Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/01174

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 07

101/ШШ2023/01174

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х б ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: А.Б-д холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай банк зээлдэгч Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нартай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт нийт 100,000,000.00 төгрөгийг 36 сарын хугацаатай, 1 жилийн 18.6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Талууд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч А.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн  дугаар гудамж,  тоот хаягт байрлах  улсын бүртгэлийн дугаартай 154 м.кв талбайтай хувийн сууц, мөн дээрх хаягт байрлах  улсын бүртгэлийн дугаартай 509 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалахаар гэрээ байгуулж, улсын бүртгэлд тус тус бүртгүүлсэн.

 

Өөрөөр хэлбэл, А.Б нь барьцааны гэрээнд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан барьцаалуулагч тул энэ хэрэгт хариуцагчаар татаж оролцуулж байгаа болно. Учир нь, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн  тоот шийдвэрээр А.Б-нийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосон бөгөөд Х б ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлдэгч Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нараас зээлийн гэрээний үүрэгт 88,258,983.00 төгрөгийг гаргуулах шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсө ба улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхээс дугаар  захирамжаар талуудын эдлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Гэтэл төлбөр төлөгч нар зээлийг төлөхгүй байгаа, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тэдний хөрөнгийг олж тогтоохоор холбогдох ажиллагааг явуулсан боловч ямар нэгэн хөрөнгө гарч ирээгүй, өнөөдрийн байдлаар 88,258,983.00 төгрөг төлөгдөөгүй байна.

 

Хариуцагч А.Б нь хэдийгээр тухайн зээлийг аваагүй боловч хуульд зааснаар тэрээр Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгөө барьцаалуулж болно. Шүүгч өнөөдрийн шүүх хуралдаан болон өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь чухам юу хариуцагчаас чухам юу шаардаж байгаа талаар хэд хэдэн удаа тайлбарласан бөгөөд хариуцагчийн төрсөн охин нь Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нарын ажиллагаанаас ашиг хүртэх байсан гэж тайлбарлаж байгааг бид нар мэдэхгүй.

 

Төлбөр төлөгч Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нар манай банкнаас авсан зээлийг буцааж төлөхгүй байгаа учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас өөр сонголтгүй болоод байна. Бид, зээлийн төлбөрийг шаардахдаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байсан хэдий ч хариуцагчийн өмч хөрөнгийг тэр үед дуудлага худалдаанд оруулахыг хүсээгүй. Гэвч төлбөр төлөгч нар өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөрийг төлөхгүй байх тул аргагүй байдлын улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн.

 

Иймд, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэг мөн 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус энэ талаар тодорхой заасныг үндэслэн үүрэг гүйцэтгэгч нар төлбөрийг төлөхгүй байгаа тул хариуцагч А.Бн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би, Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа гэж хоёр хүнийг танихгүй, миний бие тэр хоёртой ямар нэгэн гэрээ, хэлэлцээр байгуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Түүнчлэн миний бие Х б ХХК-иас ямар нэгэн зээл аваагүй, ийм байхад зээл аваагүй хүний хөрөнгийг худалдах гэж шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Би, охиныгоо байхад нэг удаа гарын үсэг зурсан. Гэхдээ Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа гэж хоёр хүнд барьцаалуулаагүй, яагаад өөрийнхөө хөрөнгийг танихгүй хүнд өгөөд хохирч үлдэх ёстой юм бэ гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс асууж байна?

 

Миний хөрөнгөөр танихгүй хүмүүс тоглож байгааг нь ойлгохгүй байна. Яг ийм юм болно гэж үнэхээр санасангүй. Охин маань надад хэлэхдээ Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нар 100,000,000.00 төгрөг, харин миний охин 70,000,000.00 төгрөгийг авсан боловч төлж барагдуулсан гэсэн. Одоо 88,258,983.00 төгрөгийг миний бие төлөх үүрэг хүлээгээгүй, тэр төлөх ёстой хүмүүс нь удахгүй төлнө гэж байсан. Би, өмгөөлөгч авах гээд н.Анхбаяр гэж залуутай ярихад маргааш очиж чадахгүй, үдээс хойш очно, бичиг баримтуудын зургийг дараад авчих гэж хэлсэн. Надад нэхэмжлэгчээс мөнгө авсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

Нэхэмжлэгчийн өгсөн баримт,

 

1.      Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн тодорхойлолт,

2.      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,

3.      Улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөг төлсөн баримт,

4.      Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

5.      Зээлийн гэрээ,

6.     Х б ХХк-ийн олголтоос өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

7.      Барьцааны гэрээ,

8.      Барьцаа хөрөнгийн жагсаалт,

9.      Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

10.          Шүүхийн гүйцэтгэх хуудас,

11.          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн  тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж,

12.          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн  тоот захирамж,

13.          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4-171/2983 дугаартай албан бичиг.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад         

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х б ХХК-иас хариуцагч А.Бд холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн  тоот захирамжаар Х б ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 88,258,983.00 төгрөг гаргуулах тухай хэргийг талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосон байна /х.х-ийн 20 хуудас/.

 

Тодруулбал, зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Х б ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 100,000,000.00 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлсэн боловч зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар талууд эвлэрсэн байна /х.х-ийн 8-10 хуудас/.

 

2.            Ингээд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот захирамжаар дээр дурдсан  тоот захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 454 тоот дугаартай гүйцэтгэх хуудсыг олгосны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нараас 88,258,983.00 төгрөгийг гаргуулж зээлдүүлэгч Х б ХХК-нд олгох тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа ажээ /х.х-ийн 18, 19 хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.

 

Иймд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ тоот захирамжаар нэгэнт зээлдэгч Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нараас 88,258,983.00 төгрөгийг гаргуулж зээлдүүлэгч Х б ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байх тул зохигчид энэхүү үйл баримтын талаар маргах эрхгүй.

 

3.            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х б ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч А.Бтэй барьцааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгой дугаар гудамж,  тоот хаягт байрлах 509 м.кв талбайтай газар, түүн дээр баригдсан 154 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалсан байна /х.х-ийн 11-17 хуудас/.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хариуцагч А.Б нь зээлдэгч Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах буюу хожим зээлдэгч тэд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан байна.

 

4.            Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 156.2Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус зааснаар тухайн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ нь хүчин төгөлдөр бус байдаг.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлыар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигч нар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Мөн тус барьцааны гэрээнд барьцаалагч болон барьцаалуулагч, зээлдэгч нарын нэр, зээлийн гэрээний огноо, дугаар зэргээс гадна гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.4, 1.3-т тус тус барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ, гэрээний хавсралтад барьцаа хөрөнгийн оршин байгаа газар, үнэлгээ зэргийг тус тус тодорхой бичсэн нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7, 11 дүгээр зүйлд нийцсэн байна.

 

Хариуцагч А.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Х б ХХК-иас зээл аваагүй учир миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалах ёсгүй, миний бие төрсөн охиныхоо зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалуулах хүсэлтэй байсан тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж, түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасан.

 

Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нар өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг Х б ХХК-нд барьцаалуулах, аль эсхүл тухайн зээлийг аваагүй буюу тус банктай зээлийн гэрээ, хэлэлцээр байгуулаагүй гуравдагч этгээд өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг барьцаалуулж болно. Тиймээс хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Х б ХХК-иас зээл аваагүй боловч Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм.

 

Мөн зохигч нарын байгуулсан барьцааны гэрээнд зээл авч буй зээлдэгчийн нэрийг тодорхой бичсэн байгаагаас үзэхэд хариуцагч А.Б нь үүнийг мэдэх боломжгүй байсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байх тул хариуцагчийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус гэсэн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэв.

 

5.            Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, 41.2Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн албан бичигт дурдсанаар төлбөр төлөгч Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нар 88,858,228.00 төгрөгийг төлөөгүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байгааг үндэслэн үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч Х б ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Х б ХХК нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж гэж тус тус зааснаар хариуцагч А.Бэс түүний барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдахыг шаардах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж зааснаар барьцааны гэрээ нь зээлийн гэрээтэй салшгүй холбоотой буюу зээлийн гэрээний шаардлага нь оршин байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах эрх хэвээр хадгалагдах бөгөөд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон бол барьцааны эрх мөн адил дуусгавар болдог журамтай.

 

Энэ талаар Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д Дараахь тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно гээд 160.1.1-д барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж тус тус заасан. Иймд, нэгэнт төлбөр төлөгч Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нар 88,858,228.00 төгрөгийг төлбөр авагч Х б ХХК-нд төлөөгүй байгаа буюу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байх тул барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулах шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 

1.            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Х б ХХК-ийн гаргасан хариуцагч А.Бд холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 50 дугаар гудамж, 300 тоот хаягт байрлах 509 м.кв талбайтай газар, түүн дээр баригдсан 154 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгасугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР