Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 125/ШШ2023/0010

 

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 125/ШШ2023/0010

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.С ,

Хариуцагч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын хооронд үүссэн төлбөрийн акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О ,  хариуцагч Б.А, Б.М  болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Б.С нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А , Б.М  нарт холбогдуулан “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16-07/31 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах, 2022 оны 10 дугаар сараас эхлэн зогсоосон өндөр насны тэтгэврийг нөхөн олгохыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч Б.С нь Нийгмийн даатгалын хэлтэст 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт гаргаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгож эхэлжээ.

2.2. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай “...нийгмийн даатгалын сангаас болон цэргийн албан хаасны тэтгэвэр тогтоолгон авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, илэрсэн зөрчлийг арилгах...” зорилгоор хяналт шалгалт хийх удирдамж баталж, тус хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/15 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар тэтгэвэр тогтоолт олголтыг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгуулж ажиллуулжээ.

2.3. Хяналт шалгалтын  явцад Б.С нь ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохдоо” 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал санитарчаар ажилласныг малчнаар ажилласан” гэж тогтоолгосон зөрчлийг илрүүлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ийн 1-д заасан болзол, шаардлагыг хангаагүй байхад тэтгэвэр тогтоолгож авсан гэж үзэж нийт илүү олгосон 12159515 төгрөгийг буцаан төлүүлэхээр 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16-07/31 дугаартай акт тогтоосон.   

2.4. Нэхэмжлэгчээс 16-07/31 дугаартай актыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын Ерөнхий газарт гомдол гаргаж, актыг хүчингүй болгох үндэслэлгүй болох талаар хариуг 2023 оны 01 дүгээр сарын 124-ны өдрийн 06/06 тоот албан бичгээр хүлээн авснаар шүүхэд ханджээ.  

        

            Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1983 оноос эхлэн Ховд аймгийн Зэрэг сумын “Хөдөлмөр нэгдэл”-д тарга хүч муутай тэжээлийн малыг сувилах ажлыг малчнаар ажиллаж байх хугацаандаа хамт хийж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт тус шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 436 дугаартай шийдвэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож, холбогдох баримтуудаа бүрдүүлэн Нийгмийн даатгалын байгууллагад хандсанаар 2018 оны 8 сараас эхлэн өндөр насны тэтгэврээ тогтоолгосон.

            2022 оны 10 дугаар сард өндөр насны тэтгэвэр авах гэтэл миний тэтгэврийг зогсоосон байсан. Нийгмийн даатгалын байцаагчтай уулзахад таны тэтгэврийг зогсоож буцааж төлүүлэхээр болсон гээд 2022 оны 11 сарын сүүлчээр сумын нийгмийн даатгалын байцаагч маргаан бүхий актыг надад танилцуулсан. Үүнийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын Ерөнхий газарт гомдол гаргаж хариу авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            Миний ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-д зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй юм. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж бүгд дагаж мөрдөх үүрэгтэй.

Гэтэл Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс намайг илүү тэтгэвэр авсан гэх үндэслэлээр акт тогтоосон нь үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-ийн 1-д “тэтгэвэр авагч хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс” гэснийг үндэслэн гарчээ. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн тогтоолгосон бөгөөд намайг шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэм буруутайд тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй, ямар эх сурвалжийг үндэслэн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь тодорхойгүй байна.

 Иймээс Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 16-07/31 дугаар “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

3.2. Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.С нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нийгмийн даатгалын байгууллагад хандаж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ийн 1-д зааснаар малчнаар тэтгэвэр тогтоолгосон байдаг.

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж малчнаар ажиллаж байгаа хүмүүсийн насыг наашлуулж тэтгэврийг тогтоох болсонтой холбогдуулан малчид шүүхийн шийдвэрээр ажилласан жилээ буруу зөрүү тогтоолгох, суралцсан хугацаагаа ажилсан жилдээ оруулан тооцуулах, өөр ажил албан тушаал эрхэлж байсан хугацаагаа малчнаар ажиллаж байсан гэж тогтоолгох зэрэг зөрчлүүд улсын хэмжээнд илрэх болсон.

Ийм учраас 2022 онд Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн албан бичгийн дагуу өндөр насны тэтгэвэр авагчдын хувийн хэрэгт дотоодын хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтаар Б.С-ийн ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “....Б.С нь 1978 оноос 1980 онд Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн ТМС /Техник мэргэжлийн сургууль/-д суралцаж төгссөн гэсэн байсан. Нэгдлийн үед Техник мэргэжлийн сургуульд суралцсан хүмүүс сургуулиас төгсөж ирээд төгссөн мэргэжлээрээ ажлын байранд шууд томилогддог байсан. Б.С нь өөр ажил албан тушаал эрхэлсэн эсэхийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас шалгаж үзэхэд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр тушаалаар “Гүвээ эмчилгээ тэжээлийн цэгийн санитарчин Б.С , н.Мягмар зэрэг хүмүүсийг 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлж Б.Самбууг 1988 оны 02 дугаар сарын 01-ээс Чацарганат хэсгийн үхэрчнээр томилсон” баримт гарч ирсэн. Уг баримтаас үзэхэд Б.Самбуу нь 1988 оноос өмнө өөр ажил албан тушаал эрхэлж байсан нь тогтоогдож байна. Б.С-ийн нөхөн даатгалд хамрагдахаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгсөн материалыг шалгаж үзэхэд Б.С-ийн 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт “...1983 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн санитарчаар томилон ажиллуулав. 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон тооны цомхотголоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн...” гэх бичилт тус тус хийгдсэн байна.

Бид Б.С нь 1988 оноос хойш мал малласан гэдэгтэй маргахгүй. Түүнээс өмнө Б.С-ийн ажиллаж байсан “Нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгийн санитарч” гэх албан тушаал нь арчилгаа, сувилгаа шаардлагатай малыг арчилж торддог хүнийг хэлдэг байсан.Уг албан тушаалыг эрхэлж буй албан тушаал нь нэгдлийн Захиргаа аж ахуйгаас цалин авдаг байсан. Эдгээр баримтуудаар Б.С нь нэгдэлд малчнаар ажиллаж байгаагүй гэдэг нь тогтоогдож байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг хэлнэ гэж заасан. Энэ хуулийн дагуу нийгмийн даатгалын байгууллагаас малчнаар ажиллаж байсан гэдгийг тогтоодог. Мөн малын бага эмч, сувилагч, туслах малчин зэргээр ажиллаж байсан хүнийг малчнаар ажиллаж байсан гэж тогтоох боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа “...Нийгмийн даатгалын байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсаар байтал акт тавьсан ...гэх зүйл ярьж байна. Энэ нь Ховд аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх Б.С-ийн ажилласан байдлыг тогтоосноос бус тус шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийгмийн даатгалын байгууллагад даалгаагүй. Төрийн албан хаагч илт хууль бус үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй. Тус үүргийнхээ дагуу Цагдаагийн байгууллагад хандахгүйгээр улсын байцаагчийнхаа эрх хэмжээний хүрээнд акт тавьсан. Иймээс Б.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож актад тавигдсан төлбөрийг нэхэмжлэгч Б.С-аар төлүүлж өгнө үү гэв.

 

3.3. Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаалаар баталсан 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн удирдамжийн дагуу 2018 оноос хойш шинээр тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр тогтоолтын хувийн хэрэгт хяналт шалгалт явуулсан. Шалгалтаар Б.С нь 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байснаа шүүхээр тогтоолгосон хэдий ч 1983 оны 9 сарын 01-ний өдрөөс 1988 оны 2 сарын 01-ний өдөр хүртэл санитарчаар ажиллаж байсан болох нь архивын баримтаар тогтоогдсон. Төр захиргаанаас цалин авч буй хүнийг малчнаар ажилласан гэх үндэслэл байхгүй. Иймээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчин гэж хэнийг хэлэх талаар тодорхой заасан байдаг. Иймээс Б.С-г малчнаар ажилласан гэж үзэхгүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан тул 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс шинээр эрх үүсгэж, түүнээс өмнө буюу 2018 оны 8 сараас 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны тэтгэвэр 12159515 төгрөгийн төлбөр төлүүлэх акт тогтоосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.4. Нэхэмжлэгчий өмгөөлөгч Н.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Дараах үндэслэлүүдээр Ховд аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 16-7/31 дугаартай актыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт нийгмийн даатгалын улсын байцаагч нь акт тавих эрх хэмжээг олгоогүй байна. Учир нь шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байдаг. Үүнийг биелүүлэх үүрэгтэй. Нийгмийн даатгалын улсын байцаагч нар “....нэхэмжлэгч нь хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон”, “....ажиллаж байсан байдлаа тогтоолгохдоо санитарчаар ажиллаж байсныг малчнаар ажилласан гэж тогтоосон” гэх үндэслэлээр акт тавьсан.

Б.С нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.6-т заасны дагуу хөдөлмөрийн дэвтэр, мөн санитарчаар томилсон тушаал зэргийг нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг үндэслэн Б.С-г малчнаар ажиллаж байсан байдлыг шүүх тогтоосон. Гэтэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон атал нийгмийн даатгалын улсын байцаагч нар акт тогтоосон нь хууль бус ба акт тогтоох эрхгүй гэж үзэж байна.

Хэрэв Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Б.С-ийн ажиллаж байсан байдлыг буруу тогтоож шийдвэр гаргасан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас тус шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг гаргаж шүүхийн шийдвэр хүчингүй болсны үндсэн дээр нийгмийн даатгалын улсын байцаагч акт тавих ёстой.Мөн тэтгэвэр тогтоолгогч хэрэгт хуурамч нотлох баримт гаргаж өгсөн эсэхийг Цагдаагийн байгууллагаар тогтоолгож, энэ нь нотлогдсон тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хүчингүй болох ёстой. Гэтэл нийгмийн даатгалын улсын байцаагч тухайн үед шүүхийн шийдвэрийг үндэслэн өндөр насны тэтгэврийг тогтоож болох эсэхэд хяналт тавиагүй хэр нь хэдэн жил өнгөрсний дараа “тэтгэвэр авагч та хуурамч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч тэтгэврээ тогтоолгосон байна” хэмээн хүний эрхэд халдаж акт тогтоож болохгүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдааны улмаас буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасан байх тул актаар тогтоосон төлбөрийг тэтгэвэр авагчаар буцаан төлүүлэх үндэслэлгүй. 

Нэхэмжлэгч Б.С нь Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”,  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг хангасан гэж үзэж өндөр насны тэтгэвэр тогтоосон.

Нэхэмжлэгч нь Иргэний хэргийн анхан шатны шүүхээр ажилласан жилээ тогтоолгохдоо санитарчаар ажиллаж байсан тухайгаа тайлбарлаж түүнтэй холбогдолтой нотлох баримтыг гаргаж өгсөн. Мал маллахын хажуугаар тус албан тушаалыг эрхэлж байсан нь нэхэмжлэгчийг малчнаар ажилласан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж иргэний шүүх дүгнэлт хийсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт Захиргааны хэргийн анхан шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иймд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 16-07/31 дугаар “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар болон хариуцагчийн тайлбарт дүгнэлт хийж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг эс зөвшөөрч гомдлоо Нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргаж урьдчилан шийдвэрлүүлж хариу авсны дараа шүүхэд хандсан байх тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй.

3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хариуцагчаар тодорхойлсон Зэрэг сумын нийгмийн даатгалын байцаагч Б-с татгалзаж, маргаан бүхий акт тогтоосон нийгмийн даатгалын улсын байцаагч Б.А , Б.М нарыг хариуцагчаар тодорхойлж тодруулсан болно.

4. Нийгмийн даатгалын хэлтсийн даргын даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/15 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгээс  2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр баталсан “Тэтгэврийн тогтоолт олголтыг шалгах шалгалтын удирдамж”-ын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дуусталх хугацаанд шинээр тогтоосон болон нас барсан, зогсоогдсон тэтгэврийн хувийн хэргийг шалгасан. Хяналт шалгалтаар “шүүхийн шийдвэрээр санитарчаар ажиллаж байсан хугацааг малчнаар ажилласанд тооцож эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгон авсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчээр 2018 оны 8 сараас 2021 оны 9 сарыг дуусталх хугацаанд авсан тэтгэврийг буцаан  төлүүлэхээр нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт тогтоосноор маргаан үүсжээ. 

5. Нэхэмжлэгч актыг эс зөвшөөрч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус гомдол гаргаж актыг хүчингүй болгох үндэслэлгүй талаар хариуг авсан байна. 

6. Нэхэмжлэгч нь малчнаар ажилласан болзлыг хангаснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан.

Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлсөн хугацааг 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан 2 жил 11 сар 4 өдөр, Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2018/00436 дугаар шийдвэрээр тогтоосон 9 жил 7 сар 1 хоног, нөхөн даатгалд хамрагдсан 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 8 жил, нийт 20 жил 7 сар 1 өдөр гэж тогтоож, малчнаар ажилласан хугацааны шаардлагыг хангасан гэж үзэж 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоожээ. 

7. Хариуцагчаас “нэхэмжлэгч нь шүүхээр ажилласан байдлаа тогтоолгохдоо санитарчаар ажилласан хугацааг малчнаар ажилласнаар тооцуулсан” гэж, нэхэмжлэгчээс “санитарч мэргэжлээр төгссөн ч малчнаар  ажиллаж байсан, хөдөлмөрийн дэвтэрт буруу бичигдсэн” гэж тус тус тайлбарлан маргана.

8. Нэхэмжлэгч нь 1978 онд Зэрэг суманд 8 дугаар анги төгсөөд 1978-1980 онд Говь-Алтай аймгийн Техник мэргэжлийн сургуульд суралцаж санитарч мэргэжил эзэмшиж[1],1980-1983 онд  цэргийн алба хааж ирээд Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн  Эхэн бригадад ажиллаж эхэлжээ. Тэрээр нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж тайлбарлаж иргэний шүүхийн шийдвэрээр малчнаар ажилласан байсан байдлаа тогтоолгосон байна.

9. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 153/ШШ2018/00436 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийг 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сараас 31-ний өдрийг дуустал хугацаанд Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригад малчнаар /үхэрчин/ ажиллаж байсныг тогтоосон үндэслэлээ “Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот тушаал, Эхэн буюу 4 дүгээр бригадын 1984, 1988 оноос 1992 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, хүсэлт гаргагчийн 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, иргэн М.Дулмаа, Н.Чимид-Очир нарын тодорхойлолтоор тогтоогдож байна гэж” дүгнэжээ.       

10. Хөдөлмөрийн дэвтэр нь иргэний хөдөлмөрийн үйл ажиллагааг тодорхойлох үндсэн баримт бичиг бөгөөд аль байгууллагад хэдий хугацаанд ямар ажил хөдөлмөр эрхэлж байсныг нотлох үндсэн баримт юм. Харин хөдөлмөрийн дэвтэргүй, дэвтрээ гээгдүүлсэн зэрэг тохиолдолд  ажил хөдөлмөр эрхэлж байснаа нотлох бусад баримт нотолгоог гаргаж шүүхээр тогтоолгох боломжтой.

1990 оноос өмнө Сайд нарын зөвлөл /тухайн үеийн нэршлээр/- ийн 1968 оны 30 дугаар тогтоолоор хөдөлмөрийн дэвтрийг нээж олгох, хөтлөх, баталгаажуулах талаар, 1972 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор хөдөө аж ахуйн нэгдлээс улсын байгууллагад, улсын байгууллагаас хөдөө аж ахуйн нэгдэлд шилжин ажиллагсдын ажилласан хугацааг тооцох талаар,1974 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 406 дугаар тогтоолоор улсад ажилласан хугацааг тооцох талаар зохицуулсан зэрэг эрх зүйн актууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ.

11. Хөдөлмөр нийгмийн хамгааллын улсын хяналтын албаны даргын  /тухайн үеийн нэршлээр/ 2002 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Ажилчин, албан хаагчдын хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг хянаж баталгаажуулахад баримтлах зөвлөмж”, “Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн ажилласан хугацааг хянаж баталгаажуулахад баримтлах зөвлөмж” баталж, 1995 оноос өмнө ажилласан хугацааг тооцох, хөдөлмөрийн дэвтрийг хянах баталгаажуулахад анхаарах зүйлүүдийг зохицуулсан байна.

Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг хянаж баталгаажуулахад баримтлах зөвлөмжид дурдсанаар БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1941 оны 15 дугаар тогтоолоор анх хөдөлмөрийн дэвтрийг бий болгох шийдвэр гаргаж, хөдөлмөрийн дэвтрийг хөтөлж эхэлсэн байна.

Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг хянаж баталгаажуулахад баримтлах зөвлөмжид “...ажлын тухай хэсэгт ямар байгууллагад, ямар ажил албан тушаалд авч ажиллуулсан, өөр ажил албан тушаал, байгууллагад шилжүүлсэн, ямар үндэслэлээр халж өөрчилснийг тодорхой бичнэ. Энэ бичилт нь дугаар давхардаагүй, он, сар, өдөр, тушаал, тогтоол, шийдвэрийн дугаар тодорхой бичигдсэн ямар нэг засваргүй байх, тамга тэмдэг нь дэвтэр нээсэн байгууллагынхтай яг тохирч байх ёстой. Аль нэг бичилт тоо ,үсэг, үгийн засвартай байвал түүнийг тухайн байгууллага нь тэр бичилт дээр давхар тамга тэмдэг дарах замаар баталгаажуулсан байх ба ингэж баталгаажуулаагүй бол үүнийг зөрчилд тооцож, лавлагаа, тодорхойлолт гаргуулах, тушаал шийдвэрийн хувь, хуулбараар давхар нотлох шаардлагатай...” гэж,

Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн ажилласан хугацааг хянаж баталгаажуулахад баримтлах зөвлөмжид “... Монгол Улсад нэгдэлжих үйл явц бүрэн дуусан хугацааг 1959 оны 11 сараас эхэлж тооцдог ч нэгдлүүд байгуулагдаж он, гишүүд нэгдэлд элсэж орсон хугацаа харилцан адилгүй байсан учраас нэгдлийн гишүүнд нээсэн хөдөлмөрийн дэвтэр үндсэн нотлох баримт болох ба 1964,1970,1980, онуудад хөдөлмөрийн дэвтэр хэвлэгдэж гарсан. 1980 онд хэвлэгдсэн дэвтэрт 1980-1990 оны хоорондох нэгдэлд ажилласан хугацааг бичнэ...” гэж тус тус заажээ.

12. Нэхэмжлэгчид 1985 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 143824 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нээж, мэргэжил санитарч, хөдөлмөрийн дэвтэр эзэмшигч С , хөдөлмөрийн дэвтэр олгосон Хөдөлмөрийн нэгдлийн дарга Ш.Дамдин гэж тус тус гарын үсэг зурсан байх ба дэвтрийн “Ажлын тухай мэдээ” гэсэн хэсэгт Хөдөлмөр нэгдлийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 01-ний 31 тоот тушаалаар Эхэн бригадын ЭЦТ /эмчилгээ тэжээлийн цэг/-т санитарчаар томилон ажиллуулж, тус нэгдлийн даргын 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот тушаалаар орон тооны цомхотголоор үүрэгт ажлаас нь чөлөөлж, үхэрчнээр томилон ажиллуулсан талаар тэмдэглэж, нэгдлийн тамга дарагдсан байна.

Мөн дэвтрийн бичилтэд ямар нэгэн засваргүй, балласан зүйлгүй, дэвтрийн сүүлийн хуудсанд сумын нийгмийн даатгалын байцаагч дэвтрийн баталгаажуулан 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр ажилласан жилийг  5 жил 1 сар гэж тэмдэглэн гарын үсэг, тамга даржээ.

Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр хөтлөлт, баталгаажуулалтыг үндэслэн түүнийг 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хооронд тус нэгдэлд санитарчаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй ба тухайн жилүүдэд ажилласан байдлыг дахин тогтоох эсхүл өөрчлөн тогтоох үндэслэлгүй. 

13. Архивын лавлагаагаар гарсан 70 дугаар дансанд тэмдэглэгдсэнээр 1983 оноос 1986 онуудад нэхэмжлэгчийн төрсөн эцэг Б.Б-ны нэрээр, 1987 оны баримтад цэгийн санитарч ажилтай Б.С  гэх нэрээр, 1990 оны баримтад үхэрчин ажилтай Б.С гэх нэрээр цалин олгож байсан нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийг Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг нотлохгүй.”,110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэж тус тус заасан тул ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрт заасан хугацааг өөрчлөх, дахин тогтоох талаар маргах эрхгүй ч нэхэмжлэгчийн баталгаажсан хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилт, хугацаа нь илэрхий үйл баримт байх тул өөр ямар нэгэн шийдвэрээр тогтоох бус шууд нотолгоо гэж үзэх ба энэ талаар маргах үндэслэлгүй. 

Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хөдөлмөрийн дэвтрийн бичилтийн талаар болон нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол хангасан эсэх талаар дүгнээгүй, холбогдох хуулийг хэрэглээгүй тул уг шүүхийн шийдвэр нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн эсэхийг тогтооход шууд үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “... Нийгмийн даатгал нь иргэн /цаашид "даатгуулагч" гэх/ болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслахад өөрт нь хууль тогтоомжид заасан тэтгэвэр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн...”,8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг дотор “1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр” гэж заасан тус тус заасан байх тул нийгмийн даатгалын байгууллага өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тогтоохын тулд хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг үндсэн баримт гэж авч үзэж тэтгэвэр тогтоох эсэхийг шийдвэрлэх эрхтэй гэж үзлээ.   

15. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.1-д “... Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан эрэгтэй нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгохоор заасан.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 51 дүгээр зүйлд “Малчинд тэтгэвэр тогтоох болон  тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална” гэж заасныг  үндэслэн Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ыг баталсан. Уг журмын Хоёрын 2.1-д “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг хангасан 55 нас хүрсэн эрэгтэй малчин, 50 нас хүрсэн эмэгтэй малчин тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, Гурвын 3.9-д “Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа, цэргийн алба хаасан хугацаа, малчнаас өөр ажил хөдөлмөр эрхэлсэн хугацаа,...-г малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй. Харин ерөнхий боловсролын сургуульд суралцсан хугацаанаас бусад дээр дурдсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн /эсхүл шимтгэл төлснөөр тооцогдох/ бол тэтгэвэр тогтооход баримтлах шимтгэл төлсөн нийт хугацаанд оруулан тооцно” гэж тус тус заажээ.

16. Нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэгчийг малчнаар ажилласан болзол, шаардлагыг хангасан эсэх, өндөр насны тэтгэвэр эрх хэзээ үүсэх эсэхийг сайтар шалгаж тогтоохгүйгээр тэтгэвэр тогтоож олгосон буруутай ч хожим хяналт шалгалтаар тэтгэвэр тогтоосон нөхцөл байдалд дүгнэлт хийж, үйл баримтад тулгуурлан алдааг илрүүлснийг буруутгаахааргүй байна.

Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1-д “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу тэтгэвэр, тэтгэмж олгох зориулалтаар зарцуулна.”, 23 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын байгууллага өөрийгөө санхүүжүүлэх, нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална.” 24 дүгээр зүйл “Нийгмийн даатгалын байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ: 1/нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах; 5/доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих; 26 дугаар зүйл Нийгмийн даатгалын байгууллага дараах эрх эдэлнэ: 6/нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх; гэж тус тус заасан.

Тиймээс нэхэмжлэгчийг 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сараас 31-ний өдрийг дуустал хугацаанд Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригад малчнаар /үхэрчин/  ажилласныг тогтоосон Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 153/ШШ2018/00436 дугаар шийдвэрийг үндэслэн түүнийг өндөр насны тэтгэвэр авах эрхийг нээснийг буруутгах боломжгүй ч 15 жил малчнаар ажиллаагүй, 1983-аас 1988 оны хооронд өөр ажил эрхэлж байсан атлаа түүнийгээ малчнаар ажилласан байдлаар тэтгэвэр тогтоолгосон нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.” гэж, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-д “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд 12,159,515 /арван хоёр сая нэг зуун тавин есөн мянга таван зуун арван таван/ төгрөгийг буцаан төлүүлэхээр акт тогтоосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.”, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол тэтгэврээс суутгал хийж болно.” гэж заасантай нийцсэн байна.

17. Харин нэхэмжлэгч улсад нийт 20 жил ажилласан, түүнээс 1988-2001 он хүртэл малчнаар ажилласан талаар талууд маргахгүй байх бөгөөд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны иргэн хамаарна” гэж зааснаар нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн байдал нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцаанд үндэслэн нөхөн тооцуулсан байдлаараа ердийн журмаар өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжтой болохыг дурдаж байна. 

18. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1, 29 дүгээр зүйлийн 1.1, дэх  хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.С-ийн “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16-07/31 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах, 2022 оны 10 дугаар сараас эхлэн зогсоосон өндөр насны тэтгэврийг нөхөн олгохыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

 

[1] Нэхэмжлэгч иргэний хэргийн шүүхэд болон нийгмийн даатгалын байгууллагад хандахдаа мэргэжлийн үнэмлэхээ гаргаж өгөөгүй байх ч тус сургуульд суралцаж санитарч мэргэжил эзэмшсэн болохоо өөрөө  зөвшөөрч тайлбарласан өгсөн болно.