Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/719

 

 

 

 

 

 

2021             8               3                                           2021/ДШМ/719

 

Ю.Ж-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:           

            прокурор Б.Чинзориг,

            хохирогч Э.П-ийн өмгөөлөгч Ц.Дагвадорж, Ч.Өнөржаргал,

шүүгдэгч Ю.Ж-ы өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

            нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ю.Ж-ы өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2003004460025 дугаар эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю.Ж, ...  өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал мэргэжилтэй, .......  ажилтай, ам бүл .. ,.......... хамт ........................ тоотод оршин суух, Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн ..............., /гадаад паспортын дугаар: ............................/;

Ю.Ж нь 2020 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 9 цаг 25 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Маршалын гүүрний арын уулзвар дээр “Volkswagen Touareg” маркийн 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас “Husqvarna Svartpiley 701” маркийн 34-92 УБ улсын дугаартай мотоциклийг мөргөсний улмаас жолооч Э.П-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Ю.Жы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ю.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Ю.Ж-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тэнссэн 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ю.Ж нь тэнссэн 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Ю.Ж-ы 100777 дугаар жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ю.Ж-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Э-ээс хохирогч Э.П-д 16.541.306 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Э.Пгийн нэхэмжлэлээс 425.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.П нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу иргэний хариуцагч Б.Эээс нэхэмжлэх, иргэний хариуцагч Б.Э өөрт учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Ю.Ж-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг тайлбарлаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Ю.Ж цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.П нь гомдолтой гэсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ю.Ж-ы өмгөөлөгч Д.Төмөрбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршиж байгаа ба шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж хуульчилсан.

Ю.Ж нь тухай осол гарах үед өөрийн “Volkswagen Touareg” маркийн 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ замын хөдөлгөөнд оролцохдоо туслах замаас гол зам руу нэвтрэхдээ үзэгдэх орчноо хянаж, ойр орчмын хөдөлгөөнийг харж байгаад нэвтрэх үйлдэл хийх явцад “Husqvarna Svartpiley 701” маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон Э.П нь маш хурдтай орж ирсэн, хурд хасах арга хэмжээ аваагүйгээс болж энэхүү осол аваар гарсан гэж үзэж байна.

Учир нь, “Volkswagen Touareg” маркийн 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ю.Ж нь тухайн гол зам руу орох үйлдэх хийхийн тулд ойр орчим болон замын хөдөлгөөнд үзэгдэх орчноо харж байгаад гол зам руу орох үйлдэл хийх явцад тухайн гол замаар явж байсан мотоциклийн жолооч Э.П нь гол замын муруй хэсгээс гарч ирэхдээ Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдтайгаар явж байсан бол харагдах боломжтой, өөрийн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах, саадыг тойрч гарах боломж бүрэн байсан.

Гэтэл “Husqvarna Svartpiley 701” маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон Э.П нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан 60 км/цагаас илүү буюу 72,6 км/цагийн хурдтай явж байснаас үүдэлтэйгээр ердөө 1,8 секундын дотор осол болсон байна.

Үүнээс үзэхэд “Husqvarna Svartpiley 701” маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон Э.П нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх”, Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 12.6-д зааснаар “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а.Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх, б.Хурдын хязгаар, таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Техникийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14/16 дугаар дүгнэлт нь хэтэрхий нэг талыг баримталсан, тодорхойгүй, тавигдсан асуултад бүрэн гүйцэд хариулаагүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Асуулт-2: “Husqvarna Svartpiley 701” маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон Э.П нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх.

Хариулт: “Husqvarna Svartpiley 701” маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон Э.П-г Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөнийг хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн тогтоох боломжгүй байна.

Асуулт-4: Мотоциклийн бүрэн зогсолтын зайг тогтоох боломжтой юу.

Хариулт: Мотоциклийн хурдыг хавтаст хэрэгт авагдсан материалаар үндэслэн тогтоох боломжгүй, зориулалтын программ ашиглан тогтооно.

Асуулт-5: Тухайн мотоциклийн жолооч нь осол үйлдэгдэхээс өмнө зогсоох арга хэмжээ авсан эсэх.

Хариулт: Бичлэг дээрх мотоциклийн хурд өөрчлөгдөж байгаагаас үзэхэд зогсоох арга хэмжээ авсан байх магадлалтай боловч зогсоох арга хэмжээ авсан эсэхийг техникийн шинжээч тогтоох боломжгүй байна гэж тус тус хариулсан. Дүгнэлтээр асуултад бүрэн гүйцэд хариулаагүй нь учир дутагдалтай болсон.

Шүүх хуралдаанд шинжээч И.Базаррагчааг оролцуулсан бөгөөд шинжээч томилсон тогтоолд тавигдсан асуултад яагаад хариулт өгөөгүй талаар асуухад, хавтаст хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлтийг үндэслэл болгохгүй, мөн дүгнэлт гаргасан шинжээч нар нь миний шавь нар, 72 км цагийн хурдтай явна гэдэг нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл ... гэх мэтчилэн хариулт өгсөн болно.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалсан” гэж үзсэн мөртлөө хохирлыг 80 хувь, 20 хувь хэмжээтэйгээр тодорхойлж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, хохирогч Э.П нь мөн адил Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4.1.4, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1 заалтуудыг үндэслэн дахин 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан тухайн хэрэгт шинжээч томилуулах, шинжээчид асуулт тавьж, хариулт авах шаардлагатай байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв. 

Хохирогч Э.П-ийн өмгөөлөгч Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зам тээврийн осол нь 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 9 цаг 20 минутын үед болсон. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад осол гарсан зам, орчин чөлөөтэй, тухайн цаг үед цаг уурын өөрчлөлт байгаагүй гэдэг нь тогтоогддог. Харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан гэж үзэх үндэслэлгүй. Э.П тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэдэг нь олон удаагийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4416 дугаар дүгнэлтэд “мотоциклийн хурд аажим буурч байна” гэсэн байдаг. Үүгээр тоормосоо дарсан гэдэг нь тогтоогддог. Эхний мөрдөгчийн магадлагаанд зогсоох арга хэмжээ аваагүй байна гэсэн байдаг. Гэхдээ 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн магадлагаанд “34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд аажмаар саарсан байна, зогсоох арга хэмжээ авсан байна” гэсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж заасан. Шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн. Уг дүрмийн 15.9-д заасан хөдөлгөөний дарааллыг зөрчсөн. Гол замаар явж байсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой. Зам тавьж өгөөгүй гэдэг нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг болон хамт явсан гэр бүлийнх нь хүний мэдүүлгээр тогтоогддог. Шүүгдэгч зам орчныг сайн харсан гэж мэдүүлсэн боловч мотоцикл ирж явааг хараагүй талаараа мэдүүлсэн байдаг. Зам тээврийн осол гарах болсон гол шалтгаан нь Замын хөдөлгөөний дүрмийн 17.9-д заасныг зөрчсөнөөс болсон. Шинжээч И.Базаррагчаа шинжээчийн дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Техникийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 14/16 дугаар дүгнэлтийн 1 дүгээр хариултад “Volkswagen Touareg” маркийн 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ю.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасныг зөрчсөн байна. “Husqvarna Svartpiley 701” маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон Э.П-г Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөнийг хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн тогтоох боломжгүй байна. Мотоциклийн хурдыг хавтаст хэрэгт авагдсан материалаар үндэслэн тогтоох боломжгүй, зориулалтын программ ашиглан тогтооно гэсэн байдаг. Э.Пг хурд хэтрүүлсэн гэдгийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй. Ахлах инженер Мөнхдалай анх шижээчээр 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дүгнэлт гаргахдаа “Мотоциклийн явсан газрын хугацааны байдлын тогтоц зэргийн байдлаар хурдыг тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн. Мөнхдалай дахин дүгнэлт гаргахдаа 1, 2 дугаар асуултад хариулахад “зорчих хэсгийн уулзварын ертөнцийн зүгээр хойд талыг тэмдэглэсэн тасархай цагаан шугамаас шугамын үзүүр хүртэлх зайг 72 км/цаг хурдтай туулж өнгөрч байна” гэсэн байдаг. Туулж өнгөрч байна гэсэн байдаг болохоос хурд хэтрүүлсэн байна гэж байхгүй. 3 дахь дүгнэлт “тооцооллын арга ашиглан хэмжихэд 72 км/цагийн хурд гарч байна.” гэсэн байдаг. Уг дүгнэлтийг автын инженер мэргэжилтэй хүн гаргасан. Дүрс оношилгооны төвийн ахлах шинжээч Сайнхүү мотоциклийн хурдыг тогтоох боломжгүй гэдгийг удаа дараагийн дүгнэлтдээ тусгаж өгсөн байдаг. Шинжээч Мөнхдалайгийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй. Анхан шатны шүүхээс үүнийг үндэслэн Э.П-д хохирлын 20 хувийг хариуцуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Э.П гэмтэл авсан, уг гэмтэл нь хэзээ ч арилахгүй. Иймд анхан шатны шүүхээс хохирлын 20 хувийг Э.Пд оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй учраас уг шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Энэ гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуульд хамрагдах боломжтой учраас хохирлын асуудлыг анхаарч үзнэ үү” гэв.

Хохирогч Э.П-ийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Хохирлын хэмжээнээс хохирогчид 20 хувийг тооцож шийдвэрлэсэн талаар давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд хянах эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж өгнө үү” гэв.

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зүйлгүй, шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хэрэгт авагдсан баримтаар зам тээврийн осол шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас гарсан хэдий боловч хохирогчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь хор уршгийг нэмэгдүүлсэн гэж үзэн хохирол, төлбөрийн 20 хувийг хохирогчид оногдуулсан. Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлох эрхтэй. Хохирлын хэмжээг шүүх эцэслэн тогтоодог. Уг эрхийнхээ хүрээнд хохирогчийн буруутай үйлдлийн улмаас хор уршиг нэмэгдсэн гэж үзэн хохирлын 20 хувийг хохирогчид хариуцуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 214 дугаар зүйлд хохирогчийн болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учирсан бол хохирол төлбөрийг багасгаж болно гэж заасан. Шүүхийн шинжилгээний байгууллага хэмжилт дутуу хийгдсэн байгаа учраас мотоциклийн хурдыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Нөхөн үзлэг хийж мотоциклийн туулсан замыг хэмжсэний дараа 72 км/цагийн хурдтай явж байсан гэдгийг тогтоосон. Мөн камерын бичлэгээс харахад тээврийн хэрэгслийн хурд нь аажмаар багасаж байгаа учраас зогсоох арга хэмжээ авсан гэж үзнэ гэсэн дүгнэлт гарсан. Техникийн шинжээчийн дүгнэлтээр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик инженерийн сургуулийн багш И.Базаррагчаа яагаад зарим асуултуудад хариулах боломжгүй гэсэн хариулт өгснөө анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Тээврийн хэрэгслийн хурдыг тусгай програм, тоног төхөөрөмжөөр тогтоодог учраас би тогтоох боломжгүй гэдэг зүйлийг хэлсэн. Харин шавь нарынхаа дүгнэлтийг өөрчлөх боломжгүй гэсэн тайлбар өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ю.Ж нь 2020 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 9 цаг 25 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Маршалын гүүрний хойд талын уулзвар дээр “Volkswagen Touareg” маркийн 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчин гол зам руу орж, тухайн замаар зорчиж явсан “Husqvarna Svartpiley 701” маркийн 34-92 УБ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж, улмаас жолооч Э.П-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын бүдүүвч, нэмэлт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх11-19, 25-28/,

хохирогч Э.П-ийн “Би 2020 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 09 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таунд байрлах гэрээсээ өөрийн эзэмшлийн Husqvarna suartpilen 701 маркийн мотоциклоо унаад Туул голын эрэг дээр байдаг Туул гарден ресторан мотоциклын клубынхантайгаа уулзах гэж байсан юм. Тэгээд би гэрээрээ гараад И март дэлгүүрийн урд байдаг уулзвар дээр улаан гэрлэн дохиогоор зогсоод ногоон гэрлэн дохио асангуут ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байтал Маршалын гүүрний арын уулзвар Ривер гарден хотхоны талаас нэг машин гараад ирсэн. Тэгээд би замын 2 дугаар эгнээгээр явж байсан болохоор чигээрээ очоод мөргөөд үсрээд тухайн автомашины цаад талд уначихсан байсан...” /1хх34/,

гэрч Ч.Ж-ийн “...Тэгээд зогсож байхад манай машины араас машинууд сигналдаад байхаар нь хойноос машин байхгүй болохоор нь уулзвар руу ортол урдаас хоёр машин ирж байсан. Тэгээд тухайн үед ирж байсан машинуудыг өнгөрөөгөөд араас нь уулзвар руу зүүн гар тийш эргэх гээд зорчих хэсгийн 1 болон 2 дугаар эгнээнд хөндлөн зогсож байтал ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй нэг мотоцикл ирээд манай машины зүүн урд хэсэг рүү мөргөхөд машины аваарын дэр гарч ирэн үзэгдэх орчныг хязгаарласан. Тэгтэл машины баруун талын цонхоор хартал нэг хүн хэвтэж байсан...” /1хх103/,

шүүгдэгч Ю.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Маршалын гүүрний арын уулзвар дээр ирээд хойшоо эргэх гээд замаас нэг машин эргэх дохио өгөөд зогсохоор нь би тухайн машин намайг яв гэж байна гэж ойлгоод хойшоо эргэх гээд зам руу ороод цааш явах гэхэд гэнэт ертөнцийн зүгээр хойноос мөргөлдсөний дараа машинаасаа буух гэтэл миний машины хаалга онгойхгүй байхаар нь хаалгаа хүчээр түлхэж онгойлгоод надтай мөргөлдсөн мотоциклийн жолооч дээр очсон. Намайг машинаас буухад мотоциклийн жолооч миний автомашины баруун урд талд газар хэвтэж байсан....” /1хх215/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9988 дугаар дүгнэлтийн “Э.Пгийн биед давсагны урд хана, шээсний сүв, шулуун гэдэсний цагираг булчингийн урагдал, дотуур цус алдалт, умдаг ясны хугарал, гадна бэлэг эрхтэн, шодой, хуйхнаг, баруун, зүүн гуя, өгзөг зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1хх110-112/,

Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 14/16 дугаар дүгнэлтийн “Волксваген Тоуарег 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч БНСУ-н иргэн Ю.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх хэсэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2020 оны 3943, 4038, 4417 дугаар /1хх 154-158, 160-164, 178-183/ дүгнэлтүүд,

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 159 дугаар мөрдөгчийн магадлагаа “...”Volkswagen Touareg” маркийн 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч БНСУ-ын иргэн Ю.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16. “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг гэж томъёолсон. ... “Volkswagen Touareg” маркийн 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч БНСУ-ын иргэн Ю.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй бөгөөд давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чиг өөрчлөхөд нөлөөлсөн...” /1хх186-189/,

Husqvarna Svartpiley 701 маркийн мотоциклийн эвдрэл гэмтлийг 10.957.000 төгрөгөөр, “Volkswagen Touareg” маркийн 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг 10.250.000 төгрөгөөр тус тус үнэлсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд /1хх 132-134, 137-146/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 197/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх, шүүгдэгч Ю.Ж-ы Маршалын гүүрний хойд талын уулзвар дээр “Volkswagen Touareg” маркийн 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасныг зөрчсөний хохирогч Э.Пгийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Ю.Жы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Ю.Ж-ы өмгөөлөгч Д.Төмөрбаатар “...хохирогчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбогдуулан нэмэлт шинжилгээ хийлгэх..., анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгах...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, мотоциклийн жолооч, хохирогч Э.П нь Замын хөдөлгөөний дүрмийг хурд хэтрүүлэх хэлбэрээр зөрчсөн нь эрх бүхий албан тушаалтны шийдвэр, дүгнэлтгүйгээр хэрэгт тогтоогдсон ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, улмаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын 20 хувийг түүнд хариуцуулан тооцож, нийт хохирлоос хасч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Харин шүүгдэгч Ю.Ж-ы үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж байх тул шүүгдэгчид оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:Б.Ч

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ю.Ж-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Ю.Ж-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ю.Ж-ы өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ