| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2023/00115/И |
| Дугаар | 133/ШШ2023/00205 |
| Огноо | 2023-04-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 133/ШШ2023/00205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ГАА-ийн ЗДТГын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ц.Я, С.Н, Н.Г, Т.Б, Б.А, Ш.О, Х.Б, Г.Ч, Г.Т, Б.Б, П.Д, Б.Э, Д.С нарт холбогдох
Илүү олгосон тэтгэмж болох нийт 19,537,543.5 (арван есөн сая таван зуун гучин долоон мянга таван зуун дөчин гурван төгрөг, таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Д.С, Н.Г, Т.Б, Ш.О, Г.Ч, П.Д Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч Б.Б, Г.Т, Ц.Я, Б.А, С.Н, түүний өмгөөлөгч Ж.Д нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Илүү олгосон тэтгэмж болох нийт 19,537,543.5 (арван есөн сая таван зуун гучин долоон мянга таван зуун дөчин гурван төгрөг, таван мөнгө) төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч ГАА-ийн ЗДТГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/95 дугаар зөрчил арилгах тухай албан шаардлагаар нэр бүхий өндөр насны тэтгэвэрт гарсан 13 албан хаагчдад тэтгэмжийг илүү олгосон гэж үзэж албан шаардлага ирүүлсэн байдаг. Тус албан шаардлагад Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ, 2 дугаар зүйлийн 2.2-т энэ журмын 1.1-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-т зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна гэж заасныг зөрчсөн байна гэж үзжээ. Дээрх аудитын албан шаардлагын дагуу илүү олгосон тэтгэмж болох 19,537,543.5 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нарын хариу тайлбар:
3.1 Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн Е сумын Х багийн *-** тоотод оршин суух Б овогтой Б миний бие 2022 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэртээ гарсан. Аймгийн төрийн сангийн хэлтэст тэтгэврийн материалаа бүрдүүлж өгсөн билээ. Гэтэл аудитын газраас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр надад 3,312,241 төгрөгний илүү тэтгэмж олгосон байна гэж үзжээ. Миний бие Цагдаагийн газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, тагнуулын хэлтэс зэрэг цагдаа хүчний байгууллагад 26 жил, энгийн байгууллагад 12 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Ажилласан байдлаа жагсаавал: 1980-1983 онд Улаанбаатар хотод хуучин нэрээр НАХЯ-ны цэргийн тусгай дунд сургуульд сонсогч, 1983-1991 онд тус аймгийн Тонхил, Гуулин сумуудад хэсгийн төлөөлөгч, 1992-2002 онд Дархан хотын Цагдаагийн газарт хэсгийн байцаагч, жижүүрийн мөрдөн байцаагч, байцаагчаар, 2003-2005 онд Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ээлжийн дарга, 2005-2007 онд мөн аймгийн Тагнуулын хэлтэст жижүүрийн ажилтнаар, 2007-2009 онд тус аймгийн төрийн өмчит Илч-Алтай ХХК-д хуулийн зөвлөх, 2010-2022 оны 12 сар хүртэл АДБАЧ-д харуулын ажилтнаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Төрийн алба болон төрийн үйлчилгээний алба тусгай албанд 36 жил ажиллаад тэтгэмж болох дээрх мөнгийг авсан юм. Би бодохдоо улсад ингэж олон жил ажилласан байхад миний тэтгэмжийн мөнгийг илүү биш харин дутуу бодсон байна гэж үзэж байна. Дээрх байгууллагуудад ажилласан жилийн лавлагаа материалыг аймгийн төрийн сангийн хэлтэст бүрдүүлж өгсөн. Надад олгосон тэтгэмжийн мөнгийг би Улаанбаатар хотод суух хоёр охиндоо байрны зээлний төлбөрт хуваагаад өгчихсөн. Дээрх нэхэмжилж байгаа 3,312,241 төгрөг нь миний өөрийн буруу ажиллагаанаас болсон гэж үзэхгүй байна. Одоо надад өндөр насны тэтгэврийн мөнгөнөөс өөр орлого байхгүй. Дээрх нэхэмжилсэн мөнгийг төлөх ямар ч боломжгүй байгаа тул миний амьдралын байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг эрхэм шүүгч таниас хүсэж байна гэжээ.
3.2 Хариуцагч Г.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г овогтой Т миний бие аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд жолоочоор ажиллаж байгаад 2021 онд тэтгэвэрт гарсан. Аймгийн Засаг даргын тамгын газраас тэтгэмж илүү олгосон 399,801 төгрөгийг буцаан төлөх боломжгүй гэдгээ хэлье. Үүнд: өнөөдрийн авч байгаа тэтгэврийн мөнгөөр амьдралаас илүү гаргаж төлөх боломжгүй. Төрийн аудитын албан шаардлагад хувь хүнээр төлүүл гэсэн заалт алга байна гэжээ.
3.3 Хариуцагч Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Халзанхүүгийн Баасандорж миний бие 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн * сумын Засаг даргын тамгын газарт хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэлийн талаар ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй ба шаардаагүй нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4 Хариуцагч С.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: иргэн С.Н миний нэр дээр Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог мөнгөн тэтгэмжийг илүү олгосон гэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус тэтгэмжийг Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсээс бодож төсөвт суулгаснаар олгосон. Иймд би тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.5 Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Т сумын * дүгээр баг ** хаягт оршин суугч Б овогтой А би Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ш.Э-ын танай шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хандаж гаргасан 03/299 тоот нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Монгол улсын Захиргааны ерөнхий хуульд эрх нь зөрчигдсөн этгээд эрхээ зөрчснөөс хойш буюу мэдсэнээс хойш 1 сарын дотор зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргах эрхтэй гэж хуульчилсан байдаг. Тэгтэл аймгиин аудитын газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 03/95 тоот албан шаардпага гарсан байна. Үүнээс дугнэлт хийхэд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах эрхтэй субьект мөн эсэхэд эргэлзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ямар эрх нь зөрчигдсөн, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, харьяалал зэрэг нь хуульд заасан шаардлага хангахгүй эргэлзээтэй байна. Миний тэтгэмжийг төрийн албаны тангараг өргөсөн, ажил мэргэжлийн хувьд дадлагажсан 3 шатны албан тушаалтангууд ажил үүргийнхээ дагуу хянаж шалгаад улсын төсөвт суулгасны дагуу надад олгогдсон гэж би бодож байна. Энэ тэтгэмжийг бодож надад олгоход миний оролцоо байгаагүй. Тийм учир ажил албан тушаал мэргэжилдээ хайнга хандсан, өргөсөн тангарагаа биелүүлээгүй зохих хууль тогтоомжоо мөрдөөгүй албан тушаалтангуудын буруу үйл ажиллагаанаас учруулсан хохирлыг тухайн албан тушаалтангууд өөрсдөө хариуцлагаа хулээх ёстой гэж бодож байна. Надад олгогдсон тэтгэмжийг сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч зохих материалуудыг бүрдүүлж зохих хууль тогтоомжийн дагуу бодоод аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст явуулдаг Аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн зохих хууль тогтоомжийн дагуу хянаад, шалгаад, бодоод Сангийн яаманд явуулдаг. Сангийн яамны мэргэжилтэн бас л зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлсэн материалын хүрээнд хянаж шалгаж, бодоод төсөвт суулгадаг. Энэ төсөвт суулгасан мөнгө нь аймгийн төсөв сумын төсвөөр дамжин ирж надад олгогдсон. Энэ олон дамжлагуудад миний оролцоо байдаггүй. Тийм учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тангараг өргөсөн төрийн албан хаагчдын ажил мэргэжилдээ хайнга хандаж гаргасан алдаанаас болж тэтгэврээс өөр орлогогүй, өвчтэй, өндөр настай эхийгээ асарч байгаа иргэн хохирох ёсгүй гэж бодож байна гэжээ.
3.6 Хариуцагч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд төрд олон жил үнэнчээр зүтгэж, ажиллаж байгаад хуулийн дагуу тэтгэмжээ бодуулж авсан. Бидний тэтгэмжийг төрийн албанд тангараг өргөсөн аймаг, сумын нягтлан бодогч бүрдүүлж аваад аймгийн төрийн сангаар дамжиж Сангийн яамаар дамжиж олгогдсон гэж үзэж байна. Бидний оролцоотой илүү авсан зүйл байхгүй. Ажил мэргэжилдээ хайнга хандаж тэтгэмжийг буруу бодсон. 2022 оны 07 дугаар сараас жилийн дараа илүү авсан байна гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь зүйд нийцэхгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бүгд удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс байна. Бид чин үнэнчээр ажиллаж байсан. Хуулийн дагуу тэтгэмж олгосон байхад жилийн дараа илүү авсан байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна гэв.
3.7 Хариуцагч Т.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие төрд 33 жил ажиллаад 2022 оны 08 дугаар сард тэтгэвэрт гарсан. Сумын Тамгын газраас тооцож өгсөн 32,8 сая төгрөгийг авсан. 2022 онд нэмэлтээр аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тэтгэмж гэж орж ирэхээр нь өмнө нь тэтгэмжээ авсан, одоо нэмэгдлээр дахиад ирж байна гэж сумын Тамгын газрын нягтлан бодогчоос асуухад мэдэхгүй байсан. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс боломж гарч, төрд олон жил ажилласан хүнд оны эцсээр олгож байгаа юм байна гэж ойлгосон. Миний тэтгэмж дутуу байна гэж өргөдөл бичиж өгч байгаагүй. Шат дараалан олгосон учраас миний оролцоо байхгүй. Тухайн албан тушаалтны хариуцлагагүй байдлаас ийм асуудал үүсэж байна. Захиргааны ерөнхий хуульд мэдсэнээс хойш 1 сарын дотор зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргах эрхтэй байдаг. 2 жил болж байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.8 Хариуцагч Ш.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2021 оны 08 дугаар сард тэтгэвэрт гарах хүсэлтээ өгч тэтгэвэртээ гарсан. Би 1989-2021 он хүртэл тасралтгүй 32 жил төрд ажиллаж ирсэн. Тэтгэвэрт гарахдаа хуулийн дагуу хүсэлтээ өгч, хүсэлтийнхээ дагуу өөрийнхөө баримтыг сумын санхүүгийн албанд материалаа өгч шат дамжин шалгагдаж тэтгэмжээ авсан. Эхний тэтгэмжийн 28,000,000 төгрөг орсон. 11 дүгээр сард 3,200,000 төгрөг орсон. Үүнийг хуулийн дагуу надад олгож байгаа тэтгэмж гэж ойлгож авсан. Түүнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байхад илүү авсан гэж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Тиймээс төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид дутуу авсан гэж нэхэж аваагүй. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс нь бодож өгсөн гэв.
3.9 Хариуцагч Г.Ч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ тэтгэмжийг Засаг даргын Тамгын газарт 42 жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч авсан. Өөрөө санал болгож авсан мөнгө биш, мэргэжлийн хүмүүс бодож олгосон мөнгө байгаа. Дараа нь мөнгө илүү олгосон байна гэж нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.10 Хариуцагч П.Д шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би улсад 36 жил ажилласан. 2021 оны 12 дугаар сард тэтгэвэрт гарч тэтгэмжээ авсан. 2023 оны 03 дугаар сард шүүхээс залгаж мэдсэн. Тэтгэмж илүү бодож олгосон байна гэсэн. Бид үүнийг өөрсдөө бодож аваагүй. Хуулийн дагуу тэтгэмжээ авсан. Үүнийг төлөх боломжгүй тухайн үед орж ирсэн мөнгөөр төлөвлөсөн ажлаа хийж, тэтгэврийн зээлээ 12 сараар авсан. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.11 Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984 оноос 32 жил ажилласан байна. Сумын санхүү албанд хуулийн дагуу тэтгэмж олгохоор материалаа зохих журмын дагуу бүрдүүлж өгсөн. 2022 оны 12 дугаар сард тэтгэвэрт гарсан. Тэтгэмж өгөхөд баярлаж хүлээж авсан. Уг шаардлагыг хүлээж авахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.12 Хариуцагч Д.С шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би улсад 38 жил ажилласан. Төрийн албаны зөвлөлөөс тэтгэмжийн материалыг 2022 онд бүрдүүлж өгөөд аймгийн тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээр дамжиж дээрээ хянагдаж шалгагдаж ирсэн учраас үнэн бодитой байх гэж авсан. Тухайн үедээ ахуй амьдралдаа зарцуулсан. Одоо энэ мөнгийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.13 Хариуцагч Ц.Я хариу тайлбар ирүүлээгүй.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/195 дугаартай албан шаардлага, тэтгэвэрт гарсан иргэдэд олгосон тэтгэмж, тэтгэвэрт гарсан иргэдэд олгосон тэтгэмжийн тооцоолол гэх баримтын хуулбар,
-Ц.Я, С.Н, Н.Г, Т.Б, Б.А, Ш.О, Х.Б, Г.Ч, Г.Т, Б.Б, П.Д, Б.Э, Д.С нарт тэтгэмж олгосон төлбөрийн хүсэлтүүдийн хуулбар,
-Ц.Я, С.Н, Н.Г, Т.Б, Б.А, Ш.О, Х.Б, Г.Ч, Г.Т, Б.Б, П.Д, Б.Э, Д.С нарыг ажлаас чөлөөлсөн тушаал, захирамжийн хуулбаруудыг тус тус ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугласан зохигчдын шаардлага, татгалзал, тэдгээрийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад нэхэмжлэгч ГАА-ийн ЗДТГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ГАА-ийн ЗДТГ нь Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/195 дугаартай албан шаардлагын дагуу илүү олгосон тэтгэмж 19,537,543.5 (арван есөн сая таван зуун гучин долоон мянга таван зуун дөчин гурван төгрөг, таван мөнгө) төгрөгийг гаргуулахаар Ц.Я, С.Н, Н.Г, Т.Б, Б.А, Ш.О, Х.Б, Г.Ч, Г.Т, Б.Б, П.Д, Б.Э, Д.С нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн үндэслэлээ Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/195 дугаартай албан шаардлагын дагуу илүү олгосон тэтгэмж болох 19,537,543.5 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү... гэж тайлбарлаж, хариуцагч нар ...Бид өөрсдөө бодож тэтгэмжийг аваагүй, бидний оролцоо огт байхгүй, олгосон мөнгийг л авсан. Шат шатны санхүүгийн алба, сангийн яамаар хянагдаж бидэнд тэтгэмж олгогдсон учраас зөв бодож олгогдсон гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан татгалзаж маргажээ.
4. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас хариуцагч Ц.Я, С.Н, Н.Г, Т.Б, Б.А, Ш.О, Х.Б, Г.Ч, Г.Т, Б.Б, П.Д, Б.Э, Д.С нар нь өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авсан талаар маргаагүй.
Харин Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/195 дугаартай албан шаардлагын дагуу илүү олгосон тэтгэмж 19,537,543.5 (арван есөн сая таван зуун гучин долоон мянга таван зуун дөчин гурван төгрөг, таван мөнгө) төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.
5. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч ГАА-ийн ЗДТГ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/195 дугаартай албан шаардлага, тэтгэвэрт гарсан иргэдэд олгосон тэтгэмж, тэтгэвэрт гарсан иргэдэд олгосон тэтгэмжийн тооцоолол гэх баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн боловч дээрх баримтууд нь эх хувиар бус, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар гэх тэмдэг дарагдсан баримтыг ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т ...Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно... гэж заажээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэ үүднээс тодорхойлбол иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээд өөрийн шүүхэд гаргавал зохих бичмэл нотлох баримтыг өөрөө баталгаажуулан шүүхэд гаргах боломжгүй юм.
6. Иймд ГАА-ийн ЗДТГ-ын шүүхэд ирүүлсэн баталгаажуулан ирүүлсэн дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Мөн Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар нь дээрх аудитын албан шаардлагыг хариуцагч нарт танилцуулж, уг албан шаардлагаар эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдүүд болох Ц.Я, С.Н, Н.Г, Т.Б, Б.А, Ш.О, Х.Б, Г.Ч, Г.Т, Б.Б, П.Д, Б.Э, Д.С нарын гомдол гаргах эрхийг нь хангасан талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал энэ үүргээ биелүүлээгүй байна.
7. Иймд Ц.Я, С.Н, Н.Г, Т.Б, Б.А, Ш.О, Х.Б, Г.Ч, Г.Т, Б.Б, П.Д, Б.Э, Д.С нарт холбогдох аудитын албан шаардлагын дагуу илүү олгосон тэтгэмж 19,537,543.5 (арван есөн сая таван зуун гучин долоон мянга таван зуун дөчин гурван төгрөг, таван мөнгө) гаргуулах тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Я, С.Н, Н.Г, Т.Б, Б.А, Ш.О, Х.Б, Г.Ч, Г.Т, Б.Б, П.Д, Б.Э, Д.С нарт холбогдох аудитын албан шаардлагын дагуу илүү олгосон тэтгэмж 19,537,543.5 (арван есөн сая таван зуун гучин долоон мянга таван зуун дөчин гурван төгрөг, таван мөнгө) гаргуулах тухай ГГАА-ийн ЗДТГ-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН