| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/07305/И |
| Дугаар | 101/ШШ2023/01519 |
| Огноо | 2023-03-27 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2023/01519
2023 03 27 101/ШШ2023/01519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххх цогцолбор, Г ХХК-ийн /РД: хххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Бххххххххххххх тоот, А ХХК-д /РД: ааааааааааа холбогдох
613,946,895 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номинзаяа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин,
Хариуцагчийн өмгөөлөгч С.Отгонжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-ийн захирал Д.Түмэннаст шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номинзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Худалдагч Г ХХК нь худалдан авагч А ХХК-тай 2021 оны 06 сарын 10-ны өдөр битум нийлүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээ нь нэг талаас Монгол улсын чанар стандартын шаардлагад нийцсэн авто замын битумыг хавсралтын дагуу нийлүүлэх, нөгөө талаас худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүрэг хүлээсэн 2 талт гэрээ юм.
Талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 017-21/gz тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу худалдан авагч А ХХК нь 356.070 тонн хххххххххх маркийн авто замын битумыг 1 тонн тутмыг 560 ам доллараар тооцон, үнийг нь мөн оны буюу 2021 оны 08 сарын 10-ны дотор төлөх, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлөх үүрэг хүлээсэн.
Уг 017-21/gz тоот гэрээний дагуу төлбөр тооцоход үндсэн төлбөр 120,382 ам доллар буюу 409,297,930 төгрөг, 500 хоног хугацаа хэтэрсэн алданги 131,434 ам доллар буюу 446,875,720 төгрөг болсон.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг баримтлан алдангид 204,648,895 төгрөг нэхэмжилж байна.
Манай компани 1 жил гаруй хугацаанд гадаад төлбөрийн ханшийн зөрүү, банкны хүү, инфляци өсөлт зэрэг эрсдэл үүрч уг гэрээнээс алдагдал хүлээх хэмжээнд хүрээд байна.
Иймд 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 017-21/gz тоот гэрээний дагуу хариуцагч А ХХК-иас үндсэн төлбөр 120,382 ам доллар буюу 409,279,930 төгрөг, алданги 204,648,965 төгрөг, нийт 613,946,895 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Ам долларын ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 11 сарын 10-ны өдрийн ханш 3401 төгрөгөөр тооцсон гэв.
Хариуцагч А ХХК-ийн захирал Ш.Алтансүх шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А ХХК нь өөрийн гүйцэтгэж буй Дорнод аймгийн төвийн хатуу хучилттай 5,5 км замын барилга угсралтын ажилд зориулж Г ХХК-иас битум зээлээр худалдан авсан.
Замын ажил 2020 оны 03 сард эхэлсэн ба сонгуулиас өмнө замыг нээх шаардлага тавьсан учир 2020 оны 06 сард нээсэн бөгөөд улсын комисс хүлээж аваагүй байхад замыг нээж ашиглалтанд оруулснаас болж замд эвдрэл үүссэн.
Ингээд уг замын ажлыг доголдлыг арилгахтай холбоотой Г ХХК-иас битум зээлээр авсан бөгөөд ажлыг гүйцэтгэж дууссан.
Ковидын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг биднээс шалтгаалаагүй, бидний хяналтаас гадуур үүссэн давагдашгүй нөхцөл байдлаас шалтгаалж одоог хүртэл улсын комисс замыг хүлээж аваагүй.
Уг авто замыг улсын комисст хүлээлгэн өгч гүйцэтгэлийн санхүүжилтээ авсан даруй Г ХХК-ийн битумын үндсэн төлбөрийг төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл санхүүжилт олгогдоогүй тул битум худалдан авсан төлбөрийг төлж чадаагүй.
Өмнө нь төлбөрийг 2023 оны 04 сараас эхлэн тодорхой хуваарийн дагуу төлөхөөр санал гаргаж байсан.
Г ХХК нь гэрээний үндсэн төлбөр 120,382 ам доллар, алданги 131,434 ам долларын 50 хувиар тооцон монгол төгрөгт шилжүүлэн нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т алдангийг 0.2 хувиар тооцож төлнө гэж заасан ба Засгийн газраас мөнгөө авчихсан бол ийм асуудалд орохгүй байсан.
Ковидын нөхцөл байдлын улмаас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д алданги, анзын хэмжээ хэт их байвал нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүх багасгаж болно гэж заасан тул үүнийг шүүх харгалзан үзнэ үү.
Г ХХК-тай байгуулсан гэрээний 2.3-т төлбөрийг төлөх хугацаа 2021 оны 08 сарын 10-ны өдөр байсан ба төлбөр төлөх үүрэг үүссэн цаг хугацааг 2021 оны 08 сарын 10-ны өдрөөр тогтоосон.
Иймд гадаад валютаар хийх төлбөр тооцоог хуульд заасны дагуу үүрэг үүсэх өдрийн ханшаар тооцох тул 2021 оны 08 сарын 10-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын ханш 2,850 төгрөгөөр 120,382 ам долларыг тооцон 343,088,700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Үлдэх 66,209,230 төгрөг болон алданги 204,648,965 төгрөг, нийт 270%858,195 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Г ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Г ХХК-ийн захирлын 2021 оны 06 сарын 04-ний өдрийн 0011 тоот түр орлон ажиллуулах тухай тушаал,
2021 оны 06 сарын 10-ны өдрийн 017-21/gz дугаар бүхий битум нийлүүлэх гэрээ, гэрээний хавсралтууд,
А ХХК-д хүргүүлсэн 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 0011-22/gz, 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 0018-22/gz, 2022 оны 08 сарын 11-ний өдрийн 0022-22/gz, 2022 оны 10 сарын 17-ны өдрийн 0027-22/gz тоот авлага барагдуулах тухай мэдэгдлүүд, төлбөрийн нэхэмжлэх, төлбөрийн тооцоолол,
Г ХХК-д хүргүүлсэн А ХХК-ийн 2022 оны 08 сарын 08-ны өдийн 22/84, 2022 оны 05 сарын 16-ны өдрийн 22/52 тоот төлбөр төлөхтэй холбоотой хүсэлтүүд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч А ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 613,946,895 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
/Нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 11 сарын 10-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын ханш 3,401 төгрөгөөр тооцсон хэмээн нэхэмжлэгч тал тайлбарласан.
-Үндсэн төлбөр 120,382 ам доллар буюу 409,297,930 төгрөг,
-Алданги 204,648,895 төгрөг,
409,297,930 төгрөг+204,648,895 төгрөг=613,946,895 төгрөг/
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч А ХХК-тай 2021 оны 06 сарын 10-ны өдөр 017-21/gz тоот Битум нийлүүлэх гэрээ байгуулан худалдагч Г ХХК нь БНД100/130 маркийн битумыг худалдан авагч А ХХК-д гэрээний хавсралтад заасан үнэ, хэмжээгээр нийлүүлэхээр,
Мөн өдрийн гэрээний хавсралт 1-т зааснаар худалдагч Г ХХК нь БНД100/130 маркийн битум 1 тонныг нь 560 ам доллараар, нийт 156,800 ам долларын үнэ бүхий битумыг худалдан авагч А ХХК-д нийлүүлэн худалдан авагч нь битумын үнийг 2021 оны 08 сарын 10-ны дотор бүрэн төлөхөөр,
2021 оны 06 сарын 21-ний өдрийн гэрээний хавсралт 2-т зааснаар худалдагч нь БНД100/130 маркийн 100 тонн бүхий нийт 56,000 ам долларын үнэ бүхий битумыг худалдан авагч талд нийлүүлэн, худалдан авагч нь 56,000 ам долларын төлбөрийг 221 оны 06 сарын 23-ны дотор төлөхөөр тус тус харилцан тохирчээ.
Дээрх 2021 оны 06 сарын 10-ны өдөр 017-21/gz тоот Битум нийлүүлэх гэрээ болон гэрээний хавсралтуудад талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 6-10 дугаар хуудас/
Худалдагч Г ХХК нь худалдан авагч А ХХК-д худалдан авсан битумын үнийг шаардсан 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 0011-22/gz, 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 0018-22/gz, 2022 оны 08 сарын 11-ний өдрийн 0022-22/gz, 2022 оны 10 сарын 17-ны өдрийн 0027-22/gz тоот мэдэгдлүүдийг хүргүүлж байсан ба худалдан авагч буюу хариуцагч А ХХК энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 11-14 дүгээр тал/
Хариуцагч буюу худалдан авагч А ХХК нь гэрээ байгуулан битум хүлээн авсан болон худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 120,382 ам доллар байгаа талаар маргахгүй байгаа болно.
Гагцхүү ковид 19 цар тахал давагдашгүй хүчин зүйлийн улмаас замын ажил төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтад ороогүй, замын ажлыг улсын комисс хүлээж аваагүй, Засгийн газар холбогдох байгууллага ажлын төлбөрийг төлөөгүй тул алдангийг зөвшөөрөхгүй, анзын хэмжээ хэт их байгаа тул харгалзан үзнэ үү хэмээн тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдан авагч А ХХК нь худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлөх үүрэгтэй.
Талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 017-21/gz тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.12-т Үүргээ гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тогтоосон хэмжээгээр алданги төлнө,
4.2-т Худалдан авагч нь гэрээний хавсралт 1-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0,2 хувийн алданги тооцож төлнө,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,
232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу төлбөрийг гэрээний хавсралт 1-т заасан хугацаа болох 2021 оны 08 сарын 10-ны дотор буюу хугацаандаа төлөөгүй хариуцагч А ХХК алданги төлөх үүрэгтэй.
Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага бөгөөд аливаа хуулийн этгээд нь бусадтай гэрээ байгуулж буй тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээх учиртай тул худалдан авагч А ХХК гэрээний хариуцлага хүлээнэ.
Талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 017-21/gz тоот гэрээний хавсралт 1-т зааснаар битумын үнийг 2021 оны 08 сарын 10-ны дотор төлөхөөр талууд тохирсон ба 2021 оны 08 сарын 10-ны өдөр Монгол банкнаас зарласан ам долларын ханш 2849,18 төгрөг, нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 11 сарын 10-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын ханш 3,401.86 төгрөг байсан бөгөөд ийнхүү ам долларын ханш өссөн үйл баримт нь гэрээний талуудаас үл хамаарч байх ба уг ханшны талаарх мэдээлэл нь Монгол банкны www.mongolbank.mn мэдээллийн санд байршиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу ханшийн лавлагааг нотлох шаардлагагүй гэж үзсэн болно.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч үүрэг үүсэх үеийн нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 11 сарын 10-ны өдрийн ханшаар шаардах эрхтэй хэдий ч ам долларын ханшны өсөлт гэрээний талуудаас үл хамаарч байх тул гэрээгээр тохирсон төлбөр төлөх өдрийн буюу 2021 оны 08 сарын 10-ны өдрийн ам долларын ханш 2,850 төгрөгөөр гэрээний үнийг тооцох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч А ХХК нь Дорнод аймгийн төвийн хатуу хучилттай 5,5 км замын барилга угсралтын ажлыг 2020 оны 03 сард эхлэн 2020 оны 06 сард хугацаанаас нь өмнө тодорхой албан тушаалтны хүсэлтээр улсын комисс хүлээн аваагүй замыг ашиглалтанд оруулснаас эвдрэл үүсч уг эвдрэлийг засахаар Г ХХК-иас битум худалдан авч ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлыг комисс хүлээж аваагүй, ажлын хөлсийг холбогдох газар төлөөгүй гэх бөгөөд энэ нь А ХХК-ийн Г ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас тооцох хариуцлагаас буюу алданги төлөх үүргээ чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Хариуцагч А ХХК нь коронавируст халдвар, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас зам засварын ажил төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтанд ороогүй гэж тайлбарлаж байх боловч ийнхүү үйл ажиллагаа явуулах боломжгүй болсонтой холбоотой Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хандан хүсэлт гарган шийдвэрлүүлээгүй байх тул хариуцагч талын уг тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их бйвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал хууль болон гэрээнд заасны дагуу алдангийг шаардаж байх тул анзын хэмжээг багасгах үндэслэлгүй.
Хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:
-Үндсэн төлбөр 120,328 ам доллар *2,850 ам доллар= 343,088,700 төгрөг, /2021.08.10-ны өдрийн ам долларын ханш 2,849.18 төгрөг бөгөөд хариуцагч тал 2,850 төгрөгт тооцсон тул хариуцагч талын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр тооцсон/
-Алданги 171,544,350 төгрөг /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/
Нийт 514,633,050 төгрөг.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 514,633,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 99,313,845 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 514,633,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 99,313,845 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,227,685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 2,731,115.25 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3. Тус шүүхийн 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 29241 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч А ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 613,946,895 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН