| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2022/01081/И |
| Дугаар | 130/ШШ2023/00328 |
| Огноо | 2023-04-06 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2023/00328
| 130/ШШ2023/00328 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух А овогт Г.Ды,
Хариуцагч: Б аймгийн А сумын ЭТ (дарга О.С),
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн А сумын ЭТ-өөс үндэслэлгүй хөрөнгөжсөн 5,133,332 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Д-ын өмгөөлөгч Д.М (Улаанбаатар хотоос цахимаар),
Хариуцагч А сумын ЭТийн дарга О.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Күнсулу нар оролцов.
(Нэхэмжлэгч Г.Д-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч Улаанбаатар хотод амьдардаг 80 настай ээж нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн тул яаралтай хот руу явах болсон талаар дурдаж, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй өөрийнхөн эзгүйд өмгөөлөгчийг оролцуулан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэхийг зөвшөөрсөн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Д нь анх шүүхэд хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга болон А сумын ЭТ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалингаас үлдсэн 4,223,632 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Д хариуцагч болон нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодорхойлж, нэхэмжлэлийн мөнгөн дүнг нэмэгдүүлсэн болно.
Тодруулбал, нэхэмжлэгч Г.Д хариуцагч Б аймгийн А сумын ЭТ-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 5,133,332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие А сумын ЭТийн даргаар ажиллаж байхдаа ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7,423,632 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байсан.
1.2.Гэтэл хариуцагч нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрч надтай тохиролцож намайг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр буцаан томилсон. Ийнхүү хүлээн зөвшөөрсөн тайлбарыг Засаг даргын зүгээс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 114 тоот албан бичгээр өгсөн бөгөөд үүний хариуд би нэхэмжлэлээ татан авсан.
1.3.Засаг даргын зүгээс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №114 тоот албан бичигт ажилгүй байсан хугацааны цалинг Э-Төөс гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу Засаг даргын зүгээс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр надад 2,290,310 төгрөгийг “шүүхийн шийдвэрийн дагуу” гэсэн утгатайгаар над руу шилжүүлсэн.
1.4.Засаг даргын зүгээс төсвөөс 7,423,632 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэчихсэн асуудлыг А сумын ЭТ 5,133,332 төгрөгийг дутуу төлснөөр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасныг зөрчсөн явдал юм. Иймд анх нэхэмжилсэн 4,223,632 төгрөгт нэмж 909,690 төгрөг нийтдээ 5,133,322 төгрөгийг нэхэмжилж байна.
2.Хариуцагч Б аймгийн А сумын ЭТийн дарга О.С нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Нэхэмжлэгч Г.Д-ыг А сумын ЭТийн даргаар эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй, мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр Г.Д-ыг ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гараагүй болно.
2.2.Харин нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 7,423,632 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрөө сайн дураар хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө татаж авсан тул тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 130/Ш32019/01583 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлийг татаж авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ захирамж хэрэгт авагдсан болно.
2.3.Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэмцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан байна.
Гэтэл нэхэмжлэгч Г.Д-ыг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй, мөн түүнийг ажилд томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд буюу ажил олгогч нь А сумын засаг дарга байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан гэх үйл баримттай холбоотой цалин хөлсний асуудлыг А сумын ЭТ хариуцан төлөх хууль эрх зүйн зохицуулалт байна.
2.4.Нэхэмжлэгч Г.Д-ын тухайн үед ажил олгогч нь сумын Засаг дарга байсан ба цалин хөлс нэхэмжилж байгаа бол эрх нь зөрчигдсөнөөс хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах учир хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн байна.
2.5.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан нэхэмжлэгч болон А сумын ЭТийн хороонд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул энэхүү хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас үүссэн цалин хөлстэй холбоотой маргаанд Иргэний хуулийг хэрэглэх боломжгүй болно.
2.6.2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Б аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба А сумын ЭТ-д хяналт шалгалт хийж Г.Д-т ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 3293000 төгрөг олгосон зөрчлийг илрүүлж байсан.
2.7.Буга сумын ЭТ нь өөрийн гэсэн даргатай төсвийн шууд захирагчтай тул А сумын Засаг дарга ЭТийн санхүүгийн асуудалд шууд оролцохыг хуулиар хориглосон байгаа.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэсэн байна.
3.Нэхэмжлэгч Г.Д-аас Б аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/80 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамж, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 114 дугаартай албан бичиг, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Г.Д-ын “Нэхэмжлэлээ татан авах тухай” гаргасан хүсэлт, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №130/ШЗ2019/01583 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 130/ТМ2019/00459 дугаартай “Г.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” шүүх хуралдааны тэмдэглэл”, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4/32 дугаартай “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”, Монгол Улсын Сангийн Сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №13-2/4445 дугаартай “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай” актаар зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Б аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай “А.Ж-ыг сумын Засаг даргаас чөлөөлөх тухай” захирамж, Санхүүгийн хяналт аудитын албаны 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №16 дугаартай албан бичиг, А сумын ЭТ-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №300 дугаартай “Төлбөрийн баримт”, А сумын ЭТийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №72 дугаартай “Төлбөрийн хүснэгт №72 зэрэг бичгийн нотлох баримт гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр А сумын ЭТийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №306 дугаартай “Төлбөрийн хүснэгт”-ийг тус сумын ЭТөөс шүүхийн журмаар гаргуулан эрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Г.Д-ын Б аймгийн А сумын ЭТ-д холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 5,133,332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
5.Нэхэмжлэгч Г.Д дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Засаг даргын зүгээс төсвөөс 7,423,632 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэчихсэн асуудлыг А сумын ЭТ 5,133,332 төгрөгийг дутуу төлж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг зөрчсөн байх тул хариуцагч А сумын ЭТ-өөс 5,133,322 төгрөгийг нэхэмжилж байна.
6.Хариуцагч Б аймгийн А сумын ЭТ-ийн дарга О.С нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч Г.Д-ыг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй, мөн нэхэмжлэгч нь цалин хөлс нэхэмжилж байгаа бол эрх нь зөрчигдсөнөөс хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах учир хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн байна. Буга сумын ЭТ нь өөрийн гэсэн даргатай төсвийн шууд захирагчтай тул сумын Засаг дарга ЭТийн санхүүгийн асуудалд шууд оролцохыг хуулиар хориглосон болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
7.1.Нэхэмжлэгч нэхэмжлэгч Г.Д-ыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс А сумын ЭМТ-ийн эрхлэгчээр эгүүлэн томилсон нь Б аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/80 дугаартай захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлт гаргаснаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШЗ2019/01583 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан байна.
7.2.Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 114 тоот “Тайлбар гаргах тухай” албан бичигт:...Иймд Г.Д-ын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр сум дундын иргэний хэргийн шүүхэд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны цалин болох 7,423,632 төгрөгийг сумын Эрүүл мэндийн төсвөөс гаргуулан олгож өгөхийг тус тус зөвшөөрч байна” гэсэн байна.
Гэтэл А сумын Засаг даргаас энэхүү 7,423,632 төгрөгийг А сумын ЭТ-ийн санхүүгийн дансанд шилжүүлсэн, эсхүл А сумын ЭТийн төсөвт нэмж тусгуулсан тухай нотлох баримт байхгүй байна.
А сумын ЭТ нь бие даасан төсөвтэй, үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай төрийн үйлчилгээний байгууллага тул А сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Г.Д-ын ажилгүй байсан хугацааны цалин болох 7,423,632 төгрөгийг тус сумын ЭТийн санхүүгээс олгохыг ЭТийн даргатай харилцан тохиролцсон, зөвшилцсөн нотлох баримт байхгүй байна.
7.3.Нэхэмжлэгчээс Г.Д нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 3,200,000 төгрөгийг хариуцагч Б аймгийн Буянт сумын ЭТ-өөс төлсөн гэсэн боловч хэзээ, ямар байдлаар төлсөн тухай нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
7.4.Хавтаст хэрэгт авагдсан А сумын ЭТийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №306 дугаартай “Төлбөрийн хүснэгт”-ээр шүүхийн шийдвэрийн дагуу гэж 2,290,310 төгрөгийг нэхэмжлэгч Г.Д-т олгосон байна.
Энэхүү “Төлбөрийн хүснэгт”-ийн хяналтын хуудас №306, үндэслэх баримт бичгийн нэр гэдэгт: БӨА дахь сум дундын ИХАШШ-захирамж 2019-02-18 гэж бичигдсэн боловч захирамжийн дугаар бичигдээгүй, дарга Г.Д (нэхэмжлэгч өөрөө), нягтлан бодогч С.Санах нар гарын үсэг зурсан байна.
Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч А сумын ЭТ-өөс өөрт нь төлбөр гаргуулах тухай хэзээ ямар шүүхийн шийдвэр (шүүгчийн захирамж) гарсан тухай нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй болно.
7.5.Хариуцагчаас гаргаж өгсөн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай албан бичигт:...Шалгалтаар ЭТийн эрхлэгч Г.Д-т ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 7423,6 мянган төгрөгийг А сумын Засаг даргын орлогч байсан А.Ж нь хууль эрхийн хүчин төгөлдөр бус баримтаар олгохоор шийдвэрлэсэн ба түүнээс 3,290,3 мянган төгрөгийг олгосон зөрчлийг илрүүлж, СХШ-ын Улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 18-04/10 тоот төлбөрийн актаар нөхөн төлүүлэхээр тогтоосон болно гэсэн байна.
Гэтэл энэхүү Б аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн тогтоосон 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Хууль бус олгосон цалинг нөхөн төлүүлэх тухай” 18-04/10 дугаартай актыг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Сангийн сайд хүчингүй болгосон нь Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №13-2/4445 дугаартай “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай” актаар нотлогдож байна.
7.6.Мөн А сумын ЭТийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №300 дугаартай “Төлбөрийн хүсэлт”-ээр шүүхийн шийдвэрийн дагуу гэж 613492 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтэс шилжүүлсэн ба хяналтын хуудас №2019, үндэслэх баримт бичгийн нэр гэдэгт: ИХАШ-Шүүгчийн захирамж №130, 2019-01-18 гэж дарга Г.Д (нэхэмжлэгч өөрөө), нягтлан бодогч С.Санах нар гарын үсэг зурсан байна.
Мөн Мөн А сумын ЭТийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №72 дугаартай “Төлбөрийн хүсэлт”-ээр Г.Д НД зөрүү гэж 186389 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн ба хяналтын баримтад шүүхийн шийдвэрээр, 2020-05-25 гэж дарга Г.Д (нэхэмжлэгч өөрөө), нягтлан бодогч Х.Хайв нар гарын үсэг зурсан байна.
Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч А сумын ЭТ-өөс өөрт нь нийгмийн даатгалын төлбөр гаргуулах тухай хэзээ ямар шүүхийн шийдвэр (шүүгчийн захирамж) гарсан тухай нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй болно.
8.Б аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай “А.Ж-ыг сумын Засаг даргаас чөлөөлөх тухай” захирамж нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
9.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар А сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Г.Д-ын ажилгүй байсан хугацааны цалин болох 7,423,632 төгрөгийг А сумын ЭТийн санхүүгийн дансанд шилжүүлсэн, эсхүл төсөвт нэмж тусгуулсан тухай нотлох баримт байхгүй ба хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.
10.Иймд хариуцагч А сумын ЭТ нь нэхэмжлэгч Г.Д-т олгох ёстой мөнгөнөөс 5,133,332 төгрөгийг өгөхгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Д-ын улсын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,910 төгрөг (82,528+26,382=109,100)-өөс нэхэмжлэлийн шаардлага 5,133,332 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 97,083 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 11,827 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.Д-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн А сумын ЭТ-өөс үндэслэлгүй хөрөнгөжсөн 5,133,332 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,910 (нэг зуун найман мянга есөн зуун арван) төгрөгөөс 97,083 (ерэн долоон мянга наян гурван) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 11,827 (арван нэгэн мянга найман зуун хорин долоон) төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.Д-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.