2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2432

 

 

 

 

 

 

 

 

 

     2025       10         23                                  2025/ШЦТ/2432

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа, 

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2503 00000 0944 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн удирдлагын менежент мэргэжилтэй, ......... ХХК-д үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг ....... дугаар хороо .......... дугаар байрны ...... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг ...... дугаар хорооны нутаг дэвсгэр Дотоод хэргийн их сургуулийн урд замд Hond Fit маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 5-8 дахь тал/,

2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 21 цаг 57 минутад *******ын согтуурлын зэргийг шалгасан хэмжилт хяналтын төхөөрөмжийн заалт “5.65%” гэсэн баримт /хх-ийн 3 дэх тал/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5204 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 09-10 дахь тал/,

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны  11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаагаар *******ын жолоодох эрх хасагдсан талаарх лавлагаа /хх-ийн 11 дэх тал/,

Тээврийн цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтаны тэмдэглэл /хх-ийн 4-6 дахь тал/,

Эрх бүхий албан тушаалтны “2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ганга 16 чиглэлээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 144 дүгээр постноос хойш 100м хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэх байх хугацаандаа 28-76 СБА Honda fit автомашины жолооч ******* /......./ нь шалгаж драгер багаж үлээлгэхэд 5.65% согтолтой байсныг цайз 120 саатуулж .......... СБА машиныг ТС-1 д журамлаж саатуулав” гэсэн илтгэх хуудас /хх-ийн 7 дахь тал/,

Яллагдагч *******ын “...Тэр өдөр би 19 цагийн орчимд найз Г-ий хамт Дотоод хэргийн их сургуулийн авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн ………. улсын Honda fit маркийн тээврийн хэрэгсэл дотор 0.5 грамм савалгаатай хүний 2 лааз пиво 0,75 грамм савалгаатай хараа нэртэй архи хоёулаа хувааж уугаад манай найз Ган-Эрдэнэ гэр лүүгээ явсан. Яг цагийг нь санахгүй байна Дотоод хэргийн их сургуулийн зогсоолоос манай гэр ойрхон байдаг учраас гайгүй байх гэж бодоод машинаа бариад явсан. Тэгээд харуул алтай хотхоны баруун талын зам дээр миний урдаас ачааны том шалаанз машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би тэр машиныг урдаас нь тулаад зогссон тэгээд нөгөө машины жолоочтой маргалдсан. Тэр жолооч намайг согтуу байгааг мэдээд цагдаа дуудсан … Би тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй. Эрхээ хасуулсан байгаа. … Би 2024 оны 11-р сард Баянзүрх дүүрэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан. Драгер багажаар үлээхэд 5.65% согтолттой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дахь тал/, 

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримтууд

Гэрч А.Ч-ийн “******* нь хувь хүнийхээ хувьд маш их тайван төлөв, нийтэч бусадтай хэрэлдэж маргалдаад байдаггүй, хариуцлагатай хүн хамт олны дунд нэр хүнд сайтай, юманд маш их хариуцлагатай ханддаг, төлөв даруу, энгийн, бусдад өөрийгөө сайн ойлгуулж чаддаг, ажил төрөлдөө сайн, архи дарс ууж идээд байдаг зүйл байхгүй, ар гэрийн хувьд анхаарал халамж сайтай, бид хоёр 2007 оноос найзалж нөхөрлөж байгаа. Д-н ээж нь эмнэлэгийн байгууллагад ажилдаг аав нь саяхан нас барсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дахь тал/,

Гэрч Т.С-ийн “******* нь хувь хүнийхээ хувьд маш их тайван төлөв, нийтэч бусадтай хэрэлдэж маргалдаад байдаггүй, хариуцлагатай хүн хамт олны дунд нэр хүнд сайтай, юманд маш их хариуцлагатай ханддаг, төлөв даруу, энгийн, бусдад өөрийгөө сайн ойлгуулж чаддаг, ажил, төрөлдөө сайн, архи дарс ууж идээд байдаг зүйл байхгүй, ар гэрийн хувьд анхаарал халамж сайтай, бид хоёр найзалж нөхөрлөж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дэх тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 144 дэх тал/, урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 28 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

  Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Дашням нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол хор уршгийг хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцсоныг дурдах нь зүйтэй.

         ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг - дугаар хорооны нутаг дэвсгэр Дотоод хэргийн их сургуулийн урд замд Hond Fit маркийн ......... СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг шалгасан материал, жолоодох эрхийн лавлагаа, *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан, эрх бүхий албан тушаалтнаас драгер багаж үлээлгэхэд 5.65% согтолтой тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт тогтоогджээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан,

Тус зүйлийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг,

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг,

“Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг тус тус ойлгохоор тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсдөг онцлогтой, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамаардаг.  

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ хэсэгт “... Жолоочид ... тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг биелүүлээгүй эс үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Тээврийн прокурорын газраас *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сар хорих ял оногдуулах санал гарсныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

*******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Шүүхээс *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, хохирол, хор уршиг учраагүй гэх шинж чанар зэргийг харгалзан

*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******ын бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Дашнямд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч, хохирол тогтоогдоогүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

   6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ