| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0184/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/205 |
| Огноо | 2025-10-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц /томилолтоор/,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Х-,
Өсвөр насны шүүгдэгч: Г.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г-ын Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2535000000160 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .............-нд Увс аймгийн ............... суманд төрсөн, ....настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн ............... сумын ерөнхий боловсролын ................... сурагч, ам бүл .......... нарын хамт амьдардаг, Увс аймгийн ............... сумын ........... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Г-ын Н-, (регистрийн дугаар:.............);
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.Н- нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн ............... сумын ..... багийн нутаг дэвсгэрт байрлах “.......” нэртэй дэлгүүрийн зайрмагны шилэн лангуун дээрээс хохирогч Б.Но-ийн эзэмшлийн 3,200,000 төгрөгний үнэ бүхий Iphone 15 promax загварын гар утсыг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Өсвөр насны шүүгдэгч Г.Н- нь нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн ............... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “.......” нэртэй дэлгүүрийн зайрмагны шилэн лангуун дээрээс хохирогч Б.Но-ийн эзэмшлийн 3,200,000 төгрөгний үнэ бүхий Iphone 15 promax загварын гар утас 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
2. Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд өсвөр насны шүүгдэгчид оногдуулах хариуцлагыг зохицуулсан байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанаас өсвөр насны шүүгдэгч их зүйлийг тунгааж, ойлгосон байх гэдэгт итгэж байна. Түүний төрсөн эх хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа учир хүүхэдтэйгээ ярилцаж, ойлгож, ойлгуулах байхаа. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дахиж өөрийн гаргасан үйлдлээ давтахгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэв.
3. Өсвөр насны шүүгдэгч Г.Н- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би гэм буруугаа ойлгож байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.
Эрүүгийн 2535000000160 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал);
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал);
3. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд (хавтаст хэргийн 10-12 дахь тал);
4. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-16 дахь тал);
5. Мөрдөгчийн төрсний гэрчилгээг үндэслэн нас тоолсон тэмдэглэл үзүүлэлт (хавтаст хэргийн 82-83 дахь тал);
6. Хохирогч Б.Но-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал);
7. Гэрч А.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал);
8. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:
1. “Нас тоолсон тухай” мөрдөгчийн тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 82-83 дахь тал);
2. Хохирогч Б.Но-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал);
3. Г.Н- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 84 дэх тал);
4. Иргэний хариуцагч Б.Х-гийн “хохирогч Б.Но-ийн гар утсыг нь бүрэн хүлээлгэн өгсөн, бид нарт гомдол, санал байхгүй гэсэн, мөн бид уучлалт гуйж, эвлэрсэн. Манай хүү гэмт хэрэгт холбогдсоноос хойш дахиж гэрээс гарахгүй, ямар нэг зөрчил дутагдал гаргахгүй, алдаагаа ухамсарлаж гэмшиж байгаа. Манай хүү Г.Н- нь ….онд төрсөн айлын 5 дахь хүүхэд бөгөөд бага насандаа цэцэрлэгээр хүмүүжиж, 2015 онд ............... сумын ……… ангид орж одоо тус сургуулийн ….. сурч байгаа. Г.Н- нь найз нөхдийн дунд зөв хүн гэдгээрээ хүндлэгдсэн, зөв үлгэр дуйрайлалтай, зан байдлын хувьд төлөв даруухан, бусадтай зөв боловсон харилцдаг. хүмүүстэй харилцах харьцаа сайтай, нийтэч, элдэв муу зуршил байдаггүй, ажилсаг, хөдөлмөрч, илүү дутуу зангүй хүн юм. Авъяас, сонирхол, ур чадварын хувьд: Манай хүүхэд сагс, гар бөмбөгийн спортоор их хичээллэдэг хүүхэд юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал);
5. Гэрч Г.Н-гийн “Г.Н- нь зан байдлын хувьд төлөв даруухан, бусадтай зөв боловсон харилцдаг, хүмүүстэй харилцах харьцаа сайтай, нийтэч, элдэв муу зуршил байдаггүй. ажилсаг, хөдөлмөрч, илүү дутуу зангүй хүүхэд бөгөөд өсвөр насан дээрээ яваа учир зан байдлын хувьд тогтоворгүй байж болно. Манай дүү ............... сумын цогцолбор …….. энэ хавар төгссөн ба одоо ….дугаар ангид дэвшин орж суралцна. Суралгын хувьд боломжийн гэж би боддог юм. Манай дүү анги завсардсан өөр сургууль руу шилжсэн зүйл байхгүй нэг сургуульдаа ::::: төгстлөө сурсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал);
6. Г.Н-гийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал);
7. Г.Н-гийн суралцагчийн хувийн хэргийн хуулбар, ............... сумын ::::: багийн Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт (хавтаст хэргийн 67-79 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-, өсвөр насны шүүгдэгч Г.Н- нар нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Г.Н- нь 3,200,000 төгрөгний үнэлгээ бүхий Iphone 15 promax загварын гар утсыг хулгайлсан гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал);
2. Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг болсон гэх газар нь Увс аймгийн ............... сумын 3-р баг ........ хороололд байрлах ....... нэртэй дэлгүүр байв” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал);
3. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд (хавтаст хэргийн 10-12 дахь тал);
4. Хяналтын камерт үзлэг хийсэн: “2025 оны 06 дугаар сарын 17-ны орой 23 цаг 57 минут 37 секунтад дэлгүүр дотор зайрмагны хөргөгчний шилэн лангуун дээр байсан гар утсыг шортныхоо арын хэсэг рүү хийж нууж авч гарч байгаа 52 секундын бичлэгт үзлэг хийж, сидинд хуулбарлан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-16 дахь тал);
5. Хохирогч Б.Но-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 22 цаг 30 минутын үед дэлгүүр лүү орж бараагаа янзлах гээд Iphone 15 ргомах загварын гар утсаа хийх халаасгүй учир зайрмагны хөлдөөгч дээр тавьчихаад жимс янзлаад жимснийхээ савыг дэлгүүрээс гаргаад хаячихаад дэлгүүрийнхээ бүх барааг янзлаад хадам ээжтэй дэлгүүр хаагаад гэрт ороод гэнэт утсаар ярих шаардлага гараад гар утсаа хайж ээжийн утсаар залгахад миний утас дуудаад байхаар нь дэлгүүр лүү орж хартал миний утас байгаагүй. Ээжийн утаснаас өөрийн утас руу залгаад дуудуулж байтал гар утас холбогдохгүй болчихсон. Тэгэхээр нь дэлгүүрийнхээ камерыг шүүж байтал 23 цаг 58 минутад манай дэлгүүрт үйлчлүүлж байсан зүс үл таних эрэгтэй хүүхэд зайрмаг аваад идэж байгаад миний гар утсаа тавьсан зайрмагны хөргөгч дээр байсан гар утсыг хулгайлж байсан бичлэг байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Эргүүлийн цагдаа нар миний гар утсыг хулгайлсан хүүхдийг тоглоомын талбайгаас олж авч ирээд шалгахад миний гар утас тухайн хүүхдээс гарч ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал);
6. Гэрч А.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Дэлгүүрээр үйлчлүүлж байсан үл таних 12-15 насны эрэгтэй хүүхэд зайрмагны хөргөгчин дээр байсан Iphone 15 promax загварын гар утсыг хулгайлж аваад өмдөндөө хавчуулж нуугаад гараад явчихсан байхаар нь бид нар цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал);
8. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 110 дугаартай “Увс аймгийн ............... суманд 2025 оны 06 дугаар сарын байдлаар Iphone 15 promax загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 3,200,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэв.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
2. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.
3. Өсвөр насны шүүгдэгч Г.Н- нь “.......” дэлгүүрийн лангуун дээрээс 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone 15 promax” загварын гар утсыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууцаар хулгайлан авч явсан нь нотлогдсон байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч Г.Н- нь “.......” дэлгүүрийн лангуун дээрээс 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone 15 promax” загварын гар утсыг хохирогч Б.Но-ээс нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
4. Иймд улсын яллагчийн яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул, өсвөр насны шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
5. Өсвөр насны шүүгдэгч Г.Н- болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Х-, өмгөөлөгч Ө.Нарантуяа нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
6. Гэмт хэрэг гарахад өсвөр насны хүүхдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, эцэг, эхийн зүгээс хараа хяналт сул зэрэг нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
1. Өсвөр насны шүүгдэгч Г.Н-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Но-ийн эд хөрөнгөд 3,200,000 төгрөгийн хохирол учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
2. Хохирогч Б.Но- нь мөрдөн байцаалтын шатанд:” миний гар утсыг буцааж бүрэн бүтэн өгсөн надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Г.Н- нь ээж Б.Х-гийн хамт ирж надаас уучлалт гуйсан. Одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн хүсэлт зэрэг баримтуудыг үнэлээд энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Г.Н-гээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв. (хавтаст хэргийн 11-12, 25, 50 дахь тал);
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Өсвөр насны шүүгдэгч Г.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Өсвөр насны шүүгдэгч Г.Н- нь ....... төрсөн, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй буюу .... нас 06 сар 16 хоногтой байсан нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл болон бусад хувийн байдлын талаарх баримтуудаар нотлогдож байх тул Г.Н-г “Өсвөр насны хүн” гэж үзнэ.
3. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Өсвөр насны шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулах” дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд өсвөр насны шүүгдэгчид оногдуулах хариуцлагыг зохицуулсан байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанаас өсвөр насны шүүгдэгч их зүйлийг тунгааж, ойлгосон байх гэдэгт итгэж байна. Түүний төрсөн эх хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа учир хүүхэдтэйгээ ярилцаж, ойлгож, ойлгуулах байхаа.Миний үйлчлүүлэгч Г.Н- нь насанд хүрээгүй өсвөр насны хүүхэд бөгөөд хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Миний үйлчлүүлэгчийн цаашид суралцах нөхцөл байдлыг харгалзан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
4. Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал дүгнэлт гаргаагүй болно.
5. Өсвөр насны шүүгдэгч Г.Н- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би гэм буруугаа ойлгож байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
- Өсвөр насны шүүгдэгч Г.Н- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 84 дэх тал),
- Өсвөр насны шүүгдэгч Г.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Г.Н- нь хувийн байдлын хувьд ... онд төрсөн, ... настай, ам бүл .... нарын хамт амьдардаг, Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч Г.Н-гийн хувийн зан байдлын талаар түүний төрсөн эх Б.Х-, төрсөн ах Г.Н- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг хуульчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заажээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Г.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх зорилгоор, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Н-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авч, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Н-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдюэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйл,, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Г-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Н-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Өсвөр насны шүүгдэгч Г.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Н-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ