| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/06991/И |
| Дугаар | 101/ШШ2023/01192 |
| Огноо | 2023-03-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2023/01192
2023 03 09 101/ШШ2023/01192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххх тоот хаягт оршин суух, Л.н Бийн /РД: хххххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үнэлгээ, үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххххххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 1898 дугаартай захирамжаар Л.Б, Ж.Саруул биднээс 170,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 539,075 төгрөгийн хамт гаргуулж хххххххххххх ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад хххххххххххххх тоотын 96,27 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 297,500,000 төгрөгөөр үнэлсэн мэдэгдлийг танилцуулсан ба уг үнэлгээг зөвшөөрөхгүй.
Уг үнэлгээнээс харахад Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-т зааснаар хөрөнгийн үнэлгээг ямар баримтад тулгуурлан хийсэн нь тодорхойгүйгээс гадна мөн хуулийн 9.2.1-т заасан орон сууцны давуу талыг орхигдуулсан. Орон сууцыг маань хэт багаар буюу 297,500,000 төгрөгөөр үнэлсэн болохыг зөвшөөрөхгүй тул уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
Орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй биш, харин орон сууцны үнэ зах зээлийн үнээс зөрүүтэй үнэлэгдсэн гэж ойлгоно.
Мөн хххххххххххх ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа Нарт-Атас ХХК-ийн эзэмшлийн хххххххххххххх хороо, аж ахуйн зориулалттай, нэгж талбарын хххххххххххххххх дугаартай, 11,995 м.кв талбайтай эзэмшлийн газарт 1,000,000,000 төгрөгийн бүтээн байгуулалт явагдаж байгаа.
Би хххххххххххх ХХК-д газрыг маань чөлөөлөөд өгчих, хөрөнгө оруулагч олж үйл ажиллагаагаа үргэлжлүүлмээр байна гэдэг хүсэлтийг тавьсан бөгөөд энэ талаар банк бус санхүүгийн байгууллагыг төлөөлөөд оролцож байгаа А.Мандахтай ярилцаж байсан.
Би компанийнхаа газарт хөрөнгө оруулалт авчихвал 170,000,000 төгрөгийг төлөх бүрэн боломжтой бөгөөд орон сууц болон газар барьцаалсан байхад газрыг үнэлгээнд огт дурьдаагүй.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний эрх ашиг зөрчигдөөгүй ба Нарт атас ХХК-ийн хххххххххххххх хороо, аж ахуйн зориулалттай, нэгж талбарын хххххххххххххххх дугаартай, 11,995 м.кв талбайтай газраа хххххххххххх ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтэй гэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 01898 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Л.Б, Ж.Саруул нараас 170,000,000 төгрөг гаргуулан хххххххххххх ХХК-д олгож, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд Л.Б, Ж.Саруул нарын өмчлөлийн ххххххххххххххххх, 3 өрөө, 96,27 м.кв талбайтай, хххххххххххххх, дугаартай орон сууц, Нарт-Атас ХХК-ийн эзэмшлийн хххххххххххххх хороо, аж ахуй /царцааны аж ахуйн урд/ зориулалттай, нэгж талбарын хххххххххххххххх дугаартай, 11,995 м.кв талбайтай эзэмшлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичгийг 2022 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан ба 2022 оны 06 сарын 03-ны өдөр төлбөр төлөгч Л.Бтай уулзаж шийдвэрийг танилцуулан шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн.
Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээр дурдсан Л.Б, Ж.Саруул нарын өмчлөлийн ххххххххххххххххх, 3 өрөө, 96,27 м.кв талбайтай, хххххххххххххх, дугаартай орон сууцыг 2022 оны 08 сарын 23-ны өдрийнхххххххххххххххххх тоот тогтоолоор битүүмжилсэн.
Мөн 2022 оны 09 сарын 30-ны өдрийн хххххххх тоот тогтоолоор битүүмжилсэн орон сууцыг хураан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөрт төлөгч талд мэдэгдсэн.
Талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Л.Б, Ж.Саруул нар орон сууцыг 680,000,000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч хххххххххххх ХХК уг үнийн саналыг эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 10/304 дугаар бүхий тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-Ж.Уртнасанг төлбөрт битүүмжлэгдэн хураасан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх шинжээчээр томилсон.
Шинжээч 2022 оны 10 сарын 12-ны өдөр ххххххххххххххххх, 3 өрөө, 96,27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 297,500,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ ирүүлсэн.
Уг үнэлгээг төлбөр төлөгч нарт 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 4-187/19346 дугаар албан бичгээр мэдэгдсэн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хногийн дотор шүүхэд гаргана гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Нарт-Атас ХХК-ийн эзэмшлийн хххххххххххххх хороо, аж ахуй /царцааны аж ахуйн урд/ зориулалттай, нэгж талбарын хххххххххххххххх дугаартай, 11,995 м.кв талбайтай эзэмшлийн газартай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа огт явагдаагүй.
Барьцаа хөрөнгө хангалттай байсан учир газартай холбоотой ажиллагаа явагдаагүй ба үнийн дүн хүрэлцэхгүй тохиолдолд ажиллагаа явагдах байсан.
Төлбөрт битүүмжлэн, хураасан 96,27 м.кв, 3 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 297,500,000 төгрөгийн 70 хувь болох 208,250,000 төгрөгөөр дуудлага худалдаагаар дуудах үнийг тогтоож 2022 оны 11 сарын 23-ны өдөр анхны дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн ч тус шүүхийн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 27370 дугаар шүүгчийн захирамжаар уг орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг манай байгууллагад даалгасан тул тухайн орон сууцтай холбоотой дуудлага худалдаа явагдаагүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххххххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн ххххххххххххх дугаар захирамжаар хариуцагч Л.Б, Ж.Саруул нараас 170,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 539,075 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч хххххххххххх ХХК-д олгохоор захирамжилсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Л.Б, Ж.Саруул нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хххххххххххххххххххх тоотод байрлах 96.27 м.кв талбайтай орон сууцыг холбогдох журмын дагуу битүүмжлэн, хурааж улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгож улмаар 2022 оны 11 сарын 23-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон.
Гэвч 2022 оны 11 сарын 22-ны өдөр төлбөр төлөгч Л.Бийн гаргасан гомдлын дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар албадан дуудлага худалдааг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байна.
Энэхүү шүүгчийн захирамж төлбөр авагчийн төлбөрөө гаргуулан авах хуулиар олгогдсон эрхийг хөндөж байх тул Л.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ, үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хххххххххххх ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна.
Төлбөр төлөгч Л.Б төлбөрт битүүмжлэн, хураасан хххххххххххххххххххх тоотод байрлах 96.27 м.кв орон сууцыг хэт бага 297,500,000 төгрөгөөр үнэлсэн гэж байх боловч энэ нь баримтаар тогтоогдох ёстой.
Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хөрөнгийн үнэлгээтэй танилцсанаас хойш 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах бөгөөд Л.Б 2022 оны 10 сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй байсан ба хуульд заасан 7 хоногийн хугацаа хэтэрсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага эхний ээлжинд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хххххххххххххххххххх тоотод байрлах 96.27 м.кв орон сууцаар хангуулах боломжтой гэж үзээд Нарт атас ХХК-ийн эзэмшлийн газартай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй гэж үзэж байна гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Л.Б нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар болон оршин суугаа хаягийн тодорхойлолт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 сарын 23-ны өдрийнхххххххххххххххххх тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, мөн газрын 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 4-187/19346 тоот үнэлгээний мэдэгдэл,
Төлбөр төлөгч нарын үнийн санал, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тус шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 1898 дугаар бүхий шүүгчийн захирамж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 10 сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 12/30 тоот тогтоол,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын м2022 оны 11 сарын 14-ний өдрийн 4-165/21648 тоот анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь итгэмжлэл, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 1079 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 11739 дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 1898 дугаартай шийдвэр,
хххххххххххх ХХК-ийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд А.Мандах төлөөлөх итгэмжлэл, 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 22380777 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг,
хххххххххххххххххххх тоотод байрлах 96.27 м.кв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
2022 оны 08 сарын 23-ны өдрийн 20380777/165-01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 20380777/165-02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол,
Төлбөр авагч, төлбөр төлөгч нарт хүргүүлсэн 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 4-165/18276 тоот болон 4-165/18277 тоот үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэх хуудас, төлбөр төлөгч нарын үнийн санал, хххххххххххх ХХК-ийн шинжээч томилуулах хүсэлт,
Шинжээч томилох тогтоол, шинжээчид хууль тайлбарласан баримт, шинжээчийн танилцуулга, хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 10 сарын 12-ны өдрийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн баримт,
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
Төлбөр төлөгч нарт хүргүүлсэн 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 4-187/19346 тоот үнэлгээний мэдэгдэл, төлбөр авагч талын анхны албадан дуудлага худалдаанд орон сууцыг оруулах хүсэлт, 2022 оны 11 сарын 04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 12/30 тоот тогтоол,
Анхны албадан дуудлага худалдаа явуулахыг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн 2022 оны 11 сарын 14-ний өдрийн 4-165/21648 тоот мэдэгдэл зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххххххххх ХХК нь гуравдагч этгээдээр оролцох хүсэлт, А.Мандахад олгосон итгэмжлэл зэрэг баримт ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хххххххххххххххххххх тоотод байрлах 96.27 м.кв орон сууцыг үнэлсэн үнэлгээ, үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 01898 дугаар шүүгчийн захирамжаар:
1. Нэхэмжлэгч хххххххххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б, Ж.Саруул нарт холбогдох 195,118,500.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь 25,118,500.33 төгрөгийн шаардлагаас татгалзаж,
үлдэх 170,000,000 төгрөгийг хариуцагч нар 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 150,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Голомт банкны 2205118288 тоот дансанд төлж,
хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд Л.Б, Ж.Саруул нарын өмчлөлийн ххххххххххххххххх, 3 өрөө, 96,27 м.кв талбайтай, хххххххххххххх, дугаартай орон сууц, Нарт-Атас ХХК-ийн эзэмшлийн хххххххххххххх хороо, аж ахуй /царцааны аж ахуйн урд/ зориулалттай, нэгж талбарын хххххххххххххххх дугаартай, 11,995 м.кв талбайтай эзэмшлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон,
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,203,743 төгрөгийн 822,617.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 539,075 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч Л.Б, Ж.Саруул нараас 539,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч хххххххххххх ХХК-д олгон,
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдан,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдан шийдвэрлэсэн байна.
/ХХ-ийн 12-13, 76-77 дугаар тал/
Дээрх шийдвэр, 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 11739 дугаартай шийдвэр албадан гүйцэтгэх захирамж болон мөн өдрийн 1079 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 22380777 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн ажиллагаа явагдаж эхэлжээ.
/ХХ-ийн 75-80 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлэх мэдэгдэл гардуулан тухай бүрт нь ажиллагааны тэмдэглэл үйлдсэн, мөн төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийг авч байсан байна.
/ХХ-ийн 81-84, 87, 92 дүгээр тал/
2022 оны 08 сарын 23-ны өдрийнхххххххххххххххххх тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор ххххххххххххххххх, 3 өрөө, 96,27 м.кв талбайтай, хххххххххххххх, дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хураан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч нарт танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлджээ.
/ХХ-ийн 85-87 дугаар тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5-д Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор шүүх, бусад албан тушаалтнаас төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн тохиолдолд тухайн хөрөнгийг хүлээлцсэн тухай тэмдэглэл үйлдэн, түүний бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авна гэж заасан ажиллагаа хийгдсэн нь дээрх баримтаар тогтоогдлоо.
Мөн газрын Эд хөрөнгө хураах тухай 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 22380777/165-02 тоот тогтоолоор битүүмжилсэн орон сууцыг хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байна.
/ХХ-ийн 90-92 дугаар тал/
хххххххххххххххххын 3 өрөө, 96,27 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө төлбөр төлөгч Л.Б, Ж.Саруул өмчлөлийнх болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 84 дүгээр тал/
Дээрхи ажиллагаануудын талаар төлбөр төлөгч нар буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Саруул, Л.Б нар гомдол гаргаагүй нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.
Төлбөр төлөгч Ж.Саруул, Л.Б нар өөрслийн өмчлөлийн төлбөрт битүүмжлэн хураасан дээр дурдсан орон сууцыг 680,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хххххххххххх ХХК эс зөвшөөрч орон сууцыг үнэлүүлэх хүсэлтийг 2022 оны 10 сарын 04-ний өдөр гаргасан байна.
/ХХ-ийн 93-96 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 10/304 тоот тогтоолоор төлбөрт битүүмжлэн, хураагдсан хххххххххххххххххын 3 өрөө, 96,27 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, тус компанийн үнэлгээчин Ж.Уртнасанг томилжээ.
Шийдвэр гүйцэтгэгчийн уг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцэж байх ба энэ ажиллагааг хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
/ХХ-ийн 95-100 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн /2009 оны 12 сарын 03-ны өдрийн хууль/ 9 дүгээр зүйлийн 9.1-т Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна,
9.2-т Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж тус тус заасны дагуу уг ажиллагаануудыг шийдвэр гүйцэтгэгч хуульд заасны дагуу гүйцэтгэсэн байна.
/ХХ-ийн 98-100 дугаар тал/
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, шинжээч Ж.Уртнасан 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 482 тоот хөрөнгийн үнэлгээний тайландаа:
-Хөрөнгийн байдалтай 2022 оны 10 сарын 11-ний өдөр танилцаж, үнэлгээг 2022 оны 10 сарын 11-ний байдлаар тогтоов.
-Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Баян монгол хороолол, 406-р байр, 20 тоот, хэмжээ 96,27 м.кв талбайтай, 2011 онд ашиглалтанд орсон, барилгын хийц, бүтээц-төмөр бетон, тоосго блокон дүүргэгчтэй, цутгамал бетон хучилттай,
Төвийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон, супер засвартай, хана-обой, шал-паркет, тааз-уналттай, эмульс, хаалга-мод,
-Үнэлгээ хийхдээ зах зээлийн харьцуулан жиших хандлага, өртгийн хандлага тэдгээрт тохирох аргуудыг ашигласан.
Харьцуулан жиших хандлагын аргаар-Зах зээлийн харьцуулах аргын үнэлгээ нь үнэлж буй хөрөнгөтэй байршил, барилгын хийц, зориулалт, ашиглалтанд орсон он зэргээрээ ижил төстэй зах зээлд зарагдаж байгаа болон зарагдсан хөрөнгөтэй харьцуулан жишиж хөрөнгийн үнэд нөлөөлөх бүхий ялгаатай хүчин зүйлсэд тохирох үнийн зохицуулалт, тохируулгыг хийснээр үнэлж буй обьектын зах зээлийн үнэ, цэнийг тодорхойлдог.
Зах зээлийн харьцуулах хандлагаар тооцон Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Баянмонгол хороолол, 406-р байр, 20 тоотын 96,27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 297,500,000 төгрөг.
-Өртгийн хандлага-хөрөнгийн үнэлгээний үндсэн 3 хандлагын нэг бөгөөд хөрөнгийн эзэмшигчид очих бодит болон төсөөлсөн орлогын урсгал байх боломжгүй, мөн тухайн хөрөнгийн үнэлгээ хэр бодит үндэслэлтэй болсныг бусад хандлагатай харьцуулж эцсийн үнэлгээ тогтооход шинжилгээ хийх зориулалтаа ашигладаг.
Өртгийн хандлагаар тооцоход Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Баянмонгол хороолол, 406-р байр, 20 тоотын 96,27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 179,000,000 төгрөг.
-Хөрөнгийн үнэлгээний нэгтгэл: Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Баянмонгол хороолол, 406-р байр, 20 тоотын 96,27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 2022 оны 10 сарын 11-ний өдрийн байдлаар 297,500,000 төгрөг гэжээ.
/ХХ-ийн 102-114 дүгээр тал/
Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, үнэлгээчин Ж.Уртнасан хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй нь Сангийн сайдын 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 130 тоот тушаалын дагуу олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.mn сайт дахь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Монгол улсын Сангийн яамны mof.gov.mn сайт дахь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий иргэдийн нэрсийн жагсаалтад тус тус тусгагдсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.
Мөн шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай /2009 оны 12 сарын 03-ны өдрийн хууль/ хуулийн 9, 12, 13, 14, 15, 45 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн /2010 оны 01 сарын 21-ний өдрийн хууль/ 13, 14 дүгээр зүйл, Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.5 дахь заалтуудыг тус тус танилцуулсан бөгөөд шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, уг ажиллагаанд оролцоход хувийн сонирхолгүй, шинжээчээс татгалзах үндэслэл байгаа эсэх гэх зэрэг дүгнэлт гаргахад үл харшлах байдлуудыг урьдчилан тодруулан хуульд заасан ажиллагааг явуулсан байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайланг 2022 оны 10 сарын 12-ны өдөр хүлээн авмагц төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 297,500,000 төгрөгөөр үнэлсэн тухай 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 4-187/19346 тоот мэдэгдэх хуудсыг 2022 оны 10 сарын 14-ний өдөр төлбөр төлөгч Л.Бид танилцуулан ажиллагааны тэмдэглэл үйлджээ.
Л.Б уг мэдэгдлийн эх хувийг 2022 оны 10 сарын 15-ны өдөр гардан авсан байна.
/ХХ-ийн 10, 115-116 дугаар тал/
Төлбөр төлөгч Л.Б үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ ямар баримт мэдээлэлд тулгуурласан нь тодорхойгүй, орон сууцны давуу талыг орхигдуулсан гэх боловч шинжээч хөрөнгийн үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, тооцоолол, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, үндэслэлийг нэг бүрчлэн арга нэг бүрээр нь тодорхойлон тайлбарласан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн /2010 оны 01 сарын 21-ний өдрийн хууль/ 9 дүгээр зүйлийн 9.3.8-д Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл-ийг тайланд тусгана,
Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-т Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх заасан шаардлагыг хангасан ба хөрөнгийн үнэлгээний байгууллага, шинжээч үнэлгээ тогтоохдоо хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Мөн төлбөр төлөгч дээрх орон сууцыг хэт багаар үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, уг үйл баримт нотлогдоогүй болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар төлбөр төлөгчийн битүүмжлэгдэн, хураагдсан хөрөнгийг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлүүлдэг бөгөөд төлбөр төлөгч Л.Б үнэлгээг зөвшөөрөхгүй гэх боловч уг үнэлгээний талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т /2010 оны 01 сарын 21-ний хууль/ зааснаар холбогдох мэргэжлийн байгууллагад нь гомдол гаргаагүй.
Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, үнэлгээчин Ж.Уртнасан орон сууцыг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн /2010 оны 01 сарын 21-ний өдрийн хууль/ 4 дүгээр зүйлийн 4.4-т Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно, 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно, мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасантай тус тус нийцүүлж үнэлсэн нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан ба энэ нь тухайн нөхцлүүд тогтоогдсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдэнэ.
Шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 297,500,000 төгрөгийн 70 хувь 208,250,000 төгрөгөөр 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 12/30 тоот тогтоолоор шийдвэрлэснийг 2022 оны 11 сарын 14-ний өдрийн 4-165/21648 тоот мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч нарт мэдэгдэн ажиллагааны тэмдэглэл үйлджээ.
/ХХ-ийн 121-123 дугаар тал/
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 27370 дугаар бүхий захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т заасныг баримтлан Л.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ, үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 01898 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааний явцад төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Л.Б, Ж.Саруул нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12-р хороо, /13311/, Нарны зам, 406-р байрны 20 тоот, 3 өрөө, 96,27 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаснаар 2022 оны 11 сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар уг орон сууцтай холбоотой ажиллагаа явагдаагүй байна.
Төлбөр төлөгч Л.Б төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 297,500,000 төгрөгөөр үнэлэгдсэнтэй холбоотой гомдлоо 2022 оны 10 сарын 31-ний өдөр тус шүүхэд гаргасан байна.
Тэрээр тус шүүхэд 2022 оны 10 сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан үнэлгээ, үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргахад тус шүүхийн 2022 оны 10 сарын 27-ны өдрийн 25061 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь шүүхийн бүртгэлийн Иргэн 2014 нэгдсэн программд бүртгэгдсэн байна.
Л.Б нь хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 482 тоот үнэлгээтэй 2022 оны 10 сарын 14-ний өдөр танилцан, үнэлгээний мэдэгдлийг эх хувиар 2022 оны 10 сарын 15-ны өдөр гардан авч үнэлгээтэй холбоотой гомдлоо 2022 оны 10 сарын 20-ны өдөр гаргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу төлбөр төлөгчийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүх шийдвэрлэх үндэслэлтэй.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 1898 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч Л.Б, Ж.Саруул нараас 170,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч хххххххххххх ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн гэрээний үүрэгт барьцаалсан, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн, үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагджээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул Л.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 01898 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд Л.Б, Ж.Саруул нарын өмчлөлийн ххххххххххххххххх, 3 өрөө, 96,27 м.кв талбайтай, хххххххххххххх, дугаартай орон сууц, Нарт-Атас ХХК-ийн эзэмшлийн хххххххххххххх хороо, аж ахуй /царцааны аж ахуйн урд/ зориулалттай, нэгж талбарын хххххххххххххххх дугаартай, 11,995 м.кв талбайтай эзэмшлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн хөрөнгүүдийн нэг болох Нарт-Атас ХХК-ийн эзэмшлийн хххххххххххххх хороо, аж ахуй /царцааны аж ахуйн урд/ зориулалттай, нэгж талбарын хххххххххххххххх дугаартай, 11,995 м.кв талбай бүхий газрыг битүүмжлэн, хураагаагүй, уг газартай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй тул газартай холбоотой ямар нэг дүгнэлт өгөх шаардлагагүй.
Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Л.Б нь дээр дурдсан газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тухайн газраар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн тул газрыг барьцаанаас чөлөөлөх үндэслэлгүй ба харин тэрээр уг асуудлаараа хххххххххххх ХХК-д хандах эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ххххххххххххххххх, 3 өрөө, 96,27 м.кв талбайтай, хххххххххххххх дугаарт бүртгэлтэй орон сууцыг 297,500,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 482 тоот үнэлгээ, үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Л.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Л.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхийн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 27370 дугаартай шүүгчийн захирамжаар Л.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 01898 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааний явцад төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Л.Б, Ж.Саруул нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12-р хороо, /13311/, Нарны зам, 406-р байрны 20 тоот, 3 өрөө, 96,27 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН