Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/01362

 

 

 

 

2023 03 16

101/ШШ2023/01362

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н х ү н ХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Б.О-д холбогдох,

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин, хариуцагч Б.О, өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани өөрийн хэрэгжүүлдэг орон сууцжуулах төсөл хөтөлбөрт хамрагдсан хүмүүст хугацаагүй орон сууц хөлслүүлэх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ амгалан хороолол-ын  байр, 3 дугаар блок, тоот орон сууцыг худалдаж авсан өмчлөгч нь юм. Бид, тус орон сууцны өмчлөгч болохын хувьд өөрийн үзэмжээр өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхтэй. Гэтэл хариуцагч Б.О нь бид нартай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулаагүй байж хууль бусаар тухайн орон сууцыг эзэмшиж байна.

 

Анх манай компани энэхүү орон сууцыг Од ХХК-иас худалдан авсан, үүнийг нотлох баримтыг хэрэгт өгсөн ба хэдийгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй боловч худалдагч компанийн зүгээс орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэсэн утгатай бичиг өгсөн. Хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Н х ү н ХК-ийн хувьцаа эзэмшигч мөн боловч багш мэргэжилтэй биш учир тухайн орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдах ёсгүй.

 

Өөрөөр хэлбэл, Н х ү н ХК нь дээрх төслийн хүрээнд Од ХХК-иас авсан орон сууцыг Монголын багш нарын Шинэ зуун зөвлөлдөх төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу зөвхөн уг хөтөлбөрт хамрагдсан багш нарт орон сууцыг худалдах ёстой байхад хариуцагч Б.О нь хууль бусаар Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ-Амгалан хороолол байр, 3 дугаар блок, тоот орон сууцыг эзэмшиж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалыг эрхэлж байсан Н.Алтансүхтэй орон сууц сонголтын гэрээг байгуулсныг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл энэхүү гэрээнээс гадна орон сууцжуулах хамтран ажиллах гэрээг заавал байгуулах ёстой бөгөөд тухайн гэрээ байгуулснаар хүчин төгөлдөр болдог юм.

 

Гэтэл манай компанийн гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалыг эрхэлж байсан Н.Алтансүх нь хувийн ашиг сонирхлын зөрчил гаргаж тэрхүү гэрээг хариуцагч Б.Отай байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд хариуцагчид батламж гэж өгсөн бичигт Монголын багш нарын Шинэ зуун зөвлөлдөх төрийн бус байгууллага гэсэн нь худал, хариуцагч нь багш биш тул энэ батламж нь хүчингүй.

 

Бид, хариуцагчид орон сууцыг чөлөөлж өгөх, хэрэв хөлслөх хүсэлтэй байгаа бол холбогдох гэрээ, хэлэлцээрийг яаралтай байгуулах, мөн хэрэв худалдан авах хүсэлтэй байгаа бол 1 м.кв талбайн үнийг 2,200,000.00 төгрөгөөр тооцож, нийт 97,416,000.00 төгрөгийг зөвшөөрсөн тохиолдолд гэрээг байгуулахад татгалзах зүйлгүй гэсэн.

 

Гэтэл хариуцагч Б.О нь хүчин төгөлдөр бус орон сууц сонголтын гэрээг үндэслэн сар бүр 500,000.00 төгрөгийг төлнө гэсэн хариу өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчтай байгуулсан гэрээ нь ашиг сонирхлын зөрчилтэй, орон сууцжуулах журмыг зөрчсөн учир хүчинтэй биш. Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байх тул хариуцагч Б.Оыг дээрх орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Би, нэхэмжлэгч Н х ү н ХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд үйл ажиллагаа нь эхлэх үеэс буюу 2017 оноос анхлан дэмжиж хувьцаа худалдан авч үйл ажиллагааг дэмжиж эхэлсэн. Тус компаний захирал Ж.Жаргалсайхан, Н.Алтансүх нар байгууллагын үйл ажиллагааг анхнаасаа дэмжиж хувьцаа эзэмшигч болсон гишүүдээ хэрэгжүүлэх ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамгийн түрүүнд хамруулж, дэмжинэ гэж уулзалт болгонд хэлж байсны дагуу 2019 оны сүүлээр 2020 оны эхэн үеэр гэж санагдаж байна орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхээр боллоо, төслийг хувьцаа эзэмшигч нар эхлээд дэмжээд өгөөч гэж төслийг санаачлагч Ж.Жаргалсайхан, Н.Алтансүх нар ярьж байсныг дэмжсэн.

 

Үүний дараа Н х ү н ХК-иас орон сууцжуулах төсөлд багш нар хамрагдахаар болсон ба эхний ээлжийн багш нарыг байранд нь оруулахаар захиалга авсан, үндсэн хувьцаа эзэмшигч нар дугаар харгалзахгүйгээр байранд хамрагдаж болно шүү гэж урьсан боловч тухайн орон сууцны байршил нь ажил, сургуулиас холдоод байсан учир хойшлуулж байсан юм. Ингээд миний бие Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороонд баригдах хотхоноос байр захиалах урилгыг 2020 оны 10 дугаар сард хүлээн авч тухайн хөтөлбөрт хамрагдаад одоо амьдарч байгаа орон сууцанд нүүж орсон бөгөөд холбогдох гэрээг байгуулж, үүнийг гэрчилсэн батламжийг надад өгсөн.

 

Гэтэл 2022 оны 03 дугаар сарын сүүл үеэс эхлэн нэхэмжлэгч Н х ү н ХК-иас тамга тэмдэг он, сар, өдөргүй мэдэгдэх хуудас гэх хууль бус шаардлагатай бичгийг надад ирүүлэх болсон. Тухайн үед уг компанийн хуулийн зөвлөх гэх хүн утсаар надтай ярьж орон сууцыг хурдан чөлөөлж өг, манай өмчлөлийн байранд та гэрээгүй, хууль бусаар амьдарч байна, эсхүл зах зээлийн үнээр нь худалдаж ав гэсэн хууль бус шаардлагыг тавьсан. Хамгийн анх 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2/295 тоот албан бичгээр 2022 оны 05 дугаар сарын 25-ны дотор байрыг чөлөөл, аль эсхүл үлдэгдэл төлбөрийг төлөөд өөрийн нэр дээрээ шилжүүлэн ав гэсэн утга бүхий мэдэгдэл ирүүлсний дагуу миний бие хуулийн зөвлөхтэй нь утсаар ярьж, танайхаас тавьж байгаа хууль бус шаардлагыг хүлээн авах боломжгүй, төлбөрийн алдагдлыг засаж, цаашид хэвийн үргэлжлүүлэх, гэрээтэй холбоотой маргааныг харилцан тохиролцож шийдэж болно, дахиад ийм маягаар хууль бус шаардлага тавиад байвал төлбөрийг гүйцээж хийх боломжгүй, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Жаргалсайхантай уулзах хүсэлттэй байна, эсхүл үнэхээр хууль бус гэж үзэж байгаа бол шүүхээр шийдүүлье гэж хэлсэн.

 

Би, нэхэмжлэгчийг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдсан хувьцаа эзэмшигч нартайгаа зөвшилцөлд хүрэхийг хүлээсэн боловч энэ оны 09 дүгээр сард мөн л тамга, тэмдэггүй хууль бус шаардлага ирүүлсний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр аргагүйн эрхэнд үлдэгдэл төлбөрийг 5 жилийн дотор хувааж төлөх хүсэлт хүргүүлсэн. Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирал Д.Санжаагийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны 2/361 тоот албан бичигт таны хувьд компанийн удирдлагуудаас өгсөн хөнгөлттэй болон давуу байдлаар хөтөлбөрт хамрагдах үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг үл харгалзан 2 өрөө орон сууцанд оруулсан, төлбөрийг төлөөгүй удаа дараа тасалдуулж, мөн компанийн зүгээс дараагийн шатны гэрээ хийх, тооцоо нийлэх, зөвшилцөх тухай удаа мэдэгдсэн боловч хүлээж аваагүй, хэрэв бидний тавьсан саналыг хүлээн авах боломжгүй бол 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор компанийн орон сууцыг чөлөөлж өгөхийг хүсье гэсэн бичиг ирүүлсэн.

 

Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Н х ү н ХК-ийн байранд очиж гүйцэтгэх захирал, хуулийн зөвлөх нартай уулзаж, өөрийн хүсэлтийг өгч захиалагчтай хийх тооцоо нийлсэн акттай танилцахад миний амьдарч байгаа орон сууцны 1 м.кв-ийн үнийг 2,200,000.00 төгрөгөөр худалдахаар болсон байсныг хүлээн зөвшөөрөөгүй, харин сонголтын гэрээнд 1,800,000.00 төгрөгөөр бодсон байгаа гэдгийг хэлээд явсан. Өөрөөр хэлбэл, сонголтын гэрээнд 44.28 м.кв талбайтай байрны 1 м.кв талбайг 1,800,000.00 төгрөгөөр тооцож нийт 79,704,000.00 төгрөгийг сард 500,000.00 төгрөгийг төлж 12.5 жилийн дараа уг орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр заасан.

 

Би, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч компанид амьдарч байгаа орон сууцаа 1 м.кв талбайг 1,800,000.00 төгрөгөөр худалдаж авах тухай болон байрны үл хөдлөхийн гэрчилгээ гарсан эсэхийг тодруулахаар хүсэлтээ и-мэйл явуулсан ямар нэгэн хариу ирүүлээгүй. Тус компаниас дараагийн шатны гэрээ хийх, тооцоо нийлэх, зөвшилцөх тухай нэг ч албан бичгийг надад өгөөгүй бөгөөд зөвхөн орон сууцыг хүлээлгэн өг, өгөөгүй тохиолдолд цоожны голыг солих, албадан нүүлгэнэ гэсэн тамга, тэмдэггүй мэдэгдэх хуудас, эсхүл амьдарч байгаа орон сууцаа худалдаж ав гэсэн бичиг ирүүлсэн.

 

Би, Иргэний тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1- д зааснаар шударга бөгөөд хууль ёсны эзэмшигч гэж үзэж байна. Бидний байгуулсан орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т Сар бүрийн мөнгөн урсгалыг 15 хоногт багтаан нэг удаа, эсвэл сар бүрийн 10, 25-ны өдөр хоёр хуваан хийж болно. Хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөх ёстой төлбөрийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж, 3.3-т Хуанлийн жилийн хугацаанд сар бүрийн төлбөрөө хугацаанд нь саадгүй хийсэн тохиолдолд нэг сарын төлбөрийн хэмжээтэй энгийн болон давуу эрхийн хувьцаа нэмж олгогдоно гэж, 3.4-т Төлбөрийг хугацааг хуанлийн жилд 2 буюу түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 3.3-т заагдсан хөнгөлтийг эдлэх эрхгүй болно гэж тус утс заасан бөгөөд орон байрнаас хүчээр гаргах, гэрээг дуусгавар болгох, хүчингүй болгох тухай заалт огт байхгүй болно.

 

Надтай байгуулсан тэр гэрээг хаана байгааг өмнөх гүйцэтгэх захирал Н.Алтансүхээс тодруулахад тэр надад байсан бүх гэрээг хүчээр аваад явсан, Н х ү н ХК-нд байгаа гэж хэлсний дагуу нэхэмжлэгч компанийн одоогийн гүйцэтгэх захирал Д.Санжаа, хуулийн зөвлөх н.Отгонтамираас орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ болон хувьцаа эзэмшигчийн орон сууц сонголтын гэрээг удаа дараа авъя гаргаж өгөөч гэж хүсэлт тавьсан боловч чамтай байгуулсан ямар ч гэрээ байхгүй байна, олдохгүй байгаа гэсэн нь уг гэрээг нуун далдалсан, эсхүл устгасан гэж үзэж байна. Иймд, хариуцагч миний бие тухайн орон сууцанд хууль бусаар амьдраагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.    Улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөг төлсөн баримт,

2.    Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ,

3.    Орон сууц захиалах гэрээний 1 дүгээр хавсралт,

4.    Н х ү н ХК-иас 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2/295 тоот албан бичгээр Б.Од өгсөн мэдэгдэл,

5.    Н х ү н ХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2/361, 13-ны өдрийн 2/372 тоот албан бичгээр Б.О өгсөн хариу,

6.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

7.    Компанийн дүрэм,

8.    Итгэмжлэл,

9.    Гэрээний бүртгэл,

 

Хариуцагчийн өгсөн нотлох баримт:

 

1.    Хариу тайлбар,

2.    Н х ү н ХК-нд гаргасан хүсэлт,

3.    Н х ү н ХК-ийн хариу ирүүлэх тухай албан бичиг,

4.    Н х ү н ХК-иас гаргасан тооцоо нийлсэн акт

5.    Б.Оын Н х ү н ХК-ийн хувьцаа эзэмшигчийг нотолсон үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн лавлагаа,

6.    Хувьцаа эзэмшигчийн орон сууц сонголтын гэрээ,

7.    Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ,

8.    Н х ү н ХК-ийн батламж,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

1.     Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 5/А66 тоот албан бичиг,

2.     Гэрч нарын мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н х ү н ХК-иас хариуцагч Б.О-д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг хүсчээ.

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зохигчийн маргаж байгаа орон сууц нь нэхэмжлэгчийн өмч, уг орон сууцанд хариуцагчийг хууль бусаар амьдарч байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар түүний хууль бус эзэмшлээс шаардаж байна гэсэн.

 

Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Н х ү н ХК нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Од ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, тус компаниас Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд барьж буй 70 айлын орон сууцнаас 40 ширхэг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон байна /х.х-ийн 4-11 хуудас/.

 

Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч нь нийгмийн тодорхой бүлгүүдэд чиглэсэн буюу тэдгээрийг орон сууцжуулах зорилгын хүрээнд барилга, орон сууц барьдаг иргэн, хуулийн этгээдтэй хамтран төсөл хэрэгжүүлж, улмаар тухайн төсөлд хамрагдсан хүмүүст хямд үнэтэй, төлбөрийн уян хатан нөхцөлтэй орон сууц худалдах үйл ажиллагааг эрхэлдэг ажээ.

 

Ингээд нэхэмжлэгч Н х ү н ХК нь дээрх төслийн хүрээнд Од ХХК-иас авсан орон сууцыг Монголын багш нарын Шинэ зуун зөвлөлдөх төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу зөвхөн уг хөтөлбөрт хамрагдсан багш нарт орон сууцыг худалдах ёстой байхад хариуцагч Б.О нь хууль бусаар Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ-Амгалан хороолол  байр, 3 дугаар блок,  тоот орон сууцыг эзэмшиж байна гэж маргасан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Б.О нь хэдийгээр нэхэмжлэгч Н х ү н ХК-ийн хувьцаа эзэмшигч мөн боловч багшийн ажил, албан тушаал эрхэлдэггүй, тус хөтөлбөрт хамрагдах талаар Монголын багш нарын Шинэ зуун зөвлөлдөх төрийн бус байгууллагад хүсэлт гаргаж, тогтоосон журмын дагуу орон сууцыг эзэмшээгүй тул хариуцагчийг хууль бус эзэмшигч гэсэн.

 

2.            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 101 дүгээр зүйлийн 101.1Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, хэн нэгэн этгээд өөр этгээдийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа бол түүнийг эзэнд нь буцааж өгөх үүрэг хүлээх хэдий ч энэ тохиолдолд эд хөрөнгийг шаардаж буй этгээд нь өмчлөгч байх, харин эзэмшиж байгаа этгээдийн эзэмшил хууль бус байхыг шаарддаг.

 

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н х ү н ХК нь зохигч нарын маргаж байгаа Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ-Амгалан хороолол 8а байр, 3 дугаар блок, 32 тоот орон сууцыг өмчилдөг эсэх нь тодорхойгүй байна. Хэдийгээр тус орон сууцыг нэхэмжлэгч Н х ү н ХК-нд худалдсан Од ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлтонд нэхэмжлэгчийг Баянзүрх дүүрэг, 38 дугаар хороо, Улаанхуаран /13301/, Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 303 дугаар байрны 8 ширхэг орон сууцыг өмчлөх эрхтэй гэж дурдсан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын ирүүлсэн лавлагаагаар хэн нэгэн этгээд тухайн орон сууцанд өмчлөгчөөр бүртгэгдээгүй байна гэжээ /х.х-ийн 159, 170 хуудас/.

 

3.            Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж, 91.2Дараахь тохиолдолд энэ хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй гээд 91.2.1эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, тухайн эд хөрөнгийг бодитоор эзэмшиж байгаа этгээд нь хөндлөнгийн гуравдагч хүний хувьд өмчлөгч нь гэж тооцогдох боловч өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдэж баталгааждаг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тийнхүү бүртгэгдсэн эдгээдийг өмчлөгч нь гэж тооцох учиртай.

 

Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна гээд 8.1.1эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэл гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, зохигч нарын маргаж байгаа орон сууцыг нэхэмжлэгч Н х ү н ХК нь өмчилдөг эсэхийг тогтооход улсын бүртгэлд үндэслэгдэх бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь уг орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдохгүй байна.

 

4.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н х ү н ХК нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Б.Отай хувьцаа эзэмшигчийн орон сууцны сонголт гэсэн нэртэй гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ-Амгалан хороолол 8а байр, 3 дугаар блок, 32 тоот хаягт байрлах 44.28 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,800,000.00 төгрөгөөр тооцож нийт 79,704,000.00 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ба тухайн орон сууцны түлхүүрийг хариуцагчид гардуулж өгсөн батламж бичгийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олгожээ /х.х-ийн 68, 70 хуудас/.

 

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалыг эрхэлж байсан Н.Алтансүхтэй энэхүү гэрээг байгуулж, тус орон сууцны төлбөрөөс 4,500,000.00 төгрөгийг төлж, үлдэх 75,204,000.00 төгрөгийг 150 сарын хугацаанд сар бүр 500,000.00 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохирсон байна.

 

Мөн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, гэрч Н.Алтансүхийн мэдүүлэгт дурдсанаар гэрч нь нэхэмжлэгч Н х ү н ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа хариуцагч Б.Отай хувьцаа эзэмшигчийн орон сууцны сонголт гэсэн нэртэй гэрээг байгуулсан гэсэн тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8-д тус тус зааснаар Н.Алтансүхийг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан эсэх талаар тухайлан дүгнэх шаардлагагүй юм /х.х-ийн 19, 150-152 хуудас/.

 

Харин бусад гэрч нарын мэдүүлгийн хувьд нэхэмжлэгч Н х ү н ХК нь хариуцагч Б.Отай байгуулсан орон сууц сонголтын гэрээг хүчин төгөлдөр бус гэж тухайлан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд үүнтэй холбоотой үйл баримтын талаарх мэдүүлэг байх тул үнэлэх шаардлагагүй гэж үзсэн.

 

5.            Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, иргэн, хуулийн этгээд гэрээ, аль эсхүл хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүснэ.

 

Гэтэл хариуцагч Б.О нь ийнхүү нэхэмжлэгч Н х ү н ХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр тухайн орон сууцыг эзэмшиж байгаа учир Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж зааснаар хариуцагчийг зохигч нарын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр шударгаар тухайн хөрөнгийг олж авсан гэж үзнэ.

 

6.            Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж, 93 дугаар зүйлийн 93.1Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээдийн аливаа зүйлийг бодитоор эзэмшиж буй эзэмшлийг хууль ёсны, хууль бус гэж ангилах бөгөөд хууль ёсны шударга эзэмшигчээс тухайн эд хөрөнгийг шаардаж болохгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийг уг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдах эрх бүхий этгээд биш байсан, талуудын байгуулсан гэрээг тухайн үед нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүн үүнийг мэдсээр байж зөрчиж байгуулсан тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах тухай шаардлагыг хариуцагч нь хүлээж аваагүй тул орон сууцыг хүлээлгэж өгөх ёстой гэсэн.

 

Гэвч нэхэмжлэгч нь зохигч нарын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах талаар тухайлан шаардлага гаргаагүй, гэрээг хуульд заасан журмын дагуу цуцалсан талаар холбогдох баримтыг өгөөгүй, гагцхүү хариуцагчийг хууль бусаар тухайн орон сууцыг эзэмшиж байгаа гэсэн тул зохигчид уг үндэслэлийн хүрээнд маргаж, мэтгэлцсэн болно.

 

Иймд, хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Н х ү н ХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр уг орон сууцыг эзэмшиж байгаа учир түүнийг хууль бус эзэмшигч гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н х ү н ХК-ийн гаргасан хариуцагч Б.Од холбогдох Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ-Амгалан хороолол  байр, 3 дугаар блок,  тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР