Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар  2021/ДШМ/734

 

 

 

 

 

 

   2021             8             10                                         2021/ДШМ/734                             

 

 

Ч.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Ж.Энхтуяа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Дашдондов, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/616 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, Г.Гантуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Бт холбогдох эрүүгийн 2108 00000 0495 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овогт Чийн Б, ........ оны .... дугаар сарын ...-ний өдөр ........................ төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........................ дүүргийн .... дүгээр хороо, ....................... гудамжны ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................./;

Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 4 дүгээр гудамжны 21 тоот өөрийн гэртээ Х.Улаанбаатартай маргалдан улмаар зэвсэг хэрэглэн түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шарнууд овогт Чойжингоогийн Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Бт 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, Г.Гантуяа нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл анги, заалтыг хэрэглээгүй гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт хэсэгт “...тус хэрэгт авагдсан мөрдөгчийн тэмдэглэлд, шүүгдэгч Ч.Быг согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн тул хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр гарын үсэг зуруулаагүй гэж дурдсан /хх 53/ ч энэ нь ямар баримтад үндэслэсэн нь тодорхойгүй, согтуурлын хэмжээг тогтоосон зүйлгүй тул Ч.Быг биеэ авч явах, хянах чадваргүй гэж үзэх үндэслэлгүй.” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ.”, мөн зүйлийн 2 дах хэсэгт “Үзлэгийг хэргийн газраар тогтоосон орон байр, бусад газраас гадна хэргийн газрын хамгаалалтын бүсэд байгаа хүн, эд зүйл ...зэргийг хамруулан хийнэ.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч хэргийн газрын үзлэг хийхэд дараах арга хэмжээг авна: З.6 дахь заалтад “хэргийн газар ...хүний бие, эд зүйл ...үзлэг хийх”...”, 3.7 дахь заалтад “хэргийн ул мөр эд мөрийн баримтыг илрүүлж, цуглуулж бэхжүүлэх”, 3.8 дахь заалтад “хэргийн газарт байгаа хүний бие, эд зүйл...-ээс хэв загвар, дээж авах”, З.10 дахь заалтад “хэргийн газар, түүний дотор байгаа зүйлийн байр байдлыг бэхжүүлэхийн тулд дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах” гэж тус тус заажээ. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрт 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 22 цаг 50 минутад Х.Улаанбаатар нь бусдад хутгалагдсан тухай дуудлага ирсэн байна. Гэмт хэрэг гарсан гэх Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 4-21 тоот хаягт хэргийн газрын үзлэгийг 22 цаг 57 минутад эхлүүлж, 23 цаг 10 минутад дуусгасан байна.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд: “...гал тогооны өрөөний зүүн урд талд хогийн саван дотор 3 шил Хараа гэсэн нэртэй архи байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...уг өрөөний зүүн талд байх ширээн дээр 0,75 литрийн Хараа нэртэй архины шил байв. ...үзлэгийг жижиг өрөөнд явуулахаар тогтож, дотогш ороход өрөөний хаалганы зүүн доод талд хар өнгийн иштэй 10 см урттай, ажлын хэсэг нь 13 см хэмжээтэй хутгыг шинжилгээнд зориулан хураан авав. ...хэргийн газарт байгаа хохирогч, ...хүнд сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэх арга хэмжээ авсан эсэх ...тийм” гэсэн зүйлийг бичсэн байна. Хэрэгт цугларсан фото зургуудаас үзэхэд Хараа нэртэй архи байсан, ширээн дээр байсан 0,75 литрийн Хараа нэртэй архины шилийг бэхжүүлж авсан зураг байхгүй. Ч.Бын бие болон хувцас, эд зүйлд хэргийн ул мөр байгаа эсэх талаар үзлэг хийгээгүй. Тухайлбал хутгалагдсан гэх газрын орчимд гэмт хэргийн улмаас үүссэн ул мөр байгаа эсэх талаар огт дурдаагүй ба ул мөр илрүүлэх арга хэмжээ аваагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл ...хэрэг гарсан газарт үзлэг хийнэ.” гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Эд зүйл...-д үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, хэргийн газрын үзлэгийг хийх, эд зүйл хураан авах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна.” гэснийг зөрчиж хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулаагүй, хэрэг болсон гэх Ч.Бын амины сууцанд үзлэг хийсэн болон хутгыг хураан авсан тэмдэглэлд Ч.Б гарын үсэг зураагүй, Ч.Б байсан эсэх талаар тэмдэглэлд дурдаагүй зэрэг байдлаар нотлогдоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлд орон байрны халдашгүй байдлыг хангах тухай хуульчилсан байх ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Орон байранд хийх нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч орон байр, бусад газарт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийхэд тухайн газарт нэвтрэх, эсхүл түгжээтэй зүйлийг нээх ажиллагаа ...явуулж болно.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Орон байр, бусад газарт нэгжлэг хийхэд энэ хуулийн 23.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэснээс үзэхэд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт өгсөн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар тооцохгүй байх зарчмыг баримтлаагүй гэж үзэж байна.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд жижүүрт гарч байсан мөрдөгч, шинжээч нар гарын үсэг зурсан байгаа боловч хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй байсан тухай тэмдэглэлд бичээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол тухайн ажиллагааны явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.” гэсэн байхад хэргийн газрын үзлэгийн явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэн авсан баримт байхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хэргийн газрын үзлэг хийх”, 1.3 дахь заалтад “эд зүйлийг түр хураан авах”, 1.5 дахь заалтад “хөндлөнгийн гэрчтэй хийгдэх мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол” дуу дүрсний бичлэг хийнэ гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

2. Мөн “...хэргийн газраас хутга хураан авсан ажиллагаа, тус ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, прокурорын шийдвэр, түүнтэй холбоотой бусад ажиллагаа нь анхнаасаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй, нэр төдий байдлаар чанаргүй хийгдсэн, уг ажиллагаанууд нь дээрх хуулийн зохицуулалтыг тус тус зөрчсөн шинжтэй байна.”. “...дээрх ажиллагаа, уг ажиллагааны үр дүнгээр бий болсон баримтуудыг шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.” гэж дүгнэсэн. Шүүх хуралдаанаар эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг улсын яллагч хохирогч Х.Улаанбаатарт харуулан “...энэ таныг хутгалсан гэх хутга мөн үү? гэж асуухад хохирогчоос биш” гэж хариулсныг шүүхээс анхаарч үзээгүй.

Өөрөөр хэлбэл, шүүхээс хууль зөрчиж хураан авсан эд мөрийн баримт болох хутгыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, нотлох чадвараа алдсан, ач холбогдолгүй гэж дүгнэчихээд шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэсэн байдаг.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг шүүх хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан гэж шүүх дүгнэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх байсан гэж үзэж байгаа болно.” гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж хуульчилсан. Ч.Бт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй гэж үзэж байна. Шүүхээс хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ мөрдөгчийн тэмдэглэлд шүүгдэгч Ч.Быг согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн тул хэргийн газрын тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй гэж дурдсан байна. Хэргийн газрын үзлэг хийхээр 2 хүн очсон. Мөрдөгч хэргийн газар дээр очоод хэргийн ул мөрийг илрүүлэхээр очиж байгаа бол хэргийн газрын тэмдэглэл заавал үйлдэх ёстой. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ гэсэн байдаг. Нотлох баримтыг цуглуулж бэхжүүлж авахдаа миний гомдолд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ.” мөн зүйлийн 2 дах хэсэгт “Үзлэгийг хэргийн газраар тогтоосон орон байр, бусад газраас гадна хэргийн газрын хамгаалалтын бүсэд байгаа хүн, эд зүйл ...зэргийг хамруулан хийнэ.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч хэргийн газрын үзлэг хийхэд дараах арга хэмжээг авна: З.6 дахь заалтад “хэргийн газар ...хүний бие, эд зүйл ...үзлэг хийх” гэснийг тус тус зөрчсөн. Энэ талаар шүүхээс дүгнэлт хийхдээ мөрдөн шалгаж ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй хэмээн дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж хуульчилсан байх тул хураан авсан хутгыг нотлох баримтаар тооцохгүй байх хуулийн заалт нь байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг  хэрэглэж бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 812 дугаартай шинжээч Азжаргалын дүгнэлтээр “хутганаас гарын мөр илрээгүй” гэж тодорхой бичигдсэн. Хэрэв мөрдөгчийн тэмдэглэлд гарын үсэг зурах боломжгүй согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр  хэрэглэсэн гэж үзэх юм бол мөн хутган дээрх ул мөрийг арилгах чадалгүй байсан гэж үзэх боломжтой. Гэрч Ц “холбогдогч залуу ганцаараа гал тогооны өрөөнд сууж байсан” гэж мэдүүлдэг. Энэ нь онгорхой хаалгаар тэр айлд орсон юм шиг мэдүүлэг өгсөн байсан. Гэтэл Ч.Б “хаалга тогшихоор нь би онгойлгож өгсөн” гэж мэдүүлдэг. 55 настай хүнийг залуу гэж хэлэх юм уу. 4 дүгээр сарын 5-ны өдөр буюу хэрэг гарснаас хойш 1 сар 1 хоногийн дараа мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэгт эргүүлийн офицер ажилтай гэж бичсэн байна. 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 22 цаг 50 минутад Сонгинохайрхан дүүргийн жижүүрт дуудлага ирсэн. Дуудлага ирснээр ойр байгаа цагдаад богино долгионы станцаар хаягийг өгч хамгаалалтад авах үүрэг өгдөг. Гэтэл энэ өдөр Ц гэх хүн ажил үүрэг гүйцэтгэж байсан эсэх талаар ямар нэг нотлох баримт байхгүй. Хэрэв Ц нь Мэндсайхантай хамт эргүүлийн ажилд гарч байсан бол богино долгионы станцаар дуудлага өгснийг тэмдэглэлд тэмдэглэдэг. Гэтэл тэмдэглэлд энэ талаар ямар нэг зүйл байхгүй. Ц нь хэргийн газар дээр очоод гэрт ямар нэг цус байгаагүй гэж хэлдэг. Үүнийг бүрэлдэхүүн тогтоох ёстой байсан. Гэмт хэргийн ул мөрийг илрүүлэх ажиллагаа нь мөрдөгчийн үүрэгт хамааралтай. Цус байхгүй гэж байгаа нь маш том эргэлзээтэй. Гэмт хэрэг гарсан газар мөн эсэх талаар маш их эргэлзээ үүсэж байна. Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокурор мөрдөгчийн саналыг үндэслэж тогтоол гаргасан. Энэ тогтоолд хэвлийн хөндий нэвтэрсэн гэж байгаа. Гэтэл илтгэгч шүүгч цээжний хөндий нэвтэрсэн гэж уншиж байна. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй. Энэ шарх нь үнэхээр нэвтэрсэн шарх байсан уу. Хэрэв нэвтэрсэн бол хэдэн см орсон юм бэ. Хутган дээрээс ямар нэг цусны мөр илрээгүй. Цус  мэт зүйл илэрсэн боловч хүн амьтны аль нь болохыг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Ийм эргэлзээтэй нотлох баримт байсаар байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хөндлөнгийн гэрч оролцуулаагүй. Хэрэв хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй байсан тохиолдолд дуу дүрсний бичлэг хийгээгүй. Хэрэв дуу дүрсний бичлэг хийгээгүй бол гэрчээр гэрчлүүлэх эрх байхгүй гэж би үзэж байна. Шүүх болон мөрдөн шалгах ажиллагааны практикт ийм зүйл болж байгааг би анх удаа үзэж байна. 2 хүн архи ууж байгаад нэг хүн нь хутганаас гэмтэл авсан бол нөгөө хүн нь хутгалсан байж таараа гэсэн байдлаар хөнгөн хандсан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч хутгалуулсан гэж хэлж байгаа боловч анхан шатны шүүх хурал дээр эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шинжлэхэд Х.Улаанбаатар “энэ намайг хутгалсан хутга биш байна” гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчим үйлчлэх ёстой. Мөрдөн шалгах ажиллагаа нь өөрөө хууль зөрчсөн байгаа тул нотлох баримтаар тооцохгүй гэсэн хуулийн заалт байхад 6 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Улаанбаатарын мэдүүлэг болон түүний биед хүнд гэмтэл учирсан зэргээс үзэхэд хуулийн зүйл заалтыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн боломжтой гэж үзэж байна. Эргэлзээтэй нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөгч Гансүмбэр тусдаа тэмдэглэл үйлдсэн нь хавтас хэргийн 53 дугаар талд авагдсан. Гансүмбэр нь 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр бүрэлдэхүүнд очиж ажилласан мөрдөгч юм. Бүрэлдэхүүнд оролцсон албан хаагч нь тухайн болсон асуудлын талаар тэмдэглэл үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Хэргийн үйл баримтыг нотолсон нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх нь хутга хураан авах ажиллагаа болон хэргийн газрын үзлэгтэй холбоотой ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэлт хийсэн. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгоогүй. Энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөөгүй. Хохирогчийн биед үүссэн гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлээр үүсгэгдэнэ гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Хутганы гүн болон ирмэгийн зайг тогтоох боломжгүй байсан. Учир нь хохирогч тухайн өдөр анхан шатны тусламж авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж эмчлүүлж оёдол тавиулсан. Нэгэнт оёдол тавиулсан шархыг задалж хэдэн см гүн орсон болохыг тогтоох боломжгүй. Анхан шатны тусламж үзүүлж байгаа эмнэлэг нь тухайн шархны гүнг тогтоож өвчний түүхэд бичих боломжгүй байсан. Энэ талаар шинжээчийн дүгнэлт болон шинжээч шүүх хуралдааны шатанд мэдүүлсэн. Хутгыг зөөж тээвэрлэж шинжилгээний байгууллагад ирэх явцад хутганы хээ арилсан байх боломжтой. Манай улсад зөөж тээвэрлэх тусгай багаж хэрэгсэл нь байхгүй. Гар аргаар саванд, цаасанд хийх байдалтай ирдэг. Ингэж ирэх явцад гарын хээ арилсан байх боломжтой. Иймд шүүгдэгч тухайн цаг хугацаанд гарын хээ болон алчуураар арчсан бусад байдлаар арилгасан талаар хэрэгт байгаа нотлох баримт болон шүүхийн шатанд огт яригдаагүй. Гэрч Ц “согтуу байсан” талаар мэдүүлсэн. Цагдаагийн байгууллага нь хоорондоо богино долгионы станцаар ярилцдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт дуудлагыг тийм долгионоор хүлээж авлаа гэсэн мэдээлэл байхгүй. Хэргийг цагдаагийн байгууллагын ажилтан илрүүлсэн тохиолдолд станцаар тийм бүрэлдэхүүнийг дуудсан гэх тэмдэглэл үйлдэх нь боломжгүй. Хэргийн газрын үзлэг хийхэд Ч.Б байсан талаар гэрч Ц мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Ч.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ энэ талаар хэлсэн /хх 53/.  Гэрч Ц “нөгөө новш чинь үхчхээгүй биз дээ. Би хутгалсан, яадаг юм бэ. Одоо намайг барь” /хх 23/ гэж мэдүүлсэн. Тухайн хэргийн газрын үзлэг хийхэд шүүгдэгчийг байсан талаар хэргийн газрын тэмдэглэлд байгаа. Мөн шүүгдэгчийн өгсөн мэдүүлэгт “цагдаагийн албан хаагч орж ирээд хэргийн газрын үзлэг дуусаад гэрээ цоожлоод эрүүлжүүлэх байр руу явсан” гэх үйл баримтыг тод томруунаар хэлж мэдүүлсэн. Энэ нь шүүгдэгчийг хэргийн газарт байсан болохыг нотолж байна. Гэвч гарын үзэг зуруулаагүй асуудал байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцуулна гэсэн боловч тус ажиллагаанд гарын үсэг зуруулна гэх зүйл байхгүй. Иймд уг ажиллагааг огт хүчингүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 616 дугаартай шийтгэх тогтоолоор 6 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Энэ шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцсэн. Мөн шүүхээс шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, Г.Гантуяа нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 4 дүгээр гудамжны 21 тоот өөрийн гэртээ Х.Улаанбаатартай маргалдан улмаар зэвсэг хэрэглэн түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Уын “...2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн орой би гэртээ байж байтал Б намайг утсаар дуудаад “нэг шил архи хувааж уух уу” гэхээр нь би “тэгье” гээд гэрт нь ортол Б жоохон архи уусан байдалтай байсан. Б бид хоёр 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж дуусгаад би хувцсаа өмсөөд гарах гэтэл Б миний араас цохих шиг болохоор нь би “яаж байнаа” гээд эргэж хартал Б хутгаа сугалж авахаар нь би тэр чигтээ гэртээ ороод эхнэр Мөд “Бт хутгалуулчихлаа гэж хэлээд би ухаан алдчихсан. Намайг Б ямар ч шалтгаангүйгээр 1 удаа миний зүүн далны доор хутгалсан. ...Б бид хоёрыг архи ууж байхад гаднаас хүн огт орж ирээгүй. ...Намайг эргэж харах үед Б баруун гартаа хутгаа барьж байсан. Тухайн үед Б миний зүүн чихэнд нэг үг хэлсэн, одоо тэр үгээ бодоод олохгүй юм. Би тухайн өдөр өөр хүнтэй нийлж архи уугаагүй, муудалцаагүй. ...Б нь эмчилгээнд 800.000 орчим төгрөг зарцуулсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй...” /хх 14-15, 18-19/,

гэрч А.Мийн “...2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн орой би гэртээ байхад манай нөхөр Х.Улаанбаатар 22 цагийн орчим гэртээ гүйж орж ирээд орныхоо хажуу талд хэвтээд “Баяраа намайг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би сандраад хувцсыг тайлтал далных нь доод талаас цус гарч байхаар нь шууд 103 руу болон цагдаад мэдэгдсэн. Түргэн ирээд дусал хийгээд аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...Манай нөхөр үе үе уучихаад байдаг юм. Орж ирэхдээ нэлээн согтуу орж ирсэн. Энэ жилийн цагаан сараас хойш Баяраа гэх хүнтэй нийлэх болсон...” /хх 21/,

гэрч Т.Цын “...2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн өглөө 08 цагаас Ачит-113 чиглэлд дэд ахлагч Нямсайханы хамт үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдрийн орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 5-7 тоотоос “манай нөхрийг хамт архи уусан хүн нь хутгалчихсан байна” гэсэн дуудлага ирсний дагуу дэд ахлагч Нямсайханы хамт тус хаягт очиж шалгахад хохирогч нь гаднаас гүйж орж ирээд хутгалуулчихлаа гэж хэлээд ухаан алдаж унасан, 103 ирж үзээд цээжний хөндий рүү нэвтрэлттэй байна гээд аваад явсан байсан. Тэгсэн хохирогчийн хүү нь “тухайн хутгалсан гэх айлыг мэднэ” гээд бид хоёрыг дагуулаад гэрт нь ороход холбогдогч залуу ганцаараа гал тогооны өрөөнд сууж байхаар нь би “та одоо яаж байгаа юм бэ” гэтэл тэр залуу “наад пиздаа чинь үхчихгүй биз дээ” гээд хэлэхээр нь би “хутга чинь хаана байна” гэтэл холбогдогч залуу “тэр байна” гээд хаалганы хажуу руу заасан. Тэгэхээр нь би бүрэлдэхүүнийг гэрт нь аваачиж үзлэг хийлгээд тухайн залууг хамт байлгаж байгаад үзлэг хийгдэж дууссаны дараа гэрийг нь өөрөөр нь цоожлуулаад авч яваад эрүүлжүүлсэн. Тухайн хутгалсан гэх залуу нь хэргийн газрын үзлэг хийж дуустал хамт байсан. Мөрдөгч Гансүмбэр холбогдогч залуугаар хэргийн газрын үзлэг дээр гарын үсэг зуруулах гэсэн боловч тухайн залуу архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан болохоор гарын үсэг зуруулаагүй. Тухайн залуу дээр ороход “би энэ залууг хутгалсан, энэ залуу байнга намайг дээрэлхдэг болохоор би хутгалсан юм. Арчаагүй юм чинь цагдаа дуудчих юм, нөгөө залуу чинь үхсэн юм уу” гээд яриад байсан. Хэрэг гарсны дараа дуудлагаар очоод жижүүрийн мөрдөгч Гансүмбэр бид 2 энгэрийн камераар бичлэг хийсэн боловч бичлэгийг нь хайгаад олдохгүй байгаа...” /хх 23/,

шинжээч Б.Даваасүрэнгийн “...Би 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ГССҮТөв эмнэлэг дээр очиж хохирогчийн биед үзлэг хийж, өвчний түүхийг нь нээсэн байсан тул үзэж дүгнэлт гаргасан. Хохирогчийн биед зүүн талд суганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх үүссэн байсан. Өөрөөр хэлбэл, хохирогчийн суганы арын шугамаар буюу дал хавьцаа, цээжний зүүн талд нэвтэрсэн шархтай байсан. Уг шарх нь ир үзүүртэй 1 удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогчийн цээжний зүүн талд суганы арын шугамаар 9, 10 дугаар хавирганы завсар цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь цээжний хөндийд шингэн хуралт үүсгэж, үүний улмаас уушги жижгэрч амьсгал авахад хүндрэлтэй болсон шинжээрээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 11-т заасан амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарч байгаа юм. Тухайн үед Улаанбаатар ухаан алдаж унасан, уушги шингэнд шахагдаж амьсгал авах, гаргах боломжгүй болж амьсгалын дутагдлаар нас барах магадлалтай байсан тул амь насанд аюултай гэж үзсэн юм. Шарханд оёдол тавигдсан байсан учир шархны байрлал, гүний хэмжээг тодорхойлох боломжгүй байсан. Өвчний түүх дээр энэ тухай дурдаагүй байсан, одоо нөхөж бичсэн байж магадгүй. ГССҮТ-ийн шинжилгээнд хохирогчид зүүн талын 10 дугаар хавирга суганы арын шугамаар 1,0x2,0 см ясны сэлтэрхий үүсгэсэн хугаралтай байсныг дүгнэлт хэсэгтээ бичилгүй орхигдуулсан байна. Бид өдөрт дунджаар 10 гаран хүний биед үзлэг хийж дүгнэлт гаргадаг ачаалал ихтэй байдаг. Энэ хэргийн хувьд хохирогчид учирсан дээрх гэмтлийг дүгнэлт хэсэгтээ бичилгүй орхигдуулсан байна, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Улаанбаатарын биед үүссэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, би мөн дүгнэлт хэсэгтээ бичиглэлийн алдаа гаргаж мохоо зүйл гэж бичсэн байна. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь суганы арын шугамаар үүсгэгдсэн сэлтэрхий хугаралтай нэг түвшинд байгаа тул 1 удаа хутгалах явцад үүсгэгдсэн болохыг үгүйсгэхгүй” /хх 147-148/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “иргэн А.Мө нь манай нөхрийг хутгалсан байна” гэх дуудлагыг 2021 оны 03 дугаар сарын 04-ний орой 22 цаг 50 минутад тэмдэглэл /хх 1/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1983 дугаартай шинжээчийн “...зүүн далны доод хэсэгт мэс заслын 2 оёдол бүхий шархтай. Цээжний зүүн хэсэгт суганы дунд шугамаар 8-9 дүгээр хавирганы завсар урсгуур гуурстай, гуурсаар усархаг шингэн гарна” гэж, ГССҮТ эмнэлгийн 1731 дугаартай өвчний түүхийг 2021 оны 3 дугаар сарын 5-ны 00 цаг 37 минутад нээсэн гэж тэмдэглэгдсэн, 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн ГССҮТ-ийн цээжний шинжилгээний хариунд “...зүүн талын 10-р хавирга суганы арын шугамаар 1,0x2,0 см ясны сэлтэрхий үүсгэсэн хугаралтай, цээжний зүүн талд суганы арын шугамаар 9-10-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай. Зүүн талын плеврийн хөндийд 9,7 см хүртэл зузаантай +28 +66 нягтралтай сул шингэн тодорхойлогдоно, үүний улмаас зүүн талын уушги шахагдаж хэмжээгээр багассан” гэж тэмдэглэгдсэн. Дугнэлт хэсэгт “Х.Улаанбаатар-н биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 32-33/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Ч.Бт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Мөн анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зарим зөрчлүүдэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байх бөгөөд хохирогч Х.Улаанбаатарын “...2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн орой ...Б бид хоёр 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж дуусгаад би хувцсаа өмсөөд гарах гэтэл Б миний араас цохих шиг болохоор нь би “яаж байнаа” гээд эргэж хартал Б хутгаа сугалж авахаар нь...” /хх 14-15/, гэрч Т.Цын “...“наад пиздаа чинь үхчихгүй биз дээ” гээд хэлэхээр нь би “хутга чинь хаана байна” гэтэл холбогдогч залуу “тэр байна” гээд хаалганы хажуу руу заасан...” /хх 23/, шинжээч Б.Даваасүрэнгийн “...Х.Улаанбаатарын биед үүссэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” /хх 147-148/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1983 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 32-33/ зэрэг баримтуудыг үндэслэн түүнийг “зэвсэг хэрэглэсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, Г.Гантуяа нар нь “...хэрэг болсон гэх Ч.Бын амины сууцанд үзлэг хийсэн болон хутгыг хураан авсан тэмдэглэлд Ч.Б гарын үсэг зураагүй, Ч.Б байсан эсэх талаар тэмдэглэлд дурдаагүй. ...тухайн ажиллагаанд хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулаагүй. ...хууль зөрчиж хураан авсан эд мөрийн баримт болох хутгыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, нотлох чадвараа алдсан, ач холбогдолгүй гэж дүгнэчихээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх байсан...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд уг дурдсан зөрчлүүд нь анхан шатны шүүхээс шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэх боломжгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин Ч.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарагдаж байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар түүнд оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/616 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулснаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, Г.Гантуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ                                           

 

                        ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ