| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/07615/И |
| Дугаар | 101/ШШ2023/01019 |
| Огноо | 2023-02-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2023/01019
| 2023 02 28 | 101/ШШ2023/01019 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Л-н гаргасан,
Хариуцагч: Б.О-д олбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,985,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъян, хариуцагч Б.О, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Л 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Б.Отэй зээлийн гэрээ байгуулж, хариуцагчид 11,990,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Гэвч зээлдэгч Б.О нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 11,990,000.00 төгрөг, зээлийн хүү 5,995,000.00 төгрөг, нийт 17,985,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Бид, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч нь 11,990,000.00 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг 1 /нэг/ сарын 6 хувь гэж тодорхой бичиж тохирсон гэж дүгнэж байна. Хэдийгээр уг зээлийн гэрээнд зээлийг 14 хоногийн хугацаатай гэсэн боловч хариуцагч нь зээлийг хугацаанд нь төлөөгүй учир хугацаа хэтэрсэнтэй холбоотой зээлийн хүүнд 5,995,000.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас өнгөрсөн хугацаанд зээлийн хүүнд 1,373,000.00 төгрөгийг авсан талаар маргахгүй, нэхэмжлэлд хавсаргасан Хаан банк ХХК дахь дансны хуулгаар хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Б.Лгийн тоот дансанд ийм хэмжээний мөнгө буцаан төлсөн. Гэвч хариуцагч нь зээлийг хугацаандаа төлөөгүйгээс улбаалан нэхэмжлэгч нь тухайн зээлийг бусад этгээдээс зээлж авсантай холбоотойгоор хүү төлж байгааг ойлгох хэрэгтэй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн 11,990,000.00 төгрөгийг төлнө гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэгчийн мөнгийг удаан хугацаанд төлөөгүй, нэхэмжлэгчийг маш ихээр хохироож байгаа учир зээлийн хүүнд 5,995,000.00 төгрөгийг төлөх ёстой.
Миний бие хуульч хүний хувьд хариуцагчид сануулж хэлэхэд хүнээс мөнгө зээлсэн бол цаг хугацаанд нь өгч байх хэрэгтэй, өгөхгүй юм аа гэхэд хүнийг загинаад байж болохгүй, таны бичсэн зурвасыг харвал завгүй байхад залгалаа, мөнгийг чинь өгнө гэх мэтээр бүдүүлэг авир гаргасан байдаг. Хүнд мөнгө зээлсэн бол мэдээж буцааж шаардах нь тодорхой. Танд мөнгө хэрэг болох үед зээлж авчихаад буцаагаад төлөх болохоор ингэж аашилж болохгүй байх. Иймд, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 17,985,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би, нэхэмжлэгч Б.Лгээс 14 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй 11,990,000.00 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн нь үнэн, энэ талаар маргахгүй. Гэвч тухайн үед миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦ тоот тогтоолоор бусдад байраа луйвардуулж чөлөөлүүлэх шийдвэр гаргуулсан байсан болохоор үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээгээ гаргуулан өгөхөөр тохирсон. Гэтэл тэр үед хууль бусаар эзэмшиж байсан хүн нь давхар барьцаанд тавьсан байсны улмаас Хан-Уул дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 183/ШШ2022/0 тоот шийдвэрээр байраа албадан чөлөөлүүлэхээр болсон ба шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөлд шилжүүлэн авахаар болсон.
Гэвч миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарах болоогүй байгаа бөгөөд гарахаар нь би банкнаас хууль ёсны дагуу зээл аваад нэхэмжлэгчийн мөнгийг төлнө. Мөн тухайн үед надад ээмэг, бөгжөө барьцаанд тавиад нэхэмжлэгчийн зээлийг нь төлж барагдуулах боломж байсан боловч хоёр өмгөөлөгчийн хөлс болон барааны мөнгө дутуу байсан болохоор төлж чадаагүй.
Би, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бараа захиалах зорилгоор нэхэмжлэгчээс 11,990,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлсэн, гэхдээ намайг нэхэмжлэгчийг гэрээ байгуулах уу гэхэд тэрээр өөрөө зөвшөөрөөгүй, надад нотариатч орох зав байхгүй гэж хэлсэн тул миний бие хүнээс мөнгө авч байгаа юм чинь гэж бодоод иргэний үнэмлэхийнхээ доор 14 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй зээл авлаа гэсэн бичиг бичиж өгсөн. Түүнээс биш нэхэмжлэгчтэй 5,995,000.00 төгрөгийн хүү төлөх талаар огт тохиролцоогүй.
Өнгөрсөн хугацаанд би, нэхэмжлэгч Б.Лгийн тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 203,000.00 төгрөг, бас 170,000.00 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын сарын 14-ний өдөр 100,000.00 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 15-ны өдөр 100,000.00 төгрөг, 20-ны өдөр 150,000.00 төгрөг, 22-ны 100,000.00 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 250,000.00 төгрөг, 06-ны өдөр 100,000.00 төгрөг, түүнчлэн 21-ний өдөр 200,000.00 төгрөг, хүүхдийн хослол 45,000.00 төгрөг гээд нийт 1,418,000.00 төгрөгийг төлсөн. Гэвч үүнээс хүүхдийн хослолын мөнгийг хасаад 1,373,000.00 төгрөгийг зээлийн хүүнд тооцохыг зөвшөөрч байгаа бөгөөд харин нэмж 5,995,000.00 төгрөгийн хүү төлөхгүй.
Миний бичиж өгсөн баримтанд 11,990,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй мөнгө зээлсэн гэсэн байгаа болохоос олон сарын хугацаатай зээлсэн гэсэн утгатай зүйл байхгүй, бид хоёр албан ёсоор зээлийн гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэгч нь надаас 5,995,000.00 төгрөгийг шаардах эрхгүй. Харин би үндсэн зээл 11,990,000.00 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 247,875.00 төгрөг төлсөн баримт,
2. Итгэмжлэл,
3. Зээлийн гэрээ,
4. Голомт банк ХХК дахь дансны хуулга,
5. Фэйсбүүк чат,
Хариуцагчаас өгсөн нотлох баримт:
1. Хариу тайлбар,
2. Хаан банк ХХК дахь дансны хуулга.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Лгээс хариуцагч Б.Оөд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,985,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хариуцагчаас хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.Л нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Б.Отэй зээлийн гэрээ байгуулж 11,990,000.00 төгрөгийг зээлэхээр тохиролцсон байна /х.х-ийн 4, 5 хуудас/.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.Лг зээлийн гэрээний зүйл болох 11,990,000.00 төгрөгийг хариуцагч Б.Оөд хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг зээлийн гэрэний зүйлийг хүлээн авсанд тооцож, улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
2. Гэвч нэхэмжлэгч Б.Л болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъян нар шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Б.Оийг 11,990,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын 6 хувийн хүүтэй зээлсэн боловч зээлийг хугацаандаа эргүүлж төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүнд 5,995,000.00 төгрөгийг тооцож нийт 17,985,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэснийг хариуцагч Б.О нь үл хүлээн зөвшөөрч, уг 11,990,000.00 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлсэн бөгөөд үүнээс 1,373,000.00 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн, одоо үндсэн зээл 11,990,000.00 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэсэн.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын байгуулсан гэрээнд Баатар овогт О миний бие Бадарч овогтай Л-с 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Голомт банкны тоот дансаар 11,990,000.00 төгрөгийг 14 хоногийн 6 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн болно. Зээлийг хоорондоо зөвшилцөж сунгаж болно. 1 сарын хугацаатай хэрэв авбал 10 хувийн хүүтэй авахаар тохиролцов гэж бичсэн байна.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ байгуулсан зохигч нарын хүсэл зоригийг тайлбарлахдаа тэдгээрийн бичгийн хэлбэрт тусгасан үгийн шууд утгыг анхаарах бөгөөд хэрэв тодорхойгүй байвал 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж зааснаар агуулыг тодорхойлдог журамтай.
Ингээд талуудын байгуулсан гэрээг үзвэл зохигчид 11,990,000.00 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон ба энэхүү 6 хувь нь 1 /нэг/ өдрийн бус, харин нийт 14 хоногийн хүү бөгөөд талууд зээлийн гэрээний хугацааг сунгах тохиолдолд заавал харилцан зөвшилцөх боловч 1 /нэг/ сараас хэтрүүлэхгүй ба хүүгийн хэмжээг сарын 10 хувь байхаар тус тус тохирчээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.О нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 11,990,000.0 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 719,400.00 төгрөгийн хүүгийн хамт буцааж нэхэмжлэгч Б.Лд төлөх үүрэгтэй бөгөөд зохигчид харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг 1 /нэг/ сараар 10 хувийн хүүтэй сунгаж болно.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй буюу дээр дурдсан хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар 11,990,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй сунгахаар тохироогүй байгаа тул хариуцагч Б.О нь 11,990,000.00 төгрөгийг 14 хоногийн дараа 719,400.00 төгрөгийн хүүгийн хамт төлөх үүргийг хүлээсэн гэж үзнэ.
3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, түүнчлэн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талуудын зээлийн хүүгийн талаарх тохиролцоо нь хуульд нийцсэн байна.
Тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Гэтэл хариуцагч Б.О нь зээлийн хүүнд 1,373,000.00 төгрөгийг төлсөн хэдий ч үндсэн зээл 11,990,000.00 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас 11,990,000.00 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн зүгээс илүү төлсөн 653,600.00 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулахгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана............... гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээг багасгахгүй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 11,990,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,995,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Б.Оөөс 11,990,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,995,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,875.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 206,790.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР