Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бяхаржавын Баярцогт |
Хэргийн индекс | 122/2021/0009/З |
Дугаар | 122/ШШ2021/0016 |
Огноо | 2021-06-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 122/ШШ2021/0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн ******* овогт******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн *******д холбогдох,
Гуравдагч этгээд: Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “*******ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/09 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, ******* намайг Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2021 оны 03 сарын 05-ны өдрийн Б/09 тоот захирамж гарч ажлаасаа чөлөөлөгдсөн. Чөлөөлсөн гол үндэслэл нь Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 12 сарын 11-ний өдрийн 51 тоот мэдэгдлийн дагуу Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтыг үндэслэн чөлөөлөх шийдвэр гаргажээ. Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Төрийн албаны төв байгууллагаас буруутай албан тушаалтныг чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж заасан атал аймгийн *******д салбар зөвлөлөөс мэдэгдэл хүргүүлсэн, нөгөө талаас мэдэгдэл авснаас хойш уг асуудлыг 14 хоногт багтааж шийдвэрлэхээр зохицуулсан байхад 3 сар шахам хугацааны дараа ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн дүрэм, Төрийн албаны зөвлөлөөс баталсан Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журамтай нийцэхгүй байна гэж үзэж байна.
Дээрх хууль, журам, дүрмээр Төрийн албаны салбар зөвлөлд аймгийн *******д ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөх эрх хэмжээ байхгүй байна. ******* намайг Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж төрийн албаны салбар зөвлөлөөс мэдэгдэл хүргүүлэхдээ болон энэ мэдэгдлийг үндэслэн аймгийн ******* ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох, үнэлэх, нотлох баримт цуглуулах, хамаарал бүхий асуудлыг шинжлэн судлах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг сонсох, тайлбар, санал авах ажиллагааг явуулаагүй болно.
Бодит нөхцөл байдлын талаар товч өгүүлэхэд: Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар дээр 2020 оны 9 сард тусгай шалгалт зарлагдаж уул шалгалтын бүртгэлтэй холбоотой маргаан, гомдол гарсан. Гомдол гаргагч төрийн албаны нөөцөд бүртгэлтэй, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ******* нь Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргаж өргөдлийн хариу нь албан ёсоор ирээгүй байхад “төрийн албаны салбар зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сарын 11-нд аймгийн *******д мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Хэрвээ салбар зөвлөл нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөх эрх хэмжээтэй гэж үзэж байгаа бол өргөдлийн хариу нь ирсний дараа мэдэгдэл гаргах боломжтой байсан. Нөгөө талаар эрх нь зөрчигдсөн *******гийн хувьд хүнд өвчнөөр /хорт хавдар/ өвдөж Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа бөгөөд өөрийнх нь ирүүлсэн өргөдлийн дагуу Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журмыг үндэслэн чөлөө олгосон байгаа.
Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлж санал болгосон ******* нь Уулбаян суманд байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад тусгай шалгалт болохын өмнө өөрийн хүсэлтээр 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж Уулбаян сумын Засаг даргын Тамгын газарт хууль эрх зүй хариуцсан мэргэжилтнээр томилогдсон байдаг. Тэрээр экологич мэргэжилтэй бөгөөд тухайн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй, мэргэжлийн бус хүнийг хууль бусаар томилсныг Төрийн албаны салбар зөвлөл хянаж үзэлгүй төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж давуу эрх олгосноос энэхүү маргаан гомдол үүссэн. Үүнээс үүдэн хууль ёсны дагуу ажиллаж байгаа төрийн албан хаагчдын эрх ашиг хөндөгдөн хохирч байна.
******* нь ажлаа дахин өөрчилж Уулбаян сумын тамгын газарт байгаль орчны мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ажилд орно гэсэн санал хүсэлтээ тус байгууллагад илэрхийлж ирээгүй, энэ хүний ажилд орох боломж нь / төрийн албаны зөвлөлөөс өргөдлийн хариу ирсний дараа/ нээлттэй байгаа болно. Энэ бүхнийг дүгнэж үзэхэд аймгийн Төрийн албаны салбар зөвлөл болон аймгийн ******* шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг авч үзэлгүйгээр зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний хувьд төрийн албанд 30 гаруй жил ажилласны сүүлийн 6 жил гаруй хугацаанд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байна. Өнгөрсөн 2020 онд ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн.
Аймгийн ******* нь энэ хугацаанд хоёр удаа уулзахдаа Төрийн албаны салбар зөвлөлөөс ийм мэдэгдэл ирсэн, үүний дагуу ажлаас чөлөөлөх талаар нэг ч удаа танилцуулаагүй бөгөөд харин ч эсрэгээрээ та олон жил ажиллаа, таныг ажлаас чөлөөлнө гэсэн санал тавьсныг миний хувьд зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Аймгийн Засаг даргын энэхүү шийдвэр улс төрийн шалтгаантай байсан гэдэг нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч *******г томилсноос харагдаж байна.
Иймд Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, ******* намайг Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй байна.
2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан төрийн жинхэнэ албан хаагчийн тусгай шалгалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын бодлогын хэрэгжилт, усны хамгаалалт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд Уулбаян сумын иргэн ******* тусгай шалгалт өгч тэнцсэн тул Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Нэр дэвшүүлж санал болгох тухай” 23 дугаар тогтоолоор баталгаажуулж, тухайн албан тушаалд томилохыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга *******т санал болгосон байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтаар “...Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй ба харин томилох эрх бүхий албан тушаалтан нь төрийн албаны сонгон шалгаруулалтын дүнгээр нэр дэвшүүлсэн гүйцэтгэх албан тушаалтныг шууд томилохоор хуулиар зохицуулсан.
Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаагүй тохиолдолд томилсон эрх бүхий албан тушаалтан болох аймгийн *******ар Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасны дагуу хариуцлага тооцуулах талаар *******т урьдчилан сануулсан байхад тухайн ажлын байранд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан *******г үргэлжлүүлэн ажиллуулах сонирхлоо илэрхийлж, хуулийн дагуу шалгарсан төрийн жинхэнэ албан хаагчийг томилохоос шууд татгалзсан хариуг өгсөн байдаг.
Дээрх нөхцөл байдлаас үүдэн Сүхбаатар аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сарын 51 тоот албан бичгээр тус 23 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар хуулийн дагуу арга хэмжээ авч, хариу ирүүлэхийг аймгийн *******д мэдэгдсэн.
Аймгийн ******* нь Төрийн албаны тухай хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлэх үүрэгтэй ба 32.1, 32.2-д заасныг зөрчсөн тохиолдолд үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хуулийн хариуцлагатай байдаг. Тухайн мэдэгдлийг хүлээн авч бодит нөхцөл байдлыг судлан тогтоож, нотлох баримтуудыг үнэлсний эцэст аймгийн Засаг даргын 2021 оны Б/09 дүгээр захирамжийг гарган Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга *******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төрийн албаны салбар зөвлөлд авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдсэн.
******* нь аймгийн Засаг даргын 2021 оны Б/09 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гарган урьдчилан шийдвэрлүүлсэн ба *******ийг хуулийн дагуу тухайн албан тушаалд томилох шийдвэрийг гаргаагүй түүний эс үйлдэхүйг нь зөвтгөх боломжгүй гэж шийдвэрлэсэн байдаг.
Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан *******ийн шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар ******* болон аймгийн ******* маргах эрх, үүрэгтэй субъектүүд биш юм.
Шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг иргэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Тусгай шалгалт өгөх, болзол, журам”-ын 5.4 дүгээр зүйлд заасны дагуу шалгалт эхлэхээс өмнө шалгалтын комисст гаргаж, шийдвэрлүүлэхээр зохицуулалттай ба *******ийн шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар ямар нэг гомдол Төрийн албаны салбар зөвлөл дээр ирээгүй байдаг.
Харин ******* нь шалгалт зохион байгуулагдсанаас хойш буюу 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2021 оны 09 дүгээр сард зохион байгуулсан шалгалтыг хянаж, зохих ёсоор шийдвэрлэж өгөхийг Төрийн албаны зөвлөлд хүссэн байх ба тус зөвлөлөөс *******ийг хуулийн дагуу сонгон шалгаруулалтад оролцуулж, нэр дэвшүүлсэн байна гэж үзэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлгүй буцаасан байдаг.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3-т заасан хэлбэрийг сонгон сонсох ажиллагааг биечлэн болон бичгээр танилцуулж хийсэн болно.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон нотлох баримтуудыг үндэслэн аймгийн Засаг даргын 2021 оны Б/09 дүгээр захирамж хуулийн дагуу гарсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй миний бие танилцсан. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Аймгийн Засаг даргын зүгээс нэхэмжлэлд хариу өгсөн учир миний бие уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 дүгээр “*******ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга *******ийг Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 51 тоот мэдэгдлийн дагуу Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Захирамжийг эс зөвшөөрч түүний Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/824 тоот албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөсөн хариу өгснийг гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас шүүх хэргийн оролцогч нарын маргаагүй асуудлаар буюу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрийн талаар дүгнэх шаардлагагүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/411 дүгээр “*******ийг ажилд томилох тухай” захирамжаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байна.
Иймээс Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэн *******ийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын бодлогын хэрэгжилт, усны нөөцийн ашиглалт, хамгаалалт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилох эрх бүхий этгээд нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч ******* мөн байна.
Тэрээр Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 дүгээр “*******ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаас чөлөөлснийг эс зөвшөөрч маргажээ.
Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”, 32.2-т “Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ” гэж төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг заавал биелүүлж, мэдэгдлийн дагуу арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгон хуульчилсан.
Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолоор төрийн албаны тусгай шалгалт өгч 78.3 оноогоор тэнцсэн *******ийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын бодлогын хэрэгжилт, усны нөөцийн ашиглалт, хамгаалалт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, томилох эрх бүхий этгээд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга *******т санал болгожээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 219 тоот албан бичгээр нэр дэвшүүлж санал болгосон ******* нь экологи-байгаль хамгаалал гэсэн ерөнхий мэргэжилтэй хүнийг тусгай шалгалтад бүртгэж оруулсан, одоо энэ албан тушаалыг эрхэлж байгаа *******г бүртгэхээс татгалзаж, тусгай шалгалтад оруулаагүй, ******* Уулбаян сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр /2020. 09.10-нд/ ажлаасаа чөлөөлөгдөж, сумынхаа тамгын газарт хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан ажилтнаар томилогдсон, ажил мэргэжлийн хувьд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй, цаашид байгаль орчны салбарт ажиллахгүй өөрийн хүсэлтээр ажлаас гарсан хүнийг албан тушаалд томилох боломжгүй гэж татгалзсан байна.
Үүний хариуд Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 36 тоот албан бичгээр тусгай шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг иргэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Тусгай шалгалт өгөх болзол журам”-ын 5.4-т зааснаар шалгалт эхлэхээс өмнө шалгалтын комисст гаргаж, шийдвэрлүүлэхээр зохицуулсан болно.Мөн “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын 2.3, 2.3.1, 2.3.2-т заасны дагуу Уулбаян сумын Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа ******* нь бүртгэгдсэнээр төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй *******г бүртгэх боломжгүй, мөн бакалаврын мэргэжил нь “таваар судлаач” бөгөөд энэ нь тухайн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад нийцэхгүй байгаа шалтгаануудын улмаас тусгай шалгалтад бүртгээгүй.
Иймд та Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг ханган Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хангаж хариу ирүүлэх, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тохиолдолд таныг томилсон эрх бүхий албан тушаалтан аймгийн *******д Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасны дагуу хариуцлага тооцуулахаар мэдэгдэл хүргүүлнэ гэж мэдэгджээ.
Үүний дараа Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 51 тоот албан бичгээр төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэн *******ийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын бодлогын хэрэгжилт, усны нөөцийн ашиглалт, хамгаалалт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, санал болгоход аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга ******* томилохоос түдгэлзсэн хариу ирүүлснийг, 2020 оны 10 дугаар сарын 20-нд Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 36 тоот албан бичгээр төрийн жинхэнэ албан хаагчийг тусгай шалгалтын үр дүнгээр шалгалт өгч тэнцсэн албан тушаалд томилохоос түдгэлзэж байгаа нь хууль, эрх зүйн үндэслэлгүй болохыг тайлбарлаж, дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөг хүртэл хариу ирүүлээгүй байна.Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга *******аар Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар хуулийн дагуу арга хэмжээ авч хариу ирүүлэхийг аймгийн *******д мэдэгдсэн байна.
Ийнхүү дээрх мэдэгдлийн дагуу маргаан бүхий аймгийн Засаг даргын захирамжаар Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч *******ийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь: Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-д “Зөвлөл нь хараат бус, бие даасан байгууллага бөгөөд ажлын алба, салбар зөвлөл, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжтэй байна. Ажлын албаны дарга, салбар зөвлөлийн даргыг Зөвлөл томилж, чөлөөлнө”, 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 66 дугаар зүйлийн 66.1.11-т “төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах;” гэж зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ыг баталжээ. Уг журмын 1.2-д “Салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн зохион байгуулалтын нэгж бөгөөд Төрийн албаны тухай хууль, “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”, холбогдох бусад журам, дүрэмд заасан чиг үүргийг Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлнэ” гэж зохицуулжээ.
Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзэхэд Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн зохион байгуулсан төрийн албаны тусгай шалгалтын үр дүнгээр шалгалт өгч тэнцсэн *******ийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын бодлогын хэрэгжилт, усны нөөцийн ашиглалт, хамгаалалт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, санал болгосон тогтоолыг нь биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны зөвлөлд олгосон бүрэн эрхийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл аймгийн *******д хүргүүлэх эрх хэмжээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс хууль, журам, дүрмээр Төрийн албаны салбар зөвлөлд аймгийн *******д ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөх эрх хэмжээ байхгүй гэж маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, загвар батлах тухай” журмын Нэр дэвшүүлэх, томилох гэсэн 7 дугаар зүйлийн 7.2-т “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ, 7.3-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос нэг удаа татгалзаж болно.Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ, 7.5-д “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй бол энэ тухай Зөвлөл, Салбар зөвлөл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд энэ журмын 7.2-т заасан шийдвэрийг биелүүлэхийг даалгана” гэж зааснаар салбар зөвлөл нь *******ийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын бодлогын хэрэгжилт, усны нөөцийн ашиглалт, хамгаалалт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохоос татгалзсан Х.******* татгалзлыг хянаад нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэл нь хуульд нийцээгүй гэж үзээд салбар зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 36 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хангаж, хариу ирүүлэхийг нэхэмжлэгчид даалгасан байхад үл биелүүлснийг зөвтгөх боломжгүй байна.
Түүнчлэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга ******* нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар тогтоосон нийтлэг үүргийг болон төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэн *******ийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, санал болгосон Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолыг биелүүлээгүй нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно”, 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байх тул аймгийн ******* маргаан бүхий захирамжаараа нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуульд нийцэж байна.
Нэхэмжлэгч *******т Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 36 тоот албан бичгээр та Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг ханган Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хангаж хариу ирүүлэх, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тохиолдолд таныг томилсон эрх бүхий албан тушаалтан аймгийн *******д Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасны дагуу хариуцлага тооцуулахаар мэдэгдэл хүргүүлнэ гэж мэдэгдсэнээр түүнийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа талаар өмнө нь мэдэгдсэн гэж, мөн хэрэгт авагдсан 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн захиргааны шийдвэр танилцуулах хуудсанд шийдвэрийн төсөлтэй танилцахаас татгалзсан гэж тусгасан зэргээс сонсох ажиллагаа хийгдээгүй гэж үзэхээргүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчид маргаан бүхий шийдвэрийг гаргах үүрэг, шаардлага хуулиар бий болсон, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, шийдвэр нь үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 46 дугаар зүйлийн 46.2.5, 65 дугаар зүйлийн 65.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас Сүхбаатар аймгийн *******д холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 дүгээр “*******ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, ******* намайг Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРЦОГТ