Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2023/01296

 

 

 

 

 

 

 

                  2023       03           14

       101/ШШ2023/01296

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И сөх-ны гаргасан,

 

Хариуцагч: Б.С-д холбогдох 360,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т заасны дагуу анхны хурлаа хийж, хуралд нийт оршин суугчдын оролцоотойгоор байгуулагдсан ба хурлын тоот шийдвэрээр тус хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасныг тус тус үндэслэн сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд сар бүр 20,000 төгрөг авахаар шийдвэрлэсэн.

 

Энэхүү сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрийн хэмжээг жил бүрийн сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн баталдаг бөгөөд анхны хурлын шийдвэрээр баталсан үнийн тариф нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн засварын зардал 1 м.кв талбайг 1,500 төгрөг, лифт ашиглалт 6,000 төгрөг, харуул хамгаалалт 3,500 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээ 7,000 төгрөг, цалин хөлс 1,500 төгрөгийг одоог хүртэл өөрчлөөгүй.

 

Мөн манай холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу 2021 онд “Хаан банк” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус банк нь бид нараас хүргүүлсэн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг сууц өмчлөгч иргэдээс нэхэмжлэн авч, манай сууц өмчлөгчдийн холбооны харилцах дансанд төвлөрүүлж байхаар харилцан тохиролцсон.

 

Гэтэл Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, “Инээмсэглэл хотхон”-ны 77б байрны тоотод оршин суугч хариуцагч Б.С нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрийг 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуустал нийт 18 сарын төлбөр 360,000.00 төгрөгийг огт төлөөгүй, биднийг хохироосоор байна.

 

Бид, өнгөрсөн хугацаанд хариуцагчид сар бүр сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөх талаар байнга сануулан орцны үүд, оршин суугчийн орон сууцны хаалган дээр мэдэгдэх хуудсыг наах, утсаар мэдэгдэх, шуудан холбоогоор дамжуулан мэдэгдэл өгөх зэргээр байнга шаардсаар ирсэн боловч огт төлөөгүй.

 

Гэвч хариуцагч нь иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хугацаанд 60,000.00 төгрөгийг төлсөн ба үлдэх 300,000.00 төгрөгийг Улаанбаатар цахилгаан түгээх компанид төлнө гэсэн утгатай хариу тайлбар бичсэн байна.  Иймд, хариуцагчаас 300,00.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

“Миний бие И сөхны холбооноос нэхэмжилсэн 360,000.00 төгрөгийн 300,000.00 төгрөгийг Улаанбаатар цахилгаан станцанд төлсөн ба үлдэх 60,000.00 төгрөгийг данс руу нь хийхийг зөвшөөрч байна” гэжээ.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 11,450.00 төгрөг төлсөн баримт,
  2. Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ,
  3. И сөх-ны бүх гишүүдийн хурлын тогтоол,
  4. И сөх-ны дүрэм, 
  5. “Хаан банк” ХХК-тай байгуулсан байгууллагын харилцах дансны гэрээ,
  6. “И х”-ны 77б байрны 174 тоот орон сууцны төлбөрийн үлдэгдэл.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И сөхоос хариуцагч Б.С-д холбогдуулан 360,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Ингээд тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 15:00 цагт товлож, хурлын товыг зохигчдод мэдэгдсэн хэдий ч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

Тодруулбал, хариуцагчид шүүх хуралдааны товыг хүргүүлснийг тэрээр  хүлээн авсан, түүнчлэн шүүгчийн туслахын хариуцагчтай утсаар ярьсан тэмдэглэлээс үзвэл шүүх хуралдааны товыг мэдсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Иймд, нэгэнт хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийхээр шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар нэхэмжлэгч И сөхнд 0065 тоот дугаартай гэрчилгээ олгож, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэжээ.

 

Уг баримтаас үзвэл нэхэмжлэгч И сөхны гүйцэтгэх захирлаар Б.Лувсандагвыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр томилсныг бүртгэсэн ба тус сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 13 дугаар хороолол,  байрыг тус тус хариуцдаг эсэх талаар зохигчид маргаагүй.

           

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ” гэж заасан.

 

            Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбоо нь хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг орон сууц өмчлөгчдөөс бий болгосон хуулийн этгээдийн эрхгүй холбоо юм.

 

            Хэдийгээр сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй боловч Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд тус харилцаанд оролцогчийн хувьд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн маргаанд түүнчлэн тус хуулийн 149 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, зөрчил гаргасан тохиолдолд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрхтэй этгээд болно.

 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд холбооны гүйцэтгэх захирлын эрх хэмжээг зохицуулсан ба тэрээр тус 12.4.4-т зааснаар энэ хууль болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, тухайн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол уг хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

            Иймээс уг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Лувсандагва нь төлөөлөн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг орон сууц өмчлөгчөөс шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм.

 

  1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан баримтаар  Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 13 дугаар хороолол,  байрны оршин суугчид 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, тус сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулсан бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд цахилгаан шат ашигладаггүй айлаас 1 /нэг/ сард 20,000.00 төгрөг, цахилгаан шат ашигладаг айлаас 1 /нэг/ сард 25,000.00 төгрөгийг тус тус авахаар тохиролцсон байна.

 

 Ингээд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Б.С нь 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуустал 18 сарын дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 360,000.00 төгрөгийг төлөөгүй болох төлбөрийн нэхэмжлэл болон хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдсон ба нэхэмжлэгч “Инээмсэглэл сууц өмчлөгчдийн холбоо” нь хариуцагчаас нийт 300,000.00 нэхэмжилж байгаа ажээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид 60,000.00 төгрөгийг төлж, харин 300,000.00 төгрөгийг төлөөгүй байна.

 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж, 16 дугаар зүйлийн 16.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж зааснаас гадна 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж тус тус заасан.

 

            Тодруулбал, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар заавал гишүүнчлэлтэй тус холбооны эрх барих дээд байгууллага болох бүхий гишүүдийн буюу нийт өмчлөгчдийн хурлаар ийнхүү засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлох асуудлыг хэлэлцэх бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хуралд оролцсон боловч эсрэг санал өгсөн гишүүн тухайн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

 

            Ингээд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, нэхэмжлэгч И сөхны удирдах зөвлөлийн гишүүдийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1 тоот тогтоолоор 1, 2, 3 дугаар давхарт амьдардаг айл өрхөөс 20,000.00 төгрөгийг авахаар шийдвэрлэсэн ба хариуцагч Б.С нь 300,000.00 төгрөгийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд төлсөн гэсэн нь нэхэмжлэлтэй чухам ямар хамааралтай болох нь тодорхойгүй байна.

 

  1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Орон сууц өмчлөгч нь .................дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-д “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж заасан.

 

Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцож, төлөх үүрэгтэй билээ. Иймд, хариуцагч Б.Сансмараа нь нэхэмжлэгч И сөхнд 300,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, мөн 72.3-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

 

Гэтэл хариуцагч Б.Сансмараа нь нэхэмжлэлийн хувийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг өгсөн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 300,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус заасныг үндэслэн хариуцагч Б.С-гаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 300,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И сөхнд олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,450.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 9,650.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР