| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0104/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/105 |
| Огноо | 2025-10-24 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох ****дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн **** сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 2, ээжийн хамт Завхан аймгийн ****сумын **** багт оршин суух хаягтай,
Урьд: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн байна.
Шүүгдэгч **** нь 2025 оны 05 дугаар сард Завхан аймгийн **** сумын ****багийн нутаг дэвсгэрт **** гэх газраас **** халиун зүсмийн зөв гуяндаа ширээтэй нар саран тамгатай хээлтэй гүүг өөрийн адуун сүрэгтээ авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогчид шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч *** нь 2025 оны 05 дугаар сард Завхан аймгийн **** сумын ****багийн нутаг дэвсгэрт **** гэх газраас **** халиун зүсмийн зөв гуяндаа ширээтэй нар саран тамгатай хээлтэй гүүг өөрийн адуун сүрэгтээ авсан хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Халиун зүсмийн зөв гуяндаа ширээтэй нар саран тамгатай хээлтэй гүү алдсан талаар мэдүүлсэн хохирогч **** “...Би 2025 оны 05 сарын дундуур өдрөө сайн санахгүй байна адуундаа яваад **** сумын ****багийн *** гэдэг газраас Хүрэн азаргатай адуугаа олоход дотроос нь халиун зүсмийн зөв гуяндаа ширээтэй нар саран тамгатай хээлтэй гүү алга болсон байсан. …Адуугаа 05 дугаар сарын сүүлээр **** сумын **** багийн **** Баянхонгор аймгийн **** сумын *** **** гэсэн газруудаар тус тус эрж хайсан боловч сураг гараагүй. Тухайн үед ганцаараа мотоциклоор явсан. Отгон сумын ****багийн иргэн *** нарт хэлж захиж байсан боловч сураг гараагүй... Унагалаагүй хээлтэйгээ байсан, манай өөрийн зөв гуяндаа ширээтэй нар саран тамгатай цагаан халиун гүү юм. Өөр содон шинж тэмдэггүй. 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр **** сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч **** таны алдсан халиун гүү **** гэдэг айлын адуунд байна гэж хэлээд сураг сонсож мэдсэн… Би *** багийн иргэн **** уулзаж халиун гүүгээ олж авсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдсан халиун гүүгээ **** захиж байсан тэгэхэд манай адуунд нийлсэн талаараа огт хэлээгүй өдийг хүрсэн…” гэсэн мэдүүлгээр,
**** адуунд зөв гуяндаа ширээтэй нар саран тамгатай халиун гүү байсан талаар мэдүүлсэн гэрч **** “…**** гэрт ирээд халиун зүсмийн гүүгээ алдчихлаа эрж хайгаад олсонгүй гээд хараад сурч байгаарай гээд захиад явсан юм. **** хүрэн азаргатай адууг нь сайн мэднэ манайхтай хавар адуу мал нь ойролцоо байсан, тэдний адуу зөв гуяндаа ширээтэй нар саран тамгатай. Намайг 2025 оны 07 сарын дундуур буюу улсын баярын дараа **** багийн нутаг **** гэх газарт **** том бор азаргатай адуу байж байхаар нь өөрийн хул зүсмийн үрээг барьж авахаар очиход тэдний адуунд **** халиун гүү нийлсэн байсан. Халиун гүүнээс өөр адуу нийлээгүй байсан...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч **** “…**** манайхыг **** гэдэг газар байхад ирээд халиун зүсмийн гүүгээ эрж хайгаад олсонгүй гээд надад таньж мэдэх хүн, найз нөхдөөсөө сурч байгаарай гэж захиад явсан юм. **** 4-5 азарга адуутай. Адуу малыг нь сайн танихгүй, Тэдний адуу зөв гуяндаа ширээтэй нар саран тамгатай гэдгийг мэднэ. 2025 оны 06 сарын эхээр манайхыг **** гэх газар нутаглаж байхад **** манайд ирээд халиун гүүгээ захиад явсан. Тэгээд би адуунд явахдаа тэр хавийн адуун сүргээр хайж байсан боловч сураг ажиг гараагүй. ***** хоёрынх хавар 05 сард **** сумын **** багийн **** гэдэг газар, **** нүүдэл хийгээд ойролцоо **** сумын **** багийн **** гэх газар хаваржсан, адуу мал нь ойролцоо байсан...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Шүүгдэгч **** үйлдлийн улмаас хохирогч **** нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “…Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК хөрөнгийн үнэлгээчний “…2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ШД-725-913522 дугаартай бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр хээлтэй гүүний зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 05 дугаар сарын байдлаар 1.000.000 төгрөгөөр тогтоов…” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгоно.
Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон, өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг олж аван завшиж буй шууд санаатай үйлдлээр илэрнэ.
Шүүгдэгч **** нь 2025 оны 05 дугаар сард Завхан аймгийн ****сумын ***багийн нутаг дэвсгэр **** гэх газраас иргэн **** халиун зүсмийн зөв гуяндаа ширээтэй нар саран тамгатай хээлтэй гүүг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргасан бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Хохирогч **** шүүгдэгч **** хохирол төлбөр төлсөн, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч *** холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын сонсгосон ялын саналыг баталж, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч **** нь энэ тогтоолоор бусдад төлөхгүй төлбөргүй, хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /200.000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч **** нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч **** нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА