| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0183/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/207 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц /томилолтоор/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Б,
Шүүгдэгч: Б.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б-ын Ж-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2535001100170 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............-нд Увс аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 9.......... нарын хамт амьдардаг, Увс аймгийн ...... сумын ............ оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт Б-ын Ж-, (регистрийн дугаар:...............);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж- нь 2025 оны 06 дугаар сарын 03-04-нд Увс аймгийн ...... сумын ....... тоотод байрлах хашаанд хохирогч З.Д-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ж- нь 2025 оны 06 дугаар сарын 03-04-ны шилжих шөнө Увс аймгийн ...... сумын ......... хашаанд хохирогч З.Д-г үл ялиг зүйлээр шалтаглан түүнийг зодож газар унагаана, өшиглөж, баруун цээжний доод хэсэгт архины шилний хагархайгаар хатгаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлгээ өгсөн байдаг. Хохирогчийн зүгээс хохирлоо өгчих, өөр гомдол санал байхгүй гэдэг, шүүгдэгчийн хувьд цалин буухаар өгнө гэж хэлсэн. Хувийн байдлын хувьд ээж нь элэгний хагалгаанд орсон боловч өвчин сэдэрч, дахиад хот руу эмчилгээнд явсан. Тэгэхэд нь Б.Ж- авсан цалингаа ээждээ өгсөн. Гэр бүлийн хувьд эцэг, эх, ах дүү нарын хамт наймуулаа амьдардаг. Шүүгдэгч энд, тэнд ажил хийж амьдралаа залгуулдаг нөхцөл байдалтай байна. Ээжийнх мэдүүлснээр шүүгдэгчийг тодорхой орлоготой байдаг гэсэн иймд ч эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлнө гэдгээ илэрхийлдэг. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
3. Шүүгдэгч Б.Ж- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай ээж ноднин жил элгээ 20 хувь тариулж хагалгаанд орсон. Дахиад өвчин нь сэтрээд дахиад хагалгаанд орох гэж байна. Цалин хөлсөө ээждээ өгсөн. Одоо хувь хүнд ажиллаж байгаа юм. Энэ хүндээ ийм зүйл болсон гэж хэлтэл байж бай цалин хөлсийг өгнөө гэчээд өгөхгүй байгаад байна. Намайг уучлаарай” гэв.
Эрүүгийн 2535001100170 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-8 дахь тал);
3. Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 17-20 дахь тал);
4. Хохирогч З.Д- “Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл”, лавлагаа (хавтаст хэргийн 22-25 дахь тал);
5. Мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хавтаст хэргийн 26 дахь тал);
6. Хохирогч З.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-31 дэх тал);
7. Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал);
8. Гэрч Р.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал);
9. Гэрч Б.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал);
10. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 187 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал);
11. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 193 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал);
12. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 60-63 дахь тал);
13. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал);
14. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 75-76 дахь тал);
15. Б.Ж-ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 89-91 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:
2. Хохирогч З.Д-гийн “Миний нуруу эдгэрчихсэн, Б.Ж- уучлалт гуйсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хохирол учраагүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал);
3. Гэрч М.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай хүү Б.Ж- нь ...онд Увс аймгийн .... суманд төрсөн ба айлын 2 дахь хүүхэд бөгөөд дээрээ .... дүүтэй юм. Би энэ жил элгэний хагалгаанд ороод группд орсон гэртээ байгаа. Манай хүүхэд Ж- нь бага насандаа аав ээжийн гар дээр хүмүүжиж 1-р ангид 2010 онд ...... сумын .... сургуульд орж, 5-р анги хүртэл сураад тэрнээс хойш завсардаад албан бусаар 12-р анги төгсөөд ...... коллежид 2022 онд элсэн орж Тракторын ангид сураад .... оны өвөл төгссөн юм. Манай хүү Ж- бага байхдаа нүдрүүгээ төмөр хатуулж зүүн нүд нь гэмтээд хараагүй болсон ба одоо группд байгаа. Б.Ж- нь зан байдлын хувьд төлөв даруухан, ажилсаг, хөдөлмөрч, илүү дутуу зангүй, хүний хэлсэн үгнээс зөрөөд байдаггүй юм. Тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ зан ааш нь өөрчлөгдөөд байдаг хүн юм. орлогын хувьд Б.Ж- сард 395.000 төгрөгний групп авдаг. Авъяас, сонирхол, ур чадварын хувьд: Манай хүү Б.Ж- нь юм юманд оролдлоготой тракторын ангид сурсан тул трактор сайн барьж засдаг юм. Бие эрүүл мэндийн хувьд зүүн нүд нь бага байхад нь гэмтсэн ба нэг нүд хараагүй энэ жилээс зүрх нь өвдөөд эмчилгээ хийлгэж байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал);
4. Хохирогч З.Д-гийн “Гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хохирол учраагүй иймд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, шинжээчид үзүүлэхгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 120 дахь тал);
5. Б.Ж-ы мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ж- нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Б.Ж- нь 2025 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Увс аймгийн ...... сумын ...... тоотод байрлах хашаанд хохирогч З.Д-тэй маргалдаж, түүнийг газар унагаж өшиглөн, баруун цээжний доод ар хэсэгт нь архины шилний хагархайгаар хатгаж, гэмтээсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-8 дахь тал);
-Хохирогч З.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 06 дугар сарын 04-ний шөнө 00 цагийн үед өөрийн найз охиныг ...... сумны .... байрлах гэрт нь хүргэж өгөөд буцаж явахдаа өөрийн найз Р.О- луу залгаж ирээд авчих гэж хэлсэн. Автомашин дотор орж суухад найз Р.О-, Б.Ц-, мөн Ц-гийн найз гэх танихгүй залуу нар сууж байсан. Р.О- зам товчлохоор гэр хорооллын зам руу орж яваж байхад автомашин руу чулуу шидэх чимээ гарч, автомашинаа зогсоож би бууж хажуу талын хашаа руу ороход хэсэг эрэгтэй хүүхдүүд байсан. Тэд нараас арай биерхүү залуу нь над руу ирэхээр нь би гарыг нь мушгиж өчсөн. Тухайн залуу гар тавь гэж орилоод байхаар нь түүний гарыг нь тавихад намайг газар унагааж, хөл хэсэгт нэг удаа өшиглөсөн. Энэ үед найз Р.О- хашаанд орж ирж, тухайн залууг надаас салгаж холдуулсан. Уг залуу хутга авчирч бүгдийг нь ална гэж орилоход найз Р.О-ын хамт хашаанаас гарч зугатааж, машинд суугаад явсан. Автомашин дотор суусны дараа миний нуруу өвдөхөөр нь найз Р.О-, Б.Ц- нарт нуруугаа харуулахад зүсчихсэн
байна гэж хэлсэн. Найз Р.О- нь надтай маргалдсан залууг сохор Ж /Б.Ж-/ гэдэг зүс мэдэх залуу гэж хэлсэн.Миний биед хутгаар биш архины шилний хагархайгаар хатгаж гэмтэл учруулсан. Миний биед Б.Ж- гэх залуу гэмтэл учруулсан ба намайг газраас босоод гүйж хашаанаас гарах хооронд архины шилний хагархайгаар ар нуруу хэсэгт хатгасан гэж өөрөө хэлсэн. Би тухайн үедээ өвдөлт мэдрээгүй, харин автомашин дотор суугаад явж байгаад өвдөж мэдэгдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-31 дэх тал);
-Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “нийт эрүүл мэндийн даатгалын сангаас 295,924 төгрөгийн зардал гаргуулсан байна. Энэ төлбөрийг хохирогч З.Д- болон бусад хүн төлөөгүй. Иймээс энэ зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлж, төрийг хохиролгүй болгохоор нэхэмжлэл гаргасан. Уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь ........тоот дансанд тушаах ёстой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал);
- Гэрч Р.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... сумын 9 дүгээр багт гэр хорооллын гудамжаар явж байхад автомашин руу чулуу шидэх чимээ гарсан. Би автомашинаа зогсоож буухад зэргэлдээ хашаан дотор 15-17 насны олон эрэгтэй хүүхдүүд байсан. Тухайн хүүхдүүдэд хандаж яаж байгаа юм гэж асуухад тухайн хүүхдүүд манай хорооллоор явдаг хэн бэ гэж хэлж байсан. Би автомашинд гэмтэл учирсан эсэхийг шалгаж байхад найз З.Д- тухайн хашаа руу яваад орчихсон. Би араас нь ороход урд зүс харж байсан сохор Ж /Б.Ж-/ хочтой залуу найз З.Д-г газар унагаад дээрээс нь дараад авчихсан цохиж байсан. Би тухайн залууг найз З.Д-гөес салгаж татаж авахад уг залуу надтай барьцалдаж байгаад миний өмсөж байсан улбар шар пудболкыг урсан ба хутга аваад ир гээд орилоод байсан. Би Б.Ж-аас салгаад найз З.Д-г татаж босгоод автомашин руугаа гүйж суугаад явсан. Хэсэг явсны дараа найз З.Д- миний нуруунаас цус гарч байна, Б.Ж- хутгалчихсан юм шиг байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал);
-Гэрч Б.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “З.Д- нь нуруу өвдөөд байна гэж хэлээд түүний нурууг харахад пудболк нуруу нь зүсэгдэж цус гарч байсан. Б.Ж- нь архины шилний хагархайгаар хатгаж гэмтэл учруулсан гэж хэлээд уучлалт гуйсан, хоорондоо эвлэрээд салсан” мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал);
- Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 193 дугаартай: “З.Д-ий биед цээжний баруун ар доод хэсэгт 2 ширхэг зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг болон хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Цээжний баруун ар доод хэсэгт 2 ширхэг зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал);
- Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “PLAN В” гэсэн бичиглэл бүхий цайвар ягаан өнгийн фудволкны ар хэсэгт захны оёдлоос доош 32 см зайд 6 см хэмжээтэй, захны оёдлоос доош 33 см зайд 5,6 см хэмжээтэй зүсэгдэж үүссэн цооролтууд байх ба уг цооролтуудын утас суналтгүй жигд тайрагдсан байх тул хурц иртэй зүйлээр үүсгэгдсэн байна, “EASIERNCOIIACI” гэсэн бичиглэл бүхий шар өнгийн ханцуйгүй 4 халаастай, цахилгаантай майкны ар хэсэгт баруун суганы оёдлоос 23,5 см зайд 5,5 см хэмжээтэй, баруун суганы оёдлоос 18,5 см зайд 4,4 см хэмжээтэй, баруун суганы оёдлоос 16,5 см зайд 3,5 см хэмжээтэй, баруун суганы оёдлоос 17см зайд 2,6 см хэмжээтэй зүсэгдэж үүссэн цооролтууд байх ба уг цооролтуудын утас суналтгүй жигд тайрагдсан байх тул хурц иртэй зүйлээр үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад байх гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтлүүд байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60-61 дэх тал) зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Ж- нь хохирогч З.Д-гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед цээжний баруун ар доод хэсэгт 2 ширхэг зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б.Ж- нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Ж- хохирогч З.Д-г өшиглөж, цээжний баруун доод хэсэгт архины шилний хагархайгаар зүссэн үйлдлүүд нь хохирогчийн биед учирсан “Цээжний баруун ар доод хэсэгт 2 ширхэг зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Ж-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал, шүүгдэгч, хохирогч нарын ёс суртахуун, бусадтай харилцах харилцааны доголдол нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.
3. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 187 дугаартай: “Б.Ж-ы биед баруун хөмсөгний дээд хэсэг, зүүн хацрын төвгөр, хүзүүний баруун хэсэг, зүүн шууны урд хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Баруун хөмсөгний дээд хэсэг, зүүн хацрын төвгөр, хүзүүний баруун хэсэг, зүүн шууны урд хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэх дүгнэлт (Хавтаст хэргин 47-48 дахь тал)-ээр хохирогч З.Д-гийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож байна.
Гэмт хэргийн хор уршгийн тухай
1. Шүүгдэгч Б.Ж-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
2. Хохирогч З.Д- мөрдөн байцаалтын шатанд “Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор, уршиг, хохирлыг нэхэмжлэхгүй. Миний хохиролд 500,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, хүсэлт хэрэгт авагдсан бөгөөд хэрэгт хохирол нэхэмжлэх талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч З.Д- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
-Мөн шүүгдэгчээс 295,924 (хоёр зуун ерөн таван мянга есөн зуун хорин дөрөв) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Увс аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэв.
3. Шүүгдэгч Б.Ж- нь шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохиролыг төлж барагдуулах хүсэлт гаргаж, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулсан боловч, шүүх хуралдаан завсарласан хугацаанд хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүйг дурдах нь зүйтэй
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Б.Ж- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлгээ өгсөн байдаг. Хувийн байдлын хувьд ээж нь элэгний хагалгаанд орсон боловч өвчин сэдэрч, дахиад хот руу эмчилгээнд явсан. Тэгэхэд нь Б.Ж- авсан цалингаа ээждээ өгсөн. Гэр бүлийн хувьд эцэг, эх, ах дүү нарын хамт наймуулаа амьдардаг. Шүүгдэгч энд, тэнд ажил хийж амьдралаа залгуулдаг нөхцөл байдалтай байна. Ээжийнх мэдүүлснээр шүүгдэгчийг тодорхой орлоготой байдаг гэсэн иймд ч эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлнө гэдгээ илэрхийлдэг. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
4. Шүүгдэгч Б.Ж- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргаагүй болно.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
-Шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
-Шүүгдэгч Б.Ж- нь ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл .... нарын хамт амьдардаг, Увс аймгийн ...... сумын ..... тоотод оршин суух хаягтай, урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг хувийн байдлууд хавтаст хэргийн 95-100 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
-Шүүгдэгч Б.Ж-ы хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 42-43 дэх талд авагдсан гэрч болон түүний түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
- Шүүгдэгч Б.Ж- нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж шийтгүүлж байсан бөгөөд уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж-д урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх үндэслэлээр хүндрүүлэн үзэх үндэслэлгүй, харин дээрх нөхцөл байдлыг шүүгдэгчийн хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 100, 103-108 дахь тал);
6. Иймд шүүгдэгч Б.Ж-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч нь 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилийн хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 450 (дөрвөн зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Шүүгдэгчээс 295,924 (хоёр зуун ерөн таван мянга есөн зуун хорин дөрөв) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Увс аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгож, хохирогч З.Д- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилийн хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ