| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/07738/И |
| Дугаар | 101/ШШ2023/01085 |
| Огноо | 2023-03-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2023/01085
| 2023 03 02 | 101/ШШ2023/01085 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э-н гаргасан,
Хариуцагч: М.З-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,892,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би, хариуцагч М.Зт 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталгаа бичүүлэн аваад 12,850,000.00 төгрөгийг 1 /нэг/ өдрийн 3.9 хувь буюу 500,000.00 төгрөгийн хүүтэй 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл зээлдүүлсэн юм. Хариуцагч нь тухайн мөнгийг өөр хүн, байгууллагаас мөнгө авч, буцааж төлнө гэж надад хэлээд миний хажууд хүнтэй утсаар яриад энэ тухай тохиролцож байгаагаа надад сонсгосон бөгөөд баталгааг өөрийн гараар бичиж, гарын үсэг зурсан.
Гэтэл зээлийг буцаан төлөхө баталгаанд заасан хугацаа дууссан боловч зээлдэгч М.З нь зээлийг огт төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Иймээс зээлийн баталгаанд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд зээлийн үндсэн дүнгийн 3 хувьтай тэнцэх алдангийг 4 хоногоор тооцож 1,542,000.00 төгрөг, үндсэн зээл 12,850,000.00 төгрөг, түүний хүү 500,000.00 төгрөг, нийт 14,892,000.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Миний бие хэд хоногийн өмнө хариуцагч М.Зтай утсаар холбогдоход тэрээр шүүх хуралдааны товыг мэдэж байсан бөгөөд зээлийг төлөх талаар ямар нэгэн санал, санаачилга гаргахгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 162,210.00 төгрөг төлсөн баримт,
2. Иргэний үнэмлэхийн лавлагаа,
3. Хаан банк ХХК дахь дансны дэлгэрэнгүй хуулга,
4. М.Зын зээл төлөх тухай баталгаа,
5. Зураг,
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эаас хариуцагч М.Зт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,892,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийг үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хариуцагчаас хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Энэ хэрэгт шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Ингээд тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр товлож, хариуцагчид шүүхийн зарлан дуудах хуудсыг хүргүүлсэн боловч зохих ёсоор хүрээгүй гэсэн үндэслэлээр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр товлож, зохигчдод энэ талаар мэдэгдсэн хэдий ч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас 12,850,000.00 төгрөгийг тоот дансанд гүйлгээний утгыг зээл гэж шилжүүлсэн байна. Тодруулбал, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баталгаа гэсэн гарчигтай баримтыг үзвэл хариуцагч М.З нь 12,850,000.00 төгрөгийг 1 /нэг/ өдрийн хугацаатай нэхэмжлэгч Б.Эаас зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бичиг бичиж өгчээ /х.х-ийн 6, 7 хуудас/.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Нэхэмжлэгч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээр дурдсан тоот дансыг хариуцагч М.Зын эзэмшлийн данс, хариуцагч нь тухайн зээлийг авсан өдөртөө буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийг авсан болон буцаан төлөх баталгаа бичиж өгсөн гэсэн.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Гэтэл хариуцагч М.З нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг өгөөгүй ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Тодруулбал, энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг 12,850,000.00 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул зохигч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
4. Тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, түүнчлэн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд зээлийн хүүгийн талаар бичгээр тохиролцох учиртай.
Ингээд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баталгаа гэсэн гарчигтай баримтаар хариуцагч М.З нь 12,850,000.00 төгрөгийг 1 /нэг/ өдрийн хугацаатай 500,000.00 төгрөгийн хүүтэй зээлж, буцаан төлөх үүргийг хүлээсэн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар хариуцагчийн бичсэн баталгаа дахь ..............2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш өдрийн зээлийг үндсэн хүүгийн 3 хувьтай тэнцэх алданги төлнө......... гэсэн түүний хүсэл зоригийг тайлбарлахад тэрээр 12,850,000.00 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлээд 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 500,000.00 төгрөгийн хүүгийн хамт буцаан төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцжээ.
5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Гэвч нэхэмжлэгч Б.Эын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч М.З нь 12,850,000.00 төгрөгийг 500,000.00 төгрөгийн хүүгийн хамт төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцсэн тайлбар, татгалзал өгөөгүй. Иймд, нэхэмжлэгч нь хариуцагчаас 13,350,000.00 төгрөгийг шаардах эрхтэй байна.
6. Харин нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1,542,000.00 төгрөгийг хангах боломжгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус заасан.
Гэтэл хариуцагч М.Зын бичиж өгсөн зээлийг буцаан төлөх тухай баталгаанд алдангийн хэмжээг өдрийн 3 хувиар тохирсон нь хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 1,542,000.00 төгрөгийг шаардах эрхгүй юм. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээл 12,850,000.00 төгрөг, зээлийн хүү 500,000.00 төгрөг, нийт 13,350,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,542,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч М.Заас 13,350,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,542,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,410.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 224,700.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР