| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/06720/И |
| Дугаар | 101/ШШ2023/00803 |
| Огноо | 2023-02-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2023/00803
| 2023 02 07 | 101/ШШ2023/00803 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т б ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Э.З,
Хариуцагч: Д.Х нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,889,447.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэнгэсүрэн, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Э.З, Д.Х нар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай банкны Тавин мянгат тооцооны төв-өөс барьцаат зээлийн гэрээ болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж 22,500,000.00 төгрөгийг сарын 2.2 хувь, жилийн 26.4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлсэн. Үүний дараа 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 9 сараар сунгасан ба зээлдэгч нар үндсэн зээлд 8,983,489.22 төгрөг, зээлийн хүүнд 13,585,290.57 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрт 900,000.00 төгрөгийг төлснөөс хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй байна.
Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр буюу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 13,516,510.78 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 6,696,890.11 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 668,046.61 төгрөг, нийт 20,881,447.50 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Бид, зээлдэгч нарт зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар удаа дараа мэдэгдэл, шаардлагыг хүргүүлсэн боловч тэд биелүүлээгүй, мөн хэд хэдэн удаа утсаар ярьж, биечлэн уулзаж зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар мэдэгдэж байсан боловч зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дууссан.
Иймд, банкны зүгээс Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 13,516,510.78 төгрөг, зээлийн хүү 6,696,890.11, төгрөг, нэмэгдүүлсэн хүү 668,046.61 төгрөг нийт 20,881,447.50 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,357.23 төгрөг, нотариатын зардал 8,000.00 төгрөгийн хамт Э.З, Д.Х нараас гаргуулж Т б ХХК-нд олгуулж өгнө үү гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 262,357.23 төгрөг төлсөн баримт,
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
3. Мөнгөн гүйлгээний баримт,
4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
5. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ,
6. Зээлийн эргэн төлөх хуваарь,
7. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ,
8. Э.Заяагийн Т бХХК дахь зээлийн дансны харилцагчийн хуулга,
9. Э.Заяагийн зээлийн хүү тооцооллын хүснэгт,
10. Зээлийн гэрээ цуцлах тухай Т бХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 04 дүгээр мэдэгдэл,
11. Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай Т бХХК-ийн мэдэгдлүүд,
12. Зээлдэгчийн өргөдөл, зарлагын хураангуй мэдээлэл,
13. Э.З, Д.Х нарын зээлдэгчийн анкет,
14. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 17/395-01 дугаар гэрээ,
15. Иргэний үнэмлэхний лавлагаа,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т бХХК-иас хариуцагч Э.З, Д.Х нарт холбогдуулан 20,889,447.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Энэ хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт товлож, хурлын товыг зохигчдод мэдэгдсэн хэдий ч хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Тодруулбал, хариуцагч нарт шүүх хуралдааны товыг хүргүүлснийг тэд хүлээн авсан, түүнчлэн шүүгчийн туслахын хариуцагчтай утсаар ярьсан тэмдэглэлээс үзвэл шүүх хуралдааны товыг мэдсэн байна. Нэгэнт хариуцагч нар шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдгээрийн эзгүйд шүүх хуралдааныг хийв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т бХХК нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Э.З, Д.Х нартай зээлийн гэрээ байгуулж тэдгээрт 22,500,000.00 төгрөгийг 48 хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 8-10 хуудас/.
Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т бХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд мөнгөн хадгаламж, зээл........... гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болсон/-ийн 15 дугаар зүйлийн 15.2.1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 7 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............ гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Т бХХК-ийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэнгэсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зээлдэгч буюу хариуцагч Э.З, Д.Х нар тус зээлийг хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдаж, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болсон/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцоололд дурдсанаар нэхэмжлэгч Т бХХК нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч буюу зээлдэгч Э.Заяагийн тус банк дахь тоот дансанд 22,500,000.00 төгрөгийг шилжүүлсэн гэсэн ба дээр дурдсан зээлийн дансны хуулгыг үзвэл зээлийн гэрээний зүйлийг зээлдэгч нарт өгсөн нь тогтоогдож байна /х.х-ийн 13-23 хуудас/.
Хэдийгээр зээлийн гэрээний зүйл болох 22,5000,000.00 төгрөгийг хариуцагч Э.Заяа нь хүлээн авсан боловч хариуцагч Д.Хүрэлдаваагийн зүгээс энэ талаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгчийг хамтран үүрэг гүйцэтгэгч нөгөө этгээдийн зөвшөөрснөөр зээлийг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.
Тодруулбал, хариуцагч нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасны дагуу хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч болно.
Иймд, нэхэмжлэгч Т б ХХК болон хариуцагч Э.З, Д.Х нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
4. Талуудын байгуулсан гэрээний хавсралтад зааснаар зээлдэгч нар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сар бүрийн 02-ны өдөр зээл болон зээлийн хүүнд тогтмол 757,832.76 төгрөгийг төлөхөөр тохиролцсноос үзвэл бүрэн хорогдох зээл байх тул хариуцагч нар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийг төлж дуусах үүрэг хүлээсэн байна /х.х-ийн 10 хуудас/.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээнийн 2 дугаар зүйлийн 2.1.6, зээлийг эргэн төлөх хуваарьт тус тус зааснаар зээлийг ашиглах хугацаа 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 48 сар бөгөөд хэрэв зээлдэгчид сар бүрийн 02-ны өдөр зээлийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд 22,500,000.00 төгрөгийн зээлийг 13,875,972.48 төгрөгийн хүүгийн хамт төлж дуусгах ажээ.
Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Т бХХК болон хариуцагч Э.З, Д.Х нар Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, улмаар гэрээний хугацааг 9 сараар буюу 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сунгасан байна /х.х-ийн 35 хуудас/.
Ингээд тус нэмэлт, өөрчлөлтийн дагуу зээлдэгч нар зээлийн үлдэгдэл 13,524,305.96 төгрөгийг зээл, зээлийн хүүнд 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 303,240.87 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 293,458.91 төгрөгийг тус тус төлж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 02-ны өдөр тогтмол 755,353.00 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцжээ.
Өөрөөр хэлбэл, зохигчид 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах үед хариуцагч нар үндсэн зээлд 8,975,694.04 төгрөг, зээлийн хүүнд 12,372,327.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 61,806.40 төгрөгийг тус тус төлсөн үйл баримтын талаар маргаагүй ба зээлийн үлдэгдэл 13,524,305.96 төгрөгийг 4,754,776.85 төгрөгийн хүүгийн хамт 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлж дуусгах ажээ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зээлдэгч нар 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийг хүүгийн хамт төлөх үүргээ биелүүлээгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Гэтэл хариуцагч Э.З, Д.Х нар нэхэмжлэлийн хувийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг өгөөгүй ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Тодруулбал, энэ тохиолдолд хариуцагч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар 13,524,305.96 төгрөгийг 4,754,776.85 төгрөгийн хүүгийн хамт 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлж дуусгах үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.
6. Нэхэмжлэгч Т бХХК нь хариуцагч Э.З, Д.Х нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 13,516,510.78 төгрөг, зээлийн хүү 6,696,890.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 668,046.61 төгрөг, нотариатын зардал 8,000.00 төгрөг, нийт 20,889,447.05 төгрөгийг нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдаж, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болсон/-ийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.
Тодруулбал, зээлдэгч нар зээлийг хугацаанд нь төлөөгүй бол тус хугацааны зээлийн хүү, гэрээгээр тохиролцсон бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөс гадна зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд гэрээнд заасан тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэг хүлээнэ. Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т бХХК нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Э.З, Д.Х нарт зээлийн гэрээг цуцалсан тухайгаа бичгээр мэдэгдсэн байна /х.х-ийн 24 хуудас/.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал нь түүнд тэрхүү үүргээ биелүүлэхийг сануулж, тодорхой хугацаа тогтоох, аль эсхүл энэ талаар урьдчилан сануулж байсан бол нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлах эрхтэй юм. Энэ талаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж буюу цуцалж болно гэж, 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал тус хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцлаж болно тус тус заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т бХХК нь хариуцагч Э.З, Д.Х нарт 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, мөн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх талаар мэдэгдэж, улмаар 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээг цуцалсан байна /х.х-ийн 24-28 хуудас/.
Гэрээний үүрэг дуусгавар болох үндэслэлийн нэг нь гэрээг цуцлах бөгөөд гэрээг цуцалснаар гэрээнээс үүдэлтэй шаардах эрх дуусгавар болдог байна. Энэ нь зээлийн гэрээнд нэгэн адил хамаарах ба ийнхүү зээлийн гэрээг цуцалснаар гэрээний үндсэн үүрэг болох хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү зогсох үр дагаварыг үүсгэдэг. Тодруулбал, гэрээ цуцлагдснаар талууд гэрээний үндсэн үүргээс чөлөөлөгдөх ба, харин хохирол нэхэмжлэхэд саад болдоггүй.
Иймд, нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээг цуцалсан байх тул энэхүү өдрөөс хойш гэрээний үүрэг хэрэгжихгүй буюу дуусгавар болсон учир хариуцагч нар тухайн өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13,516,510.78 төгрөг, төлөөгүй буюу хуримтлагдсан зээлийн хүү 5,817,020.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 498,173.43 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна.
7. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж, мөн 5.3-т Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно гэж тус тус заасан.
Тайлбарлавал, зохигч нарыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээг байгуулах цаг хугацаанд 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль үйлчилж байсан боловч 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болж, улмаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль мөрдөгдөж эхэлсэн ба гэрээний талууд харилцан зөвшөөрөөгүй бол энэхүү хуулийг буцаан хэрэглэхгүй.
Тиймээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэн зохицуулалт үйлчлэхгүй
8. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн 227.3.-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.
Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс улбаалан зээлдүүлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаатай холбогдуулан гарсан зардлыг хохиролд тооцно. Гэтэл хэрэгт нотариатын төлбөрт 8,000.00 төгрөгийг төлсөн гэсэн баримт байгаа боловч уг зардлыг хэн төлсөн болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчээс энэ хэргийн нотлох баримтыг бүрдүүлэхтэй холбоотой гарсан зардал гэж үзэхэд учир дутагдалтай байна /х.х-ийн 6 хуудас/.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг үндэслэн хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 13,516,510.78 төгрөг, зээлийн хүү 5,817,020.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 498,173.43 төгрөг, нийт 19,831,705.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,057,742.47 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэдийгээр хариуцагч Э.З, Д.Х нар зээлийг тодорхой хэмжээгээр төлж байсан боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан тухайн сарын 02-ны өдөр төлөх ёстой төлбөрийг бүрэн, мөн хугацаандаа төлөөгүйгээс улбаалан дараа сарын 02-ны өдөр тийнхүү бүрэн төлөх хүртэлх хугацаанд өмнө нь зохих ёсоор төлж, хасагдаагүй үндсэн зээлийн үлдэгдлээс хүү бодогдсон гэдгийг үүгээр дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Э.З, Д.Х нараас 19,831,705.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т бХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,057,742.47 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,357.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 257,109.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР