Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар  2021/ДШМ/733

 

 

 

 

 

    2021            8             10                                        2021/ДШМ/733                             

 

 

Т.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хорлоо /томилолтоор/,

шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч У.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/615 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Бөд холбогдох эрүүгийн 2006 00000 2681 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт Тын Б, ...... оны ... дугаар сарын ....-ны өдөр ......................... төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ........................... дүүргийн ....... дүгээр хороо, ....................... гудамж .......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................../;

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1462 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 1 хоног баривчлах ялаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Cirkle K” нэртэй түргэн хоолны газрын урд иргэн Э.Битэй маргалдаж түүнийг толгойгоороо мөргөн, газарт унагаж, түүний биед гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас Э.Би нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нас барсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тугтан овогт Тэгштулгын Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бд 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Бийн урьд цагдан хоригдсон нийт 213 /хоёр зуун арван гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, цагаан өнгийн флашийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Б нь бусдад баримтаар төлсөн төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хийсэн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруутай үйлдэлдээ чин санаанаасаа харамсаж гэмшдэг юм. Түүний хувьд 70 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй, бие муутай, өөрийн гэсэн орон гэргүй, эрхэлдэг ажилгүй, халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй, амьжиргааны нэн доогуур түвшинд амьдардаг тул хохирогч талд учирсан хохирол төлбөрийг барагдуулж чадаагүй юм. Шүүхийн хэлэлцүүлэгт ажил хийж хохирол төлбөрт сайн дураараа төлбөр төлнө гэдгээ илэрхийлж байсан. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэжээ. Т.Бийн эрүүл мэнд болон хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх боломжтой юм. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Т.Бөд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

Мөн Т.Бийн ээж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 100.000 төгрөгийг буяны ажилд зориулж өгснийг шийтгэх тогтоолд дурдаагүй байх тул үүнийг тогтоолд тусгаж өгнө үү.” гэв.  

Прокурор Д.Хорлоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/615 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдал буюу шүүгдэгч Т.Бийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 10 жилийн хорих ялыг 8 жилийн хорих ял болгох хөнгөрүүлэх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Cirkle K” нэртэй түргэн хоолны газрын урд хохирогч Э.Битэй маргалдаж түүнийг толгойгоороо мөргөн, газарт унагаж, түүний биед гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас хохирогч 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч С.Гтын “...Манай найзууд болох Б, Биээ бид гурав 2020 оны 10 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлд уулзаад “Тармаг” гэх нэртэй дэлгүүрээс Б 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи аваад бид гурав 5 давхар байрны орчим хувааж уусан. Тэгээд хойшоо “Cirkle K” гэх нэртэй дэлгүүрийн тийшээ явж байх замд Биээ, Б нар маргалдаад байсан. Тэгсэн чинь хойшоо “Cirkle K” дэлгүүрийн үүдэнд бид гурав зогсож байгаад Б Биээгийн толгой хэсэг рүү мөргөчихсөн. Гэтэл Биээ арагшаа дагзаараа газар унасан. Тэгээд босч ирэхгүй байхаар нь унтаад өглөө гэж бодоод Биээг “Cirkle K” дэлгүүрийн үүдний зам дээр чирээд аваачсан. Тэгээд Б бид хоёр дэлгүүр энэ тэр хайж явсан ба дэлгүүрүүд хаасан байсан. Тэгж явж байгаад Б надаас 04-05 цагийн орчимд салаад явсан. Би “Cirkle K” дэлгүүрийн тэнд иртэл Би алга болчихсон байхаар нь босоод явж дээ гэж бодсон. ...биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй, зовиурлаж бие өвдөж байна гэж хэлээгүй...” /хх 15-17/,

гэрч Д.Рын “...Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагаас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 30 минутын хооронд ахлах ахлагч Н.Отгонбаярын хамтаар Сүлд-115 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. ...Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Cirkle K” гэх дэлгүүрийн... үүдэнд шар өнгийн цамц, цэнхэр өнгийн өмдтэй 40 орчим настай эрэгтэй хүн согтуу унтаж байсан. Тухайн үед тэр хүн нь хурхираад байсан ба бид хэд бодохдоо унтаж байна гэж бодсон. Тэгээд Сүлд-68 чиглэл нь тухайн хүнийг түргэн тусламж дуудаад үзүүлчихсэн эрүүлжүүлэх байранд хүргэх гэсэн боловч эрүүлжүүлэх байр нь дүүрсэн хүн авахгүй гэсэн. Мөн тухайн хүн нь бусадтай харилцах чадваргүй байсан тул ар гэртэй нь холбогдож чадаагүй. ...Тухайн хүнийг машинаас буулгах гэхэд хурхираад унтаад байсан тул би ахлах ахлагч Отгонбаярын хамтаар хоёр талаас нь өргөж хэлтэс рүү оруулсан...” /хх 18/,

гэрч Б.Эын “...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн хүлээн авахын эмчээр ажилласан. 09 цаг 30 минутын үед яаралтай түргэн тусламжаар 40 орчим настай, согтолттой, өвдөлт нь цочирсон байдалтай, нэр хаяг тодорхойгүй эрэгтэй хүн хүргэгдэн ирсэн. ...тархинд цус харвалт үүссэн тохиолдолд хүүхэн хараа өргөсөх, эвэрлэгийн рефлексгүй болох, даралт, пульс зэрэгт өөрчлөлт орно. Тухайн өөрчлөлтөөс өөрөөр мэдэх боломжгүй ба тухайн хүн нь согтуу байсан тул мэдэх боломжгүй. Тархины зургийг тархинд гэмтэл авсан тохиолдолд ахуулах шаардлагатай... /хх 19-20/,

гэрч А.Мын “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагаас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 30 минутын хооронд ахлах ахлагч Г.Дэмчигийн хамтаар Сүлд-68 чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 00:46 цагт Сүлд 10-с Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Cirkle K” дэлгүүрийн үүдэнд согтуу хүн унтаж байна гэсэн дуудлага шилжүүлсэн. Тэнэмэл амьдралтай бололтой 30 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсныг шалган 103 дуудсан. Түргэн тусламж 02 цагийн үед ирсэн ба үзээд эрүүлжүүлэх байранд хүргэж болно гэсэн бичиг хийж өгөөд явсан. Эрүүлжүүлэх байрнууд дүүрсэн тул хүнээ хэлтэс рүү явуул гэсний дагуу тус иргэний жижүүр рүү хүргүүлсэн. Анх очиход согтолтын зэрэг нь их, хурхираад унтаад байсан ба сэрээж гэрийг нь асуух гэсэн боловч сэрэхгүй, асуултад хариулахгүй унтаад байсан. ...тухайн хүний биед гаднаас ил харагдах шарх гэмтэл байгаагүй...” /хх 21/,

гэрч Ө.Бийн “...Үзлэг хийж биеийн байдлыг үнэлэхэд тухайн хүн сэрэхгүй байсан боловч баруун гар, хөлөө хөдөлгөж хариу урвал үзүүлж байсан. Тэнд байсан цагдаа нараас асуухад шөнө 02 цагийн үед авчирсан. Түүнээс хойш унтаад сэрэхгүй байна гэж хэлсэн. ...Компьютер томограф хийлгэхэд толгойн урд талд болон дагз хэсэгт цус хуралт байна гэж үзээд гулькоз 2 ампул, 250 мл манитол залгасан. Тэгээд тухайн хүнийг буцаагаад тээвэрлээд Гэмтэл согогийн судлалын үндэсний төвд хүргэсэн...” /хх 24/,

шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...талийгаачийн дүгнэлт хэсгийн 1-д тусгагдсан гэмтлүүд нь нийлээд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохилтын улмаас тархины дагз хэсгээр савагдаж цохигдсонтой холбоотойгоор дух болон дагз ясанд хугарал гэмтэл хамт үүссэн байх боломжтой. Бусад тархины гэмтлүүд нь дээрх цохилтын улмаас давхар үүсэж байна гэсэн үг юм. Зүүн шуу, зүүн гуя, цээж, баруун эгэм, баруун шууны цус хуралтууд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр 1-3 хоногт үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. ...үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.../хх 63-65/,

шүүгдэгч Т.Бийн “...Би Биийг мөргөн унагааж биед нь хүнд гэмтэл учруулж, Би нь тархины гэмтлээс болоод нас барсан байна. Би амь насыг нь хохироосноо хүлээн зөвшөөрч байна...” /хх 87-90, 232-233/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2261 дугаартай:

1. Талийгаач Э.Биий цогцост духны ясны шугаман, дагзны зүүн талын цооногоос доош гавлын том нүхний зүүн ар хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух, зулай, зүүн дагз, чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа, цусан хураа авах мэс заслын дараахи байдал /2020.10.19/ духны баруун дэлбэн, дагзны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураатай, баруун тал бөмбөлгийн дух зулай, чамархайн дэлбэнгийн төвгөр гадаргуугаар тархмал, дух чамархайн дэлбэнгийн доод гадаргуу, духны дэлбэнгийн доод гадаргуун өмнөд хэсгийн аалзан доорхи цусан харвалт баруун духны дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, духны зулай, зүүн чамархай, дагзны дэлбэнгийн хуйхны дотор гадаргуун тархмал цус хуралт, хоёр талын чамархайн булчингийн цус хуралт, зүүн шуу, зүүн гуя, цээж, баруун эгэм, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.

4. Талийгаач нь АВО системээр В (III) бүлгийн цустай байна.

5. Талийгаач нь ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлж байсан тул цусанд спиртийн зүйл тодорхойлох шаардлагагүй болно.

6. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. /хх 39-45/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 237 дугаартай шинжээчийн:

1. Талийгаачийн биед учирсан духны ясны шугаман дагзны зүүн талын цооногоос доош гавлын том нүхний зүүн ар хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух зулай, зүүн дагз, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн төвгөр гадаргуугаар тархмал дух чамархайн дэлбэнгийн доод гадаргуу духны дэлбэнгийн доод гадаргуун өмнөд хэсгийн аалзан хальсан доорх цусан харвалт, баруун духны дэлбэнгийн тархины эдийн гүн дух цус хуралт, духны зулай, зүүн чамархайн дагзны дэлбэнгийн хуйхны дотор гадаргуун тархмал цус хуралт, хоёр талын чамархайн булчингийн цус хуралт, зүүн шуу, гуя, цээж баруун эгэм, баруун шууны цус хуралт гэмтлүүдээс гавал тархины тухайлбал духны ясны шугаман дагзны зүүн талын цооногоос доош гавлын том нүхний зүүн ар хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух зулай, зүүн дагз чамархайн хатуу хальс доорх цусан хураа, цусан хураа авах мэс заслын дараах байдал /2020.10.19/ духны баруун дэлбэн, дагзны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн төвгөр гадаргуугаар тархмал дух чамархайн дэлбэнгийн доод гадаргуу, духны дэлбэнгийн доод гадаргуун өмнөд хэсгийн аалзан хальсан доорх цусан харвалт, баруун духны дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, духны зулай, зүүн чамархай дагзны дэлбэнгийн хуйхны дотор гадаргуун тархмал цус хуралт гэмтлүүд үхэлд хүргэсэн байна.

2. Талийгаачийн биед учирсан духны ясны шугаман дагзны зүүн талын цооногоос доош гавлын том нүхний зүүн ар хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух зулай, зүүн дагз чамархайн хатуу хальс доорх цусан хураа, цусан хураа авах мэс заслын дараах байдал /2020.10.19/ духны баруун дэлбэн, дагзны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн төвгөр гадаргуугаар тархмал дух чамархайн дэлбэнгийн доод гадаргуу, духны дэлбэнгийн доод гадаргуун өмнөд хэсгийн аалзан хальсан доорх цусан харвалт, баруун духны дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, духны зулай, зүүн чамархай дагзны дэлбэнгийн хуйхны дотор гадаргуун тархмал цус хуралт гэмтлүүд шинэ гэмтлүүд байна.

3. Эмнэлгийн яаралтай тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй байжээ.

4. Гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Үхэлд хүргэсэн гавал ясны гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

6. Талийгаачид эмчилгээг зохих ёсоор хийсэн байна.

7. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2261 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. /хх 216-224/ гэх дүгнэлтүүд,

цогцосны гадна биед үзлэг хийсэн, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх 5-6, 110-128, 117-129/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Т.Бийн биечлэн эдлэх хорих ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлсэн, 70 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн  агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Т.Бийн ээж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 100.000 төгрөгийг буяны ажилд нь зориулж өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу давж заалдах гомдол, эсхүл эсэргүүцэл гаргасан тал гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг тайлбарлах, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар, түүний өмгөөлөгчийн саналыг сонсоно.”, 5 дахь хэсэгт “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно.” гэж тус тус заасан ба давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Д.Хорлоогоос анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал гаргасан боловч ямар үндэслэлээр шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэх талаар санал, дүгнэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/615 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт нийт 81 /наян нэг/ хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ                                           

 

                        ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

 

 

 

 

 

 

2