2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2265

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Юмжирдулам хөтөлж,

улсын яллагч Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Батзаяа,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуун овогт *******ын *******өд холбогдох эрүүгийн 2505024490862 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуур хийдэг, ам бүл 6, эмээ, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо, Алтан-Овоо ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Алаг адуун овогт *******ын ******* /РД:..../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах CU сүлжээ дэлгүүрийн террас дээр н.*******э, н.******* нартай маргалдаж, зодолдох явцдаа хохирогч С.*******ийн гээгдүүлсэн “Iphone 11 pro” маркийн гар утсыг завшсаны улмаас 650.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруу болон хэргийн зүйчлэлийн талаар маргахгүй гэв.  

Нэг: Эрүүгийн 2505024490862 дугаартай хавтаст хэргээс:

Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Хохирогч С.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 25 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-17 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-24 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн БГ2-25-305 дугаартай тайлан /хавтаст хэргийн 52-55 дахь тал/,

Шүүгдэгч Э.Энхбаярын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 26 дахь тал/, эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ авсан талаарх баримт /хавтаст хэргийн 28 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/ зэрэг болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2025 оны 4 дүгээр сарын 15-ны шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах CU сүлжээ дэлгүүрийн гадна бусад маргалдаж, зодолдох явцдаа хохирогч С.*******ийн гээгдүүлсэн “Iphone 11 pro” маркийн гар утсыг авч завшсаны улмаас 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Хохирогч С.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2025 оны 4 дүгээр сарын 14-ний орой 23 цагийн үед манай гэрт эгч *******ийн хоёр найз *******э, ******* нар ирсэн. Би Баянгол дүүргийн .. тоотод байр түрээсэлдэг юм. Тухайн байр нь 4- өрөө байр бөгөөд 8-уулаа амьдардаг. Би ******* эгч, түүний хоёр найзын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэр үед Н эгч бид хоёр бага зэрэг уусан, хоёр найз нь нэлээн согтсон. Шөнө 04:00 цагийн үед гэрээс гараад байрны тоглоомын талбайн гулсуур дээр тоглож байсан. Хоёр эрэгтэй найз нь тамхи татах хэрэгтэй байна гээд тамхи авах гээд дунд зам дагуу байдаг CU ороход тамхи зардаггүй гэхээр нь гадна талын террас дээр нь суусан. Тэгтэл 50-р байрны урд талын саравчинд хэсэг хүүхдүүд архи уугаад чанга чимээ гаргаад хоорондоо муудалцаад байхаар нь  ******* ах “хөөе, больцгоо чанга чимээ гаргаад байна” гэхэд нэг залуу ирснээ “яасан гэнэ ээ хөгшөөн” гээд зодолдоод унасан. Араас нь тэр хэдийн найзууд нь ирснээ *******, ******* нарыг бөөндөө дэвслээд байхаар нь би салгасан. Тэр хэдэн хүүхдийг хар өнгийн Приус-30 маркийн машинтай ирж аваад зугтаад явчихсан. Би тэр үед утсаа унагасан, алдсан гэдгээ мэдэлгүй доошоо алхаж явж байх үедээ гар утсаа байхгүйг санасан. Маргааш нь зодоон болсон CU дэлгүүрийн гадна талын хяналтын камерыг шүүж үзтэл хар өнгийн цамцтай залуу нь миний гар утсыг авсан болохоор Цагдаагийн байгууллагад хандсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 25 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-17 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-24 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн БГ2-25-305 дугаартай тайланд: “Iphone 11 pro” маркийн гар утсыг 650.000 төгрөгөөр үнэлсэн /хавтаст хэргийн 52-55 дахь тал/,

Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би тухайн өдөр найз *******тай 23 цагийн үед Содонгийн авто сургууль гэх нэртэй автобусны буудал дээр уулзсан юм. Тэндээс шууд Нарангаас Бандиа гэх найзыг нь аваад явсан. Бид хэд дундаа Их Нарангийн тэнд байдаг сагсны шийдэн дээр нэг пиво хувааж уусан ба тус сагсны шийдэн дээр тоглож байх үедээ 2 залуутай танилцсан. Бид 5 нийлээд 3 үнээ хувааж уугаад хороололд Бандиа гэх залууг хүргэж өгөхөөр шөнийн 02 цагийн үед явсан. Хүргэж өгөх үедээ дахиад нэг пиво хувааж ууя гээд Гэмтлийн эмнэлгийн дунд зам дагуу байдаг CU дэлгүүрээс нэг пиво аваад замын эсрэг талын саадад юм яриад сууж байтал CU дэлгүүрийн террас дээр сууж байсан нэг залуу нь дуудсанаа "фак юу" гэхээр нь ******* гүйгээд очоод тэр хэдтэй зодолдохоор нь бид хэд очиж зодолдсон. Тухайн залуучуудтай зодолдчихоод бид хэд яваад өгсөн. Өглөө нь Дэнжийн мянгад нэг гудамжинд машинд дотроос 4-үүлээ сэрсэн. Бид хэд яаж явсан аа ч санахгүй байгаа. ...Нөгөө талд нь зодолдож байсан залуучууд болон охидыг танихгүй. Би тухайн хяналтын камерын бичлэг дээр цагаан өнгийн куртиктэй эмэгтэйн унагаасан гар утсыг нь авч байгаа нь харагдаж байна. Би согтуу байсан болохоор тухайн үйл явдлыг сайн санахгүй байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж, тус тус заасан.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…гээгдэл… эд хөрөнгийг завших” гэмт хэргийн объектив шинж нь …гээгдэл…-ийг завшсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

           Эд хөрөнгө гэж аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг хэлдэг бол Завших гэж …гээгдэл, эд хөрөнгө…-ийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгохоор Эрүүгийн эрхзүйд тайлбарласан байна.

Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах CU сүлжээ дэлгүүрийн террас нь дээр бусдын зодооныг салгах явцад хувцасныхаа халаасанд байсан өөрийн эзэмшлийн “Iphone 11 pro” маркийн гар утсаа гээгдүүлсэн /унагаасан/ үед шүүгдэгч Д.******* нь уг гар утсыг авч завшсан байна.

Шүүдэгч Д.******* нь “Iphone 11 pro” маркийн гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 650.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн объектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

         2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтас хэргийн 26 дахь тал/

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Д.*******өд ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй үйлдэл нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр хувиараа гагнуурын ажил хийдэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Д.*******өд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

3. Хохирол төлбөрийн талаар:  

           “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Энэ хэргийн улмаас хохирогч С.*******ийн эд хөрөнгө болох “Iphone 11 pro” маркийн гар утсыг Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн БГ2-25-305 дугаартай тайлангаар “...650.000 төгрөгөөр үнэлсэн /хавтаст хэргийн 52-55 дахь тал/ ба шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Д.*******өөс 650.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.*******т олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Алаг адуун овогт *******ын *******ийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.*******өд шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******өд мэдэгдсүгэй.     

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******өөс 650.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.*******т олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОДБАЯР