Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2023/00138

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2023/00138

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ГАА-ийн ХХҮГ-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Е сумын * багийн ***-*** тоотод оршин суух, Б-ы Г-т холбогдох,

эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг 4,407,967 (дөрвөн сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун жаран долоон) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Хариуцагч Б.Г-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг 4,407,967 (дөрвөн сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун жаран долоон) төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: ГАА-ийн ХХҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Г нь тус газраас хэрэгжүүлдэг Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 36 сарын хугацаатай хүүгүй 10,000,000 (арван сая) төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулж Хаан банкны *** тоот дансанд санхүүжилтийг авсан. Гэрээг байгуулсанаас хойш 5,592,033 төгрөг төлсөн ба үлдэгдэл 4,407,967 (дөрвөн сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун жаран долоон) төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд эргэн төвлөрүүлээгүй байна. Иймд бүрдүүлсэн материалыг үндэслэн иргэн Б.Г-тэй байгуулсан гэрээнд заасны дагуу зээлээ хугацаанд нь төлөөгүй 4,407,967 (дөрвөн сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун жаран долоон) төгрөгийг иргэн Б-ы Г-өөс гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Б.Г нь эргэн төлөлтийн гэрээ хийсэн хуваарь байгаа. Хуваарийн дагуу огт төлөөгүй. 2019 онд 556.000 төгрөг, 2020 3.336.033 төгрөг, 2021 онд 1.700.000 төгрөг, 2022 болон 2023 онд огт зээлээ төлөөгүй зээлийн эргэн төлөлтийн хугацаа дууссан байгаа. Манайх аудит орохоос өмнө нэхэмжлэл гаргасан байсан. Өөрөө зөвшөөрөхгүй явж байгаад аудитын акт гарсан. Аудитын акт 05 дугаар сарын 01-ний дотор гэсэн тул үлдэгдэл мөнгийг 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлүүлэх саналтай байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр баталсан гарааны бизнес эрхлэх залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, гэрээний хавсралт, барьцааны гэрээ

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 359, 360 дугаартай тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт Б.Г, Ж.А нарын гаргасан өргөдөл

4. Хариуцагчаас цуглуулж иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч ГАА-ийн ХХҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. ГАА-ийн ХХҮГ нь эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг 4,407,967 (дөрвөн сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун жаран долоон) төгрөгийг хариуцагч Б-ы Г-өөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

3. Талууд ГАА-ийн ХХҮГ-ын  даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр баталсан гарааны бизнес эрхлэх залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, гэрээний хавсралт, барьцааны гэрээ байгуулж, ГАА-ийн ХХҮГ Б.Г-ийг тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эргэлтийн хөрөнгө худалдан авч ажлын байр бий болгохыг дэмжих зорилгоор 10,000,000 /арван сая/ төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Б.Г-ийн Хаан банкны **** тоот дансанд шилжүүлэх бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгийг 100 хувь буюу 10,000,000 төгрөгийн хөрөнгө дансанд шилжиж орсноос хойшш 36 сарын дотор хариуцагч Б.Г нь гэрээний хавсралтад заасны дагуу эргэн төлөлт хийх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагч нь зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2019 онд 556.000 төгрөг, 2020 3.336.033 төгрөг, 2021 онд 1.700.000 төгрөг, 2022 болон 2023 онд огт зээлээ төлөөгүй зээлийн эргэн төлөлтийн хугацаа дууссан... гэх тайлбараар тогтоогдож байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Хариуцагч Б.Г-т 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, шүүгчээс тогтоосон 14 хоногийн хугацаа буюу 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор тайлбараа ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан боловч хариуцагч нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч хуульд эсхүл шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.2 дахь хэсэгт Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж тус тус заажээ.

Хариуцагч Б.Г-т 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар хүргүүлэхэд тухайн хаягт байхгүй, мөн нэхэмжлэлд бичигдсэн ****, **** дугаарын утаснууд холбогдох боломжгүй, **** дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан тул түүний ээжийн **** дугаарын утас руу холбогдож шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

6. Иймд хариуцагч Б-ны Г-өөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг 4,407,967 (дөрвөн сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун жаран долоон) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ГАА-ийн ХХҮГ-т олгох үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 4,407,967 (дөрвөн сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун жаран долоон) төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 86,437 /наян зургаан мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийг хариуцагч Б.Г-өөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт үндэслэн хариуцагч Б-ы Г-өөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг 4,407,967 (дөрвөн сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун жаран долоон) төгрөг гаргуулан ГАА-ийн ХХҮГ-ын **** тоот дансанд оруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 4,407,967 (дөрвөн сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун жаран долоон) төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 86,437 /наян зургаан мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийг хариуцагч Б.Г-өөс гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН