэл баримт олдоогүй. Гэхдээ тухайн ажиллагааны үр дүнд татвар төлөхөөс зайлсхийсэн өөр баримтуудыг олж илрүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх 196-197/,

гэрч А.Ө-ийн “...нийт 174.150.762 төгрөгийн зөрчил нь тайлангаар ногдуулсан татвараа хугацаанд нь төлөөгүй зөрчил, үлдэгдэл 601.429.517 төгрөгийн орлогыг 3 төрлийн татвараар нуун дарагдуулсан зөрчил илэрч байгаа хэдий ч 2015 онд тус компани нь 157.924.562 төгрөг, 2016 онд 150.171.539 төгрөгийн алдагдалтай ажилласныг хааж, үлдсэн 302.963.830 төгрөгийн орлогыг нууж дарагдуулсан нь илэрсэн. Үүнээс нөхөн татварт 30.296.383 төгрөг, торгуульд 14.313.436 төгрөг, алдангид 10.382.763 төгрөгийг төлүүлэхээр шийтгэлийн хуудас бичиж шийдвэр гаргасан...” гэх мэдүүлэг /1 хх 18-19/,

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 351830114 дугаартай “...холбогдогч “Сэрж интернэшнл” ХХК-ийн гаргасан 775.580.279,95 төгрөгийн зөрчилд 30.296.383 төгрөгийн нөхөн татвар, 14.313.436,70 төгрөгийн торгууль, 10.382.763 төгрөгийн алданги, нийт 54.992.583,30 төгрөгийн төлбөр оногдуулсугай...“ гэх шийтгэл оногдуулсан хуудас /1хх 30-35/,

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн татварын байцаагчийн “...”Сэрж-Интерэшнл” ХХК ...2018 онд 701.969 төгрөгийн орлогыг аж, ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулаагүй. албан татвар төлөөгүй, 39.348.154,56 төгрөгийн их завсрын зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцсон, 23.490.391,83 төгрөгийн үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалт хийхэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсныг худалдан авалтын хасалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулах орлогыг бууруулсан...” гэх тэмдэглэл /3хх 118/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Я.Б, Д.О нар нь бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгч, тэдгээрийн сонгон авсан өмгөөлөгчдийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Я.Б, Д.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Я.Б, Д.О нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруу зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Б, Д.О нарыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Я.Б-ийн өмгөөлөгч Б.Оюунзулын гаргасан “...шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй шинжээч нар дүгнэлт гаргасан...” гэх, шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэнгийн гаргасан “...шинжээчийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй шинжээч нар дүгнэлт гаргасан, шүүхийн шинжилгээний заалтын зохих заалтыг хангаагүй...” гэх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин “... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй ...” талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэснийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилж, үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж зохицуулж байсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж баталсан өдрөөс хүчингүй болгосон байна.

Шүүгдэгч Я.Б, Д.О нар нь 2014 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааны хамаарлаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Я.Б, Д.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг тогтоолд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Я.Б, Д.О нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Я.Б-ийн өмгөөлөгч Б.Оюунзул, шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлоос “...хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ