Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2023/00036/И |
Дугаар | 133/ШШ2023/00132 |
Огноо | 2023-03-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 133/ШШ2023/00132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Е сумын Б багийн *-* тоотод оршин суух, Х овогт Н-ын Г, Г овогт Г-ын Э нарын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Ж сумын *-р баг, Т-д оршин суух, Н овогт Г-гийн Б-ад холбогдох,
авто зогсоолын төлбөр 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гэрч Л.Б, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: авто зогсоолын төлбөр 5,000,000 /таван сая/ төгрөг, алданги 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, нийт 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Н-ын Г, Г-ын Э нар нь иргэн Г.Б-ад 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Е сумын Х баг Н хороолол * байрны * тоот дахь 2 өрөө байр мөн авто зогсоолын хамт зарсан. Байрны үнэ 85,000,000 төгрөг төлөөд үлдэгдэл грашны үнэ 5,000,000 төгрөгийг иргэн Г.Б-тай харилцан тохиролцож гэрээг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Тус гэрээнд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар заасан. Гэтэл Г.Б нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул гэрээний төлбөр болох авто зогсоолын үнэ 5,000,000 төгрөг гэрээний 3.5-т заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь алданги төлнө гэсний дагуу мөн ИХ-д заасан алдангийн хэмжээ болох үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн заалтын дагуу 2,500,000 төгрөгийн алданги нийт 7,500,000 төгрөгийг хариуцагч Г.Б-аас гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн тайлбар: Хариуцагчийн зүгээс шүүхэд тайлбараа албан ёсоор бичгээр гаргасан. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 85,000,000 төгрөгийн өртөг бүхий орон сууц, 5,000,000 төгрөгийн өртөг бүхий авто зогсоолыг Н.Г, Г.Э нараас худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан байдаг. Улмаар авто зогсоолыг 5,000,000 төгрөгөөр тооцож 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр гэрээ байгуулсан хэдий ч 2 сард буюу гэрээ байгуулснаас хойш 2 сарын дараагаас Л.Б гэдэг хүн гарч ирээд авто зогсоолын төлбөрийг Н.Г, Г.Э нар нь бүрэн төлж барагдуулаагүй тухайн авто зогсоолыг ашиглуулахгүй, машин тавиулахгүй гэж маргаан үүсэж эхэлсэн. Тухайн үед Н.Г, Г.Э нарт энэ маргаанаа шийдэж өгөөч гэдгийг удаа дараа Г.Б болон ар гэрийн зүгээс тавьж байсан байдаг. Тэр асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Г.Б болон ар гэрийн зүгээс Л.Б-тай ярилцаад анх Н.Г-д 7,500,000 төгрөгт зарж байсан 2,000,000 төгрөг өгсөн үлдэгдэл мөнгийг өгөөгүй байгаа танайх Н.Г-д өгөх мөнгөө надад өгчих тэгвэл хэрүүл маргаангүй тус авто зогсоолыг эзэмшүүлж ашиглуулахад саад болохгүй гэдэг байдлаар харилцан тохиролцоод 2022 оны 05 дугаар сард ноолуур гарсны дараа хүүхдүүд нь Л.Б гэдэг авто зогсоолын анхны эзэмшигчид 5,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг асуудал ярьдаг. Тэрнээс хойш ямар нэгэн маргаан гардаггүй. 09 дүгээр сараас эхлээд эвлэрүүлэн зуучлахаас дууддаг. Н.Г нь нийт 9,000,000 төгрөгийг өг гэдэг байдлаар эвлэрүүлэн зуучлахад өргөдөл гаргасан байдаг. Анх Н.Г, Г.Э нараас авсан авто зогсоол нь өмчлөх эрхийн хувьд зөрчилтэй буюу өмнөх төлбөр бүрэн төлж дуусаагүй маргаантай. Өөр хүн миний эзэмшилд төлбөр төлөгдөөгүй гэсэн асуудал гарч ирсэн учраас Г.Б гуай Н.Г-д өгөх байсан 5,000,000 төгрөгийг Л.Б-д өгсөн үйл баримт байгаа. Н.Г, Г.Э нар нь Л.Б гэдэг хүнтэй уулзаж маргаантай асуудлаа шийдэж өгөөч гэдгийг удаа дараа хэлсэн боловч шийдэж өгөөгүй. Нэгэнт гэрээ хийгдсэн Л.Б-аас 5,000,000 төгрөгийг аваад өгөх боломжтой. Харин алдангийн хувьд Н.Г гэдэг хүний гүйцэтгээгүй үүргийг тэрний өмнөөс гүйцэтгэсэн учраас төлөх боломжгүй гэж үзэж байна гэв.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 345 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,
-Говь-Алтай аймгийн тойргийн нотариатч С.С-ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар,
5. Хариуцагч иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт: Байхгүй.
6. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 108 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ү-*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар,
-Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 44 дугаартай албан бичгээр ирүүлсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэлийн хуулбар
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч Н.Г, Г.Э нар нь Г.Б-д холбогдуулан авто зогсоолын төлбөр 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч тал ... Г.Б-тай 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулж авто зогсоолын үнэ 5,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. гэрээний 3.5-т заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь алданги төлнө гэсний дагуу мөн ИХ-д заасан алдангийн хэмжээ болох үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн заалтын дагуу 2,500,000 төгрөгийн алдангийг, авто зогсоолын үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг хариуцагч Г.Б-аас гаргуулж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О авто зогсоолын үнийг 2022 оны 05 дугаар сард хариуцагч Г.Б-ын хүүхэд авто зогсоолын анхны эзэмшигч болох Л.Б-д төлж барагдуулсан. Нэгэнт гэрээ хийгдсэн Л.Б-аас 5,000,000 төгрөгийг аваад өгөх боломжтой. Харин алдангийн хувьд Н.Г гэдэг хүний гүйцэтгээгүй үүргийг тэрний өмнөөс 2022 оны 05 дугаар сард гүйцэтгэсэн учраас төлөх боломжгүй гэж тайлбарлаж татгалзжээ.
Нэхэмжлэгч Н.Г, Г.Э хариуцагч Г.Б нар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ү-*** дугаартай Говь-Алтай аймгийн Е сумын ** дугаар баг, * * байр, * тоот, 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 5,000,000 төгрөгийг худалдахаар харилцан тохиролцож, уг мөнгийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор Г.Э-ын Хаан банкны **** тоот дансанд төлөхөөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцож үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч нь уг гэрээнд заасны дагуу авто зогсоолын үнийг алдангийн хамт гаргуулна гэж, хариуцагч нь Л.Б нь тухайн авто зогсоолын төлбөрийг Н.Г нь бүрэн төлж барагдуулаагүй тул тухайн авто зогсоолд машин тавиулахгүй байсан тул уг авто зогсоолын үнийг гэрээнд заасан хугацааны дотор авто зогсоолын анхны эзэмшигч болох Л.Б-д төлсөн тул уг мөнгийг Л.Б-аас аваад Н.Г өгч болно, гэрээнд заасан хугацаанд Л.Б-д төлсөн тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчдын тайлбар, нотлох баримтаас үзэхэд Н.Г нь Л.Б-аас худалдаж авсан орон сууц, авто зогсоолыг Г.Б-ад худалдсан ба Бөхбат нь зогсоолын үнэ 5 сая төгрөгийг Б нэхээд байсан тул Г-д өгөлгүй Б-д өгсөн гэх үйл баримт тогтоогдож байна. Эндээс үзэхэд маргаан бүхий хэргийн хувьд Г, Б нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Гэрээний үүрэг биелэгдсэн эсэх нь маргааны зүйл болж байх ба худалдагч Г-д авто зогсоолын үнэ төлөх үүргээ Б нь Б-д төлснийг үүрэг гүйцэтгүүлэгч Г нь Б-д өр төлбөр, үүрэг байхгүй гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг үүрэг биелэгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэг 5 сая төгрөгийг үүрэг гүйцэтгэгч Б-аас гаргуулан Г-д олгох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу мөн зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч гэрээнд заасан алдангийг гаргуулахаар шаардах эрхтэй байна. Шүүх алдангийн хэмжээг багасгах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
13. Иймд Н овогтой Г-ийн Б-аас авто зогсоолын төлбөр 5,000,000 /таван сая/ төгрөг, алданги 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, нийт 7,500,000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х овогтой Н-ын Г, Г овогтой Г-ын Э нарт нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г-ийн Б-аас 134,950 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н-ын Г, Г-ын Э нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Н овогтой Г-ийн Б-аас авто зогсоолын төлбөр 5,000,000 /таван сая/ төгрөг, алданги 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, нийт 7,500,000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х овогтой Н-ын Г, Г овогтой Г-ын Э нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г-ийн Б-аас 134,950 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н-ын Г, Г-ын Э нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН