| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2023/00123/И |
| Дугаар | 133/ШШ2023/00204 |
| Огноо | 2023-04-19 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 133/ШШ2023/00204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Е сумын Б багийн *-** тоотод оршин суух, И овогтой Б-ийн Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГАА-ийн У-А ААТҮГ-т холбогдох
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн оролцов.
Нэхэмжлэгч Б.Э-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Е сумын Б багийн нутаг дэвсгэрт оршин суух Б.Э миний биеийг Говь-Алтай аймгийн З д-р томилогдсон *** нь хууль бусаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б/01 дугаар тушаалаар ажлаас чөлөөлснийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаартай шийдвэр, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 133 дугаар шийдвэрүүд гарсныг Говь-Алтай аймгийн Засаг дарга *** нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүрэн биелүүлж, ГАА-ийн У-А ААТҮГ-ын менежерээр урд өмнө авч байсан цалинг бууруулахгүйгээр харилцан тохиролцон томилсон. 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн 36.1.2 дахь заалтад ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон байх гэж, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу Б.Э миний ажилгүй байсан хугацаа болох 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хоорондох хугацааны цалинг ГАА-ийн У-А ААТҮГ-т-аас гаргуулж, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчаас гаргасан тайлбар: Байхгүй.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-ГАА-ийн У-А ААТҮГ-ын захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай Б.Эрдэнэ-Очирыг ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-ГАА-ийн У-А ААТҮГ-ын менежер Б.Э-ын цалингийн тооцооны хүснэгт,
-ГАА-ийн У-А ААТҮГ-тай Б.Э-ын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 03 дугаартай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ
-Б-ийн Э-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
-Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай шийдвэр зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Б.Э нь ГАА-ийн У-А ААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Э нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан байх бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэхээр шүүхээс хугацаа олгосон байна. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Энхболд нь уг хугацаанд болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Э-д мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.
3. Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацааг хуульд 14 хоног гэж тодорхойлсон нь түүнд шахалт дарамтгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй юм.
4. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
6. Хэдийгээр хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй боловч шүүх төсвийн байгууллагад холбогдох цалин, олговор гаргуулах шаардлага бүхий хэргийг ердийн журмаар буюу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Б.Э нь ГАА-ийн У-А ААТҮГ-ын захирлаар ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгджээ.
8. Энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг нэхэмжлэгч Б.Э нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаар шийдвэр гарч, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Э-ыг урьд эрхэлж байсан Ундарга-Алтай аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 63 хоногийн олговор 2,977,788 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
9. Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээр нэхэмжлэгч Б.Э-ын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс түүнийг ГАА-ийн У-А ААТҮГ-ын захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай Б.Э-ыг ажилд томилох тухай тушаалаар менежерээр томилсон байна.
10. Энэхүү иргэний хэргийн маргааны үйл баримт нь цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө буюу 2021 онд болсон харилцаа байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны 0 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Учир нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж зааснаар уг хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнөх харилцаанд хуучин Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхээр байх тул уг шүүхийн шийдвэрт 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримталсан болно.
11. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай болно.
12. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай.
13. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, ... ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй гэж,
103.2-т Энэ хуулийн 103.1-д заасан хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг ажил олгогчид хүргүүлж, тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ. гэж,
103.3-т Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно. гэж тус тус зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.
14. Иймд Б.Э нь ажилд тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны олговрыг шүүхээр шийдвэрлүүлсэн гэх тул тухайн өдрөөс хойшхи буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулахаар шаардах эрхтэй байна.
15. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу Б.Эрдэнэ-Очирын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс шүүх хуралдаан хүртэлх буюу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 82 хоногийн олговор 3,785,694 /гурван сая долоон зуун наян таван мянга зургаан ерөн дөрөв/ төгрөгийг хариуцагч УГАА-ийн У-А ААТҮГ-аас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Б.Э-т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Э-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2020 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.
16. Хөдөлмөрийн хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч ГАА-ийн У-А ААТҮГ-т даалгах нь зүйтэй байна.
17. Б-ийн Э-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод ажил олгогч У-А гээд ажил олгогч шимтгэл төлсөн гэж бүртгэсэн байх тул шүүх ГАА-ийн У-А ААТҮГ-аас нэхэмжлэгч Б.Э-ын ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.
Харин хариуцагч ГАА-ийн У-А ААТҮГ нь хуульд заасны дагуу байгууллагад учирсан хохирлоо буруутай албан тушаалтнаас гаргуулахаар шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,785,694 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 75,521 төгрөгийг хариуцагч ГАА-ийн У-А ААТҮГ-аас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ихэр Буянт овгийн Батсүхийн Эрдэнэ-Очирын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3,785,694 /гурван сая долоон зуун наян таван мөнгө зургаан зуун ерөн дөрөв/ төгрөгийг ГАА-ийн У-А ААТҮГ-аас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Б.Э-т олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Б.Э-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг ГАА-ийн У-А ААТҮГ-т үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,785,694 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 75,521 төгрөгийг хариуцагч ГАА-ийн У-А ААТҮГ-аас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН