Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2023/00578

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 24

101/ШШ2023/00578

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.З-н гаргасан,

 

Хариуцагч: А.Т-д холбогдох,

 

2,300,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цахим орчноос "Буянт өргөө сийлбэртэй гэр пейж хуудсаар дамжуулан Монгол гэр үйлдвэрлэдэг гэх А.Ттай утсаар холбогдож үйлдвэрийн байр гэх газарт нь очиж түүнтэй уулзсан. Ингээд хариуцагч А.Т нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1 ширхэг иж бүрэн Монгол гэрийг шалны хамт 2,500,000.00 төгрөгөөр тооцож нийт 4 ширхэг гэрийг 10,000,000.00 төгрөгөөр хийж, надад хүлээлгэн өгөх, миний бие урьдчилгаа төлбөрт бетон зуурмаг өгөхөөр тус тус тохиролцсон.

 

Дээрх тохиролцооны дагуу миний бие 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Монгол гэр хийх ажлын урьдчилгаа төлбөрт өөрийн хамтран ажилладаг Голден Инвестмент ХХК-ийн нэр дээр бетон зуурмагийн захиалгыг "Зөв зуурмаг ХХК-нд өгч үйлдвэрээс нь шууд хариуцагчид 8м3 бетон зуурмагийг хүлээлгэн өгсөн. Түүнчлэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мөн хариуцагчид 6м3 бетон зуурмагийг өгсөн.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч А.Т нь 2,300,000.00 төгрөгийн үнэтэй 14 м3 бетон зуурмагийг хүлээн авсан ба миний бие 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Зөв зуурмаг ХХК-нд 2,300,000.00 төгрөгийг төлж барагдуулсан.

 

Гэтэл тус бетон зуурмагийг Монгол гэр захиалгын урьдчилгаанд тооцож хүлээлгэн өгсөн буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш удаа дараа хариуцагч А.Тт Монгол гэрээ хийгээд өг гэхэд тэрээр хөдөө байна, боломж бололцоо муу байна гэж явсаар сүүлдээ бид хоёр тохиролцон гэрээгээ цуцалсан. Иймд, хариуцагч А.Таас 2,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.     Улсын тэмдэгтийн хураамжид 51,750.00 төгрөг төлсөн баримт,

2.     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,

3.     Кассын орлогын ордер,

4.     Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт,

5.     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 5229 тоот захирамж,

6.     Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 937 тоот шийдвэр.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Заас хариуцагч А.Тт холбогдуулан 2,300,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1.            Энэхүү хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13:30 цагт товлож, хурлын товыг зохигчдод мэдэгдсэн хэдий ч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

Тодруулбал, хариуцагчид шүүх хуралдааны товыг хүргүүлснийг хариуцагч нь хүлээн авсан, түүнчлэн шүүгчийн туслахын хариуцагчтай утсаар ярьсан тэмдэглэлээс үзвэл хөдөө байгаа тул очих боломжгүй гэсэн хариу өгчээ. Нэгэнт хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийв.

 

2.            Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Г.З нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч А.Таас 4 ширхэг Монгол гэрийг 10,000,000.00 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ. Ингээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар тухайн 4 ширхэг Монгол гэрийг хариуцагч нь бэлтгэн нийлүүлэх үүргийг хүлээсэн ба нэхэмжлэгч нь түүнд 2,300,000.00 төгрөгийн үнэтэй бетон зуурмагийг хүлээлгэн өгсөн байна.

 

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар, татгалзал өгөөгүй байна. Энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар уг үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

3.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г.З нь 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1,280,000.00 төгрөг, мөн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1,020,000.00 төгрөг, нийт 2,300,000.00 төгрөгийг Зөв зуурмаг ХХК-нд хүлээлгэн өгсөн ба хариуцагч А.Т нь тус компаниас дээр дурдсан өдрүүдэд 2,300,000.00 төгрөгийн үнэтэй бетон зуурмаг хүлээн авчээ /х.х-ийн 5-7 хуудас/.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, зарчмын хувьд үүргийн гүйцэтгэлийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх бөгөөд тийнхүү өгөх боломжгүй бол түүний зөвшөөрсөн этгээдэд, аль эсхүл үүргийг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн боловч хожим энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашигтай нөхцөл байдлыг бий болгосон тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг үүргийг эрх бүхий этгээдийн өмнө гүйцэтгэсэн гэж үздэг.

 

Ингээд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч А.Т нь нэхэмжлэгч Г.Зын Зөв зуурмаг ХХК-нд хүлээлгэн өгсөн 2,300,000.00 төгрөгт бетон зуурмаг хүлээн авсан байх тул нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 2,300,000.00 төгрөгийг төлсөн байна.

 

4.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээнд заасан 4 ширхэг Монгол гэрийг нэхэмжлэгчид бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь хариуцагчид өгсөн 2,300,000.00 төгрөгийг буцаан шаардаж байгаа ажээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 225.2Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал нь түүнд тэрхүү үүргээ биелүүлэхийг сануулж, тодорхой хугацаа тогтоох, аль эсхүл энэ талаар урьдчилан сануулж байсан бол нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлах эрхтэй юм. Нэхэмжлэгч Г.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар хариуцагч А.Т нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд гэрээнд заасан 4 ширхэг Монгол гэрийг бэлтгэн нийлүүлэх үүргээ огт биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ. Тайлбарлавал, гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд талууд харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг.

 

Иймээс уг үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээг цуцлаж, хариуцагчаас 2,300,000.00 төгрөгийг буцаан нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй юм.

 

5.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн 72.3Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Гэтэл хариуцагч А.Т нь нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан хэдий ч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг өгөөгүй ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 2,300,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч А.Таас 2,300,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Зд олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 51,750.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР