| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2022/06120/И |
| Дугаар | 102/ШШ2023/01140 |
| Огноо | 2023-03-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2023/01140
| 2023 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2023/01140 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Сургуулийн ... дугаар гудамж, ...тоот, С.Б.М ХХК /РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... тоот, М.Х ХХК /РД: .../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ цуцалж, талбай албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Хариуцагч М.Х ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад:
Нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлага өнөөдрийн ярьж байгаа зүйлүүд бүгд худал. Ерөнхийдөө болсон процесс нь анх 2021 оны 07 дугаар сарын 05-ний өдөр Г.Б ХХК-ийн захирал агсан, М.Д ХХК-ийн ТУЗ-ын дарга Ө.Г-ийн Ө.Т гэдэг төрсөн дүү нь намайг Ж хотхоны хаус барих хүсэлтэй байна гэж хэлсэн. Тэгээд захирал Ө.Г-ийн төрсөн дүү Ө.Т нартай удаа дараа нэлээн уулзаад 07 дугаар сард гэрээгээ байгуулаад манайх ажлыг 08 дугаар сард барилгын ажил эхлэхээр тохирсон. Эдний ярьж байгаа зураггүй барилгын ажил эхэлж болдоггүй гэдэг нь үнэн. Түүн дээр бид барилгын ажил эхлээгүй, одоо тэнд очоод үзвэл хийгээд эхэлсэн 6,7 каркас байгаа. Тэр гэрээнд каркасны ажлыг заасан байгаа. Гэрээний 6.2.4-т А талын үүрэг гэж байгаа. Тухайн үүрэгт эдний тал барилгыг эхлүүлэх, түүнтэй холбоотой гаргах техникийн нөхцөлийг бүрдүүлж өгнө. Бүүр байхгүй байх юм бол түүнийг нэмэлтээр бүрдүүлж авах ийм нөхцөлийг С.Б.М ХХК-ийн хүлээсэн үүрэг юм. Өмнөх шүүх хуралдаан дээр гэрчийг асуусан. Он гараад бид 02 дугаар сараас эхлэн хүн нь орж ирсэн. Би 08 дугаар сард ажлаа эхлээд гаднах шугам сүлжээнийхээ ажлыг өмнөх хаусын ажлыг дуусгаад хамгийн түрүүнд тайлагнасан зүйл нь энэ байгаа. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би Б.Этэй уулзаад эхний ээлжид бид гадна шугам сүлжээний ажлаа хийчихлээ. Одоо үндсэн ажлаа хийе, сууриа ухаад газрыг нь бэлдчихсэн байна. Одоо эхний ээлжид геологи, геодези гээд гэрээ байгуулаад урьдчилгаа төлбөрөө өгчихсөн. Үүнийхээ санхүүжилтийг баталгаажуулъя. Харилцан ярилцаад гарын үсгээ зур гээд бүх санхүүгийнхаа тайланг авчирч эхний ээлжид сарын хугацаанд хийсэн ажил энэ байна үзүүлсэн. Уг уулзалт дээр Б.Э нь танилцаад авч үлдье гээд өмнөх шүүх хуралдаанд санхүүгийн тайланг шүүхэд өгсөн. Түүн дээр уг төсөлд зориулаад 66,000,000 төгрөгөөр арматурыг нь мужааны ажлын суурийг хийгээд өгсөн. Хариуцаж байсан гаальд мөнгийг өгөөд, Улаанбаатар хотоос арматурыг ачууллаа шүү очоод тосоод бүртгээд аваарай гэж хэлсэн. М.Б байж бай, Ө.Т нэг юм яриад байна гэсэн. Тэгээд юу болов гээд би кран 400,000,000 төгрөгөөр явуулж байгаа гэдгээ хэлсэн. Одоо арматурыг нь Жын аманд дээр буулгасан. Наад арматурууд илүү гараад жил өнжөөчихсөн. Арматур ямар үнэтэй байлаа. Эдгээрийг би итгэлтэйгээр бүгдийг хийгээд явж байхад Ө.Т нь тэр үед надаас 5,000,000 төгрөгийн авлига нэхсэн. Би тэр үед чи юу яриад байгаа юм. Танай ахын төсөл дээр бид 100 хувийн санхүүжилтээ хийгээд гэрээний дагуу ажлаа хийгээд явж байгаа талаар хэлсэн. Оны өмнө 11 дүгээр сард барилгын ажил зогсоод он гараад дахин арматур 100 хувиар бүх зүйл, гэрээг нь бэлдээд худалдан авахаар нөгөө талд бэлэн болгосон байсан. Оны өмнө эд нар зураг хийгээд авчихаад өгөхөөр буцаадаг. Хүлээн зөвшөөрөхгүй, ингэж, тэгж хиймээр байна гээд буцаачихдаг. Бидэнд богино хугацаа байна та хэд үүн дээр зургаа баталчхаач гэхээр баталдаггүй. Аргаа бараад Ө.Тт маш богино хугацаанд чи ахтайгаа ярилцаад зургийг батлаад өгчих гэхэд тухайн үед хаусын зураг 100 хувь дууссан. Спорт заал нь болохоор хашааны гадна нэмж газар авах гээд тухайн газар дээр нь байршуулж үзэх гэсээр байгаад зургийн ажлыг он гаргачихсан. Оны дараа бүх зүйл болсон ажлаа эхлүүлье гээд 2022 оны 01 дүгээр сард би эд нартай уулзсан. Тэгээд дахиад хойшлуулаад 02 дугаар сарын 10-нд уулзсан. Б.Э, Ө.Т, н.Д гэдэг 3 хүнтэй уулзсан. Би энэ 3 дээр очихдоо албан бичгээ бариад очоод зургаа батлаад өгөөч гэхэд өөдөөс тэс хөдлөн юм яриад бид гэрээгээ цуцалъя гээд албан бичиг өгчихөөд гараад явсан. Хүн чинь ярилцдаг тийм юм байхгүй. Шууд 1 албан бичиг өгчихөөд энэ 3 гараад явчихаж байгаа юм. Тэгэхээр нь би орой нь Ө.Ттэй нь уулзаад яагаад ингээд байгаа юм гэж асууж байсан. Б.Э гэдэг хүн анхнаасаа л гэрээ байгуулахад дургүй байсан. Ө.Г надтай нэлээн уулзаад, тусалсан гэж боддог. Доор нь байгаа дүү нь ашиг сонирхолтой. Б.Э төслийг хэрэгжүүлэх гээд байна уу? яах гээд байгааг мэдэхгүй байна. Тэгээд Ө.Т нь уулзаад газрыг худалдаж авъя. Ядаж би эхлүүлсэн байгаа, суурь ухсан, шугам сүлжээний хэсгийг барилгын ажлыг эхлүүлье. Энэ хэсгийг батлаад өгчих гэхэд болж байна гээд энэ 3 хамт сууж байхдаа газраа танайх худалдаж авч болно. Жаасаа нэг хаус өгчих гэсэн. Би түүнийг хүмүүстэй яриад хариу хэлье гээд төд удалгүй маргааш нь хариу хэлээд Жаас нэг хавус авчих гэхэд н.Дтэй уулзахад болж байна. Хоёулаа тэгвэл наадахыг чинь аваад ажлыг чинь үргэлжлүүлье гээд би энэ хүнтэй гар бариад салсан. Би яваад ажлаа эхлүүлье гээд дахиад нөгөө арматураа буулгасан байсан газраас ачиж аваад л хөдлөхөд дахиад өөр юм ярьж байгаа юм. Ө.Т яриад М.Б ах үл хөдлөхийн гэрчилгээгүй барьж байгаа барилга болохгүй гэж байна гэхэд буцаагаад л аваачиж тавьсан. Жын хаусын протокол дээр авч явлаа буцаад ирлээ гээд дахиад Гүнжийн аманд 400,000,000 төгрөгийн үл хөдлөхийн газар байна үүнийг авчих, тэгээд би барилгынхаа ажлыг явуулаад дуусгая гэхэд болж байна. Наадахыг чинь авъя гээд Ө.Тийг дагуулж Гүнжийн аманд аваачиж үзүүлээд үл хөдлөхийн гэрчилгээг нь өгөөд явуулж байгаа юм. Тэгсэн дахин ажил эхлэх гээд тийшээ явж байхад Ө.Т яриад дотор засалгүй болохгүй гэж байна. Тэгээд энэ хэдтэй иймэрхүү процесс үргэлжилж явж явж байгаад сүүлд нь арай гэж энэ 3 хүнтэй зөвшилцөөд, уулзаад гэрээгээ шинэчлэе гэхэд гурвуулаа 3 гүйцэтгэх захирлуудтай гэрээ хийх гээд суухад наад гэрээг чинь хийхгүй гээд босоод гараад явчихаж байгаа юм. Бид гэрээний үүргийнхээ дагуу М.Х ХХК-ийн М.Б гэдэг хүнд тайлагнах ёстой гээд гаргачихлаа гэсэн.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд эдний газар дээр миний хийсэн ажлууд болон шилжүүлсэн мөнгө төгрөг бүгд нийлээд 322,029,996 төгрөг болж байгаа юм. Энэ мөнгөө л би эднийхээс буцаан гаргуулж аваад салах хүсэлтэй байна. Үүнд амины орон сууц дээр геодезын газрыг хэмжилт хийлгэхэд 2,500,000 төгрөгөөр улаан шугам тавиулсан. Улаан шугам тавьсан газар дээр 5,582,500 төгрөгийн газрын өрөмдлөг хийгээд барилгын даацыг тодорхойлох буюу геологийн судалгаа, дүгнэлт хийсэн, мөн иж бүрэн ажлын зураг төсөл, төсвийн төлбөрт 134,595,439 төгрөг, төслийн гадна цэвэр, бохир усны шугамын ажлын төлбөрт 178,152,057 төгрөг, бусад зардалд 1,200,000 төгрөг, нийт 322,029,996 төгрөг болсон гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000017555 тоот газрын гэрчилгээ, кадастрын зураг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1 тоот N.V хотхоны төсөл дээр амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээ, гэрээ цуцлах тухай мэдэгдлүүдийг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргаж өгсөн.
4. Хариуцагч хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн хамт зардлын тооцоо, фото зургуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.
Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б.М ХХК нь хариуцагч М.Х ХХК-д холбогдуулан гэрээ цуцалж, газар албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь гэрээнээс учирсан хохиролд 322,029,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
2. Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
3. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:
3.1. Нэхэмжлэгч С.Б.М ХХК нь хариуцагч М.Х ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1 тоот N.V хотхоны төсөл дээр амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах ... талбай, мөн 2-2 тоот хаягт байрлах 4,282 м/к талбай, 2-3 тоот хаягт байрлах 3,974 м/к талбай, 3-1 тоот хаягт байрлах 8,083 м/к талбай, 3-2 тоот хаягт байрлах 4,928 м/к талбай бүхий газар дээр хариуцагч нь төслийн 1 дүгээр үе шатанд зүүн хойд талын дутуу баригдсан 3 блокоос 2-5 метрийн зайд цахилгаан, цэвэр ус, бохир усны холболтыг холбон нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, мөн хариуцагч нь спорт заал, тоног төхөөрөмжийн хамт 570 м/к талбайтай 350,000,000 төгрөгөөр барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, мөн 350 м/к талбай бүхий амины орон сууцны суурь болон нэг давхарын цутгалтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх, хариуцагч нь төслийн 2 дугаар үе шатанд 350 м/к талбай бүхий амины орон сууцыг 1,000,000,000 төгрөгөөр барьж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх, 145 м/к талбай бүхий амины орон сууцыг 300,000,000 төгрөгөөр барьж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээсэн ба гэрээний хугацаа 2 жил гэж тохиролцсоноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
3.2. Зохигчид гэрээ байгуулсан талаар маргаагүй болно.
3.3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн С.Б.М ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ цуцлах тухай, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Хамтын ажиллагааг дуусгавар болгох тухай, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Мэдэгдэл хүргэх тухай албан бичгүүдээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч М.Х ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1 тоот N.V хотхоны төсөл дээр амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр цуцалсан байна. Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бгийн гаргасан ... тэгээд манайх бүх машин техник, хэрэгслүүдээс авчаад явсан гэх тайлбараас үзвэл Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, 2-1, 2-2, 2-3, 3-1, 3-2 тоот хаягт байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн газар хариуцагчийн эзэмшилд одоогийн байдлаар байхгүй болох нь тогтоогдож байна.
3.4. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч С.Б.М ХХК-ийн хариуцагч М.Х ХХК-д холбогдуулан гаргасан гэрээ цуцлах, газар албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:
4.1. Зохигчдын хооронд байгуулагдсан 1 тоот N.V хотхоны төсөл дээр амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээнээс учирсан хохирлоо хариуцагч М.Х ХХК нь Иргэнийн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар нэхэмжлэх эрхтэй. Учир нь хариуцагч нь гэрээний хугацаанд маргаан бүхий газарт газар шорооны ажил, цэвэр бохир усны хоолой суулгах ажлыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд тухайн ажлын үр шим нь нэхэмжлэгчид үлдэж байгаа болно. Хариуцагч нь амины орон сууц дээр геодезын газрыг хэмжилт хийлгэхэд 2,500,000 төгрөгөөр улаан шугам тавиулсан, улаан шугам тавьсан газар дээр 5,582,500 төгрөгийн газрын өрөмдлөг хийгээд барилгын даацыг тодорхойлох буюу геологийн судалгаа, дүгнэлт хийлгэсэн, мөн иж бүрэн ажлын зураг төсөл, төсвийн төлбөрт 134,595,439 төгрөг, төслийн гадна цэвэр, бохир усны шугамын ажлын төлбөрт 178,152,057 төгрөг, бусад зардалд 1,200,000 төгрөг, нийт 322,029,996 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс шугамын ажлын 178,152,057 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа, мөн зураг төсөл, төсвийн 134,595,439 төгрөгөөс 60,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан тул 110,000,000 төгрөгийг хариуцагчид учирсан хохирол гэж үзэх боломжгүй. Мөн бусад зардлын 1,200,000 төгрөгт ямар зардал багтаж байгаа нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 111,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 210,029,996 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,768,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,208,100 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б.М ХХК-ийн хариуцагч М.Х ХХК-д холбогдуулан гаргасан гэрээ цуцлах, газар албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 343.1-д зааснаар нэхэмжлэгч Силвер буллион менежмент ХХК-иас 210,029,996 төгрөгийг гаргуулж хариуцагч М.Х ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 111,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,768,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,208,100 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР