Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1573

 

 

 

 

 

 

 

 

 

Л.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/01667 дугаар шийдвэртэй, Л.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Л-д холбогдох, 3 570 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагч Ц.Л-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.О- миний бие Ц.Л-тэй 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр түүний өмчлөлийн ХУД, 15 дугаар хороо, Рапид харш, 24 байр, 163 тоот, 2 өрөө байрыг 1 жилийн хугацаатай сарын 700 000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож тэр өдөртөө түүний өөрийнх нь Хаан банкны 5026706180 тоот дансанд 8 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Би өөрөө уг байрыг Д.Э-гаас зээлсэн 30 000 000 төгрөгөнд оруулан түүнийг суулгасан бөгөөд Ц.Л- нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр буюу гэрээний хугацаа дуусахаас 5 сарын өмнө тэднийхийг хөөж гаргасан байсан бөгөөд уг суугаагүй үлдэгдэл 5 сарын мөнгө буюу 3 500 000, түүнийг эрэн сурвалжлуулах шүүхийн зардал буюу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 3 570 200 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Л- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Л.О-т 24 байр 163 тоот байрыг түрээсэлсэн. Энэ хүн 3 сарын төлбөрөө өгсөн. 8 дугаар сарын 25-ны өдөр түрээсээ сунгах уу гэхэд сунгана гээд миний данс руу 1 жилийн төлбөр болох 8 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Би энэ хүнд байраа түрээсэлсэн. Энэ хугацаанд Д.Э- гэж хүн утасдаад би 30 000 000 төгрөгөө Л.О-т өгөөд залилуулаа гэсэн. Л.Оуюнбэлэг нь Ц.Л- бол миний дүү Солонгост амьдардаг гээд 30 000 000 төгрөг зээлээд хүүнд нь миний байранд оруулаад орхиод явсан байсан. Д.Э- бид 2 Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл өгсөн. Энэ хүн миний итгэлийг эвдсэн давхар түрээсэлж хүнийг залилан мэхэлсэн. Эрүүгийн хэргийн 148 дүгаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүссэн. Ц.Л- ямар ч дарамт үзүүлээгүй би өөрөө нөхөртэйгээ хэрэлдээд гараад явсан гэдэг би өөрийн дугаар дээр 2000 оноос хойш өнөөг хүртэл байгаа. Миний гэрийн хаяг Чингэлтэй дүүргийн цагдаад өгсөн гомдол дээр байгаа. Энэ хүн итгэл эвдэн хүний байрыг залилан мэхлэх байдлаар хаяж явсан. Л.О- намайг хохиролгүй болгоно гэж хэлсэн. Цагдаа шүүхийг ингэж төөрөгдүүлж байгаад гомдолтой байна. Би эрүүгийн хэрэгт хохирогч байсан. 5 жилийн дараа ийм мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч Ц.Л-гээс 3 570 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 073 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс талуудын хооронд орон сууц хөлслөх, хөлслүүлэх хэлцэл хийгдсэн гэж зөв дүгнэсэн атлаа хэлцлийн хүсэл зориг, үр дагаврыг үнэн зөв, бодитой дүгнэж чадаагүй нь шүүх хэргийг бүх талаас нь бодитой хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмыг зөрчсөн. Мөн талууд Иргэний хуульд зааснаар аман хэлбэрээр хэлцэл хийсэн бөгөөд дээрх хэлцэлд хөлслөгчийн тодорхой үйлдлүүдийг түүн дотроо хөлслөгч бусад этгээдэд дамжуулан уг орон сууцанд өөрийнхөө оронд амьдруулах үйлдлийг хориглох талаар хэлцэлд хөлслөгч талд үүрэг болгосон зохицуулалт байхгүй байхад шүүх ийм үүрэгтэй мэт дүгнэсэн нь хэт дур зоргын шинжтэй байна. Тухайлбал, хариуцагч Ц.Л- нь хаан банкныхаа 5026706180 тоот хувийн дансаар байрны түрээсийн төлбөрийг 1 жилээр тооцон 8 400 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан хэрнээ 5 сар дутуу байхад түрээсийн 3 500 000 төгрөгийг үлдээн гэнэт амьдарч байгаа айлыг хугацаанаас нь өмнө тавилгыг буцаан өгөлгүй гаргаж, н.Батсүх гэх өөр айл оруулсан нь түрээсийн төлбөр, тавилга зэргээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл байгаа. Хариуцагчийн энэ үйлдэл нь хэлцлийн үр дагаврыг дуусгахад чиглэгдэж байгаа бөгөөд хөлслүүлэгч идэвхтэй үйлдлээр гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн буруу тайлбарласан байна. Үүний улмаас нэхэмжлэгч хохирогч хэвээр үлдэж байгаа тул дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулахаар давж заалдах шатны шүүхэд хандаж байна. Мөн эрэн сурвалжлахад төлсөн тэмдэгтийн хураамжийг  хариуцагч хаягандаа амьдарч байгаа шалтгаанаар хангаагүй гэсэн нь шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж олсон үйл баримт нотлогдсон байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн үйл баримтыг үгүйсгэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн суурь зарчмыг зөрчиж байна. Тухайлбал, хариуцагч нь холбогдох утас нь мөн ч өөрийгөө үгүйсгэж худал мэдээлэл өгч асуудлаас зайлсхийж байсан нь мөнгөний баримтад регистрийн дугаараа зориуд буруу бичсэн нь залилах оргон зайлах үндэслэл болох ба энэ оролдлого нь баримтаар нотлогдох тул нэхэмжлэгч шүүхэд хандах хүртэл хугацаа алдаж арга буюу эрэн сурвалжлах арга хэмжээ авахад хүргэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Л.О- нь хариуцагч Ц.Л-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрөөс 3 500 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 3 570 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 28хуу/

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 24 дүгээр байр, 163 тоот 2 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай хөлслөх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч төлбөрт 8 400 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацаандаа тухайн байрыг өөрөө эзэмшиж ашиглаагүй гуравдагч этгээдэд дамжуулсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, тайлбар, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шуурхай зар сонингийн газрын тодорхойлолт, зар, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хэргийн 31, 33-35 дугаар тал/ Харин хариуцагч нь орон сууцнаас н.Энхтуяаг гэрээний хугацаа дуусахаас 5 сарын өмнө гаргасан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгч Л.О- нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1 дэх хэсэгт “Хөлслөгч өөрийн хөлслөн авсан орон сууцыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр бүхэлд нь буюу түүний хэсгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх эрхтэй.” гэж заажээ.

 

            Гэтэл хөлслөгч Л.О- нь өөрийн хөлслөн авсан орон сууцыг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэхдээ хөлслүүлэгч болох Ц.Л-гээс зөвшөөрөл авсан болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй. Уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул түүнийг хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

            Иймээс хариуцагч Ц.Л-г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Түүнчлэн, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Ц.Л-г эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэр гарсан байх боловч хэрэгт Ц.Л-г 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тус хорооны НЗ103/1-64 тоот хаягт бүртгэлтэй, оршин сууж байгааг тодорхойлсон Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 855 дугаар тодорхойлолт авагдсан байх тул Ц.Л-г шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлахад нэхэмжлэгч зардал гаргасанд түүнийг буруутгах боломжгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/01667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 073 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                         А.МӨНХЗУЛ

 

                                      С.ЭНХТӨР