Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 133/ШШ2023/00129

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 133/ШШ2023/00129

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ГАА-ийн ЭМДХ-ийг төлөөлөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн Е сумын ** баг *-р гудамж, ** тоотод оршин суух, Б овогт Ө-ын М-д холбогдох

эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 279,500 /хоёр зуун далан есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, прокурор Д.П, хариуцагч Ө.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон Ц. нь шүүх хуралдаанд өөрийгөө оролцуулахгүй байх хүсэлт гаргасан, зохигчид нь иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 279,500 /хоёр зуун далан есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл: Ө.М нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Е сумын С хороолол *-** тоотод архи согтууруулах ундааны зүйт хэрэглэсэн үедээ ажлаас халсан гэх зүйлээр шалтаглан маргалдаж Х.Ц-ын эрүүл мэндэд баруун зулайн хуйханд шарх, тархи доргилт, зүүн хацар, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, эрүү, баруун шилбэ, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Х.Ц-ын мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 205 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Ө.М-ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2116000000072 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Улмаар тус прокурорын газраас 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 66 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ө.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд 168 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2116000000072 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хохирогч Х.Ц нь Ө.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас 2021 оны 05 дугаар сарын 28, 30, 31-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт S00, S06 оношоор, Эрүүл Ирээдүй эмнэлэгт S01 оношоор буюу гэмтлийн гаралтай өвчний улмаас мэс засал, амбулаторийн тусламж үйлчилгээ авсан байна. Хохирогч Х.Ц-ын эрүүл мэндэд учирсан гэмтэлд эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөрт Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 279,500 төгрөг гаргуулан авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16/145 дугаартай албан бичиг түүний хавсралтаар тус тус тогтоогдож байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх-ээр мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тус тус хуульчлан заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлыг Ө.М-аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно. мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж, шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна. Ө.М-аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 279,500 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн тайлбар: Тухайн үед энэ хүн ажил хийдэггүй байсан. Яагаад надаар нийгмийн даатгалын төлбөр төлүүлж байгаа юм бол. Би тэрийг төлөх боломжгүй би эмчилгээний мөнгийг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлөх боломжгүй гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаар тогтоол,

-Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/1280 дугаартай албан бичиг

-Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16/145 дугаар дугаар албан бичиг,

-Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж үйлчилгээний зардлын түүх,

-Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16/206 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Х.Ц-ын эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон баримт /health.gov.mn/,

-Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 415 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Х.Ц-ын өвчний түүх, амбулатори болон тасгаар үйлчлүүлсэн тухай программын хуулбар,

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 272 дугаар албан бичиг,

- Говь-Алтай аймгийн Халиун сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/52 дугаар албан бичиг,

-Ө.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,

-2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл,

-Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 205 дугаар шинжээчийн дүгнэлт,

-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2116000000072 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол,

-2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар яллах дүгнэлт, хавсралт,

-Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦ/168 дугаар шүүгчийн захирамж,

-ЭМДЕГ-Цахим системээс хэвлэсэн лавлагаа, бүртгэл,

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орлогын мэдүүлэг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. ГАА-ийн ЭМДХ-ийн  2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16/145 дугаар албан бичгээр прокурорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гаргажээ.

Уг албан хүсэлтийн үндсэн дээр Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь Ө.М-д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан үндэслэлээр 279,500 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь ** тоот дансанд оруулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Хариуцагч Ө.М нь би эмчилгээний мөнгийг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлөх боломжгүй гэж маргажээ.

4. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд уг шаардах эрх нь гэм буруутай үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учирсан байх, нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн байгууллага, бусад хуулийн этгээд нь амь нас, эрүүл мэндэд учирсантай холбогдсон төлбөр, тусламжийг хуульд заасны дагуу эсвэл харилцан тохиролцож буюу гэрээний үндсэн дээр гэм хор учирсан этгээдэд олгосон байх гэсэн урьдчилсан нөхцөлтэй байна.

Эдгээр урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэг хүлээнэ.

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан, буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх хэсэгт заажээ.

5. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/168 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.М-ыг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Е сумын С хороолол *-** тоотод архи согтууруулах ундааны зүйт хэрэглэсэн үедээ ажлаас халсан гэх зүйлээр шалтаглан маргалдаж Х.Ц-ын эрүүл мэндэд баруун зулайн хуйханд шарх, тархи доргилт, зүүн хацар, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, эрүү, баруун шилбэ, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Х.Ц-ын мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 205 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Ө.М-ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2116000000072 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Улмаар тус прокурорын газраас 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 66 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ө.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд 168 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2116000000072 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.. Уг шүүгчийн захирамж нь хуулийн хүчин төгөлдөр байгаа талаар хэргийн оролцогч нар маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх шүүгчийн захирамжаар нэгэнт тогтоогдсон хариуцагч Ө.М нь эрүүгийн хэргийн хохирогч Х.Ц-ын биед гэм хор учруулсан үйл баримтыг дахин нотлохгүй.

6. Дээрх гэмт хэргийн улмаас Х.Ц нь 2021 оны 05 дугаар сарын 28, 30, 31-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт S00, S06 оношоор, Эрүүл Ирээдүй эмнэлэгт S01 оношоор буюу гэмтлийн гаралтай өвчний улмаас мэс засал, амбулаторийн тусламж үйлчилгээ авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

Уг эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрт 279,500 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн нь Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16/145 дугаар албан бичиг, эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж, үйлчилгээний зардлын түүх, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16/206 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Х.Ц-ын эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон баримт /health.gov.mn/, ЭМДЕГ-Цахим системээс хэвлэсэн лавлагаа, бүртгэл зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

7. Хариуцагч Ө.М нь би эмчилгээний мөнгийг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлөх боломжгүй гэжээ.

8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-г, 2 дугаар хавсралтаар "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга"-ыг 3 дугаар хавсралтаар "Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг тус тус баталжээ.

Энэхүү журам нь Хууль, дотоод хэргийн яамны эрхэлдэг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан-гийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 5037 дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2018 оны 18 дугаарт нийтлэгджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам нь тухайн үедээ хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан захиргааны хэм хэмжээний акт тул шүүхээс маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх эрх зүйн эх сурвалж байна.

9. "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-ний заалтад S00, S01, S06 онош нь тусламж, үйлчилгээний төрөл: оношийн хамааралтай бүлгийн нэр, өвчний олон улсын 10-р ангиллын код: үйлдлийн ангилал, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх дүн тус тус тодорхой бүртгэгджээ.

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 415 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсаргасан Х.Ц-ын өвчний түүхэд S01, 0 оношоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн, амбулатори болон тасгаар үйлчлүүлсэн тухай программын хуулбарт түргэн тусламж болон амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байдал тусгагджээ.

Хохирогч Х.Ц-ын эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардалд 279,500 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн тухай Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16/145 дугаар албан бичиг нь журмын дээрх заалтад нийцэж байх бөгөөд үнийн дүнгийн хувьд тохирч байна.

10. "Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ын 5.1 дэх хэсэгт Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан Монгол улсын иргэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан "ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-д заасан иргэнээс хариуцан төлөх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлнө, 5.2 дахь хэсэгт Дараах иргэн энэхүү журмын 5.1-д заасан төлбөрөөс чөлөөлөгдөнө, 5.2.3 дахь хэсэгт нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн гэжээ.

Журмын дээрх заалтын дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Х.Ц нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрөөс чөлөөлөгдөх тул түүний Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 279,500 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сан бүрэн хариуцжээ.

11. Иймд нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлсөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Х.Ц-оос эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 279,500 /хоёр зуун далан есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь *** тоот дансанд оруулах эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 279,500 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 9,035 /есөн мянга гучин тав/ төгрөгийг хариуцагч Ө.М-аас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлсөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Ө-ын М-аас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 279,500 /хоёр зуун далан есөн мянга таван зуун/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь *** тоот дансанд оруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 279,500 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 9,035 /есөн мянга гучин тав/ төгрөгийг хариуцагч Ө.М-аас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ

ШҮҮГЧ Б.МӨНХБАТ