Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2023/00011/И |
Дугаар | 133/ШШ2023/00183 |
Огноо | 2023-04-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 133/ШШ2023/00183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ГАА-ийн ХХААГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Е сумын О баг, Ш * дүгээр байр, * тоотод оршин суух, Ж-ийн Б-т холбогдох,
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгосон зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангид нийт 3,607,990 (гурван сая зургаан зуун долоон мянга есөн зуун ер) төгрөгийг тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгосон зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангид нийт 3,607,990 (гурван сая зургаан зуун долоон мянга есөн зуун ер) төгрөгийг тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл Аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Х сумын Ё-гийн услалтны системд сармис тариалах, газар тариалангийн тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 08 дугаар гэрээг байгуулан 3,000,000 төгрөгийн зээл авсан Ж.Б нь зээлийг авсан өдрөөс одоог хүртэл зээлийн эргэн төлөлт нь дутуу зээлийг хугацаанд нь барагдуулаагүй. Ж.Б нь зээлийн эргэн төлөлтөд 500,000 төгрөг төлсөн. Үндсэн зээл, хүү, алдангийн хамт 3,607,990 /гурван сая зургаан зуун долоон мянга есөн зуун ер/ төгрөгийг аймгийн тариалан эрхлэлтийг дэмжих санд иргэн Ж.Б-ээс гаргуулж өгөхийг хүсье гэжээ.
3. Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж овогтой Б миний бие аймгийн тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөгийг зээлж авсан. 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 600,000 төгрөгийг шилжүүлснээс өөр мөнгө хийгээгүй. Одоо 05 дугаар сарын 15-ны өдөр хугацаа нь дуусна. Корона вирустай холбоотой төлөгдөж амжаагүй зээлд алданги, хүү бодогдоод тэр бодогдсон алданги нь төлөгдөөгүй мөнгөний тал хувиас давж яваад байгаа. Эхний гаргаж өгсөн 3,200,972 төгрөг гэдэг тооцоог нь болох юм байна гэж бодож байсан чинь дахиад 3,607,290 төгрөг гээд нэхэмжлэхээр нь Х, х а а-н хүнтэй яриад 300,000 төгрөгөө оруулаад ийм байгаа юм уу гэсэн чинь ороогүй гэсэн гэв.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-ГАА-ийн ХХААГ-ын даргын баталсан аймгийн тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Ж.Б-тэй байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
4. Хариуцагчаас цуглуулж иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч ГАА-ийн ХХААГ-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
ГАА-ийн ХХААГ нь аймгийн тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгосон зээлийн үлдэгдэл, хүү, алданги нийт 3,607,990 (гурван сая зургаан долоон мянга есөн ер) төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Ж-ийн Б-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Талууд ГГАА-ийн ХХААГ-ын даргын баталсан аймгийн тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Ж.Б-тэй байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, байгуулж, ГАА-ийн ХХААГ Ж.Б-т газар тариалангийн тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 3,000,000 (гурван сая) төгрөгийг, жилийн 3,6 хувийн хүүтэй зээлийг зээлдэгч Ж.Б-ийн **** тоот дансанд шилжүүлэх бөгөөд тухайн зээлийг анх олгосон өдрөөс 36 сарын дотор гэрээний хавсралтад заасны дагуу эргэн төлөлт хийх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрсдийн шаардлага, татгалзлаа нотлох үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар шийдвэрлэдэг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдэлж, оролцох эрх үүрэг тайлбарлан өгсөн боловч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан ирүүлэхдээ ...үндсэн зээл, хүү, алдангийн хамт 3,607,990 /гурван сая зургаан зуун долоон мянга есөн зуун ер/ төгрөг гаргуулж өгнө үү... гэсэн байх боловч уг 3,607,990 төгрөгийн хэд нь үндсэн төлбөр болох хэд нь хүү, хэд нь алданги болох талаар нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.
Хавтаст хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагч нь зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн ...Ж.Б нь зээлийг авсан өдрөөс одоог хүртэл зээлийн эргэн төлөлт нь дутуу зээлийг хугацаанд нь барагдуулаагүй... гэх тайлбар болон хариуцагчийн ...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 600,000 төгрөгийг шилжүүлснээс өөр мөнгө хийгээгүй... гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.
Иймд хариуцагч Ж-ийн Б-ээс үндсэн зээл 2,492,000 /хоёр сая дөрвөн зуун ерөн хоёр мянга/ төгрөг, хүү 216,000 (хоёр зуун арван зургаан мянга) төгрөг, нийт 2,708,000 (хоёр сая долоон зуун найман мянга) төгрөгийг гаргуулан ГГАА-ийн ХХААГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 899,990 (найман зуун ерөн есөн мянга есөн зуун ер) төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 2,708,000 (хоёр сая долоон зуун найман мянган) төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 58,278 (тавин найман мянга хоёр зуун далан найм) төгрөгийг хариуцагч Ж.Б-ээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Ж-ийн Б-ээс үндсэн зээл 2,492,000 (хоёр сая дөрвөн зуун ерөн хоёр мянга) төгрөг, хүү 216,000 (хоёр зуун арван зургаан мянга) төгрөг, нийт 2,708,000 (хоёр сая долоон зуун найман мянга) төгрөгийг гаргуулан ГАА-ийн ХХААГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 899,990 (найман зуун ерөн есөн мянга есөн зуун ер) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 2,708,000 (хоёр сая долоон зуун найман мянган) төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 58,278 (тавин найман мянга хоёр зуун далан найм) төгрөгийг хариуцагч Ж.Б-ээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН